| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00423/И |
| Дугаар | 142/ШШ2020/00397 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2020/00397
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1986 онд төрсөн, 34 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Шанд баг 26-4 тоотод оршин суух, Х овогт А-ын Г /регистрийн дугаар ...../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1987 онд төрсөн, 33 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум, Баянцагаан, 6 гудамж 7 тоотод оршин суух, Б овгийн Н-ын Э /регистрийн дугаар ...../ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч А.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Г- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Н.Э-тай 2002 онд танилцаж 2009 онд албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас охин Э.Мягмаржаргал 2009 онд төрсөн. Бид 2010 онд салаад тусдаа гэр бүлтэй болсон. Цаашид хамтран амьдрах боломжгүй болсон, тус тусдаа өөр өөр хүнтэй хамтын амьдралтай болсон тул гэрлэлтээ цуцлуулж, охин Э.Мягмаржаргалыг өөрийн асрамжид авч, хүүхдээ эцгээс нь тэтгэлэг тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.
Хариуцагч Н.Э- шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Миний бие Н.Эрдэнчулуун нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрч байна. А.Г- нь тусдаа амьдрал үүсгээд 7 жил болж байна. Хамтран амьдрах боломжгүй юм. Эд хөрөнгийн маргаангүй. Охин Э.Мягмаржаргалыг ээж А.Г-ийн асрамжид үлдээхийг зөвшөөрч байна” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Г- хариуцагч Н.Э-д холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2008 оны 10 дугаар сарын 13-ны өдөр гэр бүл болсныг 2009 оны 08 дугаар сарын 12-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр охин Э.Мягмаржаргал төрсөн, хүүхэд эрүүл бойжиж байгаа нь зохигчдын тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, 7 жил тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1., 14.3.-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч охин Э.Мягмаржаргалыг өөрийн асрамжинд үлдээнэ гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүй бөгөөд эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, охин одоо эхийн асрамжид байж, Орхон аймагт суралцаж байгаа нөхцөл байдлыг харгалзан үзэж Э.Мягмаржаргалыг эх А.Г-ийн асрамжид үлдээх нь зүйтэй гэж үзлээ.
Нэхэмжлэгч А.Г-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-аас. гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэв.
Зохигчдын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэгийн талаар маргаагүй болохыг дурдав.
Мөн хариуцагч Н.Э- нь өөрийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх тухай хүсэлтийг шүүхэд гаргасан тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3.-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч А.Г, хариуцагч Н.Э нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2009 оны 09 дүгээр сарын 01-ний өдөр төрсөн охин Э.Мягмаржаргалыг эх А.Г-ийн асрамжид үлдээсүгэй.
3.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1.-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжинд урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Н.Э-аас 70 200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА