Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 02 сарын 27 өдөр

Дугаар 142/ШШ2020/00306/И

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1988 онд төрсөн, 32 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Уртбулаг баг 5-2 байрны 56 тоотод оршин суух Д овгийн З-ын Ц /регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1992 онд төрсөн, 38 настай, эрэгтэй Орхон аймаг, Баян-Өндөр сум, Яргуйт баг хөтөлийн 7 гудамж 35 тоотод оршин суух, Ц г овгийн Б-ийн Л /регистрийн дугаар ......./-д холбогдох хүүхдийн эцэг тогтоолгож, тэтгэлэг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч З.Ц, хариуцагч Б.Л, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Алтаншагай нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч З.Ц шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Б.Л-тай 2015 оны 03 дугаар сарын 18-ны өдөр найз Алтангэрэлийн гэрт танилцаж улмаар 6 сараас дотно харьцаа үүсгэж, 2015 оны 09 дүгээр сараас эхлэн Б.Л- нь манай гэрт хамт амьдрах болсон. Ингээд бидний дундаас 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин Пүрэвжаргал төрсөн. Лувсанбалдан нь манай гэрт хамт амьдарч байхдаа орой үдэш гарч яваад ирэхгүй байх, хүмүүс мөнгө, төгрөг нэхэж ирж байсан бөгөөд өөрөө ч байнга надаас мөнгө, төгрөг нэхдэг байсан. Бидэнтэй хамт амьдарч байхдаа нэг ч удаа мөнгө, төгрөг өгч байгаагүй гэж хэлж болох боловч өгсөн мөнгөө надаас 1 дахин нэмэгдүүлж авч байсан. Лувсанбалданг манай гэрт амьдарч эхэлснээс хойш манай гэрээс миний болон ээжийн ээмэг, бөгж алга болж байсан. Энэ бүгдээс бид маргалдаж манай гэрээс өөрөө 2016 оны 05 дугаар сарын сүүлээр явсан. Лувсанбалдан нь манай гэрээс явснаас хойш охиноо нэг ч удаа эргэж ирж байгаагүй. Охиноо 1 сартай байхад нь орхиод явсан. Одоо миний охин 3 нас 7 сартай. Иймд охин Цэвэгмид овогтой Пүрэвжаргалын төрсөн эцэг Б.Л- мөн болохыг тогтоолгох, эцэг Б.Л-гаар сар бүр тэжээн тэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна. Хүлээн авч шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Л- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Пүрэвжаргал миний хүүхэд мөн болно. Хүлээн зөвшөөрч байна. Нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч З.Ц- хариуцагч Б.Л-д холбогдуулан хүүхдийн эцэг тогтоолгож тэтгэлэг гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

З.Ц- нь Б.Л-тай 2015 оноос хойш хамтран амьдарсан, З.Ц- нь 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр охин Ц.Пүрэвжаргалыг төрүүлсэн, хүүхэд одоо эхийн асрамжид эрүүл бойжиж байгаа зэрэг нь хүүхдийн төрсний гэрчилгээний хуулбар, өрхийн эрүүл мэндийн төвийн тодорхойлолт, нэхэмжлэгчийн тайлбараар нотлогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Охин Ц.Пүрэвжаргалыг 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрүүлсний дараа иргэний бүртгэлд 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдөр бүртгүүлэхдээ эх Цэвэгмидээр овоглосон бөгөөд нэхэмжлэгч хүүхдийн эцэг тогтоолгох шаардлага гаргасан, хариуцагч охин Ц.Пүрэвжаргалын эцэг мөн гэдгээ хүлээн зөвшөөрч маргаагүй тул охин Ц.Пүрэвжаргалын эцэг Б.Л- мөн болохыг тогтоож шийдвэрлэв.

Нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг гаргуулна гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч маргаагүй, Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2.-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д заасныг баримтлан хариуцагч Б.Л-гаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж нэхэмжлэгчид олгож, хариуцагчаас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.

Тодруулбал, Б.Л- нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар охин Ц.Пүрэвжаргалыг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.

Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож хариуцагч Б.Л-гаас гаргуулж улсын орлогод оруулж, нэхэмжлэгчийн нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 102 729 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1.-д заасныг баримтлан 2016 оны 04 дүгээр сарын 28-ны өдөр төрсөн охин Ц.Пүрэвжаргалын эцэг нь Б.Л мөн болохыг тогтоосугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1., 40.1.2.-д зааснаар  Ц.Пүрэвжаргалыг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Б.Л-гаас гаргуулан нэхэмжлэгч З.Ц-эд олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., 63 дугаар зүйлийн 63.1.5.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 102 729 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Б.Л-гаас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид, 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА