| Шүүх | Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Лувсанравжаагийн Дэлгэрцэцэг |
| Хэргийн индекс | 152/2020/00270/И |
| Дугаар | 346 |
| Огноо | 2020-04-20 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 20 өдөр
Дугаар 346
вс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Увс аймгийн Улаангом сумын 3 дугаар багт байрлах, 1511008022 улсын бүртгэлийн дугаартай, 4014774 регистрийн дугаартай, Насан-Илч ХХК-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдох,
Дулааны эрчим хүчний төлбөр 29.647.238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.Дамдинсүрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяа шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Насан-Илч ХХК нь Увс аймгийн Наранбулаг суманд сумын төвийн албан байгууллагуудыг төвлөрсөн халаалтанд холбож дулаан нийлүүлж эхэлсэн. Манай компани Эрчим хүчний тухай хуулийн 22 дугаар зүйлд заасны дагуу дулаан үйлдвэрлэх түгээх тусгай зөвшөөрлийг 2016 онд авсан. Наранбулаг сумын төсвийн 5 байгууллага болон бусад 7 хэрэглэгчийг дулаанаар хангаж ажилладаг. Увс аймгийн ЭХЗЗ-ийн 2017 оны 12 сарын 19-ний өдрийн 11 тоот тогтоолоор Насан-Илч ХХК-ийн үйлдвэрлэсэн дулааныг Наранбулаг сумын хэрэглэгчдэд түгээх дулааны тарифыг тогтоосон мөрдөн ажиллаж байна. Наранбулаг сумын Ахлах сургуультай 2016 оноос хойш жил бүр гэрээ байгуулан хамтран ажиллаж ирсэн. Дулааны эрчим хүчээр хангах тухай гэрээндээ тус сургуулийн талбайн эзэлхүүнийг тогтоосон тарифаар үржүүлэн сар бүр төлөх төлбөрийг тогтоож харилцан гарын үсэг зурж баталгаажуулсан. 2018 онд 12876,64 м3 эзэлхүүнийг 1182,5 төгрөгийн тарифаар үржүүлэн төлбөрийг бүрэн авсан. Харин ахлах сургууль 2019 онд байгуулсан гэрээний 3.15, Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.2-т заасан үүргээ биелүүлээгүй сар бүр төлбөрөө дутуу төлж ирсэн бөгөөд одоо нийт төлбөл зохих төлбөрөөс 29.647.238 төгрөгийг дутуу төлсөн. Энэ талаар тус сургуулийн захиргаа болон Увс аймгийн ЗДТГ-ын холбогдох албан тушаалтнуудад удаа дараа мэдэгдэж шаардсан боловч өнөөдрийг хүртэл төлбөрийн үлдэгдлийг төлөхгүй байна. Манай компани болон хэрэглэгч талын хооронд төлбөрөөс бусад асуудлаар ямар нэгэн маргааан гараагүй бөгөөд төлбөрийн мөнгөн дүн улсын төсөвт дутуу суусан гэх үндэслэлээр төлбөрөө төлөхгүй байгаа нь манай компаний эрх ашгийг зөрчиж байна. Иймд Наранбулаг сумын Ахлах сургуулиас дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээний үлдэгдэл төлбөр 29.647.238 төгрөг гаргуулж өгнө үү гэжээ.
Хариуцагч Ж.Пүрэвжав шүүхэд болон хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Азжаргал шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Насан-Илч ХХК-ийн шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Манай сургууль нь Насан-Илч ХХК-тай 2018 оны 1 дүгээр сарын 23-ны "Дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ" байгуулан төлбөрийг 1м3 үнийг 926.2 төгрөгөөр тооцохоор тохиролцож байгуулсан. 2018 онд Насан-Илч ХХК нь дахин гэрээ байгуулах санал тавьж халаалтын зардлын үнийг 1 м3-ийг нь 1182,5 төгрөгөөр тооцож нэмэгдүүлэхээр гэрээгээ шинэчилж ирсэн. Тухайн нөхцлөөр гэрээ байгуулагдсан. Гэтэл манай байгууллага 2018 онд 24.174.200 төгрөгийн халаалтын өртэй гарсан. Улмаар Аймгийн төрийн санд өр үүссэн талаараа танилцуулж бусад хэмнэгдсэн зардлаасаа өрөө барагдуулах талаар хүсэлт гаргасны дагуу тухайн өр төлбөр төлөгдсөн юм. Ингээд 2019 онд дахин гэрээ байгуулсан. Батлагдсан төсвөөс хэтэрсэн зардлыг манай байгууллага төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү. Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 тоот тогтоолыг үндэслэж гэрээ байгуулагдах ёстой гэж үзэн Аудитын байгууллагаас албан шаардлага ирүүлсэн болно гэжээ.
Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Насан-Илч ХХК нь хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуульд холбогдуулан худалдах-худалдан авах гэрээний үүрэгт 29.647.238 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.
Хариуцагч Насан-Илч ХХК-тай 2019 онд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Батлагдсан төсвөөс хэтэрсэн зардлыг манай байгууллага төлөх боломж байхгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэж маргасан байна.
Зохигчдын хооронд 2019 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ байгуулагдсан байх ба нэхэмжлэгч Насан-Илч ХХК нь Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийн 12876,64 м3 хэмжээтэй барилгыг /1 м.куб-ыг НӨАТ орсон дүнгээр буюу 1182,5 төгрөгөөр/ сарын 15226,63 төгрөгөөр, нийт 12 сарын хугацаанд дулааны эрчим хүчээр хангахаар тохиролцжээ.
Дээрх үйл баримтаас дүгнэвэл талуудын хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар дулааны эрчим хүч худалдах-худалдан авах гэрээний харилцаа үүссэн байна.
Хариуцагч тал талбайн хэмжээ болон дулааны үнийн хувьд маргахгүй байна.
Иймд хариуцагч Насан-Илч ХХК-тай 2019 онд дулааны эрчим хүчээр хангах гэрээ байгуулсан. Батлагдсан төсвөөс хэтэрсэн зардлыг манай байгууллага төлөх боломж байхгүй гэх тайлбарыг үндэслэн хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулийг үүргийн үүргийн гүйцэтгэлээс чөлөөлөх боломжгүй юм.
Түүнчлэн Эрчим хүчний зохицуулах зөвлөлийн 2017 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн 11 дүгээр Тариф батлах тухай тогтоол нь 2018 оны 1 дүгээр сарын 01-ний өдрөөс хойш хэрэгжиж байгаа хүчин төгөлдөр эрхийн акт байх бөгөөд энэхүү 2017 оны тогтоолоор 2016 оны 12 дугаар сарын 15-ны өдрийн 10 дугаар Тариф батлах тухай тогтоолыг хүчингүй болсонд тооцсон байна.
Иймд дулааны эрчим хүчээр хангах, хэрэглэх тухай гэрээ, тооцооны үлдэгдлийн баталгаа, Насан-Илч ХХК-ийн Хас болон Төрийн банкин дахь дансны хуулга, нэхэмжлэхүүд зэрэг баримтуудыг үндэслэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-т зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 29.647.238 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Насан-Илч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.186 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 306.186 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгох нь зүйтэй.
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Сумъяад шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй тул намайг байлцуулахгүйгээр хэргийг шийдвэрлэж өгнө үү гэсэн хүсэлт ирүүлснийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д зааснаар нэхэмжлэгч итгэмжлэгдсэн төлөөлөгчийн эзгүйд хэргийг хянан хэлэлцсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, Эрчим хүчний тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1, 31 дүгээр зүйлийн 31.1-д зааснаар хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас худалдах-худалдан авах гэрээний үүрэг 29.647.238 /хорин есөн сая зургаан зуун дөчин долоон мянга хоёр зуун гучин найм/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч Насан-Илч ХХК-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 306.186 /гурван зуун зургаан мянга нэг зуун наян зургаа/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Увс аймгийн Наранбулаг сумын Ерөнхий боловсролын сургуулиас 306.186 /гурван зуун зургаан мянга нэг зуун наян зургаа/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Насан-Илч ХХК-д олгосугай.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ