Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 3

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч С.Цэцэгмаа, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй, 

Шүүх хуралдаанд:

                     Прокурор                                       Д.Сувдаа

                     Шүүгдэгч                                     Г.М, Г.М, Э.Х

                     Шүүгдэгч нарын өмгөөлөгч       М.Даваасүрэн, Т.Багахүү,

                     Хохирогчийн өмгөөлөгч             Р.Цэрэнханд, Э.Ганбат

                     Нарийн бичгийн дарга               Т.Батсайхан нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 361 дугаар захирамжтай Г.М, Г.М, Э.Х нарт холбогдох 1815002510122 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Ц.Сувдаагийн эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 02-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Э.Х.

Монгол улсын иргэн, Г.М

Монгол улсын иргэн, Г.М

Э.Х нь 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын Арбулаг гэх газарт амь хохирогч Л.Г.г алсан гэмт хэргийг,

Г.М нь яллагдагч Г.М.тай 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын Арбулаг гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, эд зүйл гэмтээж, эдгээр үйлдэлд өдөөн турхирч хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан гэмт хэргийг амь хохирогч Л.Г.н амь нас хохирох байдалд хүргэж үйлдсэн гэмт хэргийг,

Мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын Арбулаг гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх явцдаа амь хохиргч Л.Г.н эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг,

Г.М нь яллагдагч Г.М.той 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын Арбулаг гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан, мөн 2018 оны 08 дугаар сарын 14-ний өдөр Булган аймгийн Могод сумын Арбулаг гэх газарт нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэх явцдаа амь хохирогч Л.Г.н эрүүл мэндэд бүлэглэж хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 361 дугаар захирамжаар

1. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Э.Х, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Г.М нарт холбогдох эрүүгийн 1815002510122 дугаартай хэргийг Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.М, Г.М, Э.Х нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг, мөн яллагдагч Э.Х.д авсан Булган аймгийн Булган сумын нутаг дэвсгэрээс гарах, тус аймгийн Могод сумын нутаг дэвсгэрт зорчих, хохирогч, гэрчүүдтэй уулзах, Монгол Улсын хилээр гарахыг хориглосон хязгаарлалт тогтоох таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үлдээж,

3. Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн амь хохирогч Л.Г.н хөх өнгийн дээл, яллагдагч Э.Х.н хар өнгийн түрийтэй хос гутал, хэрэгт хавсаргасан СД 1 ширхэг зэргийг хэргийн хамт Прокурорт хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Баасандоржид даалгаж,

4. Прокурор шүүгчийн захирамжийг гардан авсан өдрөөс хойш ажлын 5 хоногт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

         Прокурор Д.Сувдаа эсэргүүцэлдээ: “...Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр урьдчилсан хэлэлцүүлэг хийн хэлэлцээд 361 дугаартай шүүгчийн захирамжаар хэргийг прокурорт буцаасан байна. Шүүгчийн захирамжинд шүүх хэргийг яллах дүгнэлтийн хэмжээнд эцэслэн шийдвэслэх боломжгүй гэж үзлээ. Тус шүүхийн шүүгчийн 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн хэргийг прокурорт нэмэлт ажиллагаа хийлгэхээр буцаасан захирамжинд заагдсан зарим ажиллагаа хийгдээгүй байна. Захирамжид амь хохирогч Г.т хийгдсэн мэс засал, эмчилгээ стандартын дагуу хийгдсэн эсэх, эмч эмнэлгийн ажилтан үүргээ зохих ёсоор биелуулсэн эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой доголдол байсан эсэхийг шалгах эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой алдаа доголдлын талаар нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдэхүүнтэй эмнэл зүйн дүгнэлт гаргуулах, эмчилгээний стандартыг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргуулахаар заажээ. Хэргийн материалд MNS 6330-2017 гэсэн стандарт нь төрөлжсөн мэргэжлийн эмч, эмнэлэгийн бүтэц, үйл ажиллагааны стандарт ирүүлсэн нь хэрэгт хамааралгүй ба Монгол улсад мөрдөгдөж байгаа МNS 5665-2:2006 нойр булчирхайн цочмог үрэвслийн оношлогоо, түүний эмчилгээний стандартыг бүрэн эхээр нь хавсаргах шаардлагатай байна. Шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэг болон шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч нарын өмгөөлөгч Т.Багахүү, Г.Мөнхбат нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 9.2 дугаар зүйлийн 2, 27.6 дугаар зүйлийн 1-д тус тус заасан зохицуулалтуудыг зөрчсөн байна. Учир нь шинжээч томилсон тогтоол дээр нийт 9 асуулт тавьсан байдаг. Гэтэл шинжээч нар дүгнэлтээ гаргахдаа эхний 7 асуултад хариулаад 8 болон 9 дүгээр асуултад хариулт өгөлгүйгээр 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдөр 1126 дугаартай шүүх эмнэлгийн шинжилгээний дүгнэлттэй үг үсгийн зөрүүгүй гаргаж байгаа нь шинжээчийн дүгнэлт бодит байдалд нийцсэн, бүрэн бодитой, эргэлзээгүй байна гэсэн хуулийн шаардлагыг зөрчиж байна. Дүгнэлтийг 3 шинжээчийн бүрэлдэхүүнтэйгээр гаргасан ба дан ганц шинжээч Туяагаас мэдүүлэг авч байгаа нь учир дутагдалтай төдийгүй дүгнэлт гаргахад оролцсон хоёр шинжээч нь энэ асуудал дээр ямар байр суурьтай байгаа нь ойлгомжгүй, эргэлзээтэй байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 27.8 дугаар зүйлд зааснаар дахин шинжилгээ хийлгэх шаардлагатай гэж мэтгэлзэж байгаа шүүгдэгчийн өмгөөлөгч нарын хүсэлт үндэслэлтэй байна. Иймд шүүгчийн захирамжинд заагдсан ажиллагааг хийлгэж, ЭМЯ-ны мэргэжлийн зөвлөлийн мэс засал, гэмтлийн эмч нарын бүрэлхүүнтэй /эмнэлгийн тусламж үйлчилгээний доголдол/ эмнэл зүйн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай гэж шүүх үзлээ” гэж буцаасан захирамжийг 2019 оны 12 дугаар сарын 17-ны өдөр хүлээн авч танилцвал хэргийг хууль зүйн үндэслэлгүй прокурорт буцаасан гэж үзэж байна. Үүнд:

          1.Шүүгчийн захирамжинд амь хохирогч Г.т хийгдсэн мэс засал, эмчилгээ стандартын дагуу хийгдсэн эсэх, эмч эмнэлгийн ажилтан үүргээ зохих ёсоор биелүүлсэн эсэх, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой доголдол байсан эсэхийг шалгах, эмнэлгийн тусламж үйлчилгээтэй холбоотой алдаа доголдлын талаар нарийн мэргэжлийн эмч нарын бүрэлдхүүнтэй эмнэл зүйн дүгнэлт гаргуулах. эмчилгээний стандартыг бүрэн эхээр нь хэрэгт хавсаргуулахаар заасан зарим ажиллагаа хийгдээгүй байна гэж дүгнэсэн хууль зүйн үндэслэлгүй байна. Үүнд: Шүүгчийн захирамжинд заасны дагуу Эрүүл Мэндийн яамны мэс заслын болон гэмтлийн салбар зөвлөлөөс дахин дүгнэлт гаргах шинжээч нарыг томилуулж дүгнэлтийг гаргуулсан байхад эмнэл зүйн шинжээчийн дүгнэлт гаргуулах гэж буцаасан нь үндэслэлгүй байна. Учир нь Эрүүл мэндийн сайдын 2017 оны 3697 дугаар тушаалын хавсралтаар батлагдсан “Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журам”-ын Хоер: Цогцост шинжилгээ хийлгэх гэсэн хэсгийн 2.3.6-д “Гадны хүч хэргэлсэн сэжигтэй цогцост эмгэг судлалын шинжилгээ хийхгүй, шүүх эмнэлгийн шинжилгээ хийнэ” гэсэн журмын дагуу шүүх эмнэлгийн шинжээч шинжилгээг хийсэн нь үндэслэлтэй юм.

          Мөн журмын 2.2.4-т зааснаар “Эрүүл мэндийн байгууллагад 24 цаг хүртэл хугацаанд эмчлүүлж байгаад нас барсан болон энэхүү журмын 2.3.6-д зааснаас бусад тохиолдолд журмын 2.5.7-д зааснаар “Цогцост хийх эмгэг судлалын шинжилгээг нас барснаас хойш 24 цагийн дотор хийсэн байна” гэж заасан байх тул нөхөн гүйцэтгэх боломжгүй бөгөөд анхан шатны шүүхээс хууль, журмыг зөрчсөн ажиллагааг хийлгүүлэхээр буцаасан гэж дүгнэж байна. Мөн Хууль зүй, дотоод хэргийн сайд, Эрүүл мэндийн сайдын хамтарсан 2010 оны 135/256-р тушаалын хавсралтаар батлагдсан “Шүүх эмнэлгийн шинжилгээ хийх журам”-ын 2.2.2-д заасан “Эмч, эмнэлгийн ажилтны мэргэжлийн үйл ажиллагаатай холбоотой тохиолдолд шинжилгээг бүрэлдхүүнтэйгээр хийхээр журамласан байх бөгөөд журмын дагуу дахин бүрэлдэхүүнтэй шинжээчийн дүгнэлтийг гаргуулсан нь хуулийг зөрчөөгүй байна.

         2. Эмнэлгийн стандартыг хэрэгт хавсаргуулах гэж буцаасан нь үндэслэлгүй байна. 2019 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн шүүгчийн захирамжид заасан 2 дугаар хавтаст хэргийн 60 дугаар хуудсанд стандартын зөвхөн 12 дугаар хуудсыг хийсэн байх тул стандартыг бүрэн эхээр хийх гэсний дагуу ММ8 6330-2017 гэсэн стандартыг бүрэн эхээр хэрэгт хавсаргасан. “Стандарт” гэж тодорхой хүрээнд хэм хэмжээ бий болгоход чиглэсэн ерөнхий зарчим, үзүүлэлтийг сонирхогч талууд зөвшилцөн боловсруулж баталсан, сонгон хэрэглэх баримт бичиг бөгөөд Стандарт хэмжил зүйн төвийн гэсэн сайтаас бүрэн эхээр татаж үзэх боломжтой тул мөрдөн шалгах ажиллагаагаар хийгдэх ажиллагаа бол биш юм.

        З. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 1-д зааснаар “Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий, энэ хуульд заасан үндэслэл, журмын дагуу олж авсан аливаа баримтат мэдээллийг нотлох баримт гэнэ” мөн хуулийн 2-д баримтат мэдээлэл нь гэрч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн мэдүүлэг, эд мөрийн баримт, баримт бичиг, шинжээчийн дүгнэлт, мэдүүлэг, мөрдөгчийн магадлагаа, энэ хуульд заасны дагуу бэхжүүлсэн кино ба гэрэл зураг, зураглал, дууны, дүрсний, дуу-дүрсний бичлэг, ул мөрөөс авсан хэв, мөрдөн шалгах ажиллагааны болон шүүх хуралдааны тэмдэглэл, хүн, хуулийн этгээд, албан тушаалтнаас ирүүлсэн гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл болон энэ хуульд заасан бусад баримтаар тогтоогдоно” гэж заасан хуульд заасан үндэслэл, журмыг баримтлан шинжээчээр дүгнэлт гаргуулсаны зэрэгцээ түүнээс дүгнэлттэй холбогдуулан авсан мэдүүлэг нь нотлох баримтаар тооцогдох үндэслэлтэй байна. Мөн шинжээч нар нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.5 дугаар зүйлийн 2-д зааснаар “Шинжилгээ хийлгэхээр хэд хэдэн шинжээчийг томилсон бол дүгнэлт гаргахаас өмнө хоорондоо зөвлөлдөж, санал нэгдвэл дүгнэлтэд бүгд гарын үсэг зурна” мөн зүйлийн 3-д зааснаар “Дүгнэлт гаргахад санал зөрсөн шинжээч саналаа бичиж дүгнэлтэд хавсаргана” гэж хуульчилсан бөгөөд шинжээч нар дүгнэлт гаргахдаа санал зөрсөн тохиолдол гараагүй бөгөөд бүгд дүгнэлтэнд гарын зурсан тул шинжээч Н.Туяагаас мэдүүлэг авсан нь хуулийг зөрчөөгүй байна. Иймд Булган аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 361 дугаартай шүүгчийн захирамжийг Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.8 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.6-д заасан үндэслэлээр хүчингүй болгуулахаар мөн хуулийн 33.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийг баримтлан прокурорын эсэргүүцэл бичив...” гэжээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

   Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Д.Сувдаа нь Э.Х.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дугаар зүйлийн 1-д заасан гэмт хэрэгт холбогдуулан, Г.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.4, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан, Г.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан тус тус яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Г.М, Г.М, Э.Х нарт холбогдох эрүүгийн 1815002510122 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Ц.Сувдаа эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

Анхан шатны шүүхийн шүүгчийн нэмэлт мөрдөн байцаалтын ажиллагаа хийлгэхээр буцааж шийдвэрлэсэн захирамж хууль зүйн үндэслэлгүй болжээ.

Тухайлбал: Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн 1126 дугаартай гурван шинжээчийн бүрэлдхүүнтэйгээр гаргасан дүгнэлт нь хуульд заасан үндэслэл журмын дагуу гаргасан дүгнэлт байх бөгөөд уг шинжээчийн дүгнэлтийг бодит байдалд нийцсэн бүрэн бодитой эргэлзээгүй байх хуулийн шаардлагыг хангаагүй гэх үндэслэл тогтоогдохгүй байна.

Мөн шүүгчийн захирамжинд эмнэл зүйн шинжээчийн дүгнэлт гаргуулах нь хэргийг хянан шийдвэрлэхэд зайлшгүй шаардлагатай байна гэж дүгнэсэн байх боловч Нас барагчийн цогцост үхлийн шалтгаан болон өвчний онош зөв тогтоосон эсэхийг тодорхойлох эмгэг судлалын шинжилгээ хийх журмын 2.5.7-д “цогцост хийх эмгэг судлалын шинжилгээг нас барснаас хойш 24 цагийн дотор хийсэн байна” гэж заасан байхаас гадна мөн журмын 2.2.4-т зааснаар “Эрүүл мэндийн байгууллагад 24 цаг хүртэл хугацаанд эмчлүүлж байгаад нас барсан болон энэхүү журмын 2.3.6-д зааснаас бусад тохиолдолд хийнэ гэж заасан байтал шүүгч захирамжиндаа эмнэл зүйн шинжээчийн дүгнэлт гаргуулахаар заасныг одоо нөхөн гүйцэтгэх боломжгүй юм. 

Харин Монгол улсад мөрдөгдөж байгаа МNS 5665-2:2006 нойр булчирхайн цочмог үрэвслийн оношлогоо, түүний эмчилгээний стандартыг хуульд заасны дагуу нотлох баримтаар гарган өгч шинжлэн судлуулах эрх нь шүүгдэгч болон шүүгдэгчийн өмгөөлөгч нарт нээлттэй байгаа ба амь хохирогчийг үхэлд хүргэсэн шалтгаан нөхцөлийг  хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудыг харьцуулан дүгнэсний үндсэн дээр шүүгдэгч Г.М, Г.М, Э.Х нарын гэм буруугийн асуудлыг анхан шатны шүүх шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Анхан шатны шүүхээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд явагдах ба мөрдөн байцаалтанд буцаахаар заасан шүүгчийн захирамж нь ямар үндэслэлээр эргэлзээтэй гэж шүүх дүгнэсэн талаарх үндэслэлээ заагаагүй байх тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 361 дугаар захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцаасугай.

2. Прокурор Д.Сувдаагийн эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Анхан шатны шүүхэд хэргийг очтол шүүгдэгч нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                      М.ХҮРЭЛБААТАР

                                      ШҮҮГЧИД                                     С.ЦЭЦЭГМАА   

                                                                                            Ё.БЯМБАЦЭРЭН