Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00198

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Улаанбаатар хот Баянзүрх дүүрэг, 8 дугаар хороо 76 дугаар байр, 62 тоотод оршин суух, Д овгийн О-ийн А /регистрийн дугаар ....../ нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1989 онд төрсөн, 31 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Эрдэнэ багийн 42 гудамж 21 тоотод оршин суух, С овгийн Г-ын Э /регистрийн дугаар ..../ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч О.А, хариуцагч Г.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч О.А шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Г.Э-тай 2012 онд гэр бүл болж гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 2010 онд охин Э.Учрал төрсөн. Бид хоорондоо таарч тохирохгүй болж цаашид хамтран амьдрах боломжгүй болсон. Тус тусдаа өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Учралыг Г.Э-ын асрамжид өгч бид хоёрын хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Г.Э шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие нэхэмжлэгчтэй 2016 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Бид хоёрын хувьд ямар нэгэн эд хөрөнгийн маргаангүй бөгөөд О.А нь охин Э.Учралыг миний асрамжид шилжүүлэх хүсэлттэй байна. Бид хоёрын зүгээс ямар нэгэн маргаан байхгүй. Тиймээс бид хоёрын салах өргөдлийг шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч О.А хариуцагч Г.Э-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид 2011 оны 07 дугаар сарын 08-ны өдөр гэр бүл болсныг 2012 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2010 оны 12 дугаар сарын 26-ны өдөр охин Э.Учрал төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, 4 жил тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч охин Э.Учралыг эцэг Г.Э-ын асрамжинд үлдээнэ гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, охин одоо Орхон аймагт суралцаж байгаа нөхцөл байдал, охин Э.Учралын шүүхэд гарган өгсөн “Аавтайгаа хамт амьдарна” гэх санал зэргийг харгалзан үзэж Э.Учралыг эцэг Г.Э-ын асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч О.А улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагч Г.Э-аас гаргуулахгүй гэснийг дурдав.

Зохигчдын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хариуцагч хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч О.А-, хариуцагч Г.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2010 оны 12 дугаар сарын 26-ны өдөр төрсөн охин Э.Учралыг эцэг Г.Э-ын асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн болон хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаангүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА