| Шүүх | Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Мягмарсүрэнгийн Мандахбаяр |
| Хэргийн индекс | 173/2017/00012/Э |
| Дугаар | 17 |
| Огноо | 2017-01-12 |
| Зүйл хэсэг | 099.2., |
| Улсын яллагч | А.Намдаг |
Өвөрхангай аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2017 оны 01 сарын 12 өдөр
Дугаар 17
Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,
Нарийн бичгийн дарга Х.Батжаргал,
Улсын яллагч А.Намдаг,
Шүүгдэгч А.Довчинсүрэн, А.Содномсүрэн нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-д зааснаар ял сонсгож, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Адъяасүрэнгийн Довчинсүрэн, Боржигон овгийн Адъяасүрэнгийн Содномсүрэн нарт холбогдох эрүүгийн 201615000317 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 19-нд хүлээн авч хянан хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймгийн Уянга суманд 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг, ахын хамт Өвөрхангай аймаг Уянга сум 3 дугаар баг, Шивээ овоо 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овгийн Адъяасүрэнгийн Содномсүрэн. РД: ИЮ 86061052,
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, Өвөрхангай аймаг Уянга суманд 1986 оны 06 дугаар сарын 10-ны өдөр төрсөн, 31 настай эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, ам бүл 3, эцэг дүү нарын хамт Өвөрхангай аймаг Уянга сум 3 дугаар баг, Шивээ овоо 2-6 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, Боржигон овогт Адъяасүрэнгийн Довчинсүрэн. РД: ИЮ 86061031,
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэн 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн “Уянга” сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Бат-Оршихтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож биед 1 шүдний хугарал, буйлны шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч А.Содномсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэг өгөхгүй гэв.
Шүүгдэгч А.Довчинсүрэн шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... Эгчийн бие тааруу ахтай хамт хот авах гэж байсан. Бид хоёр хөдөө явах гэхэд мотоцикль гэрэлгүй болчихсон. Бид хоёр Баярсайхан ахынд очоод мотоциклийн гэрлээ янзлууж байхад Р.Бат-Орших мотоцикльтойгоо Баярсайхан ахын хашаанд ороод ирсэн. Тэгээд бид хэд юм яриад сууж байгаад А.Содномсүрэнтэй Р.Бат-Орших барилцаад авсан. Баяраа ах бид хоёр юу болцгоогоод байгаа юм гээд салгахад Р.Бат-Орших мотоцикльтойгоо яваад өгсөн. Дараа нь эхнэртэйгээ ирээд хашигчиж байгаад явсан. Тэгээд бид хоёр хөдөө явсан. Гэтэл тэр Баярдэлгэр гэдэг нь намайг зодсон гэж ярьсан байна. Би уул нь больцгоо гээд Р.Бат-Оршихыг барьж аваад татахад хоолой нь улайсан байж магадгүй... ” гэв.
Хохирогч Р.Бат-Оршихийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-нд өдөр 12 цагийн үед айлын найранд оччихоод гэртээ харьсан чинь гэр эзгүй байхаар нь хажуу айлдаа орчихоод гараад иртэл тэдний гадаа хоёр залуу мотоцикль янзлаад зогсож байсан. Надаас тэр хоёр энийг янзалж чадах уу гэхээр нь би очоод утсыг нь таслаад залгадаг юм гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй байна халзан толгойтой залуу нь намайг шууд нүүрэн хэсэг рүү цохиод унагаасан. Дараа нь нэрийг нь олж мэдэхэд А.Содномсүрэн гэж байсан. Нөгөө залуу нь А.Довчинсүрэн намайг унасны дараа толгойн хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. Тэнд зогсож байсан Л.Баярсайхан намайг тэр хоёроос салгаж авсан. Тэгээд босоод ирэхэд дээд талын үүдэн шүд унасан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31 дүгээр хуудас/,
Гэрч Л.Баярдэлгэрийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ны өдөр А.Содномсүрэн, А.Довчинсүрэн хоёр манайд ирээд хөдөө явах гэж байна мотоциклийн гэрэл янзлаад өгөөч гээд манай ах Л.Баярсайхантай хамт хашаан дотор байж байтал Р.Бат-Орших гадаа ирж байгаа бололтой харагдсан. Гэртээ байж байгаад гараад иртэл А.Содномсүрэн Р.Бат-Оршихыг барьж аваад газар унагаагаад цохиод байсан. Р.Бат-Орших газар унасан тэгсэн А.Довчинсүрэн Р.Бат-Оршихыг багалзуурдаж аваад нүүрэн тус газар нь цохьсон. Р.Бат-Орших босч ирээд мотоциклио асаагаад яваад өгсөн. Удалгүй эхнэртэйгээ ирчихсэн байсан. ...Эхлээд А.Содномсүрэн цохиод Р.Бат-Оршихын шүд нь уначихсан, тэгээд би аргалаа авчихаад эргээд харахад А.Довчинсүрэн Р.Бат-Оршихын дээлнийхэн захаар боочихсон дээр нь гараад суучихсан байсан. ...А.Содномсүрэн бол цохиж байсан. А.Довчинсүрэн өшиглөсөн талаар бол хараагүй. Зүгээр гараараа цохиж байсан намайг өөр тийшээ харах хооронд өшиглөсөн байж болох юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38 дугаар хуудас/,
Гэрч Л.Баярсайханы мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...А.Содномсүрэн, А.Довчинсүрэн хоёр хөдөө явах гээд манай хашаанд мотоциклийн гэрэл янзлаад байж байтал гаднаас Р.Бат-Орших мотоцикльтой орж ирээд бид гурвын хажууд юм яриад зогсож байгаад А.Содномсүрэн, А.Довчинсүрэн хоёртой мотоциклийн гэрлээс болоод хоорондоо маргалдсан. Тэгээд А.Содномсүрэн А.Бат-Оршихын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь А.Довчинсүрэн бид хоёр юу болоод байгаа юм бэ больцгоо гээд салгасан. ... Аль аль нь халамцуу байсан их согтсон хүн бол байгаагүй...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39 дүгээр хуудас/,
Гэрч П.Алтанцэцэг мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг эмнэлэг дээрээ жижүүр эмчээр сууж байхад орж ирээд хүнд зодуулчихлаа гээд үзүүлсэн. Үүдэн шүд нь уначихсан, унасан хэсгээс нь цус гарчихсан шинэ шарх гарсан, уруул нь хэгзэрсэн, хоолойны хэсэг нь боолгосон улаан оромтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40 дүгээр хуудас/,
Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 352 тоот: “...Р.Бат-Оршихын биед 1 шүдний хугарал, буйлны шарх бүхий гэмтэл тогтоогдож байна. Уг гэмтэл нь хатуу мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Цаашид энгийн хөдөлмөрийн чадвар тогтонги алдалтанд 5 хувь нөлөөлнө. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.2-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Хуучин гэмтэл тогтоогдохгүй байна...” гэх дүгнэлт /хх-ийн 46 дугаар хуудас/,
Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,
Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4 дүгээр хуудас/,
Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-15 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХ-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 11/63 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18 дугаар хуудас/,
Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХ-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 11/64 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23 дугаар хуудас/,
Гэрч Б.Баярдэлгэр, хохирогч Р.Бат-Орших нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 42 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нарын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 66, 68, 76, 78 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нарын ял шалгах хуудас /хх-ийн 67, 77
Шүүгдэгч А.Содномсүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 58-59, 62-63 дугаар хуудас/,
Шүүгдэгч А.Довчинсүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 60-61, 64-65 дугаар хуудас/ зэрэг болно.
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бүлэглэж 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр Өвөрхангай аймгийн “Уянга” сумын 8 дугаар багийн нутаг дэвсгэрт иргэн Р.Бат-Оршихтой хувийн таарамжгүй харьцааны улмаас маргалдан зодож түүний биед нь 1 шүдний хугарал, буйлны шарх бүхий хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.
Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч Р.Бат-Оршихийн “... Надаас тэр хоёр энийг янзалж чадах уу гэхээр нь би очоод утсыг нь таслаад залгадаг юм гэсэн чинь нэрийг нь мэдэхгүй байна халзан толгойтой залуу нь намайг шууд нүүрэн хэсэг рүү цохиод унагаасан. Дараа нь нэрийг нь олж мэдэхэд А.Содномсүрэн гэж байсан. Нөгөө залуу нь А.Довчинсүрэн намайг унасны дараа толгойн хэсэгт 2-3 удаа өшиглөсөн. ... Тэгээд босоод ирэхэд дээд талын үүдэн шүд унасан байсан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 30-31/, гэрч Л.Баярдэлгэрийн “... Гэртээ байж байгаад гараад иртэл А.Содномсүрэн Р.Бат-Оршихыг барьж аваад газар унагаагаад цохиод байсан. Р.Бат-Орших газар унасан. Тэгсэн А.Довчинсүрэн Р.Бат-Оршихыг багалзуурдаж аваад нүүрэн тус газар нь цохьсон. Р.Бат-Орших босч ирээд мотоциклио асаагаад яваад өгсөн. ... Эхлээд А.Содномсүрэн цохиод Р.Бат-Оршихын шүд нь уначихсан. ... А.Довчинсүрэн өшиглөсөн талаар бол хараагүй. Зүгээр гараараа цохиж байсан намайг өөр тийшээ харах хооронд өшиглөсөн байж болох юм...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 37-38/, гэрч Л.Баярсайханы “... А.Содномсүрэн А.Бат-Оршихын нүүрэн тус газар гараараа нэг удаа цохиод авсан. Тэгэхээр нь А.Довчинсүрэн бид хоёр юу болоод байгаа юм бэ больцгоо гээд салгасан...” гэсэн мэдүүлэг. /хх-ийн 39/, гэрч П.Алтанцэцэгийн “... 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр намайг эмнэлэг дээрээ жижүүр эмчээр сууж байхад орж ирээд хүнд зодуулчихлаа гээд үзүүлсэн. Үүдэн шүд нь уначихсан, унасан хэсгээс нь цус гарчихсан шинэ шарх гарсан, уруул нь хэгзэрсэн, хоолойны хэсэг нь боолгосон улаан оромтой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 40/, Монгол улсын шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 352 тоот дүгнэлт /хх-ийн 46/, Эрүүгийн хэрэг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагаа явуулах тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 4/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол, тэмдэглэл /хх-ийн 12-15/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХ-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 11/63 дугаартай дүгнэлт /хх-ийн 17-18/, Хөрөнгийн үнэлгээ төслийн “Лэндс” ХХ-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн № 11/64 дугаартай дүгнэлт /хх-ийн 22-23/, Гэрч Б.Баярдэлгэр, хохирогч Р.Бат-Орших нарыг нүүрэлдүүлэн байцаасан тэмдэглэл /хх-ийн 42/, Шүүгдэгч А.Содномсүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 58-59, 62-63/, Шүүгдэгч А.Довчинсүрэнг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 60-61, 64-65/ болон хавтст хэрэгт авагдсан бичгийн бусад нотлох баримтууд зэрэг болно.
Шүүгдэгч А.Довчинсүрэн нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ энэ хэрэгт оролцоогүй, хохирогч Р.Бат-Оршихыг цохиогүй гэж мэдүүлж байгаа боловч энэ нь хавтаст хэрэгт авагдсан хохирогч болон гэрч нарын мэдүүлгээр няцаагдаж байна.
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нарт холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нарыг бүлэглэж, хувийн таарамжгүй харьцааны улмаас бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцож, хуульд заасан ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн, гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд, шүүгдэгч нарыг согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, шүүгдэгч нарын хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг ял шийтгэл оногдуулахдаа харгалзан үзсэн болно.
Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй болохыг тус тус дурьдав.
Хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч А.Довчинсүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн Мустанг-5 маркийн мотоцикль битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, шүүгдэгч А.Содномсүрэнгийн эзэмшлийн “Нокиа 2600” маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгох нь зүйтэй байна.
Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283 284 286 290 дүгээр зүйлийн 290.3 294-298 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Боржигон овгийн Адъяасүрэнгийн Довчинсүрэн, Боржигон овгийн Адъяасүрэнгийн Содномсүрэн нарыг бүлэглэж бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.
2. Шүүгдэгч Боржигон овгийн Адъяасүрэнгийн Довчинсүрэн, Боржигон овгийн Адъяасүрэнгийн Содномсүрэн нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.2-т зааснаар 300 цагийн хугацаагаар албадан ажил хийлгэх ялаар тус тус шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 50 дугаар зүйлийн 50.3-д зааснаар шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь албадан ажил хийлгэх ялаас санаатайгаар зайлсхийвэл ялтны эдлээгүй үлдсэн ялын найман цагийн ажлыг нэг хоног баривчлах ялаар тооцож сольж болохыг сануулсугай.
4. Шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусад төлөх төлбөргүй, хохирогч нь гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй гэсэн, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй болохыг тус тус дурьдсугай.
5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар хэрэгт битүүмжлэгдэн ирсэн шүүгдэгч А.Довчинсүрэнгийн эзэмшлийн улсын дугааргүй улаан өнгийн “Мустанг-5” маркийн мотоцикль битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн, шүүгдэгч А.Содномсүрэнгийн эзэмшлийн “Нокиа 2600” маркийн гар утас битүүмжилсэн 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдрийн мөрдөн байцаагчийн тогтоолуудыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц тус тус хүчингүй болгосугай.
6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд гардуулснаас хойш 14 хоногийн дотор шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.
7. Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч А.Содномсүрэн, А.Довчинсүрэн нарт урьд авсан бусдын батлан даалтанд өгөх таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ М.МАНДАХБАЯР