Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 10 өдөр

Дугаар 221/МА2026/0115

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

“А*******” өрхийн эрүүл мэндийн төв ББН-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч Ерөнхий шүүгч Д.Баатархүү

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Н.Долгорсүрэн

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*******

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “А*******” өрхийн эрүүл мэндийн төв ББН

Хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга

 

Нэхэмжлэлийн шаардлага: Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/600 дугаартай Татгалзсан санал дүгнэлт нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 778 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн төлөөлөгч Ц.Ж*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Ж***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.О***, А.Ч***, Ц.М***

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмгөөлөгч Б.А***

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбаяр

Хэргийн индекс: 128/2025/0658/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч “А*******” өрхийн эрүүл мэндийн төв ББН-өөс Нийслэл дэх Төрийн аудитын газрын даргад холбогдуулан “Нийслэл дэх Төрийн аудитын газрын 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн 01/600 дугаартай Татгалзсан санал дүгнэлт нь хууль зөрчсөн болохыг тогтоож, хүчингүй болгуулах”-аар маргаж байна.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2024 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 778 дугаар шийдвэрийн 1 дэх заалтаар:

Төрийн аудитын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.1.1, 15.1.2, 15.1.4, 15.1.5заасныг баримтлан А******* БГБХН өрхийн эмнэлгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/600 дугаартай Татгалзсан санал дүгнэлт-ийг бүхэлд нь хүчингүй болгож,

2 дахь заалтаар Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д заасныг баримтлан, нэхэмжлэгч А******* БГБХН өрхийн эмнэлгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, уг хураамжид дүйцэх 70200 төгрөгийг хариуцагч Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудитораас гаргуулж, нэхэмжлэгчид олгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М*** дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Нэг. Төрийн аудитын тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.4-т "Төрийн аудитын байгууллага энэ хуульд заасан санхүүгийн тайланд аудит хийх чиг үүргээ аудитын хуулийн этгээдээр гүйцэтгүүлж болно" гэж заасны дагуу Нийслэл дэх Төрийн аудитын газартай байгуулсан санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гурвалсан гэрээний дагуу "Нийслэлийн Баянгол дүүргийн А******* ӨЭМТ-ийн 2024 оны санхүүгийн тайлан"-д М******* ХХК-иас аудит хийж гүйцэтгэсэн.

Тус аудитаар А******* ӨЭМТ нь 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, анхан шатны холбогдох нотлох баримтуудыг аудитад ирүүлээгүй нь санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлэгдсэнийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, дүгнэлт өгөхөөс татгалзсан.

Монгол Улсын Ерөнхий аудиторын 2022 оны А/66 дугаар тушаалаар баталсан "Санхүүгийн аудитын зарчим, стандарт"-д зааснаар санхүүгийн аудитын зорилго нь хангалттай, зохистой нотолгоо цуглуулах замаар санхүүгийн тайлан, санхүүгийн мэдээллийн аливаа толилуулга үнэн зөв, материаллаг бүх зүйлсийн хувьд холбогдох санхүүгийн тайлагналын үзэл баримтлалд болон зохицуулалтын орчинд нийцүүлэн толилуулсан эсэх талаар аудитын санал дүгнэлт, эсхүл тайлан хэлбэрээр хэрэглэгчдэд үндэслэлтэй баталгаажуулалт гаргаж өгөхөд оршино.

Тус ӨЭМТ нь 2024 оны санхүүгийн тайлангийн аудитад 1-12 сарын харилцахын болон цалингийн баримт зэрэг нийт 5 боть баримт, материалыг аудитын явцад ирүүлсэн бөгөөд аудитад шаардлагатай бусад баримт, материал болох байгууллагын даргын тушаал, шийдвэр, нягтлан бодох бүртгэл, бараа материал, үндсэн хөрөнгөтэй холбоотой баримт материалуудыг шаардсан хугацаанд ирүүлээгүй байна.

Хоёр. Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн нэгт маргааны зүйл, эрх зүйн харилцааны талаар дүгнэсэн байна. Үүнд:

Энэ хэрэгт хуулийн этгээдэд хийгдсэн төрийн аудитын үйл ажиллагаа хуульд нийцсэн эсэх үйл баримт хэлэлцэгдсэн болно. Маргааны зүйл нь "А*******" бүх гишүүд нь бүрэн хариуцлагатай нөхөрлөл, өрхийн эмнэлэг төрийн аудит хийхэд шаардлагатай санхүүгийн баримт бичгээ аудиторт гаргаж өгсөн эсэх үйл баримтад дүгнэлт өгч, маргааныг шийдвэрлэх явдал болно" гэжээ.

Дээрхээс харахад анхан шатны шүүх нь үндэслэл бүхий шийдвэр гаргаагүй гэж үзэхээр байна. Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд төрийн аудитын байгууллагаас гаргасан "Татгалзсан дүгнэлт" нь үндэслэлтэй байсан эсэхэд үнэлэлт, дүгнэлт өгөх байтал хэт нэг талыг барьсан шийдвэрийг гаргажээ.

Анхан шатны шүүх шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 2.11-т "...аудитын явцад М******* ХХК-ийн аудитор Г.М*** нь А******* ӨЭМТ-ийн санхүүгийн баримтыг гэрийнхээ гадаа авч ирүүлж, ийнхүү авахдаа ямар баримт хүлээн авсан талаараа тэмдэглэл үйлдээгүй гэдгээ хүлээн зөвшөөрсөн” гэж дүгнэсэн байна.

Анхан шатны шүүхийн мэтгэлцээний явцад процесс хэрхэн өрнөсөн талаар хангалттай тайлбарласан боловч шүүх энэ талаарх тайлбарыг хүлээж аваагүй бөгөөд зөвхөн аудиторыг тэмдэглэл үйлдэж аваагүй талаас тайлбарласан байна.

А******* ӨЭМТ нь жил бүр Төсвийн тухай хуулийн цаглабарт хугацаанд аудит хийлгэдэг, аудитад шалгуулж сурсан гэх тайлбарыг шүүх хуралд хэлдэг боловч аудитад баримтаа өгөхдөө жагсаалт үйлдээгүй, удаа дараа нэхүүлж, шаардуулсан, гаргасан дүгнэлт, асуудлын бүртгэлийг танилцуулахаар очиход ажлын байран дээр байдаггүй, утсаа авдаггүй зэрэг нэхэмжлэгчийн хариуцлагагүй хандсан нөхцөл байдлуудын талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

"М*******" ХХК нь аудитын шалгалтын явцад шалгагдагч "А*******" ӨЭМТ-д удаа дараа шаардлагатай дутуу баримт материалаа ирүүлэхийг албан тоот болоод утсаар, и-мэйлээр, мессежээр сануулж, шаардсан боловч шаардсан баримтыг тогтоосон хугацаанд гаргаж ирүүлээгүй бөгөөд гэрээний хэрэгжилтийг хангуулахаар 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25/18, 2025 оны 05 дугаар сарын 20-ны өдрийн 25/19 дүгээр албан бичгээр "... 2024 оны санхүүгийн анхан шатны баримт материалыг бүрэн ирүүлээгүй, шаардсан материалыг тухай бүрд гаргаж өгөөгүй, тайлбар тодруулга гаргаагүй, аудиторын хараат бус байдалд нөлөөлсөн зэрэг нь Төрийн аудитын тухай хуулийн болон гурвалсан гэрээний холбогдох заалтуудыг тус тус зөрчиж байгаа" талаарх мэдэгдлийг хүргүүлсэн байдаг.

Мөн шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.12-т "...М*******" ХХК-ийн аудитор Г.М*** нь "А*******" ӨЭМТ-ийн баримтыг хүлээн авахдаа "уг баримт нь 5 хавтас л баримт байсан, өөр баримт ирүүлээгүй" гэж тайлбарласан, нэхэмжлэгч хэдэн баримт өгч, аудитор хэдэн баримт хүлээн авсан гэдэг нь шүүхээс явуулсан ажиллагааны хүрээнд нотлогдоогүй, ийм боломж байхгүй байсан" гэж дүгнэсэн байна.

Дээрх үйл баримтыг нотлох боломжтой байсан бөгөөд шүүхээс энэхүү үйл баримтыг дутуу үнэлсэн гэж үзэж байна. Учир нь аудитор Г.М*** нь шалгагдагч байгууллагаас авсан гэх 5 хавтас баримтыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ж.М***эд 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн баримтаар нотлогдсон, мөн дээрх өгсөн гэх баримтуудад шүүхээс Авлигатай тэмцэх газарт очиж биечлэн үзлэг хийсэн атлаа "нотлогдоогүй, нотлох боломжгүй байсан" гэх дүгнэлтийг хийж байгаа нь хэт нэг талыг барьсан шийдвэр гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна.

Түүнчлэн аудитор Г.М*** нь шалгагдагч байгууллагаас гаргуулан авсан дээрх 5 баримтын хүрээнд аудитын үйл ажиллагаагаа хэрэгжүүлсэн бөгөөд аудитын явцад "А*******" ӨЭМТ-ийн дарга Ц.Ж*** нь хамаарал бүхий этгээдэд болон өөртөө давуу байдал бий болгож нийт 130,861.7 мянган төгрөгийг зарцуулсан нь албан тушаалын эрх мэдлээ урвуулан ашигласан байж болзошгүй нөхцөл байдал илэрснийг хууль хяналтын байгууллагад шилжүүлэн шалгуулахаар Үндэсний аудитын газраас 2025 оны 7 дугаар сарын 25-ны өдрийн 2158 дугаар албан бичгээр Монгол Улсын Ерөнхий прокурорын газарт шилжүүлсэн.

Тус шилжүүлсэн асуудлаар хяналт шалгалтын ажиллагаа хийгдэж Монгол Улсын Ерөнхий прокурорын газраас Авлигатай тэмцэх газарт шилжүүлэн шалгуулж байгаа талаарх хариуг Үндэсний аудитын газарт 2025 оны 7 дугаар сарын 31-ний өдрийн 2/3182 дугаар албан бичгээр ирүүлсэн зэрэг талаар шүүх ямар нэг дүгнэлт хийгээгүй байна.

Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 3.10-т "... "М*******" ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.М***эс "А*******" ӨЭМТ-д аудитын дүгнэлт гаргах шаардлагатай гэж үзээд 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдөр цахим шуудангаараа шаардсан баримтууд нь тус эмнэлэгт бүрэн байгаа тул ийнхүү гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд аудитын дүгнэлт гаргах боломжтой байхад ийнхүү дүгнэлт гаргахаас татгалзсан нь үндэслэлгүй байна гэж шүүх дүгнэлээ" гэжээ.

Тус аудит нь Төсвийн тухай хуулийн цаглабарт хугацаанд буюу 2025 оны 2 дугаар сарын 19-ний өдрөөс эхэлж, аудитын дүгнэлтийг 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдөр гаргасан байдаг.

Өөрөөр хэлбэл аудит хийх явцад аудитын цаглабарт хугацааны дотор шалгагдагч байгууллага нь аудитаас тогтоосон баримт материалыг ирүүлэх ёстой байсан.

Гэтэл аудитын явцад ирүүлээгүй баримт материалд шүүхийн үзлэг хийж "шаардсан баримтууд нь тус эмнэлэгт бүрэн байгаа тул ийнхүү гаргаж өгсөн санхүүгийн баримтын хүрээнд аудитын дүгнэлт гаргах боломжтой байсан ..." хэмээн дүгнэж байгаа нь хуульд нийцэхгүй байна.

Шүүх хуралдааны мэтгэлцээний явцад "санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, анхан шатны холбогдох нотлох баримтуудыг аудитын явцад ирүүлээгүй нь санхүүгийн тайланг үнэн зөв илэрхийлэгдсэнийг нотлох хангалттай бөгөөд зохистой нотолгоо олж авах боломжгүй нөхцөл байдлыг үүсгэж, "Татгалзсан дүгнэлт өгөх үндэслэлийг бүрдүүлсэн" талаар маш олон удаа тайлбарлаж хэлсэн боловч энэ талаарх тайлбарыг шүүх хүлээж аваагүй, Төрийн аудитын тухай хуулийн 15 дугаар зүйлд төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмыг тогтоож, бүрэн эрхийг тодорхойлж өгсөн. Мөн 16 дугаар зүйлд шалгагдагч этгээдийн болон аудитад хамрагдагч этгээдийн үүргийг тодорхойлсон. Үүнд, 16.1.1-т "төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах", 16.1.4-т "төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх" гэж маш тодорхой тусгаж өгсөн.

Гэтэл аудитын явцад шалгагдагч байгууллага нь энэхүү үүргээ огт хэрэгжүүлээгүй байхад шүүх энэ талаар ямар ч дүгнэлт хийгээгүйд эргэлзэж байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 05-ны өдрийн 128/ШШ2025/0778 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрт өөрчлөлт оруулж, маргаан бүхий актыг түдгэлзүүлж шийдвэрлэв.

1.Төрийн аудитын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.8-д "санхүүгийн тайлангийн аудит" гэж шалгагдагч этгээд санхүүгийн тайлангаа холбогдох хууль тогтоомж, стандарт, захиргааны хэм хэмжээний болон бусад эрх зүйн актын шаардлагад нийцүүлэн үнэн зөв, шударгаар тайлагнасан эсэхэд аудит хийж баталгаажуулахыг” ойлгоно, 8 дугаар зүйлийн 8.1-д “Төрийн аудитын байгууллага Төсвийн тухай хуульд заасны дагуу улсын нэгдсэн төсвийн гүйцэтгэл, Засгийн газрын санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн байгууллага, төсөв захирагчийн жилийн төсвийн гүйцэтгэл, санхүүгийн тайлан, санхүүгийн нэгтгэсэн тайлан, төрийн болон орон нутгийн өмчит, тэдгээрийн оролцоотой хуулийн этгээдийн жилийн санхүүгийн тайланд аудит хийнэ”, 42 дугаар зүйлийн 42.2-т “Төрийн аудитын байгууллага санхүүгийн тайланд дүгнэлт өгөхөөс татгалзсан, энэ хуулийн 20.5-д заасан төлөвлөгөөг ирүүлээгүй нь тухайн албан хаагчийг ажлаас халах сахилгын шийтгэл ногдуулах үндэслэл болно” гэж тус тус заажээ. 

Гэтэл “Татгалзсан санал дүгнэлт”-д нэхэмжлэгчийг 2024 оны 12 дугаар сарын 31-ний өдрөөрх санхүүгийн тайлан, тодруулгыг иж бүрэн бэлтгэж, нягтлан бодох бүртгэл, холбогдох анхан шатны баримтыг бүрэн ирүүлээгүй…” гэж буруутгасан, “А*******” ӨЭМТ-өөс шаардсан баримтыг гаргаж өгсөн гэж маргасан, шийдвэрт “…хяналт шалгалтын үед цахим шуудангаар шаардсан баримтууд тус эмнэлэгт бүрэн байсан, аудитын дүгнэлт гаргах бүрэн боломжтой байсан…” гэсэн үндэслэлээр нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, маргаан бүхий актыг хүчингүй болгосон байх боловч давж заалдах шатны шүүхээс хэргийн үйл баримт, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад цугларсан нотлох баримтууд, талуудын тайлбар зэргээс тус тус үзэхэд нэхэмжлэгч, хариуцагчийн аль алинаас шалтгаалсан хүчин зүйлс байна гэж дүгнэв.

Учир нь хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдолдоо “…ӨЭМТ нь 2024 оны санхүүгийн тайлангийн аудитад 1-12 сарын харилцахын болон цалингийн баримт зэрэг нийт 5 боть баримт, материалыг аудитын явцад ирүүлсэн, аудитад шаардлагатай бусад баримт, материал болох байгууллагын даргын тушаал, шийдвэр, нягтлан бодох бүртгэл, бараа материал, үндсэн хөрөнгөтэй холбоотой баримт материалуудыг шаардсан хугацаанд ирүүлээгүй…” гэх боловч эдгээр ирүүлээгүй гэх баримтууд нь хэрэгт нотлох баримтаар авагдсан, жишээ нь Томуу, томуу төст өвчний мэдээний хуудас, Илүү цагийн бүртгэл, цагийн бүртгэл 1, 2, Ажилчдын цалин, Бүх гишүүдийн хурлын тогтоол, Даргын “Б” тушаал, Эмч, эмнэлгийн ажилчдын ур чадварын үнэлгээний хуудас, Нийгмийн даатгалын шимтгэл төлөлт, бусад албан бичиг гэх мэт.

2.“М*******” ХХК-ийн аудитор Г.М*** хяналт шалгалтын явцад шаардсан санхүүгийн баримтыг гэрийнхээ гадаа авчруулж байгаа явдал, мөн энэ тохиолдолд аль аль нь ямар баримт өгч, авч байгаагаа баримтжуулж хүлээлцээгүй байдалд шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.12-т “…нэхэмжлэгч хэдэн баримт өгч, аудитор хэдэн баримт хүлээн авсан гэдэг нь шүүхээс явуулсан ажиллагааны хүрээнд нотлогдоогүй, ийм боломж байхгүй…” гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1 дэх хэсгийн “Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр өөрийн дотоод итгэлээр үнэлнэ”, 34.2 дахь хэсгийн “Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ”, 106 дугаар зүйлийн 106.2 дахь хэсгийн “Шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна” гэсэн шаардлагад төдийлөн нийцсэнгүй.

Тухайлбал давж заалдах гомдолд “…аудитор Г.М*** нь шалгагдагч байгууллагаас авсан гэх 5 хавтас баримтыг Авлигатай тэмцэх газрын мөрдөгч Ж.М***эд 2025 оны 8 дугаар сарын 18-ны өдөр хүлээлгэж өгсөн…” гэсэн, энэ талаар шийдвэрийн Үндэслэх хэсгийн 2.22-т “А******* өрхийн эмнэлэг нь аудитор Г.М***ийн шаардсан байгууллагын блансыг түүнд цаасаар гаргаж өгсөн гэдэг нь Г.М***ийн уг тайланг Авлигатай тэмцэх газарт гаргаж өгсөн байгаагаар тогтоогдсон…” гэж дүгнэсэн, 1-р хх-ийн 195 дугаар талд авагдсан, мөн өдрөөр огноолсон 1 хуудас баримтад “…2024 оны 1, 2, 3, 4 дүгээр улирлын тайлан тус бүр 1 ш, 2024 оны цалингийн баримт 1 ш, задгайгаар байгууллагын тамгатай санхүүгийн тайлан, ААНОАТ-ын тайлан, нийт 5 ширхэг баримт хүлээлгэн өгөв. Хүлээлгэн өгсөн “М*******” ХХК-ийн захирал Г.М***, Хүлээн авсан АТГ-ын мөрдөгч Ж.М***…” гэж тэмдэглэгдсэн байгаагаас үзэхэд одоогийн шүүхэд нотлох баримтаар цугларсан баримтуудыг бүгдийг нь тухайн үед нэхэмжлэгчээс “М*******” ХХК-д гаргаж өгсөн гэж дүгнэх боломжгүй юм.

Иймд цаг хугацааны хувьд нэгэнт болоод өнгөрсөн үйл баримт буюу тухайн үед чухам ямар баримтыг өгсөн, өгөөгүй болох талаарх хэргийн оролцогчдын тайлбарууд баримтаар хангалттай тогтоогдохгүй, үүнийг тогтоох нь шүүхийн шинжлэн судлах цар хүрээнээс хэтэрсэн, гэвч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шаардлагатай гэх холбогдох баримтууд авагдсан байгаа энэ тохиолдолд аудитын дүгнэлтийг дахин гаргуулах ажиллагааг явуулах нь зүйтэй.

Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Төрийн аудитын үндсэн зорилтыг төрийн санхүү, төсөв, нийтийн өмчийг хууль ёсны дагуу арвилан хэмнэлттэй, үр ашигтай, үр нөлөөтэйгөөр төлөвлөх, хуваарилах, ашиглах, зарцуулахад хяналт тавих, түүнчлэн төрийн санхүүгийн удирдлагыг сайжруулж, эдийн засгийн тогтвортой хөгжлийг хангахад дэмжлэг үзүүлэхэд чиглэнэ” гэж тодорхойлсон болно.

3.Түүнчлэн нэхэмжлэгчээс 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/600 дугаар аудитын дүгнэлт гарсны дараа буюу 6 дугаар сарын 25-ны өдрийн 35 дугаар албан бичгээр Монгол Улсын ерөнхий аудиторт хандаж тодорхой үндэслэлүүдийг дурдаад “…“М*******” ХХК-тай байгуулсан санхүүгийн тайлангийн аудитын ажил гүйцэтгэх гэрээг цуцалж, өөр аудитын компаниар шалгуулах боломжийг бүрдүүлж өгөх”-ийг хүсч байсан, мөн 1-р хх-ийн 187-188 дугаар талд буй аудитын хяналт шалгалтын явцад хийгдсэн “Аудитын явцын чанарыг хянах хуудас”-т “…илүү цагийг олгохдоо цагийн бүртгэл үндэслэн олгох байсныг 1-7 сарын цагийн бүртгэл өгөөгүй тул нотлох баримтаас тулгах боломж хязгаарлагдмал байна, Өмчийг тулган баталгаажуулахад үндсэн хөрөнгийн хөдөлгөөний тайлан, дэлгэрэнгүй бүртгэл, тооллогын бүртгэл ирүүлээгүй тул тулган баталгаажуулах боломжгүй байна, Үндсэн хөрөнгийн үлдэгдлийг нягтлангаар хэвлүүлээд үлдэгдэл тоолоход зөрүү үүссэн боловч хөрөнгийн карт ирүүлээгүй тул тулган нотолж чадаагүй…” гэсэн байхад шийдвэрийн Үндэслэл хэсгийн 2.40-д “Уг хяналтын хуудсанд 2025 оны 5 дугаар сарын 9-ни өдөр “Ерөнхий журнал ирүүлээгүй” гэснээс өөр баримт ирүүлээгүй талаар хяналтын тэмдэглэлд тусгаагүй…, …“А*******” өрхийн эмнэлэг ийм баримтыг ирүүлэхгүй байх санаатай үйлдэл гаргасан эсэхийг шалгаж тогтоогоогүй…” гэх зэргээр нотлох баримтыг дутуу үнэлсэн, мөн нэхэмжлэгчийн баримт ирүүлэхгүй байгаа “үйлдэл”-ийг санаатай эсэхийг тогтоох шаардлагагүй, энэ нь хэрэгт ач холбогдолгүй.

Учир нь дээрх хуулийн 15 дугаар зүйлийн 15.1-т “Төрийн аудитын байгууллага аудит хийхдээ мэдээллээр бүрэн хангагдах зарчмын хүрээнд дараах бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 15.4-т “Энэ хуулийн 15.2-т заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд саад учруулах, аудитад шаардлагатай мэдээлэл, баримт бичгийг нуун дарагдуулахыг хориглоно”, 16 дугаар зүйлийн 16.1.1-т “төрийн аудитын байгууллагын аудит хийхэд шаардагдах цаасан болон цахим хэлбэрийн мэдээлэл, баримт бичгээр хангах, уг мэдээлэл, баримт бичгийн үнэн зөв, бодитой, бүрэн байх шаардлагыг хариуцах”, 16.1.4-т “төрийн аудитын байгууллагаас тогтоосон хугацаанд шаардсан мэдээлэл, баримт бичгийг бүрэн ирүүлэх-ийг тус тус шалгагдагч этгээд болон аудитад хамрагдагчийн үүрэг байхаар зохицуулжээ.

             Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11, 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.3-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 5-ны өдрийн 778 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Төрийн аудитын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1, 15 дугаар зүйлийн 15.1, 15.4, 16 дугаар зүйлийн 16.1.1, 16.1.4-т тус тус заасныг баримтлан Нийслэл дэх Төрийн аудитын газрын дарга, тэргүүлэх аудиторын 2025 оны 6 дугаар сарын 20-ны өдрийн 01/600 дугаар “Татгалзсан санал дүгнэлт”-ийг дахин шинээр аудитын дүгнэлт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй” гэж, 2 дахь заалтыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй” гэж, 3 дахь заалтын дугаарыг “4” гэж өөрчлөн, “3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д заасны дагуу тогтоосон хугацаанд акт гаргаагүй тохиолдолд дээрх Татгалзсан санал дүгнэлт хүчингүй болохыг дурдсугай” гэсэн заалт нэмсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-т заасныг баримтлан нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                       Д.БААТАРХҮҮ

 

                              ШҮҮГЧ                                                       Н.ДОЛГОРСҮРЭН

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН