Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1037

 

 

 

 

 

 

  2023           10         16                             2023/ШЦТ/1037              

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,

Улсын яллагч Б.Сарантуяа,

Хохирогч: О.Ш , түүний өмгөөлөгч М.Сонинбаяр,

Шүүгдэгч: С.У нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

 

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Х  овогт С.У-д холбогдох эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 13-ны өдөр хүлээн авч, 2023 оны 10 дугаар сарын 16-ны өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1990 оны 07 дугаар сарын 20-ны өдөр *** аймагт төрсөн, 33 настай, эрэгтэй, Бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Барилга дээр ажилтай, ам бүл 3 ээж, хүүгийн хамт**** , **-р баг, *** тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал байхгүй, хэрэг хариуцах чадвартай Х овогтой С.У /РД:**********/,

 

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч С.У  нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжим бүжгийн хашаанд иргэн О.Ш ыг зодож эрүүл мэндэд баруун тахилзуур ясны далд хугарал, хоёр доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүхээс тогтоосон үйл баримт:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан нотлох баримтын хүрээнд:

Шүүгдэгч С.У  нь “...2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжим бүжгийн хашаанд иргэн О.Ш ыг зодож эрүүл мэндэд баруун тахилзуур ясны далд хугарал, хоёр доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан... үйл баримт буюу хэргийн нөхцөл байдлыг тогтоолоо.

Нотлох баримтын талаар:

Шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтуудаар дээр дурдсан хэргийн нөхцөл байдал эргэлзээгүй тогтоогдож байна.

Үүнд:

Хохирогч О.Ш-ын: "...Би 2022 оны 12 сарын 03-ны өдрийн 20 цагийн орчимд Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** гэх нэртэй ресторанаар үйлчлүүлсэн. Рестораны гадаа үүдэн дээр зогсож байхад 3-4 залуучуудтай тааралдсан. Надтай тухайн рестораны гадаа тааралдсан залуучууд тухайн ресторанаар үйлчлүүлсэн залуучууд байсан. Тухайн залуучуудын нэг залуу нь надтай нэлээн дотно ярилцахаар нь уг залууг дагаад явсан. Тухайн үл таних залуу намайг архи ууя гэхээр дагаад ярилцахаар явсан. Тэгсэн тухайн үл таних залуу намайг Хөгжим бүжгийн сургуулийн баруун хойд талд эзэнгүй зэлүүд газарт очоод намайг зодсон. Ямар шалтгааны улмаас намайг зодсоныг би мэдэхгүй байна. Гэнэт тухайн залуу намайг ямар нэгэн шалтгаангүйгээр зодсон." гэх мэдүүлэг /хх-ийн 8-р хуудас/,

 

Шүүхийн шинжилгээний ерөнхий газрын 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16451 дугаартай "О.Ш ын биед баруун тахилзуур ясны далд хугарал, хоёр доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, Харуун нүдний алимны салстад цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал, зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар Сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна гэх дүгнэлт /хх-ийн 33 дугаар хуудас/,

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл: "Танигч О.Ш т тусгайлан бэлтгэсэн цаасан дээр 1-ээс 4 хүртэл дугаарласан 4 ширхэг хүний гэрэл зургийг таниулсан ба 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдөр ** дүүргийн *- р хорооны нутаг дэвсгэрт байрлах Хөгжим бүжгийн коллежийн орчимд намайг зодсон гэх хүн энд байна, би маш сайн таниж байна гэж №2 дугаартай С.У ын зургийг заасан бөгөөд, дахин зургийг сайтар шалгуулж харуулсанд хохирогч О.Ш нь №2 дугаартай С.У нь миний биед гэмтэл учруулсан гэж хэлснийг тэмдэглэлд тусгаж танигчаар заалгуулж тэмдэглэл үйлдэв." /хх-ийн 46-48-р хуудас/,

Мэдүүлгийг газар дээр нь шалгасан тэмдэглэл: "Хохирогч О.Ш  нь 2022 оны 12 сар 03-наас 04-ний шилжих шөнө * дүүргийн *-р хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг “***”-ийн баруун талын хашаанд үл таних залууд зодуулсан гэх газрыг хохирогчоор заалгаж тэмдэглэл үйлдэв.” /хх-ийн 57-58-р хуудас/,

Эмнэлгийн магадалгаа /хх-ийн 86-р хуудас/,

Хохирогчийн өвчтөний түүх /хх-ийн 73-82-р хуудас/,

Гэрч А.А-н мэдүүлэг: 2022 оны 12 сар өдрийг нь сайн санахгүй байна, манай ресторанд үйлчлүүлсэн нэг эрэгтэй хүн манайхаас гарч яваад бусдад зодуулсан байна гэх шалтгаанаар тухайн хүний эхнэр хүүхэд нь ирж камер шүүсэн. Тухайн камерын бичлэгийг нь тэр хүмүүст шүүж өгсөн бөгөөд тухайн ахыг эхнэр хүүхдийнх нь хэлж байгаагаар манайхаар үйлчлүүлсэн хэсэг бүлэг хүмүүс зодсон байх магадлалтай байна гэсний дагуу тухайн хүмүүсийн бичлэгийг хийж өгсөн гэх мэдүүлэг /хх-ийн 23-р хуудас/ зэрэг нотлох баримтын агуулга нэг нь нөгөөгөө үгүйсгэхгүйгээр харилцан уялдаа холбоотойгоор хэргийн бодит байдлыг сэргээн дүрсэлж байна.

Шүүгдэгч С.У  нь шүүхийн хэлэлцүүлэгт: ...Нэмж гаргах мэдүүлэг байхгүй. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. ... гэснийг дурдах нь зүйтэй.

Мөрдөгч дээр дурдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь өөр хоорондоо агуулгын зөрөөгүй, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байх тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болгон үнэлсэн болно.

Мөн мөрдөн шалгах ажиллагаагаар хэргийн оролцогч нарын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж буюу хязгаарлах байдлаар шүүхээс үндэслэл бүхий шийдвэр гаргахад сөргөөр нөлөөлөхүйц Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нөхцөл байдал тогтоогдоогүй.

Гэм буруугийн талаарх талуудын дүгнэлт:

Улсын яллагчаас: ...Шүүгдэгч С.У нь 2022 оны 12 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөрт шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах хөгжим бүжгийн хашаанд иргэн О.Ш-ыг зодож эрүүл мэндэд баруун тахилзуур ясны далд хугарал, хоёр доод зовхи, хацрын төвгөрт зөөлөн эдийн няцрал, хоёр дээд, доод зовхи, баруун нүдний алимын салстад цус хуралт, баруун сарвуунд зөөлөн эдийн няцрал зулгаралт гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан болох нь нь хавтаст хэрэгт авагдсан болон шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байх тул түүнийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцуулах, мөн шүүгдэгч С.У-с 725.521 төгрөгийг гаргуулж хохирогчид олгуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг,

Хохирогч О.Ш-н өмгөөлөгч М.Сонинбаяраас: “...Шүүгдэгч гэм буруу дээр маргаагүй учраас хохирогчийн хор уршгийн талаар дэлгэрэнгүй ярьмаар байна. Улсын яллагчийн тайлбар дээр хэлэхэд бид эмч биш. Эрүүл мэндийн үйлчилгээ авсантай холбоотой хохирогчийн хохирол тогтоосон баримт дээр улсын яллагчийн хийж байгаа дүгнэлтийг хүлээн зөвшөөрөхгүй байна. Бид нар бүгд бие махбодитой хүмүүс. Хүний эрүүл мэндийг мэргэжлийн байгууллага нь тогтоож үздэг. Зарим өвчний эмчилгээ дээр ганцхан витамин ц уудаг эмчилгээ хүртэл байдаг. Энийг хөнгөнөөр дүгнэлт хийж болохгүй байх гэж бодож байна. Жишээ нь бид нар уламжилтаар эмчлүүлэх үед тан уудаг. Өнөөдрийн нөхцөл байдалд Алое вера бол бүх төрлийн витаминыг нөхөх эм эмчилгээ байдаг. Олон эмчилгээний төрөл байгаа. Энийг хүлээн зөвшөөрөх ёстой гэж үзэж байна. Бид нарын нэхэмжилж байгаа зардал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хор хохиролд хамаарах гарцаагүй хохирол мөн гэж үзэж байна. Иймд хор уршигийг гаргуулмаар байна. Өнөөдрийн жижиг гэж үл анзаарсан хайхрамжгүй хандсан гэмт хэрэг дараа нь хэр аюултай үр дагавар болж ирэхийг үгүйсгэхгүй. Улсын яллагч шүүгдэгчийг яллах байр суурьнаас хандах ёстой байтал хохирогч руугаа дайраад байна. Шүүгдэгчид холбогдох ялыг хуулийн дагуу бүрэн гүйцэд тохирсон ял оноож өгөх нь зүйтэй. Бид нар хохирлоо нэхэмжилж байна...” гэх дүгнэлтийг тус тус гаргасан.

Шүүх хуралдаанд шүүгдэгч нь хэргийн үйл баримт, гэм буруу, хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй, хүлээн зөвшөөрч, оролцсон болохыг дурдаж байна.

Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн Шинжээчийн 2022 оны 12 дугаар сарын 08-ны өдрийн 16451 дугаартай дүгнэлтээр хохирогч О.Ш-ын биед учирсан гэмтэл нь “хүндэвтэр” зэргийн гэмтэл гэж тогтоогдсон байх тул хуульзүйн хувьд хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан гэж үзнэ.

Шүүгдэгч С.У ын үйлдэл нь идэвхтэй, ухамсартай үйлдэл бөгөөд хууль бус болох нь илэрхий атал тэрээр хохирогчийн эрх чөлөөнд халдаж, гэмтэл учруулж, хор уршигт зориуд хүргэсэн байх тул гэм буруугийн санаатай хэлбэрээр хүний эрүүл мэндэд хохирол учруулсанд тооцох нь зүйтэй.

Улсын яллагчийн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татаж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл зөв байна.

Иймд шүүгдэгч С.У ыг хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирлын хувьд:

Хохирогч О.Ш аас гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 8.098.000 /найман сая ерэн найман мянга/ төгрөгийг нэхэмжилжээ. 

Шүүхээс хохирогчийн гаргаж өгсөн баримтуудаас 1.101.038 /нэг сая нэг зуун нэг мянга гучин найм/ төгрөгийн баримт нь нотлох баримтын шаардлага хангасан байх тул гэмт хэргийн улмаас учирсан хохиролд тооцох нь зүйтэй гэж дүгнэлээ. 

Харин гэмт хэргийн улмаас учирсан хохиролтой хамааралгүй, давхардсан, нотлох баримтын шаардлага хангаагүй гэх үндэслэлээр бусад баримтыг хохирлын баримтаар үнэлээгүй болно. 

Хохирогч О.Ш  нь нотлох баримтаа бүрдүүлэн гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийг иргэний журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгчээс хохирлын төлбөрт 1.101.038 төгрөгийг төлж барагдуулсан, энэ талаар талууд маргадаггүй, төлбөрийн баримт хэрэгт авагдсан байна. Иймд шүүгдэгчийг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Шүүгдэгч С.У-- Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна... гэсэн дүгнэлтийг,

Хохирогчийн өмгөөлөгч М.Сонинбаяр эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: ...Мөрдөн шалгах ажиллагаа хангалттай явагдаагүй гэж бодож байна. Хохирогчийн хувьд гомдолтой байгаа... гэсэн дүгнэлтийг тус тус гаргаж мэтгэлцэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ...” гэж заасан бөгөөд шүүгдэгч С.У-г шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.

Шүүгдэгч С.У-н иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-ийн 66 дугаар тал/, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-ийн 65 дугаар тал/, байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-ийн 67 дугаар тал/, гэрлэсний бүртгэлгүй лавлагаа /хх-ийн 68 дугаар тал/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлаж түүний хувийн байдлыг тодорхойлов.

Шүүгдэгч С.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад заасан гэмт хэрэг үйлдсэний дараа хохирогчид учруулсан хохирлыг нөхөн төлсөн-ийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон ба мөн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.  

Иймд шүүхээс шүүгдэгч С.У-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хувийн байдал зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулах нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

 

Бусад асуудлаар:

Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэргийн хадгалах хугацаа дуусах хүртэл хэрэгт хавсарган үлдээж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллгааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.4, 36.5, 36.6, 36.7, 36.8 дугаар зүйлийн 1, 4, 5 дахь хэсэг, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Х овогтой С.У-г хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-г 1.000 /нэг мянга/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.У-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, хуульд заасан хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч О.Ш нь тус гэмт хэргийн улмаас өөрт учирсан хохирлоо нотлох баримтыг бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг СиДи-г хэргийг хадгалах хүртэл хугацаанд хэрэгт хавсарган үлдээсүгэй.

6. Тус хэрэгт хураагдсан эд мөрийн баримтгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

7. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

  8. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч С.У-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                         Г.ТҮВШИНТӨГС