| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2020/00112/И |
| Дугаар | 283 |
| Огноо | 2020-04-02 |
| Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 02 өдөр
Дугаар 283
Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: З овогт С-ийн О-ны нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдох,
Ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.017.640 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг 2020 оны 1 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, 2020 оны 1 дүгээр сарын 27-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа, хариуцагч Б.Лхамсүрэн, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: С.О нь Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн дотуур байранд тогоочоор ажиллаж байгаад 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдөр ажлаас чөлөөлөгдсөн. Улмаар С.О ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн учир Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2019 оны 9 дүгээр сарын 26-ны өдөр нэхэмжлэл гаргасан ба шүүх нэхэмжлэлийг хүлээн авч 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр түүнийг урьд эрхэлж байсан ажил болох Өмнөговь сумын сургуулийн дотуур байрны тогоочийн ажилд эгүүлэн тогтоосон шийдвэр гаргасан билээ. Гэтэл шүүхийн шийдвэр гарснаас хойш сургуулийн захирал Б.Лхамсүрэн 2019 оны 7 дугаар сараас хойш 2019 оны 12 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин өгөхгүй хохироосоор байна. Иймд С.Оы 2019 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх ажилгүй байсан хугацааны цалин 3.017.640 төгрөг гаргуулж, мөн эрүүл мэднийн болон нийгмийн даатгалын шимтгэлийг хуульд заасны дагуу ажил олгогчийн буруутай үйл ажиллагаанаас болж тасалдсан тул нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргаж байна. Иймд хуульд заасны дагуу С.Оы нэхэмжлэлийг шийдвэрлэж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч нь С.Оыг 6, 7, 8 дугаар сард цалингүй чөлөө авсан тул энэхүү хугацааны цалинг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн тайлбар гаргасан. Иймд хариуцагчийн тайлбартай холбогдуулан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуусталх хугацааны цалин 2.451.675 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгож өгнө үү. Нэхэмжлэгч С.Оы 1 сарын цалинг тооцож үзэхэд 638.923 төгрөг, 1 өдрийн цалин 29.717 төгрөг болж байгаа бөгөөд 2019 оны 8 дугаар сард ажлын 3 хоног, 9, 10, 11 дүгээр сарын цалин, 12 дугаар сард ажлын 15 хоног, нийт 3 сар 18 хоногийн цалинг олгож өгнө үү гэжээ.
Хариуцагч Б.Лхамсүрэн шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: С.О нь өөрийн хүсэлтээр ээлжийн амралтаа авсан ба мөнгийг нь гаргаж өгсөн. Мөн өөрийнх нь хүсэлтээр 6, 7, 8 дугаар сард цалингүй чөлөө олгосон. Сургууль урсгал засвараа 6 дугаар сард хийж дуусгадаг бөгөөд С.Од хийх тодорхой ажил байхгүй учраас цалингүй чөлөө олгосон ба нэхэмжилж байгаа мөнгөн дүн бодит бус байна. Нэхэмжлэгч С.Од 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуусталх хугацааны цалинг үндсэн цалингаар нь тооцож 1.940.000 төгрөг олгох боломжтой. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Цагцалмаа нь хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд холбогдуулан ажилгүй байсан 2019 оны 7 дугаар сараас 12 дугаар сарыг дуусталх хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 3.017.640 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах тухай нэхэмжлэлийг шүүхэд шүүхэд гаргасан байх ба шүүх хуралдаанд нэхэмжлэлийн шаардлагаа 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуусталх хугацааны цалин 2.451.675 төгрөг гаргуулж, мөн хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгахаар багасгажээ.
Хариуцагч Нэхэмжлэгч С.Од 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуусталх хугацааны цалинг үндсэн цалингаар нь тооцож 1.940.000 төгрөг олгох боломжтой. Үлдэх нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн захирлын 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрийн Б/37 дугаар тушаалаар С.Оыг тус сургуулийн тогоочийн ажлаас чөлөөлснийг нэхэмжлэгч нь эс зөвшөөрч Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргаснаар тус шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 18-ны өдрийн 468 дугаар шийдвэрээр ажлаас чөлөөлөх тухай тушаалыг хүчингүй болгож, нэхэмжлэгч С.Оыг Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн тогтоож шийдвэрлэсэн байх ба уг шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон.
Улмаар хариуцагч нь шүүхийн шийдвэрийг биелүүлж нэхэмжлэгч С.Оыг 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдөр Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулийн тогоочийн ажилд эгүүлэн томилж, ажлын байраар хангасан болох нь зохигчдын тайлбар болон тус сургуулийн захирлын 2019 оны 12 дугаар сарын 23-ны өдрийн Б/53 дугаар Тогооч ажиллуулах тухай тушаалаар нотлогдож байна.
Иймд нэхэмжлэгч С.Од Хөдөлмөрийн тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.1-д ...Ажилтныг ажил, албан тушаалд нь эгүүлэн тогтоосон бол түүнд ажилгүй байсан бүх хугацаанд нь урьд авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх олговрыг олгоно гэж зааснаар ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговрыг хариуцагч байгууллагаас шаардах эрх үүсчээ.
Монгол Улсын Нийгмийн хамгаалал, хөдөлмөрийн сайдын 2005 оны 5 дугаар сарын 5-ны өдрийн 55 тоот тушаалын хавсралтад Дундаж цалин хөлс тодорхойлох журам-ын 7-ийн а-д Хөдөлмөрийн тухай хуульд заасны дагуу буруу халсан буюу шилжүүлсэн үеийн зөрүүг нөхөн төлүүлэхтэй холбогдуулан дундаж цалин хөлсийг тодорхойлохдоо тухайн ажилтны сүүлийн 3 сарын дундаж цалин хөлсөөр тодорхойлно гэж заасан бөгөөд хэрэгт авагдсан нэхэмжлэгч С.Оы нийгмийн даатгалын дэвтрээс үзэхэд 2019 оны 6 дугаар сарын цалин дутуу бичигдсэн байх тул 2019 оны 3, 4, 5 дугаар сарын цалингийн дунджаар сарын дундаж цалинг тооцвол 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуустал 3 сар 19 хоног ажилгүй байсан хугацааны олговорт нийт 2.481.392 /1 сарын дундаж цалин хөлс 638.923 төгрөг х 3 сар = 1.916.769 төгрөг, 1 өдрийн дундаж цалин хөлс 29.717 төгрөг х 19 хоног = 546.623 төгрөг/ төгрөг болж байгаа боловч нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд 2.451.675 төгрөгийг Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас гаргуулан нэхэмжлэгч С.Од олгох үндэслэлтэй.
Ажилтны хууль бусаар ажлаас халагдсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг тухайн даатгуулагчийн халагдахын өмнө авч байсан хөдөлмөрийн хөлс, түүнтэй адилтгах орлогын дунджаас ажил олгогчийн төлбөл зохих хувиар бодож буруутай этгээд төлөх ёстой тул нэхэмжлэгч С.Оы ажилгүй байсан хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлөхийг хариуцагч байгууллагад даалгах нь зүйтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.785 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 54.177 төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.5, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсгүүдэд зааснаар хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас ажилгүй байсан хугацааны цалин хөлстэй тэнцэх олговор 2.451.675 /хоёр сая дөрвөн зуун тавин нэгэн мянга зургаан зуун далан тав/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгосугай.
2. Хөдөлмөрийн тухай хуулийн 46 дугаар зүйлийн 46.1, 46.2, Нийгмийн даатгалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.2-т зааснаар нэхэмжлэгч С.Оы ажилгүй байсан 2019 оны 8 дугаар сарын 27-ны өдрөөс 2019 оны 12 дугаар сарыг 22-ны өдрийг дуусталх хугацааны нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлж, хураамж төлсөн тухай бичилт хийхийг хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуульд даалгасугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 68.785 /жаран найман мянга долоон зуун наян тав/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Өмнөговь сумын Ерөнхий боловсролын 1 дүгээр сургуулиас 54.177 /тавин дөрвөн мянга нэг зуун далан долоо/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч С.Од олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ