Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 20 өдөр

Дугаар 345

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 1511008022 улсын бүртгэлийн дугаартай, 4014774 регистрийн дугаартай, Насан-Илч ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдох,

Дулааны эрчим хүчний төлбөр 9.184.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагч П.Дашдорж, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Насан-Илч ХХК нь Увс аймгийн Наранбулаг суманд сумын төвийн албан байгууллагуудыг төвлөрсөн халаалтанд холбож дулаан нийлүүлж эхэлсэн. Манай компани Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан. Наранбулаг сумын төсвийн 5 байгууллага болон бусад 7 хэрэглэгчийг дулаанаар хангаж ажилладаг. Увс аймгийн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор Насан-Илч ХХК-ийн үйлдвэрлэсэн дулааныг Наранбулаг сумын хэрэглэгчдэд түгээх дулааны тарифыг тогтоосон, уг тогтоолыг мөрдөн ажиллаж байна. Наранбулаг сумын ЗДТГ-тай 2016 оноос хойш жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээндээ тус байгууллагын барилгын эзэлхүүнийг тогтоосон тарифаар үржүүлэн сар бүр төлөх төлбөрийг тогтоож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 онд 3212,2 м3 эзэлхүүнийг 1182,5 төгрөгийн тарифаар үржүүлэн төлбөрийг бүрэн авсан. Харин ЗДТГ нь 2019 онд батлагдсан төсвийн хэмжээнд гэрээ байгуулна гээд гэрээ биелүүлээгүй сар бүр төлбөрөө дутуу төлж ирсэн бөгөөд одоо нийт төлбөл зохих төлбөрөөс 9.184.266 төгрөгийг дутуу төлсөн. Энэ талаар ЗДТГ болон Увс аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байна. Манай компани болон хэрэглэгч талын хооронд төлбөрийн асуудлаас бусад асуудлаар ямар нэгэн маргааан гараагүй бөгөөд төлбөрийн мөнгөн дүн улсын төсөвт дутуу суусан гэх үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компаний эрх ашгийг зөрчиж байна. Иймд Наранбулаг сумын ЗДТГ-аас дулааны эрчим хүчээр хангах хэрэглэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр болох 9.184.266 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү гэжээ.

Хариуцагч П.Дашдорж шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Манай байгууллага нь Насан Илч ХХК-тай 2016 оноос хойш хамтран ажиллаж байгаа бөгөөд хамтран ажиллаж байх хугацаандаа нэг нэгнээ дэмжиж ажиллаж байсан. Манай хоёр байгууллага цаашдаа удаан хугацаанд хамтран ажиллах байгууллагууд учир зөвшилцөж асуудлаа шийдвэрлэх боломжтой байсан. Тус компани нь Засаг даргын тамгын газарт 2019 онд 1м3 талбайг 1182.5 төгрөг дулаанаар хангах гэрээг Насан-Илч ХХК нь 1 дүгээр сард ирүүлсэн. 2019 оны байгууллагын түлш халаалтын зардалд 16.300.000 төгрөгөөр батлагдан ирсэн ба Насан-Илч ХХК-ийн гэрээний дүн нь батлагдсан төсвөөс өндөр дүнтэй байсан тул гэрээг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй билээ. Батлагдсан төсвөөс хэтэрсэн нөхцлөөр гэрээ байгуулах боломжгүй ба Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар Тариф батлах тухай тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн аудитын байгууллагын акт энэ онд тавигдсан байдаг. Төсвийн шууд захирагчийн хувьд батлагдсан төсвийн хүрээнд л ажилладаг. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Насан-Илч ХХК нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газарт холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 9.184.266 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Хариуцагч 2019 оны байгууллагын түлш халаалтын зардалд 16.300.000 төгрөгөөр батлагдан ирсэн ба Насан-Илч ХХК-ийн гэрээний дүн нь батлагдсан төсвөөс өндөр дүнтэй байсан тул гэрээг зөвшөөрөөгүй, гарын үсэг зураагүй. Мөн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн аудитын байгууллагын акт тавигдсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан байна.

Насан-Илч ХХК, Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газрын хооронд 2018 онд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулагдсан хэдий ч 2019 онд дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээ байгуулагдаагүй байна.

Гэвч нэхэмжлэгч компани нь хариуцагч байгууллагыг дулааны эрчим хүчээр бодитоор хангасан болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон, хариуцагч тал талбайн хэмжээ болон дулааны үнийн хувьд маргахгүй байна.

Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүсчээ.

Хариуцагч Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар Тариф батлах тухай тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн аудитын байгууллагын акт тавьсан тул нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй гэж тайлбарладаг атлаа Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр Тариф батлах тухай тогтоолыг зөвшөөрөхгүй талаараа холбогдох байгууллагад гомдол гаргаагүй, 2017 оны тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар Тариф батлах тухай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байх тул хариуцагчийн татгалзал үндэслэлгүй байна.

Ийнхүү тооцооны үлдэгдлийн баталгаа, Насан-Илч ХХК-ийн Хас болон Төрийн банкин дахь дансны хуулга, нэхэмжлэхүүд зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9.184.266 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгож шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Насан-Илч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.898 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газраас 161.898 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгох нь зүйтэй.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газраас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 9.184.266 /есөн сая нэг зуун наян дөрвөн мянга хоёр зуун жаран зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Насан-Илч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 161.898 /нэг зуун жаран нэгэн мянга найман зуун ерэн найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Засаг даргын тамгын газраас 161.898 /нэг зуун жаран нэгэн мянга найман зуун ерэн найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ