Увс аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 04 сарын 21 өдөр

Дугаар 353

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хаалттай хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б овогт Б-ийн Б-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч:  А а овогт Б-гийн Г-т холбогдох,

Гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 3 дугаар сарын 13-ны өдөр хүлээн авч, 2020 оны 3 дугаар сарын 20-ны өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч Б.Б, хариуцагч Б.Г, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие нь 2014 оны 12 дугаар сард Б.Гтэй танилцсан юм. Б.Г нь надтай анх танилцаж байхдаа 4 сартай жирэмсэн байсан. Би Ганчимэгтэй 2015 оны 3 дугаар сард хилийн цэрэгт харуулын даргаар ажилд орох хүртлээ үерхэж түүнийг зовлон үзсэн, дахин амьдралдаа алдаа гаргахгүй байх гэж бодоод алдааг нь ойлгоод зөв аваад явбал хичээгээд амьдарч чадах байх гэж бодоод хамт амьдрахаар шийдсэн. Эхнэр маань 2015 оны 4 дүгээр сард төрж бид 2 хүүтэй болж, би 2 хүүгээ яг л өөрийн төрсөн хүүхдүүд шиг хайрлаж, хүнийх гэж мэдэгдэхгүйг хичээж өдий хүртэл хайрлаж ирсэн юм. Гэтэл би 2017 онд хилийн цэргээс гарснаас хойш эхнэр бид хоёр байнгын хэрүүлтэй болсон. Би ажлаасаа гарч гэрээсээ хол Оюу толгойд жолоочоор ажил хийж явахад Б.Г хүүхдүүдээ харж хандахгүй орхиж хонуудаар явах, архи дарс уух, бар караокед орох зэргээр явах болсон бөгөөд сүүлд 2018 онд манай нэг найз танай хүн 2-3 хоног архидаж хоносон гэж хэлэхэд би ажлаа орхиод ирж байсан. Тэр үед би хамт хонож архидаж байсан залуу болон Б.Г хоёрт хамтад нь нэг удаа хальт гар хүрч байсан. Манай ээж Б. Ганчимэгийг гэр орондоо үр хүүхдээ өсгөөд зөв бай, нөхөр чинь санаа зовохгүй ажлаа тайван хийнэ, хэл ам гаргахгүй байгаарай гэж хэлж захихад тэрээр манай ээжид хоёр хүүхдийнхээ төрсөн аавтай нь ярьж байгаад баригдаж байсан. Манай найзад хүртэл өөр хүнтэй гэж хэлсэн. Б.Г намайг ажилд явсан байхгүй хойгуур байнга баар караокед явж байгааг нь манай найзууд хараад надад хэлж байсан. Би хүүхдүүддээ байнга санаа зовж, гэрээсээ хол ажил хийхэд төвөгтэй болсон юм. Б.Гт гэр орондоо байж, гадуур явахгүй үр хүүхдүүдээ анхаарал халамж тавих талаар хэлж захиад явахад тэрээр шөнө харах хүнгүй хүүхдүүдээ гэрт нь орхиод бааранд явдаг. Нэг шөнө хүүхэд уйлаад байхад нь манай хүргэн ах орж харахад эхнэр маань бас хүүхдээ орхиод гараад явсан байсан. Тэрээр хүмүүстэй FасеЬоок-ээр янз бүрийн байдлаар харьцдаг, хайраа гэх мэт өөр хүнтэй болох нь мэдэгддэг болсон ба миний нэр нүүр бодно гэж байхгүй, надтай хамт ажиллаж байсан, мөн надтай цэрэгт байсан хүмүүстэй хүртэл янз бүрийн юм бичдэг, уулзаж учирч явдаг нь надад мэдэгдэж энэ талаар хэлэхэд хэрэлдэж, муудалцах болгондоо хүүхдийг чинь ална, угаартаж үхнэ гэх мэтчилэн айлгаж намайг Оюу толгойд ажил тайван хийлгэдэггүй. Миний эхнэр Б.Г миний авч ирсэн цалин мөнгийг зөв зарцуулдаггүй, үр хүүхэд хань ижлээ гэсэн сэтгэл зүрх байхгүй болсон юм. Б.Г үр хүүхдээ, намайг гэх сэтгэлгүй, намайг байхгүй үед гэр орондоо тогтдоггүй, бид 2 байнгын хэрүүлтэй, гэр бүлийн таарамжгүй харьцаатай тусдаа байгаа юм. Амьдралын шаардлагаар гэр орон, эхнэр үр хүүхдээсээ хол ажиллаж байгаа ч хань ижил намайг ойлгохгүй, таарамжгүй болсон тул гэр бүлээ цуцлуулах хүсэлтэй байна. Миний бие бага хүү болох Б.Лхам-Эрдэнээ өөрөө авах хүсэлтэй байна. Учир нь Б.Гийн ар гэрийн байдал хүнд, ажил эрхэлдэг хүнгүй, аав, ээж нь архины хамааралттай хүмүүс байдаг тул би хүүгийнхээ ирээдүйг бодоход тэд нарт өгөх боломжгүй учир хүүхдээ өөрөө авах хүсэлтэй байгаа. Одоо миний хүү надтай хамт байгаа юм. Иймд Б.Г бид хоёрын гэрлэлтийг шүүхээр цуцалж өгнө үү гэжээ.

Хариуцагч Б.Г шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: Миний бие 2014 оны 12 дугаар сард Б.Бтай танилцсан. Бид хоёр танилцаж байхад би 5 сартай жирэмсэн байсан ба би хүүхэдтэй айлд очихгүй гэхэд Б.Б би үргүй, хүүхдийг чинь өөрийн хүүхэд шиг хайрлаж чадна гэсэн. 2017 онд Б.Б нь ажлын байран дээрээ өөр хүнтэй байж байгаад ажлаасаа халагдсан. Ажлаасаа гарснаас хойш түүний ааш зан нь эвдэрч гадуур их гарч, хүмүүстэй уулзах нь ихэссэн. Оюу толгойд ажиллаж байхдаа хүртэл Ц гэх эмэгтэйтэй хамтран амьдарч байсан. Тэр харилцаа нь 2018 оны 9 дүгээр сард эхэлсэн ба би Б.Бийн араас нь очиж гуйж байж харилцааг нь болиулж байсан. Энэ талаар Б.Бийн ээж аав нь ч хүртэл мэдэж байсан. Б.Б нь Ц гэх эмэгтэйтэй 1 жил харилцаатай байсан ба энэ мэтчилэн олон хүнтэй харилцаж сэтгэл санааны дарамтанд байлгадаг байсан. Би найз нөхөдтэйгээ баар, караокед орсон нь үнэн. Гэхдээ энэ миний хувийн асуудал. Б.Бийн найз Б нь манайд хоёр хоносон. Бид хоёрын хооронд ямар нэгэн асуудал болоогүй. Б нь Б.Бтай уулзаж үнэн байдлаа хэлсэн. Б.Б хотоос ирсэн өдрөө гэртээ биш уулздаг хүүхэнтэйгээ уулзаад маргааш нь гэртээ ирж байсан. Би хүүхдүүдийнхээ аавтай ярьж байсан удаа байгаа. Манай найзаас миний дугаарыг аваад мэнд асуусан төдий. Надад ажлын газрын хүмүүстэй уулзаж учирсан удаа байхгүй, өөрөө хий юм бодож манай эхнэр өөр хүнтэй явалдсан гэж ажлын хүнтэй таараад худал хэлснийг нь над руу залгаж үнэн юм уу гэж хүртэл асууж байсан. Б.Б нь Оюу толгой руу ажилдаа явчихаараа утсаа авахгүй, хааяа ярьж завгүй байна, тоглож байна гэх мэтээр бидний харилцаа хөндийрсөн. Би явуулсан мөнгийг нь үр хүүхэд, гэр оронд нь л зарцуулдаг байсан. Үр хүүхэд хань ижлээ гэсэн сэтгэлгүйдээ би 5 жил Б.Бийн араас нохой шиг хөөцөлдөж яваагүй байх. Би байнга сэтгэл санааны дарамттай байдаг байсан. Одоо уулзах найз нөхөд ч үгүй болсон, найзуудтай минь хүртэл архи ууж уулзаж явдаг. Хүү Лхам-Эрдэнээ өгөхийг зөвшөөрөхгүй, 3 хүүгээ тус тусад нь байлгахгүй. Би хөдөлмөрийн чадвартай, хүний баян ядуу нь хэнд ч хамаагүй, 3 хүүгийнхээ ирээдүй болон сэтгэл санаанд нь өөрчлөлт орох вий гэж их санаа зовж байна. Иймд 3 хүүгээ өөрийн асрамжид авна, гэрлэлт цуцлахыг зөвшөөрч байна гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Б.Гт холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж, тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.

Гэрлэгчид 2020 оны 1 дүгээр сарын 31-ний өдөр Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн эвлэрүүлэн зуучлагчид хандсан боловч уг ажиллагаа амжилтгүй болж, нэхэмжлэгч нь шүүхэд ханджээ. Өөрөөр хэлбэл, Эвлэрүүлэн зуучлалын тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.3-т зааснаар шүүхээс гадуур урьдчилан шийдвэрлүүлэх журмыг хэрэглэсэн байх тул шүүх нэхэмжлэлийг хүлээн авч хуульд заасан журмын дагуу хянан шийдвэрлэх боломжтой гэж үзэв.

Гэрлэгчид нь 2014 оны 6 дугаар сарын 05-ны өдөр гэр бүл болж, 2015 оны 5 дугаар сарын 05-ны өдөр гэрлэлтээ батлуулан, тэдний дундаас 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр хүү Б.Лхам-Эрдэнэ төрсөн болох нь хэрэгт авагдсан гэрлэлтийн болон төрсний гэрчилгээний лавлагаагаар нотлогдож байна.

Б.Б, Б.Г нарыг гэрлэлтээ бүртгүүлсний дараа буюу 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр хүү Б.Лхам-Очир, Б.Лхамдорж нар төрсөн хэдий ч Б.Бийн төрсөн хүүхдүүд биш болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байна.

Гэрлэгчид нь хоорондын таарамжгүй зан харьцааны улмаас 2019 оны 10 дугаар сараас хойш тусдаа амьдарч байгаа ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны болон эвлэрүүлэн зуучлах ажиллагааны явцад гэрлэгчид эвлэрээгүй буюу гэр бүлээ үргэлжлүүлэх талаар хэн хэн нь санаачилга гаргаагүй, цаашид хамт амьдрах боломжгүй болох нь зохигчдын тайлбараар тогтоогдож байх тул Б.Б, Б.Г нарын гэрлэлтийг цуцлах нь зүйтэй гэж үзлээ.

Хүү Б.Лхам-Очир, Б.Лхамдорж нарыг эх Б.Гийн асрамжид үлдээхийг хэн хэн нь зөвшөөрсөн, харин зохигчдын дундаас хүү Б.Лхам-Эрдэнийг хэн хэн нь өөрийн асрамжид авахыг хүссэн байна.

Хүү Б.Лхам-Эрдэнэ нь эцгийн асрамжид өсөж, торниж байгаа ба хүүхдийн амьдарч буй орчин, нөхцөлд хийсэн нөхцөл байдлын үнэлгээгээр Гэр бүлийн амьдралын түвшин сайн. Өөрийн гэсэн орон гэртэй, хүүхдийн хэрэгцээг бүрэн хангадаг. Хүүхдэд тавих анхаарал, халамж боломжийн, амьдарч буй гэр орны нөхцөл хүүхэд амьдрахад боломжийн тохилог гэж дүгнэж байна гэх дүгнэлт гарсан байна.

Мөн Б.Б нь хувиараа хөдөлмөр эрхэлж, орлого олдог болох нь түүний Хаан банкин дахь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгчийг хүү Б.Лхам-Эрдэнийг санхүүгийн хувьд өсгөх бололцоотой байдлыг харгалзан эцэг Б.Бийн асрамжид үлдээхээр шийдвэрлэв.

Шүүх хүү Б.Лхам-Очир, Б.Лхамдорж нарыг эх Б.Гийн, хүү Б.Лхам-Эрдэнийг эцэг Б.Бийн асрамжид үлдээж шийдвэрлэж байгаа хэдий ч эцэг, эхийн хүүхдийн өмнө хүлээсэн эрх, үүрэг хэвээр хадгалагдаж, хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох бөгөөд Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд Эцэг эх нь хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээнэ гэж заасныг дурдах нь зүйтэй.

Гэрлэгчид нь хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй, хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй болно.

Нэхэмжлэгч Б.Бийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн тул Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс 140.400 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгох нь зүйтэй.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-т зааснаар Булгадар овогт Батмөнхийн Баяртунгалаг, Алаг адуу овогт Бурмаагийн Ганчимэг нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.6-д зааснаар 2015 оны 4 дүгээр сарын 29-ний өдөр төрсөн хүү Б.Лхам-Очир, Б.Лхамдорж нарыг эх Б.Гийн, 2016 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр төрсөн хүү Б.Лхам-Эрдэнийг эцэг Б.Бийн асрамжид үлдээсүгэй.

3. Зохигчдын хооронд хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, хүүхдийн тэтгэлэг нэхэмжлээгүй болохыг дурдсугай.

4. Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, асран хамгаалах, тэжээн тэтгэх, суурь боловсрол эзэмшүүлэх, үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах зэрэгт тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээхийг, мөн гэрлэлтээ цуцлуулсан эцэг эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулахгүй байх үүрэгтэй болохыг тус тус дурдсугай.

5. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар энэхүү шийдвэр хүчин төгөлдөр болмогц шийдвэрийн хувийг ажлын гурван өдрийн дотор Увс аймгийн Улаангом сумын Засаг даргын Тамгын газрын иргэний бүртгэлийн ажилтанд хүргүүлэхийг шүүгчийн туслах Б.Баясгаланд даалгасугай.

6. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б.Гээс 140.400 /нэг зуун дөчин мянга дөрвөн зуу/ төгрөг гаргуулж нэхэмжлэгч Б.Бт олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Увс аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                   Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ