Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/947

 

 

 

 

 

 

 2023     09           20                                  2022/ШЦТ/947     

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

11.6

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч С.Энхзул, /томилолтоор/

Хохирогч: Б.Ч түүний өмгөөлөгч М.Цэрэндэжид,

Шүүгдэгч: Э.Б  түүний өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныГ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан Ц овгийн Э.Б-д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 01-ний өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол улсын иргэн, 1983 оны 10 дугаар сарын 19-ний өдөр ** аймгийн ** суманд төрсөн, 39 настай, эмэгтэй, дээд боловсролтой, англи хэлний багш мэргэжилтэй, ***** тусгай хэрэгцээт боловсролын 2 дугаар курсийн оюутан, ам бүл 3, эх, охины хамт **  дүүргийн ** дугаар хороо ** тоотод оршин суудаг, хэрэг хариуцах чадвартай, урьд ял шийтгэлгүй, Ц  овгийн Э.Б /РД: *******/.

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Э.Б нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны гадаа талбай дээр салсан нөхөр Ч.Б-тай“...хүүхдүүдийг айлд оруулсан байна...” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар үүссэн улмаар үүссэн маргааны явцад хохирогч Б.Ч-н толгой, нүүр хэсэгт гараараа болон барьж байсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Э.Б  нь 2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн орчим Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо 31 дүгээр байрны гадаа талбай дээр салсан нөхөр Б.Ч-тай “...хүүхдүүдийг айлд оруулсан байна...” гэх шалтгаанаар маргаан үүсгэн, улмаар үүссэн улмаар үүссэн маргааны явцад хохирогч Б.Ч-н толгой, нүүр хэсэгт гараараа болон барьж байсан гар утсаараа цохих зэргээр биед нь халдаж эрүүл мэндэд нь зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдов. Үүнд:

 

Хохирогч Б.Ч-н мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: "...2023 оны 03 дугаар сарын 02-ны өдрийн 17 цагийн орчимд би хажуу байрны 76 тоот айлын ачааг Бэлхээс зөөчхөөд гэр рүүгээ явж байсан чинь манай дунд охин залгаад дүүгээ авчихлаа гэртээ түлхүүрээ орхичихсон гэхээр нь том эгч нь ирнэ гэж хэлсэн. Тэгсэн чинь том эгч ирээд бас түлхүүр байхгүй гээд залгахаар нь би хамт явсан ах эгч хоёртой яриад тэднийд оруулахаар охиндоо айлд ороод сууж бай гэж хэлээд түгжрэлд явж байсан чинь манай салсан эхнэр Э.Б  над руу залгаад хүүхдүүд айлд үлдээлээ би одоо хүүхдүүдээ авна гээд надтай хэрүүл хийсэн. Тэгээд утсаар хэрэлдсэн. Тэгээд би манай байрны гадаа Э.Б тай уулзаад маргалдаад би бага хүүхдээ тэвэрсэн чинь Э.Б  миний толгой гараараа хэд хэдэн удаа цохисон. Яг хэдэн удаа цохисныг мэдэхгүй олон удаа цохисон. Тэгсэн чинь манай том охин салгасан чинь том охины утсыг Э.Б  аваад над руу шидээд маргалдаад 2 дугаар орцны гадна очоод миний толгой руу гараараа хэдэн удаа цохисон. Гар утсаар миний дух руу нэг удаа цохисон. Тэгсэн чинь тэр хавиар явж байсан хүн салгаад дуулга өгөөд цагдаа ирсэн..." гэх мэдүүлэг /хх-н 18х/,

 

Гэрч Т.Э-н мөрдөн шалгах  ажиллагааны шатанд өгсөн: “...тухайн өдөр манай эцэг, эх хоёр Ч.Б  ахаар ачаа зөөлгөсөн. 17 цагийн хүүхдүүд нь манай гэрт орж ирсэн... 19 цагийн орчим Ч.Б  ахын эхнэр нь ирсэн гээд хүүхдүүд нь гарсан... удалгүй гадаа чимээ гараад байхаар нь цонхоороо хартал Ч.Б  ахыг эхнэр нь гэх эмэгтэй нүүр рүү нь, толгой хэсэг рүү нь гараараа нэлээд хэдэн удаа цохисон..." гэх мэдүүлэг /хх-ийн 20х/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 03 дүгээр сарын 07-ны өдрийн 3213 дугаартай шинжээчийн “...Б.Ч-н биед зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн чамархай, зүүн нүдний доод зовхины зулгаралт, хамрын нурууны цус хуралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн шинэ гэмтлүүд байна. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт тогтоогдлоо...." гэх дүгнэлт /хх-ийн 21-22х/ зэрэг шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болно.

 

Мөн шүүгдэгч Э.Б  нь шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Тухайн өдөр хичээлээ тараад дунд охин У руу залгасан чинь эгч дүү хоёртойгоо айлд байна гэж хэлсэн. Түлхүүрээ мартчихсан учраас дүүгээ цэцэрлэгээс нь авчихаад эгчийгээ хүлээсэн. Эгч нь хүлээснээс хойш 1 цаг орчимын дараа тарсан байсан. Тэр хооронд дүүгээ дагуулаад тоглоомын талбай, дэлгүүр, сургуулийн хашаанд дүүгээ аргалж явсан гэсэн. Сүүлдээ хүйтэн болоод даарсан учраас орцонд дулаацах гээд хүлээж байхад нь эгч нь ирсэн. Эгч нь ирээд бас түлхүүр байхгүй гээд аав руугаа залгасан гэсэн. Аав нь таньдаг айлд ороод байж бай гэж заасны дагуу орж ирчихээд байж байна гэж хэлсэн. Тэгэхээр нь би очиж байна гэж хэлсэн. Багшийн дээдээс түгжрэлтэй учраас цирк рүү алхаж очдог. Тэр хоорондоо Ч.Б  луу ярьсан. Аавыг ирж байгаа гэж охин хэлсэн. Тэгээд чи хэр ойрхон явж байгаа юм бэ? би очиж байна. Өнөөдөртөө хүүхдүүдээ аваад явчихья гэж хэлсэн, харин Ч.Б  хэрэггүй гэж хэлсэн. Алхаж яваад мөнгөн завьяагийн нүхэн гарцны тэнд ирээд охин руу бага охиноо гараад ир гэж хэлэх гээд залгасан. Тэгсэн том охин маань утсаа авахаа больчихсон. Би Ч.Б  луу залгаад охин утсаа авахгүй байна, чи залгаад өгөөч, утсаа битгий ав гээд хэлчихдэг юм уу? гэж хэлэхэд чамаас болоод би машин мөргөх шахлаа чи юу гэж хэрүүл хийгээд байгаа юм бэ? гээд хараалын үгээр доромжилсон. Ч.Б  машинтай ойрхон явж байна гэж хэлсэн. Яг хаана явж байгааг нь асуухаар ойрхон явж байна гэдгээс өөр зүйл хэлээгүй. Би 1 дүгээр сургууль хүртэл алхаад Ч.Б ын зам дагуу машин хараад явж байсан чинь Ч.Б  машиндаа харагдахгүй байсан. Тэгээд Ч.Б  луу залгаад би байрны гадаа ирчихсэн байна гэж хэлсэн. Ч.Б  32 дугаар байр хавиас гарч ирээд уулзсан байгаа. Би охин руу залгаад огт утсаа авахгүй байна. Чи залгаад өг гэхэд зүгээр авч байсан шдээ гээд Ч.Б  залгахад охин зүгээр утсаа авсан. Тэгээд чи яагаад хүүхэдтэй уулзахад саад хийгээд байгаа юм бэ? Хүүхдийг утсаа битгий ав гээд хэлчихсэн юм байна. Чамайг залгахад зүгээр авч байна гэж хэлэхэд. Чи сэтгэцийн өвчтэй гэж намайг доромжилсон. Дандаа энэ үгээрээ хэл амаар доромжилж хэлдэг. Тэгээд манай 3 хүүхэд 31 дүгээр байрны 3 дугаар орцноос гараад ирсэн. Тэндээс гарч ирсэн. Ч.Б  хэлдэг үгнүүдээ хэлээд намайг элдэв янзаар доромжилсон. Би хүүхдүүдээ өнөөдөр аваад явна гэж хэлсэн. Аутизмтай 5 настай хүүхдээ тэвэрсэн чинь Ч.Б  над руу дөхөж ирсэнээ галзуугийн эмнэлэг дуудаад өгөх үү?  тавлаад доромжилоод байсан учраас чи юу гэж хүн доромжилоод байгаа юм бэ? гээд уурандаа баруун гараараа 2-3 удаа алгадсан. Тэгээд би хүүхдээ авах гэсэн чинь охин цаанаас дүүгээ татчихсан учраас охиноосоо хүүхдээ аваад сандал дээр суусан. Дүүгээ татсан том охин урд талд зогсож байсан учраас би гар утсыг нь аваад чи хүн доромжиллоо гээд шидэхэд утас нь хормойг нь оносон. Би хүүхдээ тэвэрчихсэн байсан учраас миний шидэлт хол яваагүй. Тэгээд утсыг нь шидэнгүүт охин уурлаад яагаад хүний утас шидээд байгаа юм бэ? гээд уурлаад газраас утсаа авсан. Утсаар Ч.Б ыг цохисон үйлдэл болоогүй. Утас шидэхэд тэр утас огт Ч.Б ын нүүр хэсэг рүү оноогүй. Ч.Б ыг алгадсан үйлдэлээ би хүлээн зөвшөөрч байна. Утсаар цохиосон үйлдэлээ хүлээн зөвшөөрөхгүй байна. Том охин маань тухайн үед үлдэнэ гэсэн учраас би бага хүүгээ бага охинтойгоо аваад явья гэсэн чинь Ч.Б  хувцасыг нь тайлж авна гээд бага охиныг цааш нь татаад явсан. Охин болохоор явахгүй гээд байсан учраас татсаар байгаад аваад орчихсон. Тэгээд өмсөж байсан хувцасыг нь тайлаад уранхай куртикийг нь өмсүүлээд гаргаад ирсэн. 32 дугаар байрны 3 дугаар орц руу орсон. Ч.Б ыг гэрлүүгээ орчихсон болохоор хүүгээ аваад том охиноо дагуулаад 32 дугаар байрлуу явж байхад 32 байрны уулзвар хэсэг дээр гарч ирээд бид уулзаад цаашаагаа Хүүхдүүдээ дагуулаад явж байсан чинь Ч.Б  дахиад намайг галзуу солиотой хавар болохоор синдром нь хөдлөөд гэх мэт доромжилсон үгээр хараагаад байсан. 32 дугаар байрны 4 дүгээр орцны тэнд чи намайг доромжилохоо боль бид нарын амьдрал ийм байгаа нь чиний буруу гээд бухимдлын үгнүүдээ хэлсэн. Ч.Б тай зэрэгцээд явж байхдаа зүүн гараараа хацар хэсэг рүү хэд хэдэн удаа цохисон. Хүүхэд маань аутизмтай учраас бухимдаад стрессдээд байсан. Хүүхэд уйлаад байсан болохоор хажуугаар өнгөрч байсан хүмүүс хүүхдээ яагаад уйлуулаад байгаа юм бэ? гэж хэлээд байсан. Тэгэхэд Ч.Б  цагдаа дуудчих гэж хэлсэн. Тэгээд нөгөө хүмүүс маань яваад өгсөн. Би хүүхдээ тайвшруулаад байж байсан. Ч.Б  машиндаа том охин бага хүүг аваад явсан. Би бага охинтойгоо явсан. Тэгээд нэг газар нилээн удаан суусан. Тэр хооронд том охинтойгоо утсаар ярьж байсан. Тэр үед Ч.Б  над руу яриад пицца идье хүрээд ир гэж хэлсэн. Би өнөөдөр очихгүй гэж хэлсэн. Тэгээд байж байсан Ч.Б  хэсэг хугацааны дараа залгаад чамааас болоод машин мөргөчихлөө гэж уурлаад утсаа салгасан. Би Чулуунбаатрыг алгадсан үйлдлээ хүлээн зөвшөөрсөн. Аутизмтай хүүхэд маань 2021 оны 4 сард онош нь тогтоогдсон. Тэрнээс өмнө Ч.Б  хүүхэдтэй минь уулзуулдаггүй байсан. Хорооны хамтарсан хурлаар хүүхэдтэйгээ уулзах боломж гарсан. Одоо хүртэл би хүүхэдтэйгээ уулзаж чадахгүй байна. Байнгын хүүхэдтэй минь уулзуулдаггүй асуудлаас болоод тэр өдрийн үйл явдалд хүргэсэн. Би байнга Ч.-г зоддоггүй. Буруутай үйлдэл хийсэн гэдгээ ухамсарлаж ойлгож байгаа. Гар утсаар толгой тус газарт нь цохисон үйлдлээ хүлээн зөвшөөрөхгүй байна...” гэх,

 

Хохирогч Б.Ч-н шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ: “...Би 2011 оноос хойш портероор ачаа зөөж гэр бүлээ тэжээж байгаа. Тухайн өдөр машин гадаа байхад 31 дүгээр байрны таньдаг эгч над руу утасдаад Бэлх рүү юм зөөгөөд буцаад ирэхдээ юм зөөнө гэж хэлсэн. Тэгээд тохироод зөөчихөөд буцаад явж байсан чинь манай дунд охин над руу залгасан. Ааваа би тарчихлаа гэж хэлхээр нь дүүгээ авчих гэж хэлсэн. Дүүгээ авчихлаа түлхүүрээ үлдээчихэж гэж хэлсэн. Эгч чинь тарж байгаа эгчийгээ хүлээж байгаарай гэж хэлсэн. Эгч нь тарчихаад тэр 3 тоглоомын талбай дээр байна гэж хэлсэн. Гадаа удаа байж болохгүй. Аав нь түгжрээд байна гэж хэлсэн. Цуг явж байсан эгч манай гэрт оруулаад суулгачих гэж хэлсэн. Тэгээд утсаар яриад 3 хүүхдээ айл руу оруулсан. Тэр үед Э.Б  над руу маш олон удаа залгасан. Намайг хэл амаар доромжлоод байсан. 1 дүгээр дэлгүүрийн ойролцоо түгжирсэн. Сүүлдээ машинаа зам дээр тавиад гүйсэн. 2 цаг гаруй дараа очсон. Очиход Э.Б  31 дүгээр байрнааас гарч ирсэн. Тэгээд Э.Б тай уулзахад хүүхэд утсаа авахгүй байна гэж хэлсэн. Би бас залгаад утсаа авахгүй байна гэж хэлсэн. Тэгээд дахиад залгахад охин утсаа авсан. Би дараа нь охиноосоо яагаад утсаа аваагүй юм бэ? гэж асуухад бага дүү нь уйлаад байсан болохоор утсаараа хүүхэлдэйн кино үзүүлээд өөрөө нойл орчихсон байсан гэж хэлсэн. Тэр үед нь ээж нь би бас залгасан гэсэн. Хажууд байсан ах эгч хоёроор хүүхэд рүү нь залгуулаад миний хүүхдүүийг гаргачих гэж хэлсэн. Гарч ирж байх хооронд нь би ирсэн. Хүүхдүүд гарч ирсэн. Тэгээд над руу хүүхэд утсаа битгий ав гэж хэлсэн гээд уурлаад байсан. Аутизмтай хүүхэд маань айж уйлаад аав руугаа дайрсан. Би хүүхэд тэвэрчихсэн учраас Э.Б ын цохилтыг хааж чадаагүй. Намайг гараараа маш олон удаа цохисон. Тэнд камерийн бичлэг байгаа. Энэ хүний алгадсан гэж хэлж байгаа нь үндэслэлгүй. 31 дүгээр байрны 3 дугаар орцны гадаа камер байгаа. 31 дүгээр байрны 1 дүгээр орцны гадаа камер байгаа. 32 дугаар байрны 4 дүгээр орцны гадаа бас зодсон. Намайг олон удаа зодсон. Ойр хавьд байсан хүмүүс нь болиоч гэж олон удаа хэлсэн. Би хүүхдээ тавих гэхээр айгаад уйлаад байсан учраас тавиулахгүй байсан. 32 дугаар байр камертай маш олон хүн харж байсан. Намайг утсаараа цохисон, алгадсан эсэх нь тодорхой камерт бичигдсэн байгаа. Би тухайн үед камер шүүх хүсэлт өгсөн байсан. Тэр өдөр цагдаа ирээд явсаны дараа том охинд ээж нь амиа хороллоо гээд хэлчихсэн байсан. Охин маань шөнөжин уйлаад унтаагүй. Энэ хүн угаасаа анх гэрлэснээс хойш ийм өвчтэй. Бид хоёр 2019 оноос хойш тусдаа амьдарч байгаа. Энэ хүн дандаа чагнах төхөөрөмжтэй явж байдаг. Тэр үед би хараал хэлсэн цохисон бол Э.Б  баримтаар гаргаж өгөх байсан. Би хүүхдээ 31 дүгээр сургуульд хүчээр оруулаагүй. Бид хоёр сургууль дээр нь цуг очиж асууж байсан. 2021 оны 4 сард манай ээжийг хүүхэд зодсон гэж цагдаад өгсөн байсан. Үүн дээр эрүүгийн хэрэг үүсгээд 3 хүүхдийг 108 хамгаалах байранд авсан. Тэр 108-д хүүхэд зодуулаад аутизмтай болсон. Тухайн өдөр зодуулаад миний хамарнаас цус тогтохгүй гараад байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлсэн. Шүүх эмнэлэгт үзүүлээд эмнэлэгт 7 хоног хэвтэж эмчлүүлсэн. Эмчилгээний зардал 743,975 төгрөгийг нэхэмжилж байна…” гэснийг тус тус дурдах нь зүйтэй байна.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан эдгээр нотлох баримтууд болон хэрэгт авагдсан бусад баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын явцад хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

 

 

Шүүгдэгч Э.Б-ын өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нь “...Миний үйлчлүүлэгч хохирогч Чулуунбаатрыг цохисон үйлдэл дээрээ маргадаггүй ба харин хохирогчийг алгадсан үйлдэл болсон. Тэгэхээр хөнгөн хохирол учирсан гэх гэмтэлд эргэлзээтэй нөхцөл байдал байгаа гэж үзэж байна. Учир нь гараараа нийтдээ 4-6 удаагийн үйлдэлд хөнгөн зэргийн гэмтэлд зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал гэх гэмтэл учрах боломжтой эсэх нь эргэлзээтэй байна..., Иймд Зөрчлийн тухай хуулиар танхайрсан гэж өөрчилж шийдэж өгнө үү. Гэмт хэрэг үйлдээгүй гэж үзэж байна. Харин хохирол төлбөрийн тухайд гэмтлийн улмаас биш сэтгэл санаанд учирсан хохирол гэж хүлээн зөвшөөрч манай талаас төлөхөө илэрхийлж байна...” гэх тайлбарыг шүүхийн хэлэлцүүлэгт гаргасан байна.

Гэвч шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй бөгөөд шүүгдэгч Э.Б нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.Ч-н биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүгдэгч Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй гэж дүгнэж байна.

 

Хохирол хор уршгийн хувьд:

Хохирогч болон түүний өмгөөлөгч нарын зүгээс эмчилгээний зардалд нийт 743,975 төгрөгийг нэхэмжилсэн байна.

Улсын яллагч нь: “... Хохирогчийн зүгээс нийт 764,775 төгрөгийн баримтыг гаргаж өгсөн. Гэмтлийн зэрэг тогтоох журамд зааснаар хөнгөн гэмтэл нь 4-ээс доошгүй долоо хоногт энэ гэмтлийн хор уршиг арилхаар журамлагдсан байдаг. Хохирогчийн гаргаж өгсөн баримтууд болох 4 долоо хоногоос  дээш баримт байна. Энэ нь шүүгдэгчийн үүсгэсэн гэмтэлийг эдгээхээр эм тариа авсан гэдэг нь үндэслэлгүй байна гэж үзэж байна. Нийт 333,000 төгрөгийн баримтыг хохирол төлбөрт тооцуулж гаргуулах саналтай байна...” гэх саналыг

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид нь: “...Энэ удаагийн шүүх хуралдаанаар шүүгдэгч Э.Б  нь хохирогч Ч.Б т хөнгөн гэмтэл учруулсан гэм буруутай болох нь хэрэгт нотлох баримтаар нотлогдон тогтоогдож байна. Хохирогч өөрийн эрүүл мэндэд учирсан хохирлоо нөхөн төлүүлэх нь хууль зүйн үндэслэлтэй байна. Хохирогчийн гаргаж өгсөн баримтууд дундаас зөрчилтэй баримт гарч ирсэн. Томографикийн зураг авхуулсан 120,000 төгрөг, эм тарианы мөнгө 213,000 төгрөгийг нотлох баримтын хэмжээнд хуульд заасан үндэслэлээр гаргуулах саналтай байна. Бусад баримтыг иргэний журмаар жич нэхэмжлэх хүсэлтэй байгаа учраас нээлттэй үлдээж өгнө үү гэж хүсэж байна...” гэх саналыг

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн нь: “...Хохирол төлбөрийн тухайд гэмтлийн улмаас биш сэтгэл санаанд учирсан хохирол гэж хүлээн зөвшөөрч манай талаас төлөхөө илэрхийлж байна...” гэх саналыг тус тус гаргасан байна.

Шүүхээс хэрэгт цугларсан баримтуудад үндэслэн шүүгдэгчээс 120,000 төгрөгийг гаргуулахаар шийдвэрлэв. / ......Энэ хэсгийг яагаад ингэж шийдвэрлэсэн нь тэмдэглэлээс харагдаггүй ээ...... /

                       

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Э.Б ыг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч А.Б-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хохирогчийн өмгөөлөгч М.Цэрэндэжид эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Тусгайлан гаргах саналгүй...” гэв. 

Шүүгдэгчийн өмгөөлөгч Ц.Долгорсүрэн эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Бага насны хүүхэдтэй хамт амьдардаг. Баянгүл дүүрэгт ажил хийдэг. Шүүхэд эдгээр байдлыг харгалзаж үзээд торгох ялыг оногдуулж өгөөч гэж хүсэж байна...” гэсэн саналыг тус тус гаргав.

Шүүгдэгч Э.Б д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Э.Б ын иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 27х/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 42х/, гэрлэсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 46х/, төрсний бүртгэлийн лавлагаа /хх-ийн 47х/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүхээс шүүгдэгч Э.Б ын үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн зэрэг хөнгөрүүлэх нөхцөл байдал болон хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Ц  овгийн Э.Б  /РД:******* /-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б ыг 700 /долоон зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 /долоон зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б д оногдуулсан торгох ялыг шүүхээс тогтоосон 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Э.Б аас 120.000 /нэг зуун хорин мянга/ төгрөгийг гаргуулж хохирогч Б.Ч.Б т олгосугай.

            5. Хохирогч Б.Ч нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эмчилгээний зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу гэм буруутай этгээд болох шүүгдэгч Э.Б аас жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч Ч.Б нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан эрүүл мэндтэй холбоотой зардлыг нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шүүгдэгч Э.Б-д  урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            8. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Э.Б-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                     Г.ТҮВШИНТӨГС