Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2017 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 128/ШШ2017/0538  

 

2017 оны 07 сарын 04 өдөр            Дугаар 128/ШШ2017/0538         Улаанбаатар хот

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Насандэлгэр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “5 дугаар” танхимд хийсэн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Б.Н

Нэхэмжлэгч: П Г.

Нэхэмжлэгч:  Д.М.

Нэхэмжлэгч: Б. Б

Нэхэмжлэгч:  Б.О.

Нэхэмжлэгч: Ж.Ц.

Хариуцагч: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч.

 

Нэхэмжлэлийн шаардлага: “Д.М-ыг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/72, Б.Бг ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70, Б.О-ийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52, Б.Н-г ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103, Ж.Ц-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67, П.Г-ийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан П.Г-ийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-ыг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Б Б.О нарыг Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-ыг 18 дугаар хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, Ж.Ц-г Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх”-ийг хүссэн шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Г, нэхэмжлэгч П.Г Д.М Б.О, Б.Н Б.Б нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Ч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Д хариуцагчийн өмгөөлөгч Б.Б нар оролцлоо.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч нар шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагадаа: “2016 оны УИХ-ийн сонгуулиар Засгийн газар шинээр эмхлэн байгуулагдаж Хөдөлмөрийн яам, Хүн ам нийгмийн хамгааллын яам нэгдэж 2016 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.С томилогдон ирсэн.

Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс нэгдэж бүтэц, зохион байгуулалт шинээр батлагдсан, орон тоо хасагдсан үндэслэлээр 2016 оны 9 дүгээр сарын 30- ны өдөр Хөдөлмөрийн хэлтсийн 19 ажилтан, албан хаагчийг ажлаас чөлөөлсөн.

Дээрх хоморголон халж, чөлөөлсөн төрийн жинхэнэ албан хаагчдын тоонд бид орж ажилгүй болсон. Бидний ажлын байранд шинээр хүн авч ажиллуулж байна.

Бид бүгд төрийн албанд 1-9 жил ажилласан, Тангараг өргөсөн албан хаагчид бөгөөд бүгд банк болон банк бус санхүүгийн байгууллагад цалингийн зээлтэй, гэр бүлдээ ажил хийдэг ганц хүмүүс байсан. А.С даргатай уулзаж ярилцсан боловч би гаргасан шийдвэрээсээ буцахгүй та нар шүүх болон холбогдох дээд, шатны байгууллагаараа явж болно, шүүх дээр асуудлаа шийдүүлээрэй, та нар ардчилсан намын хүмүүс гэсэн хариу өгсөн. Иймд бид төрийн албаны зөвлөлд хандаж хариугаа авсан. Мөн Төрийн Албаны Зөвлөлийн шийдвэрийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам болон Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр А.Ст хүргүүлсэн боловч одоог хүртэл хариу өгөөгүй.

Төрийн албаны тухай хуулийн 23.4 дэх заалт /2016.09.09-ний өдрийн нэмэлт/ “...томилогдон ажиллах болсон, тухайн төрийн байгууллага нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр татан буугдсан, бүтцийн өөрчлөлт орж орон тоо хасагдсан бол түүнийг төрийн жинхэнэ албанаас чөлөөлнө” гэж заасан. Гэтэл шинэ батлагдсан бүтцээр бидний эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан үндсэн чиг үүрэг, ажил үүргийн хуваарь, хэрэгжүүлэх чиг үүрэг хэвээр байна. /Бүтэц орон тоог хавсралтаар/

Төрийн албаны тухай хуулийн “Тавдугаар бүлэг ТАХ-ийн ажиллах нөхцөл баталгаа”, 27-р зүйлийн 27.2.1, 27.2.3, 27.2.4 дэх заалтыг тус тус зөрчсөн.

Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйл, 40.1.1 дэх заалт нь төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас халах, чөлөөлөх үндэслэл болохгүй.

Хөдөлмөрийн хэлтэс, Халамжийн хэлтэс татан буугдсан гэсэн эрх бүхий албан дээд шатны байгууллагын албан ёсны шийдвэр гараагүй ба зөвхөн нэгдэж нийлсэн шийдвэр гарсан байхад татан буугдсан тухайн байгууллага байхгүй болсон гэж хэлж байгаа.

Хөдөлмөрийн хэлтсийн 28 ажилтан албан хаагчийг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэсрүү шилжүүлэн томилоогүй байхад Чингэлтэй дүүргийн хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс гэсэн шинэ албан бланк дээр ажил, албан тушаалаас халж, чөлөөлсөн зөрчил гаргасан.

Д.М нь 2016-2017 оны ээлжийн амралттай байсан ба Аймаг нийслэл, дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хэсгийн хороо, санал авах байранд сонгуулийн хууль, Төрийн албаны тухай хуулийн дагуу томилогдон ажиллаж байсан нь Хөдөлмөрийн хууль, сонгуулийн хуулийг зөрчсөн.

Иймд Д.М П.Г Б.О, Б.Н Ж.Ц, Б.Б бид Төрийн албаны тухай хууль болон бусад холбогдох хууль дүрэм журмыг зөрчиж хууль бус шийдвэр гаргасан Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, Халамжийн үйлчилгээний Хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч А.Сийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ний өдрийн Б/64, Б/72, Б/52, Б/67, Б/70 2016 оны 10 дугаар сарын 07-ний өдрийн Б/103 тушаалуудыг хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхээр нэхэмжлэл гаргаж байна.

Төрийн албаны тухай хуулийн холбогдох зүйл заалт, үндэслэлээр ажил албан тушаалаасаа гаргах тухай өргөдөл хүсэлт гаргаагүй байхад хувийн үзэл бодол, үзэмжээр хууль зөрчиж ажил, албан тушаалаас хоморголон халж чөлөөлсөнд гомдолтой байна” гэжээ.

Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Засгийн газрын “Нийслэлийн Засаг даргын тамгын газар, захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай" 2016 оны 8 дугаар тогтоол, нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс, Нийгмийн халамжийн хэлтсүүд нэгдэж Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болон өөрчлөгдсөн.

Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан бүтэц, орон тооны дагуу Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь 57 орон тоотой байхаар батлагдсан бөгөөд Хуучнаар Хөдөлмөрийн хэлтэс 30 албан хаагчтай, Нийгмийн халамж, үйлчилгээний хэлтэс 56 албан хаагчтай, захиргааны болон жирэмсэн, амаржсаны чөлөөтэй нийт 17 албан хаагч байсан бөгөөд нийт 96 албан хаагчийг батлагдсан орон тоонд багтаан ажиллуулах зайлшгүй шаардлага гарсан.

Орон тооны хязгаараас давсан албан .хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27,2.4 дэх хэсэгт “Төрийн байгууллага татан буугдсан, өөрчлөн байгуулагдсан, эсхүл өөрөөс үл хамаарах шалтгаанаар албан тушаалын орон тоо хасагдсан... эсхүл 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлэг тухайн байгууллагаас олгоно” хэмээн заасныг үндэслэн албан тушаалаас чөлөөлсөн. Чөлөөлөгдсөн бүх албан хаагчдад гурван сарын үндсэн цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмжийг олгосон.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3 дахь хэсэгт “Төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан /нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх/... хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал /ажлын байр/ цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг ур чадвар, дадлага туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна” заасны дагуу Захиргааны ерөнхий хуулийн 27.4.3 дахь хэсэгт зааснаар албан хаагч бүртэй биечлэн уулзаж, сонсгол хийж тэмдэглэл хөтлөн баталгаажуулсан.

Хөдөлмөрийн хэлтэст ажиллаж байсан Д.М нь Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2015 оны Б/72 “Ажлын байр, албан тушаал шинэчлэн батлах тухай” алаар “7-8 дугаар хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан ажилтан”-аар, 2015 оны 12 дугаар сарын 30-ны Б/117 дугаар тушаалаар хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн”-ээр томилогдон ажиллаж байсан.

Нийгмийн халамжийн хэлтэст “Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтэн”-ий орон тоон дээр ажиллаж байсан С.Н-г төрийн алба хаасан хугацаа, ажлын туршлага, мөн жирэмсэн зэрэг шалтгааныгхаргалзан Хөдөлмөрийн тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.1-д заасныг үндэслэн албан тушаалд нь хэвээр үлдээж Д.М-ыг ажлаас чөлөөлсөн. Д.Мын ээлжийн амралтын хугацаа хуваарийн дагуу дууссан байсан, мөн Аймаг, нийслэл дүүргийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлын төлөөлөгчдийг сонгох сонгуулийн хэсгийн хороонд ажиллах тухай албан бичиг манай байгууллагад ирээгүй.

П.Г нь 2015 оны 12 дугаар сарын 30-ны Б/117 дугаар тушаалаар “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн”-ээр ажиллаж байсан бөгөөд өмнө нь “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох мэргэжилтэн”, “Ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэсэн 2 орон тоотой байсан нь Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны -А/11 тушаалаар “Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх, ажилд зуучлал хариуцсан мэргэжилтэн” гэж нэгтгэгдэж ирсэн. Батлагдсан орон тоон дээр одоо ажиллаж буй мэргэжилтэн Ш.Днь П.Гээс илүү удаан ажилласан, 2012 онд төрийн албаны тангараг өргөсөн, ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөхөөр мэргэшсэн гэрчилгээтэй албан хаагч юм.

Б.О Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/03 дугаар тушаалаар “Жижиг, дунд үйлдвэрлэл хариуцсан4 мэргэжилтэн”, 2016 оны Б/42 дугаар тушаалаар Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан. Ярилцлагын үеэр Б.О нь тушаал гарснаас хойш өөрийн томилогдсон хороон дээрээ очиж үзээгүй хэмээн хэлж байсан.

Мөн эдгээр албан хаагчид нь Төрийн албаны тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1.1 дэх хэсэгт заасан төрийн жинхэнэ албан хаагчийн үйл ажиллагаанд хориглосон үйлдлийг үйлдсэн нь илэрсэн нөхцөл үүссэн.

Хоёр хэлтэс нэгдсэнээр хорооны нийгмийн халамжийн асуудал хариуцсан мэргэжилтнүүдийг хороонд нь үлдээн ажиллуулах шийдвэр гаргасан.

Учир нь Нийгмийн халамжийн мэргэжилтнүүд.өдөр тутам иргэдэд Нийгмийн халамжийн тухай хуулийн дагуу 69 төрлийн үйлчилгээ болон 2 хөтөлбөрийн хэрэгжилтийг хангах үйлчилгээ үзүүлэн ажилладаг, иргэдээ маш сайн мэддэг, иргэдтэй тулж ажилладаг, ажлын дадлага туршлагатай, мэргэжсэн Нийгмийн ажилтнууд байсан” гэжээ.

Нэхэмжлэгч нарын итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б/52, Б/67, Б/72, Б/70, мөн оны 10 дугаар сарын 7-ний өдрийн Б/103 дугаар тушаалуудыг хүчингүй болгуулж урьд эрхэлж байсан ажил болон албан тушаалд буюу нэхэмжлэгч Д.М-ыг хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч П.Г-ийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх асуудал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Б.Бгхорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Б.Н-ыг хорооны халамжийн асуудал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Ж.Ц-г шинэ ажлын байр, ажлын зуучлал хариуцсан мэргэжилтэн, нэхэмжлэгч Б.Оийг хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эргүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс гаргуулах, Эрүүл мэнд болон Нийгмийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлд тухайн захиргааны акт гарах шалтгааныг заахаар зохицуулсан. Нэхэмжлэгч нарыг ямар үндэслэлээр чөлөөлсөн талаар маргаан бүхий захиргааны актад дурдаагүй байна. Төрийн албаны тухай хууль болон бусад эрх бүхий байгууллагын актыг үндэслэн ажлаас чөлөөлсөн нь Захиргааны ерөнхий хуулийн 40 дүгээр зүйлийг зөрчиж байна. Нэхэмжлэгч нарын эрх ашгийг хөндөж буй сөрөг нөлөөлөл бүхий эрх зүйн актыг гаргахын өмнө нэхэмжлэгч нартай Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг хийгээгүй нь уг хуулийг зөрчсөн байна. Маргаан бүхий тушаалуудын талаар сонсох ажиллагаа хийгээгүй, мэдэгдээгүй байдаг. Төрийн албаны тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д төрийн албанаас чөлөөлөх 3 үндэслэлийг тодорхой заасан байдаг. Гэтэл маргаан бүхий захиргааны актууд нь Төрийн албаны тухай хуулийн 23.4-т заасныг үндэслэн гарсан нь нэхэмжлэгч нарын Үндсэн хуульд заасан ажил мэргэжлээ чөлөөтэй сонгох, хөдөлмөрлөх эрхийг зөрчсөн. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгч Д.М шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Миний хувьд төрийн албанд 9 жил ажиллаж байна. 2005 онд төрийн албан хаагчийн тангараг өргөж одоог хүртэл тасралтгүй ажиллаж байна. 2014 оны 5 дугаар сарын 23-ны өдрийн Б/29 дүгээр тушаалаар хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Хөдөлмөрийн хэлтэст 2013 оны 3 дугаар сарын 15-ны өдөр төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтнээр анх томилогдож байсан. Уг албан тушаал дээр ажиллаж байгаад 2015 оны 7 сард бүтцийн өөрчлөлтөөр хороо хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Эргээд сарын дараа буюу 9 сард бүтэц хийгдээд би хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Энэ албан тушаал дээр 2 жил 9 сар дээр ажиллаж байсан. Миний ажлын байр сүүлд батлагдсан шинэ бүтцээр хэвээр хадгалагдаж байгаа. Бүтэц өөрчлөгдөөд миний ажлын байр өөрчлөгдөөгүй. Ээлжийн амралтын хуваарь батлах тухай 2016 оны 6 дүгээр сарын 21-ний Б/40 дүгээр тушаал батлагдаж, миний ээлжийн амралт 2016 оны 9 дүгээр сарын 5-ны өдрөөс 9 дүгээр сарын 30-ны өдөр хүртэл байсан. Миний ээлжийн амралт 9 дүгээр сарын 30 өдөр дууссан ба уг өдөр амралтын өдөр таарсан. Би 2016 оны 10 дугаар сарын 2-ны өдөр ажил дээрээ ирэх байсан. Намайг ажлаас 2016 оны 9 дүгээр сарын 30-ны өдрөөр тасалбар болгон ажлаас чөлөөлсөн нь Хөдөлмөрийн тухай хуулийг зөрчиж байна.

Би орон нутаг, Улсын Их Хурлын болон Ерөнхийлөгчийн сонгуулийн ажилд төрийн албан хаагчийн хувьд 7 дахь удаагаа оролцож байна. Миний нэр Сонгуулийн ерөнхий хорооны ээлжит бус ажилтны нэрийн жагсаалтад байдаг. 2016 оны 10 дугаар сарын 10-ны өдрийн 128 дугаар Сүхбаатар дүүргийн Сонгуулийн хорооны албан бичиг манай байгууллагад очсон байдаг. Өмнө би сонгуульд ажиллах гэж байгаа гэдгээ н.Сэрээтэр даргад хэлж байсан. Өмнө нь би “намайг ажлаас чөлөөлөх боломжгүй биз дээ, чөлөөлсөн ч хороо руу томилогдох” саналыг би н.Сэрээтэр даргад тавьж байсан. Гэтэл тийм саналыг би хүлээж авалгүй ажлаас чөлөөлөгдсөн. Иймд Сонгуулийн тухай хуулийг зөрчиж байна. Маргаан бүхий захиргааны актыг би хувьдаа хүлээн зөвшөөрөхгүй байна. Би 2013 оноос хойш Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст ажиллаж байна. 2014, 2015, 2016 оны үр дүнгийн гэрээний биелэлтийг өөрөө хариуцан ажиллаж байсан” гэв.

Нэхэмжлэгч П.Г шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: 2014 оны 2 дугаар сарын 21-ний өдөр Хөдөлмөрийн хэлтэст хороо хариуцсан мэргэжилтнээр анх томилогдсон. 2015 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр томилогдсон. Ажил, мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөх үйлчилгээ хариуцсан мэргэшсэн зөвлөх бөгөөд үе шаттайгаар сургалтад хамрагдсан. Уг хөтөлбөр дээр Германы хөтөлбөр хэрэгжиж байсан. Тухайн үед миний ажлын байрт заавал мэргэшсэн зөвлөх байхыг шаардаж байсан. Төрийн албаны тангаргаа 2016 оны 6 сард өргөсөн. Маргаан бүхий тушаалыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Нэхэмжлэгч Б.Н шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: “Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтсийн 2013 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн Б/19 дүгээр тушаалаар хороо хариуцсан мэргэжилтнээр ажилд орсон. 2013 оны 12 дугаар сарын 10-ны өдөр төрийн албаны тангараг өргөсөн. Томилогдсон хороон дээр 3 жил 7 сар ажилласан. Нийгмийн ажилтны сургалтад 2 удаа суусан. Дохионы хэлний сургалтад суусан. 2015 онд Төрийн захиргааны менежментээр мэргэшсэн. Үр дүнгийн гэрээг А болон В үнэлгээгээр тооцуулж байсан. Маргаан бүхий захиргааны актыг хүлээн зөвшөөрөхгүй байна” гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нийслэлийн Засаг даргын Тамгын газарт Захирагчийн ажлын албаны бүтцийг батлах тухай 2016 оны 8 дугаар тогтоол, Нийслэлийн Засаг даргын 2016 оны 9 дүгээр сарын 14-ний өдрийн Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай А/653 дугаар захирамжийн дагуу Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн хэлтэс нэгдэж, Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс болсон. Хөдөлмөр, халамж үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн А/11 дүгээр тушаалаар баталсан бүтэц орон тооны дагуу Хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэс нь 57 орон тоотойгоор батлагдсан. Хуучин Хөдөлмөрийн хэлтэс нь 30, Нийгмийн халамжийн хэлтэс нь 56 орон тоотой байсан. Захиргааны болон жирэмсний амралттай 17 албан хаагч байсан. Нийт 96 албан хаагчийг цомхтгож 57 албан хаагчтай болгох шаардлага үүссэн. Орон тооны хязгаараас давсан албан хаагчдыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-т заасны дагуу ажлаас чөлөөлж, хуульд заасны дагуу тэтгэмжийн олгосон. Маргаан бүхий захиргааны актыг гаргахдаа Захиргааны ерөнхий хуульд заасны дагуу чөлөөлсөн албан хаагч бүртэй хэлтсийн дарга, хэлтсийн ахлах мэргэжилтний хамтаар сонсох ажиллагаа хийж, тэмдэглэл хөтөлсөн. Хуучнаар Хөдөлмөрийн болон Халамжийн хэлтэс хоёулаа хүний нөөцийн мэргэжилтэнтэй байсан. Энэ 2 хүний аль нэгийг ажлаас чөлөөлөх шаардлага үүссэн байсан. Тухайн үед хүний нөөцийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан н.Нарантуяаг төрийн алба хаасан хугацаа, ажлын туршлага, жирэмсэн байсан зэргийг харгалзан уг албан тушаалд нь авч үлдсэн. Нэхэмжлэгч Д.Мын ээлжийн амралтын хугацаа дууссан хугацаа буюу 10 дугаар сарын 30-ны өдрөөр тасалбар болгон чөлөөлсөн. Мөн Сонгуулийн хэсгийн хороонд ажиллах талаар албан бичиг манайд ирээгүй тул энэ талаар мэдээгүй байсан. Хуучин Хөдөлмөрийн хэлтэс 30 орон тоотой байсан. Шинэ бүтэц нь Хөдөлмөрийн алба болж 7 хүний бүрэлдэхүүнтэй байсан. Иймд хуучин ажиллаж байсан 30 хүнээс тодорхой албан хаагчдыг чөлөөлөх зайлшгүй шаардлага үүссэн” гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдааны үед гаргасан тайлбартаа: Нэр бүхий албан хаагчдыг ажлаас чөлөөлсөн тушаалууд нь Төрийн албаны тухай хуулийн дагуу гарч хуульд нийцсэн ажиллагаа явагдсан. Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийг баримталсан нь уг хүмүүсийг чөлөөлөх үндэслэл болсон. Төрийн албаны тухай хуульд заасны дагуу маргаан бүхий тушаалд 25 дугаар зүйлийг баримталсан. Төрийн жинхэнэ албан хаагчийн болзол хангасан байх ёстой бөгөөд хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байснаараа төрийн жинхэнэ албан хаагч болохгүй. Төрийн албаны тухай хуулийн 11.2-т “Энэ хуулийн 5.1.2, 5.1.З-т заасан албан тушаалын ангиллын хүрээнд төрийн удирдах, гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа Монгол Улсын иргэнийг төрийн жинхэнэ албан хаагч гэнэ” гэжээ. Дээрхээс үзвэл гүйцэтгэх албан тушаалыг мэргэшлийн үндсэн дээр байнга эрхэлж байгаа гэдгийг томилогдсон хүнийг ойлгоно. Мөн төрийн жинхэнэ албан хаагчийн нийтлэг үүрэг дээр өргөсөн тангарагтаа үнэнч байхыг шаарддаг тул Төрийн жинхэнэ албан хаагч гэдэгт тангараг өргөсөн хүнийг ойлгоно. Нэхэмжлэгч Ж.Ц, Б.Б нар нь төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй. Хөдөлмөрийн яам, хөдөлмөрийн асуудал эрхэлсэн агентлаг, хөдөлмөрийн хэлтэс нь татан буугдсан байхад эдгээр хүмүүс энэ албан тушаал дээр заавал үлдэх ёстой гэдгийг нотлохгүй байна. Сонсох ажиллагаа хийсэн санаа нь байгаа боловч хэрэглээний алдаа гарсныг үгүйсгэхгүй. Гэхдээ алдаа гарсан нь нэхэмжлэгч нарыг ажилд нь буцаан томилно гэсэн үг биш юм. Халамжийн хэлтсийн даргад урьд эрхэлж байсан ажил, албан тушаалд эргүүлэн томилуулахыг даалгах нэхэмжлэлийн шаардлага гаргасан нь үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нар Төрийн албаны салбар зөвлөлд гомдол гаргасан асуудал яригдсангүй. Төрийн албаны салбар зөвлөлөөс авсан гомдлын хариуг хэзээ гардан авсан талаарх баримтыг хэрэгт аваагүй байна. Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 12 дугаар сарын 5-ны өдрийн нэхэмжлэгч Ж.Ц-гаас бусад нэхэмжлэгч нарт өгсөн баримт байна. 2017 оны 1 дүгээр сарын 5-ны өдөр буюу 31 дэх хоног дээр нэхэмжлэгч нар шүүхэд гомдол гаргажээ. Иймд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлд заасан хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна.

Нэхэмжлэгч Б.Б нь 11 сард Төрийн албаны зөвлөлийн албан бичгийг хүлээн авсан бөгөөд Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу нэхэмжлэл гаргах хөөн хэлэлцэх хугацаагаа алдсан байна. Гар дээрээ авсан гэдэг баримт нэхэмжлэгч нарын хэнд ч байхгүй байна.

Улсын тэмдэгтийн хураамжийг 31 дэх хоног дээр тушаасан бөгөөд нэхэмжлэгч П.Г 70.200 төгрөгийг тушаасан. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийг үндэслэвэл нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамжийг төлөх ёстой. Улсын тэмдэгтийн хураамж тушаасан баримт дээр ганцхан П.Г гэдэг хүн 70.200 төгрөгийг тушаасан байна. Нэхэмжлэл хамтран гаргасан бол тэмдэгтийн хураамж төлсөн баримт дээр нэхэмжлэгч нар бүгд гарын үсэг зурах ёстой байсан. Дээрхээс үзвэл улсын тэмдэгтийн хураамжийг нэхэмжлэгч П.Г төлсөн бусад нь төлөөгүй гэдэг асуудал харагдаж байна. Иймд процесс ажиллагаанд ноцтой алдаа гаргасан байгаа бөгөөд нэхэмжлэгч нарыг эргүүлэн томилох боломж байхгүй. Бүрдүүлбэр хангуулах захирамжийн дагуу Б.Б хүлээн авсан баримт өөр байхгүй байгаа тул гомдол гаргах хугацаа хэтрүүлсэн гэж үзхээр байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.

 

                                                            ҮНДЭСЛЭХ НЬ;

            Иргэн П.Г Д.М Б.О, Б.Н Ж.Ц, Б.Б  Д.М нарыг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгэр сарын 30-ны өдрийн Б/72, Б.Бгажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70, Б.Оийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52, Б.Н-ыг ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103, Ж.Ц-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67, П.Г-ийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64 дүгээр тушаалуудыг хүчингүй болгож урьд эрхэлж байсан П.Г-ийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-ыг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.ББ.О нарыг Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-ыг 18 дугаар хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, Ж.Ц-г Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

            Нэхэмжлэгч, тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нар Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэст шинэ батлагдсан бүтцээр бидний эрхэлж байсан ажил, албан тушаал, ажлын байрны тодорхойлолтод заагдсан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д заасан үндэслэлээр ажлаас чөлөөлсөн нь хууль бус гэж маргажээ.

Шүүх дараахь үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нарын нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон нэхэмжлэгч П.Г Д.М  Б.Н нарын нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст (хуучин нэрээр) 2013 оноос Хөдөлмөрийн харилцааны мэргэжилтэн, Ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Хэлтсийн нярав, Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байжээ.

Тэрээр Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаалыг эс зөвшөөрч эрхээ хамгаалуулж урьдчилан шийдвэрлүүлэхээр Төрийн албаны зөвлөлд хандаж өргөдөл гаргасан байна.

Уг өргөдлийн хариуг Төрийн албаны зөвлөл 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгээр ирүүлснийг нэхэмжлэгч Б.Б хүлээн авч хуулинд заасан хугацаанд шүүхэд хандаагүй хуулийн хугацаа алдсан байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзах үндэслэлтэй байна.

Нэхэмжлэгч энэ хэргийн бусад нэхэмжлэгч нарын хамт 2017 оны 01 дүгээр сарын 05-ний өдөр тус шүүхэд гаргасан нэхэмжлэлд “..Төрийн албаны зөвлөлийн 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн 1249 дүгээр албан бичгийг хэзээ гардаж авсан нь тодорхойгүй байгааг..” тодруулахаар тус шүүхийн шүүгчийн 2017 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн “Нэхэмжлэлийн бүрдүүлбэр хангуулах хугацаа тогтоох тухай” 456 дугаар захирамжаар хугацаа тогтоосон бөгөөд нэхэмжлэгч мөн оны 01 дүгээр сарын 26-ны өдөр дахин нэхэмжлэл гаргахдаа Төрийн албаны зөвлөлийн 1249 дүгээр албан бичгийг хавсарган ирүүлсэн хэдий ч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад болон шүүх хуралдааны хэлэлцүүлгийн шатанд уг шийдвэрийг гардан авснаас хойш Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.3-д заасан хугацааг хэтрүүлээгүй талаараа нотлоогүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Б.Б Төрийн албаны зөвлөлийн “...төрийн захиргааны байгууллагаас Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3, 27.2.4-д зааснаар гаргасан акттай холбоотой маргааныг тус зөвлөл хүлээн авч шийдвэрлэдэггүй тул шүүхийн байгууллагад хандаж шийдвэрлүүлэх нь зүйтэй.” гэсэн агуулга бүхий албан бичгийг хүлээн авснаас хойш хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хуулиар тогтоосон хугацаанд шүүхэд хандаагүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хянан шийдвэрлэх хууль зүйн боломжгүй байна.

Ийнхүү Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 109 дүгээр зүйлийн 109.2-т “Энэ хуулийн 54.1-д заасан үндэслэл.....шүүх хуралдааны үед тогтоогдвол шүүгч...хэргийг хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзана.” гэж зохицуулсны дагуу Б.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Б.Б энэхүү албан бичгийг хүлээн авсан цаг хугацаагаа тодорхой болгон хуулийн хугацаанд нэхэмжлэл гаргаагүй шалтгаанаа нотолж, эрхээ сэргээлэгсний  үндсэн дээр дахин нэхэмжлэл гаргах эрхтэй болно.

Нэхэмжлэгч Б.О тус хэлтэст Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр, Ж.Ц Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр тус тус ажиллаж байсан бөгөөд дээрх ажлын байрууд нь төрийн захиргааны ТЗ-4 ангилалын төрийн жинхэнэ албан хаагчийн болзол хангасан иргэн томилогдон ажиллах шалгууртай байна.

Гэвч нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т “Энэ хуулийн 10.1-д заасан ерөнхий болон 33.5-д заасан тусгай шаардлага, 16 дугаар зүйлд заасан болзлыг хангасан Монгол улсын иргэн төрийн жинхэнэ албан тушаал эхлэх эрхтэй.” гэсэн шаардлагыг хангаагүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн албаны шалгалт өгч, төрийн албан хаагчийн тангараг өргөөгүй  Б.О, Ж.Ц нарыг дээрх ажилд томилсон хариуцагчийн шийдвэр Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлд заасан шаардлагатай нийцээгүй байна.

Тодруулбал нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нар Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1-д “Төрийн албан тушаалд тавих ерөнхий шаардлага нь хуульд өөрөөр заагаагүй бол тухайн албан тушаалыг эрхлэх мэдлэг, боловсрол, туршлага, ур чадвартай, мэргэшсэн байх..” гэсэн шаардлагыг хангаагүй гэж үзнэ.

Нөгөө талаар нэхэмжлэгч Ж.Ц Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны Б/28 дугаар тушаалаар тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр түр томилогдон, хөдөлмөрийн гэрээгээр, мөн оны 6 дугаар сарын 20-ны өдрийн Б/33 дугаар тушаалаар Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн Д.Алтантуяагийн жирэмсний болон амаржсаны амралтын хугацаанд 2016 оны 05 дугаар сарын 20-ны өдрөөс түр томилогдон, хөдөлмөрийн гэрээгээр ажиллаж байгаад 2016 оны 08 дугаар сарын 01-ний өдрийн Б/49 дүгээр тушаалаар энэ албан тушаалд томилогдсон нь түүнийг төрийн жинхэнэ албан тушаал эрхэлж байсан гэж үзэхээргүй байна.

Өөрөөр хэлбэл төрийн жинхэнэ албан хаагчийн хөдөлмөрийн харилцаатай холбоотой маргааныг Төрийн албаны тухай хуулиар зохицуулсан бөгөөд хөдөлмөрийн гэрээний үндсэн дээр ажил эрхэлж байгаа алба хаагчийн хувьд энэ харилцаатай холбоотой маргаанаа харьяаллын шүүхэд хандаж эрхээ хамгаалуулах боломжтой юм.

Түүнчлэн Б.Оийг тус дүүргийн Хөдөлмөрийн хэлтсийн даргын 2016 оны 01 дүгээр сарын 11-ний өдрийн Б/03 дугаар тушаалаар мэргэжилтэн А.Болормаагийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд Жижиг дунд үйлдвэрлэл хариуцсан мэргэжилтнээр, мөн оны 05 дугаар сарын 18-ний өдрийн Б/27 дугаар тушаалаар мэргэжилтэн Т.Долгормаагийн жирэмсний болон амаржсаны амралттай байх хугацаанд Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтнээр мөн оны 06 дугаар сарын 24-ний өдрийн Б/42 дугаар тушаалаар Төрийн албаны тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4-д заасныг үндэслэн тус хэлтсийн Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөр, төсөл хариуцсан мэргэжилтнээр томилсон шийдвэрүүд тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагуудыг хангаагүй хуульд нийцээгүй байна.

Нэхэмжлэгч Б.О Ж.Ц нар нь төрийн албан хаагчийн шалгалтад орж байгаагүй бөгөөд энэ тухай нэхэмжлэгч Б.Оийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн тайлбар хэргийн бусад оролцогчдийн тайлбараар давхар нотлогдсон болно.

Энэ утгаараа нэхэмжлэгч нар Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан төрийн албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах хууль зүйн боломжгүй бөгөөд энэ хуулийн 17 дугаар зүйлийн 17.2-т заасан шаардлагыг хангаагүй нэхэмжлэгч Б.О, Ж.Ц нарын хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн байх үндэслэлгүй байх тул тэдний нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж дүгнэв.

Харин нэхэмжлэгч П.Г Д.М  Б.Н нарыг Төрийн албаны  тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.4-д зааснаар ажлаас чөлөөлсөн тушаалууд хууль, холбогдох журмуудыг зөрчсөн байна.

Нэхэмжлэгч П.Г Чингэлтэй дүүргийн Хөдөлмөрийн хэлтэст (хуучин нэрээр) 2014 оны 02 дугаар сараас Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтэн, тус хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр, Д.М 2013 оноос Зорилтод бүлгүүдийн төсөл хөтөлбөрийн мэргэжилтэн, Хөдөлмөр эрхлэлтийн төлөвлөлт, бодлогын хэрэгжилт хариуцсан ахлах мэргэжилтний албан үүргийг түр орлон гүйцэтгэгч, 7, 8 дугаар хороонд хөдөлмөр эрхлэлтийн асуудал хариуцсан мэргэжилтэн, Хөдөлмөрийн судалгаа, дүн шинжилгээ, тэдгээрийн тайлан, хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр, Б.Н 18 дугаар хороо хариуцсан халамжийн мэргэжилтнээр тус тус ажиллаж байжээ.

Хариуцагч нэр бүхий мэргэжилтнүүдийг ажлаас чөлөөлөхдөө Төрийн албаны тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4, 27 дугаар зүйлийн 27.2.4,  Хөдөлмөрийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1.2, 40 дүгээр зүйлийн 40.1.1-д заасныг удирдлага болгосон хэдий ч хариуцагчийн  өмгөөлөгч шүүх хуралдааны явцад нэхэмжлэгч нарыг Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг үндэслэн ажлаас чөлөөлсөн гэж тайлбарлажээ.

Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д “төрийн байгууллага өөрчлөн байгуулагдсан (нийлүүлэх, нэгтгэх, хуваах, тусгаарлах, өөрчлөх), эсхүл зохион байгуулалтын бүтэж нь өөрчлөгдсөн боловч төрийн албан хаагчийн албан тушаал (ажлын байр)-ын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн бол түүнийг уг албан тушаалд нь үргэлжлүүлэн ажиллуулах, хэрэв тухайн чиг үүргийг хэрэгжүүлэх албан тушаал (ажлын байр)-ын орон тоо цөөрсөн бол уг албан тушаалыг эрхэлж байсан албан хаагчийн үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг нь харгалзан тухайн албан тушаалд тавигдах ерөнхий болон тусгай шаардлагыг хамгийн илүү хангаж байгаа албан хаагчийг томилох эрх бүхий албан тушаалтан нь шалгаруулж авна.” гэж зохицуулжээ.

Нийслэлийн Засаг даргын 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдрийн “Хууль хэрэгжүүлэх зарим арга хэмжээний тухай” А/653 дугаар тушаалаар дүүргүүдийн Засаг дарга нарын эрхлэх асуудлын хүрээнд үйл ажиллагаа явуулж байгаа Хөдөлмөрийн хэлтэс болон Нийгмийн халамжийн үйлчилгээний хэлтсийг нийлүүлэн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс болгон өөрчлөн зохион байгуулжээ.

            Үүнээс үзвэл шинэчлэн зохион байгуулагдсан дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтэс нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 237.2.3-д зааснаар өөрчлөн зохион байгуулагдсан бөгөөд дээрх хэлтсүүдэд ажиллаж байсан төрийн жинхэнэ албан хаагчийг ажлаас чөлөөлсөн шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан гаргахдаа хуулийн энэ зүйл заалтын хүрээнд шийдвэрлэхээр байна.

            Гэтэл хариуцагч Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн дарга тус хэлтсийн Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан П.Г хүний нөөц дотоод асуудал хариуцсан мэргэжилтнээр ажиллаж байсан Д.М хороо хариуцсан халамжийн мэргэжилтнээр ажиллаж байсан Б.Н нарыг ажлаас чөлөөлсөн тушаалыг гаргахдаа Төрийн албаны тухай хуулийн холбогдох заалтыг оновчтой хэрэглээгүй, ажлаас чөлөөлөгдөх хууль зүйн үндэслэл байсан талаар хангалттай нотлоогүй байна.

            Тухайлбал Монгол улсын Хөдөлмөрийн сайдын 2016 оны 01 дүгээр сарын 22-ны өдрийн “Аймаг, нийслэлийн дүүргийн хөдөлмөрийн хэлтсийн бүтэц, орон тооны дээд хязгаарыг шинэчлэн батлах тухай” А/17 дугаар тушаалын хавсралтаар Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан болон Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн, Нийгмийн халамж, үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн “Аймаг, нийслэл, дүүргийн Нийгмийн халамж, үйлчилгээний газар, хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай А/53 дугаар тушаалын хавсралтаар Хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн батлагдан ажиллаж байсныг Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний ерөнхий газрын даргын 2016 оны 09 дүгээр сарын 19-ны өдрийн “Дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн бүтэц, орон тоо батлах тухай” А/11 дүгээр тушаалаар дээрх нэр бүхий албан хаагчдийн албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад тэднийг мэргэшил, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага туршлагыг харгалзан  шалгаруулалт явуулахгүйгээр ажлаас чөлөөлсөн нь Төрийн албаны тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасан зохицуулалттай нийцээгүй байна.

            Тодруулбал нэр бүхий дээрх 3 албан тушаалын орон тоо цөөрсөн байхыг үгүйсгэхгүй ч уг албан тушаалыг эрхэлж байсан нэхэмжлэгч нарын үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан шалгаруулж авах, энэ талаар өрсөлдөх боломж олгоогүй ажлаас чөлөөлсөн нь маргааны үндэслэл болсон гэж үзэхээр байна.

            Түүнчлэн Хүний нөөц, дотоод ажил хариуцсан мэргэжилтний албан тушаал эрхэлж байсан Д.М-ыг ажлаас чөлөөлөхдөө түүний оронд жирэмсэн хүнийг ажлын байраар хангах байдлаар өөр хүнийг шалгаруулж үлдээсэн гэх тайлбар хууль зүйн үндэслэлгүйн дээр  Ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтэн П.Г болон Хороо хариуцсан нийгмийн халамжийн мэргэжилтэн Б.Гандолгор нарын ажлын байранд хэрхэн шалгаруулалт явуулсан нь тодорхойгүй энэ талаар нотлох баримт ирүүлээгүй байна.

            Өөрөөр хэлбэл хариуцагч нэхэмжлэгч П.Г Д.М Б.Н нарын албан тушаалын тодорхойлолтод заасан чиг үүрэг хэвээр хадгалагдан үлдсэн байхад үйл ажиллагааны үр дүн, мэргэшлийн түвшингийн үнэлгээ, мэдлэг, ур чадвар, ажлын дадлага, туршлага зэргийг харгалзан шалгаруулж авах хуулинд заасан үүргээ хэрэгжүүлээгүй тэдний хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж дүгнэв.

            Нөгөө талаар хариуцагч Захиргааны ерөнхий хуулийн 27 дугаар зүйлд заасан сонсох ажиллагааг 2016 оны 09 дүгээр сарын 19, 09 дүгээр сарын 20, 09 дүгээр сарын 22-ний өдрүүдэд хийсэн хэдий ч эрх ашиг нь зөрчигдсөн нэхэмжлэгч П.Г Д.М нарыг оролцоогүй байхад тэдэнд мэдэгдээгүй, оролцоог хангаж тайлбар, санал гаргах боломж олгоогүй нь уг сонсох ажиллагаа хуульд нийцсэн гэж үзэхээргүй байна.

            Иймд Д.М-ыг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгэр сарын 30-ны өдрийн Б/72, П.Г-ийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Н-ыг ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, урьд эрхэлж байсан П.Г-ийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-ыг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-ыг хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэв.

            Харин нэхэмжлэгч Б.Б Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасан “энэ хуулийн 14.1-14-4-т заасан хугацааг хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр хэтрүүлсэн.” гэснийг зөрчиж хуулинд заасан хугацаанд шүүхэд хандаагүй байх тул нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзаж, нэхэмжлэгч Б.О Ж.Ц нарын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэв.

            Шүүх П.Г Д.М Б.О, Б.Н Ж.Ц, Б.Б нарын ажлаас үндэслэлгүй чөлөөлөгдсөн тухай нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1-д “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэгэн адил шаардлага бүхий нэхэмжлэлийг хэд хэдэн нэхэмжлэгч хамтран гаргаж болно.” гэж заасны дагуу  хүлээн авч захиргааны хэрэг үүсгэн хянан шийдвэрлэсэн болно.

 

            Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.1, 106.3.14, 109 дүгээр зүйлийн 109.2-д тус тус заасныг баримтлан ТОГТООХ нь:

            1.Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 11 дүгээр зүйлийн 11.1, 17 дугаар зүйлийн 17.2, 27 дугаар зүйлийн 27.2.3-д заасныг баримтлан Д.М-ыг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгэр сарын 30-ны өдрийн Б/72, П.Г-ийг ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/64, Б.Н-ыг ажлаас чөлөөлсөн 10 дугаар сарын 07-ны өдрийн Б/103 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон, урьд эрхэлж байсан П.Г-ийг ажил мэргэжлийн чиг баримжаа олгох, зөвлөгөө өгөх үйлчилгээ хариуцсан мэргэжилтний, Д.М-ыг Хүний нөөц, дотоод асуудал хариуцсан мэргэжилтний, Б.Н-ыг хороо хариуцсан халамжийн мэргэжилтний, ажил албан тушаалд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны  П.Гт 4666258 төгрөгийн, Д.Мад 6623685 төгрөгийн, Б.Нт 4015376 төгрөгийн цалин тус тус олгуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлсүгэй.

            2. Төрийн албаны тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1, 17 дугаар зүйлийн 17.2-д заасныг баримтлан Б.Оийг ажлаас чөлөөлсөн Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/52, Ж.Ц-г ажлаас чөлөөлсөн 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/67 дугаар тушаалуудыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон Б.Оийг Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний, Ж.Ц-г Шинэ ажлын байр, ажилд зуучлах үйлчилгээ хариуцсан мэргэжилтний ажил албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

            3.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 54 дүгээр зүйлийн 54.1.8-д заасныг баримтлан  Чингэлтэй дүүргийн Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний хэлтсийн даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн ажлаас чөлөөлсөн 2016 оны 10 дугаар сарын 03-ны өдрийн Б/70 дугаар тушаал хууль бус болохыг тогтоож хүчингүй болгон урьд эрхэлж байсан Хорооны хөдөлмөрийн асуудал хариуцсан мэргэжилтний албан тушаалд эгүүлэн томилж, ажилгүй байсан хугацааны цалин, хөлс, нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх Б.Бгийн нэхэмжлэлийг хүлээн авахаас татгалзсугай.

4.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 47 дугаар зүйлийн 47.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг төсвийн орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

5. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                             А.НАСАНДЭЛГЭР