| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Эрдэмбилэгийн Лхагвасүрэн |
| Хэргийн индекс | 128/2025/0707/З |
| Дугаар | 221/МА2026/0090 |
| Огноо | 2026-02-03 |
| Маргааны төрөл | Татвар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 02 сарын 03 өдөр
Дугаар 221/МА2026/0090
“Н*******” ХХК-ийн нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг хянан шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Ц.Сайхантуяа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч С.Мөнхжаргал
Илтгэгч: Шүүгч Э.Лхагвасүрэн
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, Ц.Ч*******
Нэхэмжлэгч: “Н*******” ХХК
Хариуцагч: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нар
Нэхэмжлэлийн шаардлага: Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нарын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн НА-21240000055 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0719 дүгээр шийдвэр
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, Ц.Ч*******
Хариуцагч Р.Б*******, С.Г*******
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.А*******
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2025/0707/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1.Нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нарт холбогдуулан “Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нарын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн НА-21240000055 дугаар “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах”-аар маргасан.
2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0719 дүгээр шийдвэрээр:
“Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.1.1, 13.1.2, 13.1.3, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.6, 14.6.4 дэх хэсэгт заасныг баримтлан Татварын ерөнхий газрын дэргэдэх Том татвар төлөгчийн газрын Татварын хяналт шалгалтын хэлтсийн татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нарт холбогдуулан гаргасан 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн 21240000055 дугаартай “Нөхөн ногдуулалтын акт”-ыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.
3.Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхээ, Ц.Ч******* дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:
3.1.“...Нэг. Захиргааны ерөнхий хуулийн 39.1-д “Захиргааны актын агуулга ойлгомжтой, тодорхой байна” гэж заасан бөгөөд энэ нь захиргааны актын агуулга хэн ч уншсан ойлгогдохоор хоёрдмол утгагүй байхыг ойлгохоор байна. Тодорхой байх гэдэг нь алдаагүй байх, тодорхой бус нэр томъёог хэрэглээгүй байхаар хуульчилсан.
Татварын улсын байцаагч Р.Б*******, С.Г******* нарын 2024 оны 7 дугаар сарын 02-ны өдрийн НА-21240000055 дугаартай "Нөхөн ногдуулалтын акт" /цаашид "Акт" гэнэ/-д дээр дурдсан хуулийн заалтыг зөрчсөн агуулгатай байсан. Тухайлбал, "Акт"-ын "Татварын хяналт шалгалтаар илэрсэн зөрчил" хэсгийн 1. ...бараа материал худалдан авсан гэх боловч хий бичилт бүхий баримтаар албан татвараас хасагдах зардалд тусгасан нь Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.3, 13.1.4 заалтыг зөрчсөн гэж, 2. ...бараа материал худалдан авсан гэх боловч хий бичилт бүхий баримтаар нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт төлөлтийн тайланд тусган, төсөвт төлөх албан татварыг бууруулсан нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.4 заалтыг зөрчсөн" гэсэн агуулгаар зөрчлийн хууль зүйн үндэслэлийг тодорхойлсон.
"Акт" үйлдсэн хууль зүйн үндэслэл нь Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1 заалтыг зөрчсөн талаар нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч асуулт асууж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хариулсан. Энэ мэтгэлцээн шүүх хуралдааны (бичлэгийн) хоёр дахь хэсгийн 07:55 минутаас 09:43 минутын хооронд үргэлжилсэн. Тодруулбал, акт үйлдсэн татварын улсын байцаагч нь Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.4 заалтыг зөрчсөн буюу худалдаж авсан бараа материалаа О******* компанид гүйцэтгэсэн ажилд зарцуулаагүй гэсэн агуулгаар удаа дараа тайлбарладаг (хуралдааны 19:42 минутаас 26:00 минут хүртэл). Гэтэл итгэмжлэгдсэн төлөөлөгч нь "Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.4 хамаагүй, "хий бичилт" гэдэг агуулгаар тайлбарладаг. (хуралдааны 26:01 минутаас 29:14 минут хүртэл).
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Сүхээ "Акт" нь хуульд үндэслэх зарчмыг зөрчиж байгаа талаар хуралдааны 30:24 минутаас 31:51 минутад тайлбарлах боловч шүүгч гүйцэд сонсолгүй тайлбарыг тасалсан.
Захиргааны ерөнхий хуулийн 39 дүгээр зүйлийн 39.1-т заасныг зөрчсөн талаарх талуудын мэтгэлцээнд анхан шатны шүүх заавал дүгнэлт өгөх ёстой байсан боловч шүүхийн шийдвэрт энэ талаар огт дурьдагдаагүй нь "Шийдвэр хууль ёсны байх” зарчмыг хангаагүй гэж үзэж байна.
Хоёр: Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 7 дугаар зүйлд шүүх нотлох зарчмыг тодорхойлсон. Шүүх хэргийн нөхцөл байдал буюу бодит үнэнийг илрүүлэн тогтоохын тулд "шүүх нотлох" буюу мөрдөн шалгах зарчмыг хэрэгжүүлэх үүрэгтэй. Энэ хүрээнд хавтаст хэрэгт авагдсан, ач холбогдол бүхий нотлох баримтыг цуглуулж заавал үнэлэх үүрэгтэй.
"Акт" үйлдсэн татварын улсын байцаагч нар "Худалдан авсан бараа материалаа О******* компанид гүйцэтгэсэн ажилдаа зарцуулсан болох нь нотлогдохгүй байна. Тухайлбал, О******* компанитай хийсэн ажил гүйцэтгэх гэрээ, тооцоо нийлсэн акт зэрэг баримтуудыг татварын хяналт шалгалтанд ирүүлээгүй" нь татварын хууль тогтоомжийг зөрчсөн гэх үндэслэл болсон гэж тайлбарладаг.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас бүх материалыг хяналт шалгалтын үед болон маргаан таслах зөвлөлд гомдол хянан шийдвэрлэхэд, шүүхэд хэрэг хянан шийдвэрлэхэд нотлох баримтаар гаргаж өгсөн. О******* компанитай бүх харилцаа цахимаар явагддаг, цахим мэдээлэлтэй татварын улсын байцаагч нар 2024 оны 6 дугаар сарын 16-ны өдөр танилцсан" гэх агуулгаар мэтгэлцсэн (Шүүх хуралдааны 13:27 минутаас 18:02 хүртэл)
Нэхэмжлэгчийн зүгээс бэлтгэн нийлүүлэгчээс худалдаж авсан бараа материалыг О******* компанид гүйцэтгэсэн ажилд зарцуулсан тухай буюу хэрэг хянан шийдвэрлэхэд хамгийн гол ач холбогдолтой баримтыг шүүх хуралдаанд танилцуулсан. О******* компанийн хувьд өртгөө бүртгэхдээ бэлтгэн нийлүүлэгчийн уг ажилд зарцуулсан шууд материал, шууд хөдөлмөр, үйлдвэрлэлийн нэмэгдэл зардлыг маш нарийн, дэлгэрэнгүй тодорхойлдог. Өөрөөр хэлбэл, “Н*******” ХХК-ийн гүйцэтгэсэн ажилд зарцуулагдсан бараа материал нь нэр төрөл, тоо хэмжээ, үнийн дүнгээр бүртгэгддэг. Энэ бүртгэлийг нотлох баримт нь "Progress Payment Certificate" /Гүйцэтгэлийн төлбөр/, "Remittance Advice" /Шилжүүлгийн баримт/ бөгөөд эдгээр баримтыг цахим хэлбэрээр шүүх хуралдаанд танилцуулсан. Ингэхдээ нийлүүлсэн бараа материалын нэрийг орчуулж танилцуулсан. Энэ танилцуулга хуралдааны 45:10 минутаас 51:07 хүртэл үргэлжилсэн.
Гэтэл анхан шатны шүүхээс хэрэг маргааныг шийдвэрлэх гол нотлох баримтыг үнэлж дүгнээгүй. Тодруулбал, хавтаст хэрэгт авагдсан 112 хуудас нотлох баримт болон цахимаар танилцуулсан нотлох баримтад дүгнэлт огт хийгээгүй. Мөн нэхэмжлэлд дурдсан "Нотлох баримтаар хүргүүлж байгаа нийт 856 хуудас материал нь нэхэмжлэгчийн архив, цахим мэдээллийн системд бүртгэлтэй байгаа тул шүүхийн үзлэг хийх, шүүх танилцах шаардлагатай тохиолдолд танилцуулахад бэлэн болно" хүсэлтийг харгалзаж үзээгүй болно.
Шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 9. “... анхан шатны баримтаар... худалдан авсан бараа материалыг "О*******" ХХК-д хэзээ нийлүүлсэн, ямар ажил хийж, гүйцэтгэсэн зэрэг нь баримтаар тогтоогдоогүй ба татвар төлөгчийн зүгээс нотлох баримт гаргаж өгөөгүй зэргээс үзэхэд "Акт" үндэслэлтэй гэж үзэхээр байна" гэж,
13."...Учир нь “Н*******” ХХК-ийн гаргасан зөрчлийг тогтоох үүргийг татварын улсын байцаагч нар хүлээх бөгөөд холбогдох баримтуудын хүрээнд шалган тогтоох ажиллагаа хийж гүйцэтгэсэн, хавтаст хэрэгт цугласан баримтаар тухайн бараа материалыг бодитоор худалдан авч борлуулсан, үйл ажиллагаандаа ашигласан болох нь нотлогдохгүй байна” гэж, 17. "...Өөрөөр хэлбэл, “Н*******” ХХК-ийн албан татвар ногдох орлогоос хасаж тооцсон бараа материалын зардал нь шүүхийн хэлэлцүүлгээр судлагдсан нотлох баримт, талуудын тайлбар мэдүүлгээр орлого олох үйл ажиллагаатай шууд холбогдон гарсан гэдэг нь тогтоогдохгүй байх тул "Акт" хууль зүйн үндэслэлтэй гэж шүүх дүгнэлээ" гэжээ.
Шүүхийн эдгээр дүгнэлт нь нэхэмжлэгчийн зүгээс гаргаж өгсөн бодит баримт материал дээр үндэслээгүй. Зөвхөн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "Би тайлбар өгье. Энэ бол түрүүний миний ярьдаг борлуулалт. Энэ маргаанд ямар ч хамаа байхгүй. Яагаад гэхээр энэ компанийн орлого олдог субъект нь байхгүй юу. Эд нар чинь О*******д бараа нийлүүлээд бүтээн байгуулалт босгоод мөнгө авч байна ш дээ. Орлого нь байхгүй юу. Бид нар худалдан авалт дээр тавьсан. Тэгэхлээр энэ үзүүлээд байгаа юм ямар ч хэрэг байхгүй. Яагаад гэхээр энэ О******* компанид бараа нийлүүлж байгаа мэйл үзүүлж байна, тэдэн төгрөгийн жагсаалтууд үзүүлж байна шүү дээ. Бид нар ийм ийм бараа бүтээгдэхүүн нийлүүлсэн гээд байна шүү дээ. Энэ чинь тэр компанид нийлүүлсэн борлуулалтын орлого нь байхгүй юу” гэх тайлбар (хуралдааны 1 дахь хэсгийн 52:54 минутаас 53.45 хүртэл), “нэгдүгээрт худалдан авалт дээр акт тавигдсан, хоёрдугаарт иж бүрэн биш хэсэгчилсэн хяналт шалгалт гэдгийг тодруулъя” гэх тайлбар, (хуралдааны 2 дахь хэсгийн 21.17 минутаас 21:50 хүртэл), хариуцагч татварын улсын байцаагчийн “... иж бүрэн шалгалт хийгээгүй. Бусад орлого, бусад зардал дээр шалгалт хийгээгүй. 189 худалдан авалтан дээр нь эрсдэл тооцогдоод НӨАТ-ын хэсэгчилсэн хяналт шалгалт хийгээд, яг тухайн худалдан авалтуудаа л тулгалт хийгээд хяналт шалгалтаа хийсэн..." гэх аман тайлбар (хуралдааны 2 дахь хэсгийн 14:56 минутаас 15:22 хүртэл)-уудад үндэслэж дүгнэлт хийсэн.
Энэ байдал нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 34.3-т “Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй” гэсэн заалтыг зөрчсөн тул гомдолтой байна. Тодруулбал, шүүх нь нэхэмжлэгчийн гаргаж өгсөн нотлох баримтад дүгнэлт өгөөгүй, шийдвэрлэлгүй орхигдуулсан, хэргийн үйл баримтыг бүрэн, зөв тогтоогоогүй буюу шүүх нотлох ажиллагааг дутуу хийсэн, хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзээгүй болно.
Гурав. Шүүх хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн.
Хариуцагч татварын улсын байцаагч болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар актын үндэслэлийг зөрүүтэй тайлбарладаг боловч “Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь заалтыг үндэслэсэн тухай шууд утгаар тайлбарлаагүй.
Гэтэл шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн 7. “...Үүнийг хариуцагч татварын улсын байцаагчид хий бичилттэй падаан гэж үзсэн үндэслэлээ Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн баримтад тусгагдаагүй боловч уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан гэсэн нь шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх процесст нэхэмжлэгч, хариуцагч талуудын мэтгэлцээгүй (албан ёсоор) хуулийн заалтаар дүгнэлт өгсөн зөрчилтэй.
Мөн шийдвэрийн "Тогтоох нь" хэсгийн
1.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.1. 13.2, 13.3, 13.4, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.1, 14.1.2, 14.6, 14.6.4 дэх хэсэгт заасныг баримтлан ... нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай" гэжээ.
"Акт"-д Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай хуулийн 13.1.3, 13.1.4 заалтыг зөрчсөн гэж, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14.6.4 заалтыг зөрчсөн гэж тус тус хууль үндэслэсэн байхад шүүх зөрчлийн агуулгыг дэлгэрүүлэн тогтоосон нь хууль зөрчсөн гэж үзэхээр байна.
Дөрөв. Монгол Улсын Үндсэн хуулийн Арван зургаадугаар зүйлийн 14-т "...бусдын хууль бусаар учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх....... нотлох баримтыг шалгуулах.......... Гэм буруутны... зэмлэлийг... халдаан хэрэглэхийг хориглоно” хэмээн заасан үндсэн эрхийг зөрчсөн шийдвэрийг шүүх гаргасан.
Шийдвэрийн "Үндэслэх нь" хэсгийн
11."Тодруулбал, нэр бүхий 31 компани Баянзүрх дүүргийн Татварын хэлтэст бүртгэлтэй байсан бөгөөд орлогоо тайлагнасан эсэхийг харахад тухайн компани татвараа тайлагнаад явж байгаад, чөлөөлөгдөх хэсэгт тайлагнаад татварын үлдэгдэл 0 гэж тайлагнасан буюу татвар ногдуулаагүй байсан”
12.Тухайн 31 компанийн санхүүгийн бүртгэл, татварын тайлан, тухайн компаниуд үнэхээр үйл ажиллагаа явуулдаг эсэхийг татварын улсын байцаагчид шалгасан байх бөгөөд ..."Акт"-аар зөрчилтэй гэж үзсэн худалдан авалтууд нь Татварын ерөнхий хуулийн 28.5-д Татвар төлөгч борлуулалт хийх тухай бүрдээ хэрэглэгчийн системээс дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн баримтыг хэвлэж өгөх, эсхүл цахимаар илгээх үүрэгтэй" гэж заасан хуулийн зохицуулалтыг зөрчсөн буюу хуулийн энэхүү заалтад нийцэхгүй байна" гэж тус тус дүгнэжээ.
Шүүх энэ дүгнэлтийг гаргахдаа хариуцагчийн аман тайлбарт үндэслэсэн. Тухайлбал, хуралдааны 55:18 дахь минутад хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн "...Тэгэхээр татварыг яаж багасгадаг вэ гэхээр худалдан авалтуудаа хийж байж хүнээс авсан НӨАТ-аа хасаж байж нөгөө татвараа бууруулдаг. Тэгэнгүүт татвар бууруулахын тулд наадуул чинь яаж байна гэхээр нөгөө нэр бүхий 31 компаниас худалдан авалт хийгээд л бичилт хийчихэж байгаа байхгүй юу" гэсэн, хуралдааны 58:38 дахь минутад хариуцагч татварын улсын байцаагчийн “...Бид нар шалгаад үзэхээр үйл ажиллагаа явуулдаггүй юм шиг харагдаж байгаа юм. Яаж тэрийг нотлоод байгаа юм гэхээр энэ чинь өөрөө татвар төлдөггүй. Нэг л хүн дээр бүртгэлтэй, нэг хаяг дээр. Бүгд 2020 онд үүсгэн байгуулагдсан. Цаасан компани гэж хэлж болохоор. Тийм учраас магадгүй танай хоёр яаж хуйвалдсан ч юм уу, түүнийг бид нар мэдэхгүй. Ерөнхийдөө бол харахад энэ нотлогдохгүй байна гэдэг үүднээс яриад байгаа юм. Тэгэхээр энэнээс болоод танай хоёрын хооронд хийсэн худалдан авалт, материал бүрдүүлж төсөвт төлөх татварыг бууруулж улсыг хохироогоод байна гэж байна” гэх аман тайлбаруудад үндэслэсэн.
Гэтэл нэр бүхий 31 компани нь сар бүр НӨАТ-ын тайлангаа гаргаж орлогоо тайлагнаж явсан, сар бүр их хэмжээний барилгын материал импортоор оруулсан, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа хуулийн хугацаанд гаргаж орлогоо тайлагнаж явсан бодит баримт материалыг шүүх цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй. Бэлтгэн нийлүүлэгч компаниуд орлогоо тайлагнасан, анхан шатны баримтууд бүгд байгаа гэдгийг хариуцагч огт маргахгүй байхад тэдгээр компаниудын бусад үйл ажиллагааг “Н*******” ХХК-д нялзааж байгаа нь Монгол Улсын Үндсэн хуулийн 14 дүгээр зүйл заасан үндсэн эрхийг зөрчсөн гэж үзэж байна.
Шүүх хуралдааны 2 дахь хэсгийн 00:12 минутаас 04:09 хүртэл хугацаанд талуудын хооронд мэтгэлцээн явагдсан. Тодруулбал, нэхэмжлэгчийн зүгээс "Бэлтгэн нийлүүлэгчдийг хууль зөрчсөн гэж шүүхээс тогтоосон эсхүл татварын алба хяналт шалгалт хийж тогтоосон шийдвэр байна уу? Өчнөөн зуун тэрбум төгрөгийн импорт хийсэн болох нь нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар нотлогдож байгаа, арилжааны банкаар бүх төлбөр тухайн компаниудын харилцах дансанд шилжиж байхад яагаад үйл ажиллагаа явуулаагүй гэж дүгнээд байна” гэх агуулгаар асуулт тавьж, хариуцагчийн зүгээс энэ асуултанд огт хариулаагүй. Шүүхээс “наад асуултад чинь хариулсан. Өөр асуулт байна уу?" (хуралдааны 2 дахь хэсгийн 06:23 дахь минут) гэж нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эрхэд халдсан.
Анхан шатны шүүхийн шийдвэр нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.2 хэсэгт "Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна" хэмээн заасантай нийцэхгүй гэж үзэхээр нөхцөл байдлууд байх тул мөн хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 хэсэгт заасанчлан хэргийг бүхэлд нь хянаж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Дараах үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг хангасангүй.
1.Гомдолд “…нэр бүхий 31 компани сар бүр НӨАТ-ын тайлангаа гаргаж, орлогоо тайлагнаж явсан, сар бүр их хэмжээний барилгын материал импортоор оруулсан, Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тайлангаа хуулийн хугацаанд гаргаж орлогоо тайлагнаж явсан бодит баримт материалыг шүүх цуглуулах, үнэлэх үүргээ биелүүлээгүй…” гэх боловч шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6, 11, 12-т дээрх 31 компанийн ихэнхийг 2020 оны 6-10 дугаар саруудад иргэн Х.Х******* үүсгэн байгуулж, гүйцэтгэх захирлаар бүртгэгдсэн талаар, мөн тэдгээр нь Баянзүрх дүүргийн татварын хэлтэст бүртгэлтэй, татварын үлдэгдэл 0 буюу татвар ногдуулаагүй болохыг, дансаа хөдөлгөх зорилгоор 100-200 төгрөгийн төлөлт хийдэг байсан талаар дүгнэсэн,
-мөн Тагнуулын ерөнхий газраас эрүүгийн 2302003760085 дугаар хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа явуулахад нэхэмжлэгч “Н*******” ХХК нь нэмэгдсэн өртгийн албан татварын баримтыг хуурамчаар бүрдүүлэн татвар төлөхөөс зайлсхийсэн байж болзошгүй нөхцөл байдал тогтоогдож байх тул хянан үзэж зохих журмын дагуу шийдвэрлэхийг хүссэн тус газрын 2024 оны 5 дугаар сарын 17-ны өдрийн 16/418 дугаар албан бичгээр холбогдох мэдээллийг Татварын ерөнхий газарт ирүүлсэний дагуу нэхэмжлэгчийн 2020 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2024 оны 1 дүгээр сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны нэмэгдсэн өртгийн албан татварын ногдуулалт, төлөлтийн байдалд “хялбаршуулсан-хэсэгчилсэн хяналт шалгалтыг хийсэн байгаагаас тус тус үзэхэд дээрх гомдол үндэслэлгүй, хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдол бүхий нотлох баримтыг бүрэн цуглуулаагүй гэж анхан шатны шүүхийг буруутгах боломжгүй.
Нэр бүхий 31 компаниас 189 удаагийн төлбөрийн баримтаар нийтдээ 26.285.595.911 төгрөгийн НӨАТ-тэй худалдан авалт хийсэн гэх боловч энэхүү НӨАТ-тай гэх худалдан авалт бодитой бус, хэлбэрийн хувьд холбогдох санхүүгийн болон төлбөрийн баримтыг бүрдүүлсэн, мөн худалдагч талаас дахин давтагдашгүй дугаар бүхий төлбөрийн е баримт шивсэн болох нь татварын нэгдсэн системд бүртгэгдсэн хэдий ч эдгээр нь татвар ногдох орлогыг бууруулах зорилготой, өөрөөр хэлбэл “НӨАТ шингэсэн худалдан авалт” хийсэн дүр үзүүлсэн болох нь худалдагч талтай холбоотой хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон байна.
2.Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5-д “Албан татвар суутган төлөгч нь бэлтгэн нийлүүлэгчид албан татвар төлсөн нь нэхэмжлэл, нэмэгдсэн өртгийн албан татварын падаан, нягтлан бодох бүртгэлийн бусад баримтад тусгагдаагүй бол уг албан татварыг хасаж тооцохгүй” гэж заасан, гэвч нэхэмжлэгчийн тухайд энэхүү шаардлагыг хэлбэрийн хувьд хангасан, түүнээс 31 компаниас бараа материалыг бодитоор НӨАТ-тай худалдан авалт хийгээгүй, өөрөөр хэлбэл худалдагч тал болох нэг үүсгэн байгуулагчтай компаниуд нь үйл ажиллагаа явуулдаггүй, бараа материал импортоор оруулж ирдэггүй, агуулах савгүй, мөн өөрийн гэсэн ажилчидгүй.
Мөн 31 компаниас бараа, материал худалдан авсан гэх нийт 37 гэрээг байгуулж, тэдгээрт худалдагч талыг төлөөлж иргэн Х.Х******* гарын үсэг зурсан, түүнчлэн шүүхэд нэхэмжлэл гаргахаас өмнө Татварын ерөнхий газрын дэргэдэх Маргаан таслах зөвлөлд нэхэмжлэгчээс гаргасан гомдолд чухам ямар бараа, материалыг “О*******” ХХК-д хэзээ, хэрхэн нийлүүлсэн болох, барилга угсралтын ямар ажил гүйцэтгэж, хүлээлгэн өгсөн талаарх тус компанитай байгуулсан гэрээ, ажил хүлээлцсэн болон тооцоо нийлсэн актын талаарх нотлох баримтыг ирүүлээгүй болохыг Зөвлөлийн 2025 оны 6 дугаар сарын 25-ны өдрийн 15 дугаар тогтоолд тодорхой дурдсан, шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад ч энэ нөхцөл байдал өөрчлөгдөөгүй байна.
3.Аж ахуйн нэгжийн орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулийн аль алинд, мөн Татварын ерөнхий хуулинд ч “хий бичилт” гэсэн ойлголт, нэр томъёо байхгүй, гэхдээ татвар ногдуулах орлогыг бууруулах зорилгоор НӨАТ-ын бичилт хийж байгааг “хий бичилттэй” буюу бодитой бус худалдан авалт гэсэн агуулгаар ойлгож хэрэглэснийг буруутгахгүй, иймд шийдвэрт энэ талаар дүгнэлт өгөөгүй нь “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх” шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэл болохгүй.
Түүнчлэн гомдолд “…бэлтгэн нийлүүлэгчээс худалдан авсан бараа материалыг “О*******” ХХК-д гүйцэтгэсэн ажилд зарцуулсан талаарх хэргийг шийдвэрлэхэд чухал ач холбогдол бүхий нотлох баримтуудыг огт үнэлээгүй…” гэх боловч татварын улсын байцаагчид болон шүүхээс нэхэмжлэгчийг “О*******” ХХК-д бараа нийлүүлээгүй, ажил гүйцэтгээгүй гэж бус, харин тэдгээр ажиллагааны үр дүнд бий болсон татвар ногдох орлогыг бууруулах зорилгоор НӨАТ-ын хий бичилттэй падааныг ашиглаж аж ахуйн нэгжийн орлогын болон нэмэгдсэн өртгийн албан татварын тайлангаар тус тус төсөвт төлөх албан татварыг санаатайгаар бууруулж тайлагнасан гэж буруутгасан байх тул “О*******” ХХК-д чухам ямар төрлийн бараа материал нийлүүлсэн, ямар ажил үйлчилгээ үзүүлсэн талаарх нотлох баримтыг шийдвэрт хэрхэн үнэлсэнээс үл хамаарч актаар тогтоогдсон зөрчил үгүйсгэгдэхгүй, хэрэгт авагдсан нэхэмжлэгчийн санхүү, татварын тайлан нь нягтлан бодох бүртгэлийн стандартын “бодит байх”, “үнэн зөв байх” зарчимд тус тус нийцсэнгүй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.2-т “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ” гэж заасан болно.
4.Шийдвэрийн ТОГТООХ нь хэсэгт нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгохдоо баримталсан хууль, хуулийн зүйл, заалт нь нөхөн ногдуулалтын актад үндэслэсэн хуулийн зүйл, заалттай заавал адил байх шаардлагагүй, өөрөөр хэлбэл актад тусгагдсанаас илүү хуулийн зүйл, заалт баримталсныг зөрчлийн агуулгыг дэлгэрүүлж дүгнэсэн гэхээс илүүтэй, шүүх тухайн маргаанд хамаарах хуулийг зөв тайлбарлаж хэрэглэсэн гэж үзнэ.
5.Мөн “…маргааныг шийдвэрлэхдээ хэрэгт авагдсан нотлох баримтыг бус, зөвхөн хариуцагчийн аман тайлбарыг үнэлсэн…” гэх гомдол үндэслэлгүй байна.
Учир нь “О*******” ХХК-д нийлүүлсэн бараа, ажил үйлчилгээнд зарцуулсан худалдан авалтын худалдагч тал болох нэр бүхий 31 компани нь Хуралдах, худалдан авах гэрээ байгуулсан, төлбөрийг өөрийн дансаар шилжүүлэн авсан, төлбөрийн е баримт олгосон, татварын нэгдсэн системд холбогдох мэдээ, тайланг оруулсан боловч бодит байдалд үйл ажиллагаа явуулдаггүй, татвар ногдох орлогогүй, татвар төлдөггүй, бүгд шахуу 1 үүсгэн байгуулагчтай хуулийн этгээдүүд болох нь баримтаар хангалттай тогтоогдож байгаа энэ тохиолдолд маргаан бүхий акт хууль зүйн үндэслэлгүй гарсан, нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэхгүй.
Харин гомдлын “…нэр бүхий компаниуд сар бүр их хэмжээний бараа, материал импортоор оруулж ирсэн…” гэх үндэслэлийг нотлох баримт хэрэгт огт авагдаагүйг, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шинжээч томилж “О*******” ХХК-д нийлүүлсэн бараа материал, гүйцэтгэсэн ажил үйлчилгээнд гарсан зардал, түүнд хамаарах эд материалын тооцоог гаргуулах шаардлагагүй, энэ нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолгүй болохыг тус тус тэмдэглэв.
Бэлтгэн нийлүүлэгч, татвар төлөгч, тэдгээрийн хооронд байгуулагдсан арилжаа, төлбөр тооцоо хийгдсэн байдал, түүнийг нотлох татварын нэгдсэн систем, төлбөрийн е баримтын харилцан хамаарал, уялдаа холбооны талаарх ерөнхий дарааллын талаар гомдлын дэлгэрэнгүй тайлбарт дурдсан байгааг үгүйсгэхгүй, гэвч энэхүү маргааны тухайд нэхэмжлэгчээс “НӨАТ-ын хий бичилт”-ийг нуух зорилгоор санхүү, тайлан, анхан шатны баримтын хувьд ямар ч зөрчилгүй мэт харагдах хэлбэрт шилжсэн байгааг хариуцагч татварын улсын байцаагчдаас илрүүлж, Татварын ерөнхий хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д заасан татвар …тогтоох, ногдуулах, тайлагнах, төлөх, …хураах, үйл ажиллагаанд баримтлах зайлшгүй байх, тодорхой байх, шударга байх, үр ашигтай байх зарчмыг хэрэгжүүлсэн байна.
Харин шийдвэрийн Тогтоох хэсэгт нэхэмжлэгчийн нэрийг бичилгүйгээр, зөвхөн нэхэмжлэлийн шаардлага, түүнийг хэрхэн шийдвэрлэсэн талаар тусгасан нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5 дахь хэсэгт заасантай бүрэн нийцээгүй байгааг цаашид анхаарвал зохино.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 10 дугаар сарын 16-ны өдрийн 128/ШШ2025/0719 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгч “Н*******” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.С***, Ц.Ч*** нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлий 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Ц.САЙХАНТУЯА
ШҮҮГЧ С.МӨНХЖАРГАЛ
ШҮҮГЧ Э.ЛХАГВАСҮРЭН