Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 06 өдөр

Дугаар 142/ШШ2020/00204

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар

Нэхэмжлэгч: Орхон аймаг Баян-Өндөр сум Баянбулаг баг 3 гудамж 128 тоот хаягт оршин суух Ц г Ж-ын Э /регистрийн дугаар ...../ нэхэмжлэлтэй

Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Яргуйт овоот 16 гудамж 10 тоотод оршин суух У овгийн Э-ийн У /регистрийн дугаар ...../-д холбогдох 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ж.Э, хариуцагч Э.У, хариуцагчийн өмгөөлөгч Я.Э, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ж.Э шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Би цагдаагийн байгууллагад ажиллаж байгаад цэргийн байнгын тэтгэвэрт гарсан. Хамт ажиллаж байсан Х.Баатар, эхнэр Тэгшжаргалын хамт ирж уулзан дүү нь хөдөөнөөс ирээд Уулын баяжуулах үйлдвэрт ажилд орсон, мөнгөний хэрэг байна олж өгөөч гэхээр нь надад юу ч байхгүй тэтгэмжийн мөнгөөр машин аваад үлдсэний нь бэр эгчид өгөөд аваагүй гэсэн. Хэд хэдэн удаа ирж тэтгэврийн зээл аваад өгөөч гээд гуйгаад байхаар нь зөвшөөрч Х.Баатар батлан дааж, 6 сая төгрөгийн зээл авахуулж, 6 сарын дараа эргэн төлөх энэ хугацаанд 5 хувийн хүү төлөхөөр тохиролцсон. 8 сар болоод хүүхдийн төлбөр нэхэгдэж, мөнгөө нэхэхэд ажилд жинхлээгүй, зээл авч болохгүй байна гээд шал өөр юм яриад он гаргаад бүүр өгөхөө байсан. 2017 оны сүүлээр баатарын хуулийн байгууллагад өгч хохирлоо барагдуулая, чиний өмнөөс би банканд 2 жил шахуу 1,8 хувийн хүү төлж байна гэхэд дүүгийнхээ хашааг аваач гэж хэлсэн. Би хүн гэр оронгүй болгохгүй, мөнгөө авна гэж хэлсэн. 2018 он гарангуут дүү Х.Ууганбаяр нь ирж уулзаад ах, эгч нар нь маргаантай, асуудалтай байна. Та надад их тус болж байгаа. Би их баярлаж байгаа. Ахыг та шахаад яах бэ, би авснаараа хариуцаж би таны банканд төлдөг хүүг нь өгий тэгээд жинхэлчихвэл зээл аваад төлье, өөр боломжгүй гэхэд 2017 онд төлсөн зээлийн хүүнд 1 120 000 төгрөг төллөө. Миний банкны зээл 11, 4 дүгээр саруудад 8 хувийн хүүтэй төлдөг. Иймд би хуулийн дагуу асуудлаа шийдүүлмээр байна гэхэд би банканд төлдөг хүүг хугацаанд нь төлж байна. Таны 1 сая гаран төгрөгнөөс 500 000 төгрөгийг нөхөж өгье, одоо та ганц надтай л ярь, би тодорхойлолт бичиж өгье гэсэн. Тэгээд миний данс руу заасан хугацаанд мөнгөний хүүг 1,8 хувиар тооцож сард төлж байхаар тохиролцсон. Би ахаас чинь салахгүй шүү би чамайг танихгүй байж итгэх хэцүү чи боломжоороо төлж барагдуулаарай гэсэн. 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдөр 400 000 төгрөг, 12 дугаар сард 500 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сард 600 000 төгрөг тус тус төлсөн. 2019 оны 11 дүгээр сард ярихад дүү нь мэдэж байгаа удахгүй гэсэн боловч одоог хүртэл ярихгүй байгаа. Иймд Э.У-аас зээлсэн мөнгө 6 000 000 төгрөг, 2019 оны хүүнд 1 000 000 төгрөг, нийт 7 000 000 төгрөг гаргуулж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Э.У шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Би Ж.Э-оос 6 сая төгрөгийг 2015 оны 03 дугаар сард ахаараа дамжуулан зээлсэн нь үнэн болно. Би тус мөнгийг амаар зээлсэн ба зээлийн гэрээ байгуулаагүй бөгөөд хүү 5 хувь гэсэн ч хугацааг яг тохиролцоогүй юм.

Манай ах Баатарын таньдаг хүн болох Ж.Э ахаас 6 сая төгрөгийг зээлдэхдээ 6 сараар 5 хувийн хүүтэй гэсэн нь худлаа бөгөөд бид хугацааг яг тохиролсон юм байхгүй, мөн хүү гэж дансанд нь хийгээгүй тул үндсэн мөнгөнөөс нь хасагдах ёстой юм. Би мөнгийг бүтэн эргүүлж төлөх боломжгүй байдал үүсээд Ж.Э ахад сар бүр 300 000 төгрөгийг Голомт банкны 4015006033 дансанд жилийн хугацаанд 3 600 000 төгрөгийг шилжүүлж байсан бөгөөд Ж.Э-ын дансны хуулгыг шалгахад гараад ирнэ. Мөн 2018 онд 400 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сард 500 000 төгрөг, 2019 оны 05 дугаар сард 600 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдөр 400 000 төгрөг гэх мэтчилэн нийт 1 900 000 төгрөгийг Голомт банкны дансанд шилжүүлсэн байна. Ж.Э ахад анхнаасаа хэлэхдээ боломж гарахгүй байгаа юм чинь увуулж, цувуулж төлнө гэсэн чинь хүлээн зөвшөөрөөд боломжоороо миний дансанд хийж болно гэсэн. Тэгээд би улирлын чанартай ажилтай тул олдсон мөнгөө Голомт банкны дансанд нь мөнгийг шилжүүлснээр өнөөг хүргэсэн болно. Гэтэл Ж.Э ах нэхэмжлэлийн шаардлагадаа хүүд 1 сая төгрөг, үндсэн мөнгө 6 сая төгрөг, нийт 7 сая төгрөгийг нэхэмжилсэн нь хууль зүйн  үндэслэлгүй байх бөгөөд авсан 6 сая төгрөгийг хангалттай төлсөн гэж бодож байна. иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Ж.Э хариуцагч Э.У-т холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 7 000 000 төгрөг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд уг шаардлагыг хариуцагч бүхэлд нь эс зөвшөөрч маргасан.

Нэхэмжлэгч “...хариуцагч Э.У нь ах болох н.Баатараар дамжуулж сарын 5 хувийн хүүтэйгээр, 6 сарын хугацаанд эргэн төлөх нөхцөлтэйгөөр надаар 6 000 000 төгрөгийн зээл авахуулсан” гэж нэхэмжлэлийн үндэслэлээ тайлбарласан бөгөөд хариуцагч Э.У нь нэхэмжлэгч Ж.Э-ын нэр дээр 6 000 000 төгрөгийн зээл авахуулсан, уг мөнгийг авсан гэдэгтэй маргаагүй. 

Ж.Э нь 2015 оны 03 дугаар сарын 17-нд Төрийн банкнаас 6 540 700 төгрөгийн зээл авч графикийн дагуу 11 сарын хугацаанд хүүтэй нь өөрийн тэтгэвэрээс буцаан төлсөн нь нэхэмжлэгчийн тайлбар, тус банкны 2020 оны 02 дугаар сарын 03-ны өдрийн 25 дугаар албан бичиг, 340502363790-20150405 дугаартай тэтгэврийн зээлийн гэрээ, зээлийн дансны хуулга зэргээр нотлогдож байна. 

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ”, 282 дугаар зүйлийн 282.1-д “Зээлийн гэрээгээр талууд хэлэлцэн тохиролцож хүү тогтоож болно”, 282.3-т “Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана” гэж тус тус заасан.

Хэдийгээр нэхэмжлэгч нь 6 000 000 төгрөгийг хариуцагч Э.У-т зээлдсэн ч зээлийн хүүгийн талаар харилцан тохиролцож, хуулийн шаардлага хангасан хэлбэрээр зээлийн гэрээг бичгээр байгуулаагүй байх тул нэхэмжлэгч Ж.Э 6 000 000 төгрөгийн сарын 5 хувийн хүүг хариуцагчаас шаардах эрхгүй юм.

Харин нэхэмжлэгч нь Төрийн банкнаас 11 сарын хугацаатай, жилийн 18 хувийн хүүтэй зээл авч хариуцагчид зээлдүүлсэн байх тул уг 6 000 000 төгрөгийн банканд төлсөн хүүг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгох нь зүйтэй гэж үзлээ.

Тодруулбал Тэтгэврийн 340502363790-20150405 дугаартай зээлийн гэрээгээр зээлийн хугацааг 11 сар, жилийн хүү 18 хувь байхаар тохиролцсон байх тул хариуцагчийн зээлдэж авсан 6 000 000 төгрөг, 11 сарын хүү 990 000 төгрөг, нийт 6 990 000 төгрөгийг хариуцагчаас шаардах эрхтэй гэж үзэж, үүнээс хариуцагчийн нэхэмжлэгч Ж.Э-ын “Голомт банк” ХХК-ийн 4015006033 тоот дансанд төлсөн нийт 4 905 000 төгрөгийг хасч үлдэгдэл 2 085 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Нэхэмжлэгч хариуцагчийг 4 710 000 төгрөг төлсөн гэж, хариуцагч өөрийгөө 5 145 000 төгрөг төлсөн гэж маргаж байгаа боловч Ж.Э-ын “Голомт банк” ХХК-ийн 4015006033 тоот дансны хуулгыг шүүж үзэхэд Э.У-ын нэр, утасны дугаар бичигдсэн нийт 4 905 000 төгрөг орж ирсэн байх ба, 2015 оны 03 дугаар сарын 17-ны өдрийн 353 000 төгрөгийг нэхэмжлэгчийг төлсөн гэдэг асуудлаар хариуцагч маргаагүй, түүнчлэн хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргасан орлогын мэдүүлэг буюу 2015 оны 10 дугаар сарын 12-ны өдрийн 300 000 төгрөг, 2016 оны 04 дүгээр сарын 12-ны өдрийн 240 000 төгрөг, 2016 оны 06 дугаар сарын 10-ны өдрийн 240 000 төгрөг, 2017 оны 05 дугаар сарын 22-ны өдрийн 660 000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 08-ны өдрийн 400 000 төгрөг, 2018 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 500 000 төгрөг, 2019 оны 06 дугаар сарын 21-ний өдрийн 400 000 төгрөгийд бүгд Ж.Э-ын “Голомт банк” ХХК-ийн 4015006033 тоот дансны хуулганд тусгагдсан байгааг дурьдах нь зүйтэй байна.

Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-аас 48 310 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Ж.Э-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон          

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3-т заасныг баримтлан хариуцагч Э.У-аас 2 085 000 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Ж.Э-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4 915 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 126 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.У-аас 48 310 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд  заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Р.ҮҮРИЙНТУЯА