| Шүүх | Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ёндонгийн Бямбацэрэн |
| Хэргийн индекс | 163/2019/0224/Э |
| Дугаар | 4 |
| Огноо | 2020-02-04 |
| Зүйл хэсэг | 11.6.1., |
| Улсын яллагч | Д.Сүрэнхор |
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 02 сарын 04 өдөр
Дугаар 4
Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,
Шүүх хуралдаанд:
Прокурор Д.Сүрэнхор
Өсвөр насны шүүгдэгч П.А
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн
Нарийн бичгийн дарга С.Гончигбал нарыг оролцуулан
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолтой Д.А-д холбогдох 1915005660277 дугаартай эрүүгийн хэргийг насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 20-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Монгол улсын иргэн П.А.
П.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Х.Х.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолоор:
1. Насанд хүрээгүй шүүгдэгч П.А.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А.г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж,
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.6 дугаар зүйлийн 1, 8.3 дугаар зүйлийн 2, 3, 8.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар өсвөр насны шүүгдэгч П.А.д оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулсан шийтгэх тогтоол биелүүлэхийг 2 /хоёр/ сар 20 /хорь/ хоногийн хугацаагаар хойшлуулж, албадлагын арга хэмжээ хэрэглэж,
4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.2, 2.5-д заасанаар насанд хүрээгүй шүүгдэгч П. А.д зан үйлээ засах, оршин суух газраа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ тус тус хэрэглэж, хяналт тавих үүргийг Булган аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгаж,
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4 дэхь хэсэгт зааснаар шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн бол прокурорын дүгнэлтийг үндэслэн шүүх уг шийдвэрийг хүчингүй болгож, ял оногдуулахыг насанд хүрээгүй шүүгдэгч П. А.д мэдэгдэж,
6. Шүүгдэгч П.А нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, иргэний бичиг баримтгүй, хохирогч гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж,
7. Шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.А.д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж,
8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13, 38.1 дүгээр зүйлүүдэд зааснаар шийтгэх тогтоолыг шүүгдэгч, түүний өмгөөлөгч, хохирогч гардан авснаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,
9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлэхээр шийдвэрлэжээ.
Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдолдоо: “...Булган аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12-р сарын13-ны өдөр Эрүүгийн хууяийн тусгай ангийн 11.6.1 дэхь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэгдсэн П.А.н хэргийг хянан хэлэлцээд гаргасан 224 тоот шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 3, 4 дэхь заалт нь Эрүүгийн хуулийн дугаар зүйлийн 8.1.3 дахь заалтыг хэрэглээгүйгээс шүүгчдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэн давж заалдах журмаар гомдол гаргаж байна. Анхан шатны шүүх насанд хүрээгүй шүүгдэгч П.А.д... эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ энэ гэмт хэрэг нь хорих ял оногдуулахгүйгээр заасан гэмт хэрэг хэдий ч насанд хүрээгүй шүүгдэгч Анужингийн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, өсвөр насны хүний хувийн байдал, учруулсан хохирол, хор уршигийн шинж чанарыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж уг ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.6 дугаар зүйлийн 1-д зааснаар оногдуулсан ялыг хойшлуулж шийдвэрлэх хууль зүйн үндэстэй байх тул эрүүгийн хууль, энэ хуулийн тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал шүүгчдэгчид ашигтайгаар шийдвэрлэх зарчимаар шийдвэрлэлээ.” гэсэн хэдий ч тогтоох хэсгийн 3, 4 дэхь заалт нь энэ дүгнэлттэйгээ нийцээгүй.
Учир нь: Эрүүгийн хуулийн 8.1 дүгээр зүйлд “Өсвөр насны хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэл”-ийг тодорхой зохицуулсаны дотор 8.1.3-т өсвөр насны хүний хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан... эсхүл ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж болно” гэснийг үндэслэн өмгөөлөгчийн зүгээс Анужингийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдалд дүгнэлт хийн ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэж, асран хамгаалагч нь хүсэлт гаргасны дагуу түүнийг хүмүүжүүлэх үүргийг даалгуулахаар санал гаргаж оролцсон. Хуульд зааснаар Анужинд ял оногдуулахгүйгээр албадлагын арга хэмжээ хэрэглэх зохицуулалт байсаар байтал ял оногдуулж түүнийг нь тодорхой хугацаагаар хойшлуулж байгаа, дээр нь албадлагын чанартай хэд хэдэн арга хэмжээ хэрэглэхээр заасан нь 12 дугаар анги төгсөх гэж буй өсвөр насны, нийгэмд байр сууриа олох алхам хийх гэж буй энэ охинд хүндээр тусч байна. Хуулийн дээрхи заалтаар ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэх нөхцөл /шүүгчдэгчийн хувийн байдал, хэргийн нөхцөл байдал/ байхад ял оногдуулж, албадлагын хэд хэдэн арга хэмжээ хэрэглэхээр даалгаж байгаа нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан гэж үзэхээр байна. Учир нь П.А.д ял оногдуулж хойшлуулснаар түүний хуульч мэргэжил эзэмших боломж хаагдах зэрэг хор уршиг байгааг анхааран үзэж ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, ээж Д.О.н хүсэлтийг үндэслэн хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүнд даалган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү. Шийтгэх тогтоолын тогтоох хэсгийн 4-т А.д албадлагын арга хэмжээ хэрэглэж, хяналт тавих үүргийг Булган аймгийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасан нь Эрүүгийн хуулийн 8.7.3-т заасан “хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 192 дугаар зүйлийн 192.1-д “Өсвөр насны хүнд оногдуулсан хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээг Эрүүгийн хуульд заасны дагуу хүүхдийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны байгууллага хэрэгжүүлнэ” гэсэн заалттай зөрчилдөж байна.” гэжээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос насанд хүрээгүй шүүгдэгч П.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Х.Х.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх П.А.г гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэснийг эс зөвшөөрч насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэн давж заалдах гомдол гаргасан байна.
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдолыг хүлээн авч тухайн хэрэгт цугларсан нотлох баримтуудад үндэслэж хэргийг бүхэлд нь хянаж үзвэл
Өсвөр насны шүүгдэгч П.А нь 2019 оны 11 дүгээр сарын 08-ны өдөр Булган аймгийн Булган сумын нутагт хохирогч Х.Х.тай хувийн таарамжгүй харилцааны улмаас маргалдан улмаар түүнийг зодож эрүүл мэндэд нь хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь хавтаст хэрэгт авагдаж, шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон талаар дүгнэлт хийж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлага хүлээлгэж шийдвэрлэхдээ хүндрүүлэх нөхцөл байдлыг харгалзан нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсэн нь үндэслэлгүй болжээ.
Иймд өсвөр насны шүүгдэгч нь хөнгөн гэмт хэрэг анх удаа үйлдсэн, гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлсөн, өсвөр насандаа гэмт хэрэг үйлдсэн болон түүний хувийн байдал зэрэг нөхцөл байдлуудыг давж заалдах шатны шүүх харгалзан үзээд анхан шатны шүүхээс оногдуулсан 240 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3-т заасныг баримтлан түүнд ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлын арга хэмжээ хэрэглэн өөрчлөх боломжтой байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.
Иймд өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн “...ял оногдуулахгүйгээр хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ хэрэглэж, ээж Д.О.н хүсэлтийг үндэслэн хараа хяналтандаа байлган хүмүүжүүлэх үүргийг түүнд даалган шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж өгнө үү...” гэсэн давж заалдах гомдлыг хүлээн авч, анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулж шийдвэрлэх зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.2, 39.7 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.4, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн 224 дугаар шийтгэх тогтоолыг тогтоох хэсгийн
2 дахь заалтын “Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч П.А.г 240 /хоёр зуун дөч/ цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэж” гэснийг
“Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.1 дүгээр зүйлийн 3 дах хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.2 дугаар зүйлийн 1.1, 7.3 дугаар зүйлийн 2.2-т зааснаар өсвөр насны шүүгдэгч П.А.д ял оногдуулахгүйгээр зан үйлээ засах хүмүүжлийн чанартай албадлагын арга хэмжээ авсугай” гэж өөрчилж,
тогтоох хэсгийн 3, 4 дэх заалтуудыг хасч, тогтоох хэсгийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.
2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 8.7 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өсвөр насны шүүгдэгч П.А.н хүмүүжилд хяналт тавихыг түүний төрсөн эх Д.О.н зөвшөөрснөөр түүнд даалгасугай.
3. Өсвөр насны шүүгдэгчийн өмгөөлөгч М.Даваасүрэнгийн давж заалдах гомдолыг хүлээн авсугай.
4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ М.ХҮРЭЛБААТАР
ШҮҮГЧИД З.ХОСБАЯР
Ё.БЯМБАЦЭРЭН