Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 23 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1050

 

 

 

 

 

 

   2023     10       23                                 2023/ШЦТ/1050             

                                  

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Алтанцэцэг,

Улсын яллагч: Э.Билгүүн

Хохирогч: Б.Б , түүний өмгөөлөгч Б.Эрдэнэболор,

Шүүгдэгч: Б.А , түүний өмгөөлөгч Э.Үнэнсайхан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааныВ танхимд нээлттэй явуулсан эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Б  овогтой Б.А /РД:*******/-д холбогдох эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр хүлээн авсныг хянан хэлэлцэв.

   

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1988 оны 07 дугаар сарын 18-ны өдөр Улаанбаатар хот, Сүхбаатар дүүрэгт төрсөн, 34 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, экскаваторын операторч мэргэжилтэй, хувиараа барилгын кранистаар ажилдаг гэх, ам бүл 5, эхнэр, 3 хүүхдийн хамтаар Улаанбаатар хот, ** дүүрэг, **  дугаар хороо, *** тоотод оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй,

Урьд Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2004 оны 09 дүгээр сарын 20-ны өдрийн 316 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дах хэсэгт зааснаар 2 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, уг ялыг 1 жилийн хугацаагаар хойшлуулсан, Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2009 оны 05 дугаар сарын 26-ны өдрийн 247 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2 дахь хэсэгт зааснаар эд хөрөнгийг хураахгүйгээр 2 жил 6 сарын хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, хэрэг хариуцах чадвартай Б  овогтой Б.А /РД:****** /,

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын авто зогсоол дээр иргэн Б.Б тай "авто зогсоолд машин тавиулсангүй" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Н-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6963 дугаартай дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Т-н 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №СБ2-23-709 дугаартай үнэлгээний тайлан /хх- ийн 70-73 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав.

 

Нэг. Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч Б.А нь 2023 оны 05 дугаар сарын 27-ны өдөр Сүхбаатар дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 7 буудлын авто зогсоол дээр иргэн Б.Б тай "авто зогсоолд машин тавиулсангүй" гэх шалтгаанаар хэрүүл маргаан үүсгэж, улмаар түүний нүүрэн тус газарт гараараа цохиж зодсоны улмаас эрүүл мэндэд нь тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан үйл баримт нь хэрэгт авагдсан дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Үүнд:

Хохирогч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...Би Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудалд байрлах павильон ажиллуулдаг ба 2023 оны 05-р сарын 27-ны өдөр тус дэлгүүртээ засвар хийх гээд гагнуурчин хүлээж байтал дэлгүүрийн урд байх зогсоолд цагаан өнгийн Портер машин ирж зогссон юм тэгээд тэр машинаас 4 хүн бууж ирээд хар хөх өнгийн цамцтай эрэгтэй хүн нь манай дэлгүүрийн гадна байсан жижиг цагаан өнгийн хөргөгчийг нааш цааш нь түлхээд байхаар нь би тухайн эрэгтэй хүнд хандан миний дүү наад хөргөгчөө орхичих гэсэн чинь тэр залуу хөргөгчийг цааш нь хөлөөрөө өшиглөөд унагаасан тэгэхээр нь би чи яаж байгаа юм бэ гэсэн чинь тэр залуу миний зүүн хацар луу гараараа нэг удаа алгадсан ба тэгээд тэр хүмүүс над руу дайраад байсан тэгтэл хамт явж байсан бор өнгийн цамцтай эрэгтэй хүн нь гараараа миний баруун нүд рүү нэг удаа цохисон тэгээд цагдаа ирээд биднийг цагдаагийн байгууллагад хүргэсэн юм..., хөргөгчийг тухайн тээврийн хэрэгслээс бууж ирсэн хар өнгийн цамцтай эрэгтэй хүн ...Манай дэлгүүрийн гадна байсан хөргөгчийг ямар нэгэн шалтгаангүйгээр өшиглөж унагаасан тэгээд маргаан гарч улмаар намайг цохих болсон ба тэдгээр хүмүүс нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан..... .Тухайн өдөр болсон асуудлаас болж миний толгой өвдөөд байсан мөн нүүр хавдсан байсан учраас 400.000 гаран төгрөгөөр эм тариа ... авч хэрэглэсэн. Мөн тухайн үед зүүж явсан 1 сая гаран мянган төгрөгөөр худалдан авч байсан Пандоро загварын бугуйвч, Бүрэн плаза дэлгүүрээс 40,000 төгрөгөөр худалдан авсан утасгүй чихэвч алга болсон..., ...Тухайн үед миний хажууд миний 2 төрсөн дүү Баярмаа байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 34 дүгээр хуудас/,

Хохирогч Б.Ө-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: “...Би өөрийн ажилчид болох Б.А-н хамтаар Сүхбаатар дүүргийн 14-р хороо 7-н буудлын эцэст хоол идэх гээд 2023 оны 05-р сарын 27-ны өдөр тээврийн хэрэгсэлтэй очсон ба тухайн үед бид тус тусдаа тээврийн хэрэгсэлтэй очиж зогсоолд байрлуулсан ба манай ажилчин А нь Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй байсан тэгээд би түрүүлээд цайны газар луу алхаад явж байхад хүмүүс хараад ард чинь эрэгтэй эмэгтэй хүмүүс зодолдоод байна гэж хэлсэн тэгэхээр нь эргээд хартал А нь нэг эмэгтэй хүнтэй маргалдаад зууралдаад байж байсан тэгэхээр нь би эргэж очоод салгаад Амгалан- энхийг салгаад аваад явах гэсэн чинь тэр эмэгтэй миний толгой чихэвчээр нэг удаа цохисон тэгэхээр нь би тэр эмэгтэйг яаж байгаа юм бэ гэж хэлээд тэднээс салаад цайны газар орсон тэгээд би цонхоор хартал А нь тэр эмэгтэй болон түүний хажууд байсан эмэгтэйтэй хэрүүл маргаан хийсэн байдалтай олон хүмүүс тойроод зогсож байсан тэгэхээр нь би буцаж гараад болиоч гэсэн чинь ягаан өнгийн хувцастай эмэгтэй ирээд миний чихнээс гараараа чимхээд мушгиад байхаар нь түүний гарыг нь мушгиж тавиулаад цаашаа зугтаасан ба тэнд байгаад байвал тэдгээр эмэгтэйчүүд хэрүүл хийгээд явуулахгүй байсан юм. Тэгээд би тэр газраас яваад Сүхбаатар дүүргийн 18-р хорооны нутаг дэвсгэрт байрлах ажлын байран дээрээ ирээд байж байхад А нь утсаар залгаад цагдаагийн байгууллага дээр ирсэн байна гэхээр нь би яваад очсон чинь тэдгээр 2 эмэгтэй цагдаагийн хэлтсийн гадна талд байж байсан тэгэхээр нь би тэдэнд хандан жижигхэн асуудлыг яах гэж ингэж байдаг юм бэ гэж хэлтэл 2 сая төгрөг өгчих тэгвэл гомдол мэдээллээ буцаалаа гэж хэлсэн тэгэхээр нь би үгүй гэж хэлээд цааш явсан..., ...Маргааш өдөр нь бид ажил дээрээ байж байхдаа Амгалан-Энхээс юу болсон талаар асуухад Портер маркийн тээврийн хэрэгсэлтэй 7-буудлын зогсоолд тээврийн хэрэгслээ байрлуулахад тэр эмэгтэй цагаан өнгийн жижиг хөргөгчөөр тээврийн хэрэгслийн хаалга хэсэг рүү хөргөгчөөрөө нэг удаа цохиод зогсоол чөлөөл гэж хэлсэн гэсэн тэгэхээр нь А нь тэр хөргөгчийг нь бууж ирээд цааш нь нэг удаа түлхсэн гэсэн тэгээд тэр 2 маргалдаж эхэлсэн гэж хэлсэн. Тэгээд би эхлээд тээврийн хэрэгслээсээ бууж ирээд маргаан гараад байна гэхээр нь эргээд хартал А нь үл таних эмэгтэй хүнтэй маргалдаад улмаар зодолдож байсан......... Тухайн үед би бор шаргал өнгийн ажлын хувцастай байсан харин А нь хар саарал өнгийн ажлын хувцастай байсан." гэх мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Гэрч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн: "...би дэлгүүрээс гараад эгчийн байгаа газарт яваад очиход 2-3 эрэгтэй хүн зугтаасан байдалтай эгч Б.Б нь араас нь хөөсөн байдалтай байсан, тэгэхээр нь зугтааж байсан бор өнгийн цамцтай эрэгтэй хүний цамцнаас нь зуураад цагдаа нар ирж байгаа хүлээж бай гэж хэлсэн чинь миний Гарыг мушгиад газар унагаасан, тэгээд тэр эрэгтэй хүн зугтаасан.......тухайн асуудал болоод өнгөрсөн хойно нь би очсон юм.... миний эгч Б.Б-н баруун нүд нь хавдсан байдалтай байсан, бор өнгийн цамцтай эрэгтэй хүн миний нүүр лүү цохисон гэж хэлж байсан..." гэх мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,

Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч эмч О.Н-н 2023 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн 6963 дугаартай “...Б.Б-н биед тархи доргилт, баруун доод зовхинд цус хуралт зөөлөн эдийн няцрал, баруун шилбэнд цус Хуралт гэмтэл тогтоогдлоо...... гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна..." гэх шинжээчийн дүгнэлт /хх-ийн 43-44 дүгээр хуудас/,

Дамно ХХК-ийн шинжээч, мэргэшсэн үнэлгээчин Ц.Т-н 2023 оны 07 дугаар сарын 25-ны өдрийн №СБ2-23-709 дугаартай үнэлгээний тайлан /хх- ийн 70-73 дугаар хуудас/зэрэг нотлох баримтууд болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан баримтууд нь хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн, энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, мөрдөн байцаалтын шатанд хэргийн оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдсонгүй.

Дээрх нотлох баримтуудаар шүүгдэгч Б.А нь өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлан ойлгож, хүч хэрэглэх үед хохирогчийн эрүүл мэндэд хохирол учрах боломжтойг мэдсээр байж тэрхүү үйлдлийг хүсэж үйлдсэний улмаас хохирогч Б.Байгалын биед хөнгөн хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “өөрийн үйлдэл эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол хор уршигт зориуд хүргэсэн бол санаатай гэмт хэрэгт тооцно” гэж заасанд нийцэж байна.

Иймд шүүхээс шүүгдэгч Б.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай  учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцох нь хууль зүйн үндэслэлтэй.

Шүүгдэгч нь гэм буруу болон хэргийн зүйлчлэлийн талаар маргаагүй тул шүүхийн шийдвэрийн үндэслэл болсон дээрх баримтуудыг няцаан үгүйсгэх үндэслэл тогтоогдоогүй болохыг дурдав.

Хоёр. Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Шүүхээс шүүгдэгч Б.А ийг хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаар: “...Шүүгдэгч Б.А эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай байна...” гэсэн дүгнэлтийг гаргасан.

Хохирогч Б.Б нь мөрдөн шалгах ажиллагааны шатанд нийт 830.000 төгрөгийг нэхэмжилсэн бөгөөд шүүгдэгч Б.А нь 830.000 төгрөгийг бүрэн төлж барагдуулсан болох нь шүүхийн хэлэлцүүлгийн шатанд гаргаж өгсөн хохирогчийн /...хохирлыг бэлнээр хүлээн авсан.../ гэх хүсэлтээр нотлогдон тогтоогдож байна.

Иймд шүүгдэгч Б.А ийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.

Шүүгдэгч Б.А-д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно. 

Шүүхийн хэлэлцүүлэгт хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч Б.А-ийн иргэний үнэмлэхний лавлагаа, эд хөрөнгийн лавлагаа, гэрлэлтийн бүртгэлийн лавлагаа, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа, эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас, шийтгэх тогтоолын хуулбарууд /хх-ийн 93, 94, 95,т 96, 79, 80-92-р хуудас/ зэрэг нотлох баримтуудаар шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоов.

Шүүх шүүгдэгч Б.А-ийн үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг тал бүрээс нь харгалзан Эрүүгийн хуулуийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 900 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 төгрөгөөр торгох ял шийтгэх нь эрүүгийн хариуцлагын зорилго, шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч Б  овогтой Б.А-г хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.А-ийг 900 /есөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 900.000 /есөн зуун мянга/ төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй. 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч Б.А-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

5. Шийтгэх тогтоолыг гардан авснаас эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч, хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

            6. Шийтгэх тогтоол нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.А-д урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                        Г.ТҮВШИНТӨГС