| Шүүх | Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Рагчаагийн Үүрийнтуяа |
| Хэргийн индекс | 142/2020/00435/И |
| Дугаар | 142/ШШ2020/00498 |
| Огноо | 2020-04-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр
2020 оны 04 сарын 09 өдөр
Дугаар 142/ШШ2020/00498
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар
Нэхэмжлэгч: Орхон аймаг Жаргалант сум Улаантолгой баг 2 гудамж 4 тоот хаягт оршин суух Ш овогт Б-ын Х /регистрийн дугаар ...../ нэхэмжлэлтэй
Хариуцагч: Орхон аймаг Баян-Өндөр сум Даваат баг ундарга 12 гудамж 12 тоотод оршин суух И м овгийн Э-ын Д /регистрийн дугаар ..../-д холбогдох 310 000 төгрөг гаргуулахыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.Х, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Мөнх-Од нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.Д-д нийт 140 000 төгрөг зээлсэн. Энэ хүн надаас эмчилгээ хийлгэх гэсэн юм би хөлөө хугалчихлаа, туслаач гээд авсан. Тэрнээс хойш бүтэн нэг жил нэг сар боллоо. Энэ хүнээс мөнгөө авах гээд Эрдэнэт рүү сард нэгээс хоёр удаа ордог. Энэ хугацаанд би 18 удаа явсан. Би Улаантолгойгоос Эрдэнэт рүү ороход машинд бинзен хийж нэг удаагийн явалтаар 10 000 төгрөгөөр явдаг. Зөвхөн энэ хүнээс мөнгөө авах гэж би 180 000 төгрөгийн зардал гаргасан. Энэ хүн уулзах болгондоо боломжгүй байна дараа сарын цалин буухаар өгье гэж намайг байн байн явуулаад байх юм. Би олон дахин явж чадахгүй чи мөнгөө өгөөч гэсэн чинь сүүлдээ намайг бүр тоохоо байгаад байна. Энэ хүнээс болж би нийт 310 000 төгрөгийн зардал гаргасан. 2019 оны 03 дугаар сард өгнө гэсэн. Түүнээс хойш тогтсон хугацаа өнгөрсөн одоо 2020 оны 03 дугаар сар боллоо одоог хүртэл мөнгийг минь өгөөгүй байна. Иймд надаас авсан бас надаас гарсан зардлыг гаргуулж өгнө үү” гэжээ.
Хариуцагч Э.Д шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Б.Х-ээс миний бие 140 000 төгрөг зээлж авсан нь үнэн бөгөөд энэ мөнгийг 2020 оны 05 дугаар сард багтаан төлж барагдуулна. Харин түүний илүү нэхэмжилж буй замын зардал гэх 180 000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна. Учир нь тэрээр Жаргалант сумаас ирэхдээ надаас мөнгө нэхэх зорилгоор ирж байсан зүйл огт байхгүй бөгөөд өөрийнхөө хувийн ажлаар ирсэн зардлаа надаар төлүүлэхээр нэхэмжлэл гаргасан нь үндэслэлгүй байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагаас 180 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.
Шүүх хуралдаанаар зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.Х хариуцагч Э.Д-д холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 310 000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлага гаргасан бөгөөд шүүх хуралдаанд уг нэхэмжлэлийн шаардлагаа 170 000 төгрөгөөр бууруулж, 140 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилж байна.
Б.Х Э.Д-д 2019 оны 02 дугаар сарын 23-ны өдөр 100 000 төгрөг, 2019 оны 02 дугаар сарын 27-ны өдөр 40 000 төгрөг, нийт 140 000 төгрөгийг зээлдүүлж, хариуцагчид шилжүүлсэн болох нь нэхэмжлэгчийн ХААН банкны 5095036133 дугаар дансны депозит дансны дэлгэрэнгүй хуулгаар нотлогдож байх бөгөөд 140 000 төгрөгийг хариуцагч авсан гэдгээ хүлээн зөвшөөрч, маргаагүй.
Хариуцагч Э.Д шүүхэд “...140 000 төгрөгийг зээлж авсан нь үнэн бөгөөд энэ мөнгийг 2020 оны 05 дугаар сард багтаан төлнө. Харин замын зардал 180 000 төгрөгийг төлөхгүй” гэсэн хариу тайлбар гаргасан.
Зохигчдын хооронд Иргэний хуулийн 281 дүгээр зүйлд заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн байна.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д “Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ” гэж заасан.
Зээлдүүлэгч Б.Х 140 000 төгрөгийг зээлдэгч Э.Д-д шилжүүлсэн байх тул нэхэмжлэгч хариуцагчаас шаардах эрхтэй, хариуцагч мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүрэгтэй.
Харин замын зардал гэх 170 000 төгрөгийг нэхэмжлэгч шаардах эрхгүй бөгөөд тэрээр шүүх хуралдааны явцад дээрхи нэхэмжлэлийн шаардлагаас татгалзсан болохыг дурдав.
Иймд хариуцагч Э.Д-гаас 140 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож шийдвэрлэв.
Хариуцагчид шүүх хуралдааны тов мэдэгдсэн боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн хүсэлтээр хариуцагчийг байлцуулахгүйгээр нэхэмжлэгчээс гаргасан тайлбар болон бусад баримтыг үндэслэн хэргийг хянан шийдвэрлэсэн болно.
Нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-гаас 4 850 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118-д заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1.-д заасныг баримтлан хариуцагч Э.Д-гаас 140 000 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Х-т олгосугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1., Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 9 950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-гаас 4 850 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгчид олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Р.ҮҮРИЙНТУЯА