Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 59

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

нарийн бичгийн дарга М.Оргилтунгалаг,                                          

улсын яллагч С.Мөнхгэрэл,

шүүгдэгч Э.Оргил, түүний өмгөөлөгч Д.Өлзийхишиг,

шүүгдэгч Г.Чинбат, түүний өмгөөлөгч С.Энх-Эрдэнэ нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Сүхбаатар дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Энхбатын Оргил, Ганзоригийн Чинбат нарт холбогдох эрүүгийн 201625020536 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

1. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1987 оны 05 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 30 настай, эрэгтэй, дээд боловсролтой, маркетингийн менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ “ Сити “ паб-д бармен ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Хан-Уул дүүргийн 3 дугаар хороо, Үйлдвэрийн гудамж 266 дугаар байрны 815 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн / РД: УХ 87051411 / Сартуул овогт Энхбатын Оргил,

2. Шүүгдэгч Монгол улсын иргэн, 1989 оны 04 дүгээр сарын 27-ны өдөр Булган аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, дээд боловсролтой, аялал жуулчлалын менежер мэргэжилтэй, хэрэгт холбогдох үедээ Үндэсний соёл амралтын хүрээлэнд дууны техникч ажилтай байсан, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн 11 дүгээр хороо, Нуурын 8 дугаар гудамж 110 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: ГЮ 89042714 / Аригун овогт Ганзоригийн Чинбат  нар нь: 

- 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын орчим үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин харилцан зодолдож, бие биедээ хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэрэгт холбогджээ.

   ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Гэрч А.Долгорсүрэн мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Үл таних нэг залуу нилээн согтсон байдалтай орилж чарлаад байсан бөгөөд түүний хажууд нөхөр маань хамар нь хавдаад цус гарчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “ ажлаа тараад харих гээд явж байтал энэ залуу хажуугаар өнгөрөхдөө намайг цохьчихлоо “ гэж хэлсэн гэжээ.  / хх 15 /

Гэрч Т.Баярсайхан мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: …Mанай нөхрийн төрсөн дүү Чанцал манай гэрт ирээд Г.Оргил ах хүнд зодуулаад одоо Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтэс дээр байна гэж хэлэхээр нь хамт очсон. Тэгтэл Г.Оргилын зүүн талын хацар нь хавдчихсан баруун хөмсгөн дээрээ оёдол тавиулчихсан байдалтай байсан. Юу болсон талаар асуухад “ яагаад гэдгээ санахгүй байна. Ямар ч байсан хүнд зодуулчихлаа “ гэж хэлсэн гэжээ. / хх 16 /

Гэрч Э.Нэргүй мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Баянгол зочид буудлын баруун талын 24 дүгээр байрны орцонд согтуу хүн хаалга нүдээд амраахгүй байна гэсэн дуудлага ирсний дагуу очиж шалгахад нэг эмэгтэй байсан. Дөнгөж сая манай хаалгыг согтуу хүн нүдэж байгаад явчихлаа. Та нар араас нь явбал байгаа байх гэж хэлсэн. Тэгэхээр нь гараад ойр орчмыг нь шалгаж үзэхэд 24 дүгээр байрны хойд талд 2 залуу газар уначихсан зууралдаж байхаар нь яваад очтол Э.Оргил гэх махлаг биетэй залуугийн хамраас нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан нөгөө залуугийн хамраас нь цус гараад хавдчихсан байсан. Юу болсон талаар асуухад Г.Чинбат гэх туранхай өндөр залууг харих гээд явж байхад нь махлаг биетэй залуу нь мөрлөсөн гэж байсан. Тэгэхээр нь яаж байгаа юм бэ гэж асуухад махлаг биетэй залуу шууд хүрч ирээд цохьсон учраас харилцан зодолдсон гэж ярьж байсан гэжээ. / хх 17 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14293 тоот дүгнэлтэнд:

1. Э.Оргилын биед тархи доргилт, баруун чамархай, баруун, зүүн нүдний дээд доод зовхи, баруун, зүүн хацар, доод эрүү / зүүн тал /, зүүн чихний дэлбэнгийн зөөлөн эдийн няцрал, цус хуралт, баруун нүдний дээд зовхи, хамрын нуруу, зүүн тохойн зулгаралт, баруун хөмсөгний шарх, зүүн чихний ар хэсгийн цус хуралт, зулгаралт, хүзүү, зүүн дал, зүүн гуяны цус хуралт, зүүн шууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

  1. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.
  2. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.
  3. Цаашид баруун өвдөгний гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээний эдгэрэлтээс хамаарна гэжээ. / хх 20 /

Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14299 тоот дүгнэлтэнд:

1. Г.Чинбатын биед тархи доргилт, баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын нурууны цөмөрсөн хугарал, баруун нүдний дээд, доод зовхи, баруун хөмсөгний цус хуралт, хамрын нурууны зөөлөн эдийн няцрал, цус хуралт, зулгаралт, баруун өвдөгний урд чагтан холбоосны хэсэгчилсэн урагдал, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ.

3. Дээрх гэмтэл нь шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түо хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид гэмтэл нь ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөхгүй гэжээ. / хх 25 /

Шүүгдэгч  Э.Оргилыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 28 /,  2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 29-30 /

Шүүгдэгч Г.Чинбатыг 2016 оны 12 дугаар сарын 07-ны өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 31 /, 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 32-33 /

Шүүгдэгч Э.Оргил, Г.Чинбат нар урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 40, 41  / зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Э.Оргил мэдүүлэхдээ: Тэр орой найзынхаа байрны найранд очоод ахындаа хонохоор очсон боловч хаалгаа тайлж өгөөгүй. Тэгээд ахтайгаа утсаар яриад маргалдаад хараал хэлээд явж байтал хажуугаар өнгөрсөн залуу “ Юу гэнээ. Пизда минь “ гээд өөдөөс тулж ирээд бид хоёр зууралдтал тэр эхлээд миний баруун шанаанд нилээн хүчтэй хэд хэдэн удаа цохьсон. Таксины жолооч ирээд салгах гээд дийлээгүй явсан. Тэгээд эргүүлийн цагдаа ирж бид хоёрыг салгасан. Миний хөмсөг задраад цус гараад байсан учир гэмтэлд очиж оёо тавиулсан. Би эсэргүүцэж түүний шанаанд нэг удаа цохьсон.

Бид хоёр ярилцаж, эвлэрээд хэн аль нь хөнгөн гэмтэлтэй учир эмчилгээний зардлаа нэхэмжлэхгүй болсон. Одоо гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй.

Хийсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Дахин гэмт хэрэгт орооцолдохгүй. Г.Чинбатаас уучлалт гуйя. Хөнгөн ял шийтгэл оногдуулж өгнө үү гэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч, хохирогч Г.Чинбат мэдүүлэхдээ: Тэр орой манай байгууллагын 50 жилийн ой болсон юм. Би ажилтай байсан учир арга хэмжээний дараа ажлаа цэгцэлж дуусаад харихаар явж байтал нэг согтуу залуу зөрөхдөө шууд цээж рүү цохьсон. Би “ Яаж байна аа “ гэхэд “ Ална шүү. Гөлөг минь “ гээд дахин цохих гэхээр нь зураалдаж аваад хамт газар унасан. Таксины жолооч ирээд биднийг салгаад “ Энэ согтуу байна. Чи хурдан яв “ гэсэн. Би цаашаа явж байтал араас гүйж ирээд шууд нүүр рүү цохьсон. Тонгойтол 1 удаа өшиглөсөн. Тэгээд би өндийгөөд барилцаж аваад унагаасан. Уурандаа түүнийг нилээн хэдэн удаа цохьсон. Миний хамраас цус гарч байсан.

Би Э.Оргилыг уур бухимдлаа надад гаргаж, намайг цохьсон гэж бодож байна. Би ажилтай байсан болохоор архи уугаагүй, эрүүл байсан. Бид хоёр учраа олж эвлэрсэн. Нэхэмжлэх зүйл, гомдол санал байхгүй.

Хийсэн хэрэгтээ гэмшиж байна. Ажил хөдөлмөр хийж бага насны хүүхэд, гэр бүлээ тэжээдэг тул хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Прокуророос шүүгдэгч Г.Чинбатыг 2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын орчим үл ялих зүйлээр шалтаглан бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин Э.Оргилыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлжээ.

Хэрэг авагдсан болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар дүгнэхэд:

1. Шүүгдэгч Э.Оргил нь Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөлдөө / хх 4 / хэсэг бүлэг хүмүүст зодуулсан гэжээ. Мөн Цагдаагийн байгууллагад өгсөн тайлбартаа 4 залууд зодуулж, сүүлдээ уйлж гуйсан боловч зодсоор байсан / хх 5 / гэж мэдүүлснээ хохирогчоор хууль сануулан байцаалт авахад эдгээрийг үгүйсгэн мэдүүлсний гадна үл таних залуу хэрүүл маргаан үүсгэн “ Пизда минь “ гэж хэлээд үгийн дөрүүгүй миний нүүр рүү цохиж унагаасан / хх 30 / гэж зөрүүтэй мэдүүлсний гадна эхнэртээ юунаас болж маргалдсанаа мэдэхгүй байна гэж хэлж байсныг гэрч Т.Баярсайхан / хх 16 / мэдүүлсэн байна.  

2. Гэтэл шүүгдэгч Г.Чинбат нь эдгээрийг үгүйсгэж Цагдаагийн байгууллагад гаргасан өргөдөл, тайлбар / хх 6-8 / болон хууль сануулан хохирогчоор байцаалт / хх 30 / өгөхдөө согтуу залуу зөрөхдөө шууд цохиж, хэрүүл маргаан үүсгэн таксины жолооч салгасны дараа дахин араас ирж зодсон учир түүнийг зодсон гэж тууштай мэдүүлсэн байна.

3. Тэдгээрийг салгасан гэх Цагдаагийн байгууллагын ажилтан Э.Нэргүй, Т.Төмөрбат нарт хууль сануулан гэрчээр асуухад / хх 17-18 /  “ Дуудлагын дагуу очиход согтуу хүн хаалга нүдэж байгаад явчихлаа. Та нар араас нь явбал байгаа байх гэхээр нь хайтал 2 залуу газар унасан зууралдаж байхаар нь тэднийг салгах үед ойр орчинд нь хүн байгаагүй. Э.Оргил гэх махлаг залуу нь нилээн согтуу агсан шинжтэй машинаар авч явах үед орилж чарлаад байсан “ гэж мэдүүлжээ.

4. Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр Э.Оргилын биед хөнгөн гэмтэл учирсан / хх 20 / бөгөөд дээрх гэмтлийг Г.Чинбат өөрийг нь зодсоны дараа учруулсан гэсэн нь үндэслэлтэй байна. Учир нь тэдгээрийг таксины жолооч ирж салгасан болохыг Г.Чинбат мэдүүлснийг Э.Оргил анхнаасаа хэлээгүй боловч хүлээн зөвшөөрсөн. Тэдгээрийг салгасны дараа дахин Г.Чинбатын араас очиж зодолдсон болохоо өөрөө хүлээн мэдүүлсэн болно. Г.Чинбатыг өөрийгөө хамгаалж ганц цохьсон гэх боловч Г.Чинбатын биед баруун нүдний ухархайн доод ханын хугарал, хамрын нурууны цөмөрсөн хугарал бүхий олон тооны гэмтэл учирсан нь түүний мэдүүлэг худал болохыг нотолж байна.

Эдгээрээс дүгнэхэд Э.Оргил нь согтуугаар айлын хаалга нүдэж, хаалгаа тайлсангүй гэж ахтайгаа утсаар маргалдсан улмаар Г.Чинбатыг шалтгаангүйгээр цохиж хэрүүл маргаан үүсгэсэн байх бөгөөд түүнд цохиулснаас Г.Чинбат нь түүнийг зодож, бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан байна. Иймд Г.Чинбатын зүйлчлэлийг хөнгөрүүлэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар зүйлчлэх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгч Э.Оргилыг  2016 оны 10 дугаар сарын 14-нөөс 15-нд шилжих шөнө Сүхбаатар дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах Баянгол зочид буудлын орчим бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтой зөрчин шалтгаангүйгээр Г.Чинбатыг зодож, бие махбодид хөнгөн гэмтэл учруулан догшин авирлан танхайрсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо. Үүнд: ... Харихаар явж байтал согтуу залуу зөрөхдөө шууд цээж рүү цохиод “ Ална шүү гөлөг минь “ гээд барьцалдаж авсан. Таксины жолооч салгаад цааш явж байтал араас ирж нүүр рүү цохиж, тонгойтол өшиглөсөн. Миний хамар болон баруун нүдний ухархай хугарсан гэж мөрдөн байцаалтанд мэдүүлсэн хохирогч Г.Чинбатын мэдүүлэг / хх 13-14 /,  …Нөхрийн маань хамар нь хавдаад цус гарчихсан байдалтай зогсож байсан. Тэгэхээр нь юу болсон талаар асуухад “ Ажлаа тараад харих гээд явж байтал энэ залуу хажуугаар өнгөрөхдөө намайг цохьчихлоо “ гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч А.Долгорсүрэнгийн  мэдүүлэг / хх 15-16 /, ...Дуудлага ирсний дагуу очиход согтуу залуу хаалга нүдэж байгаад явчихлаа гэхээр нь шалгаж үзэхэд 2 залуу газар уначихсан зууралдаж байсан. Э.Оргил гэх махлаг биетэй залуугийн хамраас нь цус гарчихсан, нүд нь хавдчихсан нөгөө залуугийн хамраас нь цус гараад хавдчихсан байсан. Г.Чинбат гэх туранхай өндөр залууг махлаг биетэй залуу шууд хүрч ирээд цохьсон учраас харилцан зодолдсон гэж ярьж байсан. Ойр хавьд нь хүн байгаагүй гэж мөрдөн байцаалтын явцад мэдүүлсэн гэрч Э.Нэргүйгийн мэдүүлэг / хх 17 /, ... Махлаг биетэй залуу нилээн согтолттой, агсан шинжтэй машинаар авч явахад орилж хашгираад байсан гэж мөрдөн байцаалтанд явцад мэдүүлсэн гэрч Т.Төмөрбатын мэдүүлэг / хх 18 / Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 14299 дүгээр дүгнэлт / хх 25 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Э.Оргилыг догшин авирлан танхайрсан, шүүгдэгч Г.Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч нарт ял шийтгэл оногдуулахдаа шүүгдэгч Э.Оргил нь анх удаа хүндэвтэр, шүүгдэгч Г.Чинбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, шүүгдэгч нар нь үйлдсэн хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, хохиролгүй зэргийг хөнгөрүүлэх, Э.Оргил нь согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгч Г.Чинбат нь анх удаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрсэн болох нь тэдгээрийн мэдүүлэг болон шүүхэд өгсөн бичгийн баримтуудаар нотлогдож байх тул түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгох үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Э.Оргилын хувийн байдлыг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 246 дугаар зүйлийн 246.2, 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                                                     ТОГТООХ нь:

1. Прокуророос Ганзоригийн Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлснийг 99 дүгээр зүйлийн 99.1 болгон өөрчлөн зүйлчилсүгэй. 

2. Энхбатын Оргилыг догшин авирлан танхайрсан, Ганзоригийн Чинбатыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Г.Чинбатад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийг хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 77 дугаар зүйлийн 77.1-д зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.

4. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д  зааснаар Энхбатын Оргилыг 3 жил 1 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Э.Оргилын эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

6. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, Э.Оргил, Г.Чинбат нар нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.  

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Э.Оргилд оногдуулсан 3 жил 1 сарын хорих ялыг тэнсэж, 1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Хан-Уул дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст даалгасугай.

8. Г.Чинбатад авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгож, Э.Оргилд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

9. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, хохирогч, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ