| Шүүх | Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Ганболдын Түвшинтөгс |
| Хэргийн индекс | 185/2023/1014/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/1074 |
| Огноо | 2023-10-26 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Э.Мөнхболд |
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол
2023 оны 10 сарын 26 өдөр
Дугаар 2023/ШЦТ/1074
2023 10 26 2023/ШЦТ/1074
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Г.Түвшинтөгс даргалж,
Нарийн бичгийн дарга М.Долгорсүрэн,
Улсын яллагч Э.Мөнхболд,
Шүүгдэгч У.Э нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Г” танхимд нээлттэй хийсэн эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар,
Сүхбаатар дүүргийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн Х овогтой У.Э- д холбогдох эрүүгийн *** дугаартай хэргийг 2023 оны 09 дүгээр сарын 14-ны өдөр хүлээн авч, энэ өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт.
Монгол Улсын иргэн, 2000 оны 01 дүгээр сарын 26-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 23 настай, бүрэн дунд боловсролтой, тогооч мэргэжилтэй, *** ХХК-д ажил эрхэлдэг, ам бүл 3, эхнэр хүүхдүүдийн хамт ** дүүргийн ** дугаар хороо *** тоотод оршин суух хаягтай, Урьд Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 06 сарын 21-ний өдрийн 955 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар, Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 10 сарын 01-ний өдрийн 1724 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгүүлж байсан, Х овогтой У.Э /РД:********/.
Холбогдсон хэргийн талаар:
Шүүгдэгч У.Э нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй зочид буудалд, 2023 оны 08 сарын 26-ны өдөр ***дүүргийн ** хороо *** тоотод байх өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Я-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн шуунд шарх, зүүн мөр, бугалга, шуу, өвдөг, шилбэ, цээж, баруун мөр, бугалга, шуу, өвдөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг. Гэм буруугийн талаар:
Шүүгдэгч У.Э нь 2023 оны 08 дугаар сарын 25-ны өдөр Сүхбаатар дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ** нэртэй зочид буудалд, 2023 оны 08 сарын 26-ны өдөр ** дүүргийн **-р хороо ** тоотод бахй өөрийн гэртээ гэр бүлийн хамаарал бүхий хүн болох эхнэр М.Я-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэн зодож эрүүл мэндэд тархи доргилт, дух, зүүн нүдний дээд зовхи, зүүн шуунд шарх, зүүн мөр, бугалга, шуу, өвдөг, шилбэ, цээж, баруун мөр, бугалга, шуу, өвдөгт цус хуралт бүхийн хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:
Хохирогч М.Я-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, /ХХ-ийн 15- 16 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээчийн 2023 оны 08 сарын 31-ний өдрийн 10821 дугаартай дүгнэлт /XX-ийн 26-27 дугаар хуудас/, Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч Б.Б-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг, Яллагдагч У.Э-н мөрдөн шалгах ажиллагааны шатанд өгсөн мэдүүлэг /хх-ийн 6 дугаар хуудас/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэв.
Шүүхийн хэлэлцүүлэгт яллах дүгнэлтэд тусгасан бөгөөд талуудаас шинжлэн судалснаар тооцуулсан дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдал нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн агуулжээ.
Шүүгдэгч У.Э нь өөрт холбогдсон хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураараа гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус, хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдсонгүй.
Энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, эмчилгээний зардлын талаарх баримтыг хохирогч нь гаргаж өгөөгүй, гомдол саналгүй гэсэн байх тул шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй байна.
Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:
Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах тухай санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч нь тухайн эрүүгийн хариуцлагын үр дагаварыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч У.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулж, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4,5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг 3 сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдэж шийдвэрлэлээ.
Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, шүүгдэгч У.Э нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдлаа.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Х овогтой У.Э-г гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч У.Э-г 500 /таван зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ял оногдуулсугай.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт заасныг журамлан шүүгдэгч У.Э-д оногдуулсан торгох ялыг хуульд заасан 3 /гурав/ сарын хугацаанд төлүүлэхээр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.
4. Тус хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
5. Шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр Нийслэлийн эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд тус шүүхээр дамжуулан оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
6. Шүүхийн шийдвэрт оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Г.ТҮВШИНТӨГС