| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00377/И |
| Дугаар | 142/ШШ2020/00398 |
| Огноо | 2020-03-20 |
| Маргааны төрөл | Гэрлэлт цуцалсан, Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 03 сарын 20 өдөр
Дугаар 142/ШШ2020/00398
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар
Нэхэмжлэгч: 1994 онд төрсөн, 26 настай, эрэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 37-02 тоотод оршин суух С овгийн Т-ийн А /регистрийн дугаар ....../ нэхэмжлэлтэй,
Хариуцагч: 1993 онд төрсөн, 27 настай, эмэгтэй, Орхон аймаг Баян-Өндөр сум Наран баг 37-02 тоотод оршин суух, Т овогт Б-ын Т-д /регистрийн дугаар ......./ холбогдох гэрлэлт цуцлуулахыг хүссэн үндсэн нэхэмжлэлтэй,
хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х, хариуцагч Б.Т-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Халиунаа нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ НЬ:
Нэхэмжлэгч Т.А-ын итгэмжлэгдсэн төлөөлөгч О.Х шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие О.Х нь Т.А-ын төрсөн ээж бөгөөд хүү Т.А нь БНСУ-д хөдөлмөрийн гэрээгээр 3 жилийн хугацаатайгаар ажиллаж байгаа болно. Хүү Т.А- нь 2019 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн итгэмжлэлээр ээж О.Хэд шүүхээр эхнэр Б.Т-аас гэрлэлт цуцлуулах тухай нэхэмжлэл гаргах эрхийг бүрэн төлөөлж оролцохоор итгэмжлэгдсэн төлөөлөгчид нэхэмжлэгчийн бүх эрхийг олгосон байна.
Хүү Т.А нь эхнэр Б.Т-тай 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр Орхон аймагт гэрлэлтээ батлуулсан болно. Дундаас нь хүү А.Сүлд 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн бөгөөд 6 настай, 16 дугаар сургуулийн 1а ангид суралцаж байгаа, одоо ээж Б.Т-тайгаа хамт амьдардаг юм. Хүүхдийнхээ асрамжид маргахгүй, ээжтэйгээ амьдрахыг зөвшөөрч байгаа, мөн хүү А.Сүлдэд хүүхдийн тэтгэлэг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Т.А, Б.Т нар нь 1 жил хамт амьдарч байсан ба хоорондоо таарч тохирохгүй, үзэл бодол нь нийлэхгүйн улмаас 2014 оноос хойш тус тусдаа амьдарсаар өнөөг хүргэсэн болно. Одоо хүүхдүүд маань тус тусдаа амьдрал зохиогоод хүнтэй суусан байх тул эвлэрэх ямар ч боломжгүй байна. Мөн эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймээс хүү Т.А- болон түүний эхнэр Б.Т- нарын гэрлэлтийг цуцлуулах тухай нэхэмжлэлийг ханган шийдвэрлэнэ үү” гэжээ.
Хариуцагч шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “иргэн Т.А-ын гаргасан нэхэмжлэлийн шаардлагатай танилцлаа. Миний бие гэрлэлт цуцлуулахыг хүлээн зөвшөөрч байна” гэжээ.
Хариуцагч Б.Т- шүүхэд гаргасан сөрөг нэхэмжлэлдээ: “Миний бие Т.А-тай гэрлэлтээ цуцлуулж байгаа бөгөөд бидний дундаас хүү А.Мүлд төрсөн, одоо 6 настай. Хүү А.Сүлд нь одоо ээжтэйгээ амьдарч сурч боловсорч байгаа бөгөөд хүү А.Сүлдийг өөрийн асрамжид авч эцгээс нь тэтгэмж тогтоолгохыг хүсч байна. Иймээс хүү А.Сүлдийг ээжийн асрамжид өгч, Т.А-аас тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийг ханган шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Нэхэмжлэгч сөрөг нэхэмжлэлд гаргасан хариу тайлбартаа: “Б.Т-ын шүүхэд гаргасан А.Сүлдийг ээжийн асрамжид өгч, Т.А-аас тэтгэлэг тогтоох нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч байна. Шаардсан нэхэмжлэлийг өгөх боломжтой” гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.А- хариуцагч Б.Т-д холбогдуулан гэрлэлт цуцлуулахыг хүссэн нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Б.Т- нэхэмжлэгчид холбогдуулан хүүхдийн асрамж тогтоолгох, тэтгэлэг гаргуулахыг хүссэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.
Гэрлэгчид 2012 оны 12 дугаар сарын 12-ны өдөр гэр бүл болсныг 2013 оны 10 дугаар сарын 04-ний өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн, тэдний дундаас 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр хүү А.Сүлд төрсөн, хүүхэд эрүүл бойжиж, хүмүүжиж байгаа нь зохигчдын тайлбар, өрхийн эмчийн тодорхойлолт, Орхон аймгийн Баян-Өндөр сумын 16 дугаар сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.
Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.
Зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, 2 жил тусдаа амьдарч байгаа, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.
Хариуцагч хүү А.Сүлдийг өөрийн асрамжинд үлдээнэ гэсэн сөрөг нэхэмжлэлийн шаардлага гаргасныг нэхэмжлэгч Т.А-, түүний төлөөлөгч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүйг, мөн эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, ахуй нөхцөл байдлыг харгалзан үзэж хүү А.Сүлдийг эх Б.Т-ын асрамжид үлдээж шийдвэрлэв.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2-д зааснаар эцэг, эх нь хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй учраас мөн хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д заасныг баримтлан Т.А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж хариуцагчид олгож, Т.А-аас хүүхдийн тэтгэлэг гаргуулж шийдвэрлэсэн тул түүний 1 жилийн хугацаанд төлбөл зохих хүүхдийн тэтгэлэгийн дүнгээс тэмдэгтийн хураамж тооцож 34 214 төгрөг гаргуулан улсын орлогод оруулах нь зүйтэй байна.
Тодруулбал, Т.А- нь Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1.-д зааснаар хүү А.Сүлдийг 11 нас хүртэл амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх үүрэгтэй юм.
Орхон аймагт амьжиргааны доод түвшингийн хэмжээ сард 206 000 төгрөг ба үүний 50% 1 жилээр тооцоход 1 236 000 төгрөг болох тул энэ дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамж 34 214 төгрөгөөр тооцож Т.А-аас гаргуулан улсын орлогод оруулж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч Т.А-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөг, хариуцагч Б.Т-ын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэгч нариуцагчаас 70 200 төгрөг гаргуулахгүй гэснийг дурьдав.
Зохигчдын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй гэсэн болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Т.А-, хариуцагч Б.Т- нарын гэрлэлтийг цуцалсугай.
2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Сүлдийг эх Б.Т-ын асрамжинд үлдээсүгэй.
3. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-д зааснаар 2013 оны 08 дугаар сарын 29-ний өдөр төрсөн хүү А.Сүлдийг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/ хүртэл нь амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэжээн тэтгэх тэтгэлгийг сар бүр эцэг Т.А-аас гаргуулан хариуцагч Б.Т-д олгосугай.
4.Зохигчдын хооронд дундын эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5-д зааснаар нэхэмжлэгч болон хариуцагч нарын улсын тэмдэгтийн хураамжинд тус бүр урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, Т.А-аас 34 214 төгрөг гаргуулан төрийн санд оруулсугай.
6. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.
Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.
ДАРГАЛСАН, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА