Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 5

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,   

Шүүх хуралдаанд:

Прокурор                                                М.Сайнзаяа

Хохирогч                                             Б.Х

Шүүгдэгч                                                 Ч.М

Шүүгдэгчийн өмгөөлөгч                     М.Найдан

Нарийн бичгийн дарга                        С.Гончигбал нарыг оролцуулан

 Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар захирамжтай Ч.М.д холбогдох 1915004960235 дугаартай эрүүгийн хэргийг прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, Ч.М.

 Ч.М нь архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2019 оны 10 дугаар сарын 14-ний өдрөөс 15-нд шилжих шөнө Булган аймгийн Орхон сумын 2 дугаар багийн нутагг байрлах “Ө” амралтын газрын автомашины зогсоол дээрээс иргэн Б.Х.н эзэмшлийн **-** ОРХ улсын дугаартай "Субару импреза" маркын тээврийн хэрэгслийг завших зорилгогүйгэзр өмчлөгч, ззэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явж улмаар 940000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар захирамжаар

1. Шүүгдэгч Ч.М.д холбогдох эрүүгийн 1915004960235 дугаартай хэрэгт мөрдөн шалгах ажиллагаа нэмж хийлгэхээр Булган аймгийн Прокурорын газарт буцааж,

2. Шүүгдэгч Ч.М.д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авахыг шүүгчийн туслах Н.Эрдэнэбулганд даалгаж,

3. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан эд зүйлгүй, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурьдаж,

4. Энэ шийдвэрийг эс зөвшөөрвөл прокурор хүлээн авснаас хойш ажлын 5 өдөрт багтаан эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж шийдвэрлэжээ.

Прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэлдээ гомдолдоо: “...Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Ч.М.н өгсөн “2019 оны 10 дугаар сарын 14-ний шөнө 12 цагийн үед Буянхишиг, Э , Х  нарын хамт Х.н хөх өнгийн тээврийн хэрэгсэлтэй амралтын газар очсон. Тэнд очоод гэр буудалд ороод авч очсон архи, пивоо ууцгаасан. Тэгээд Б, Э хоёр согтоод унтчихсан, би Х юм яриад хэсэг суусан. Гэтэл миний хүсээгүй зүйлийг хийж Х намайг хүчирхийлсэн. Миний хувцсыг тайлсан, би орилж түүнийг түлхсэн боловч дийлээгүй. Б, Э хоёр согтоод нам унтсан болохоор сэрээгүй. Х.с би жирэмсэн болсон гэдгээ мэдээд ахдаа хэлсэн. Ттэгээд энэ тухай хэлж шалгуулахаар шийдсэн” гэх мэдүүлэг, мөн мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Б.н өгсөн “...Миний бодлоор тухайн шөнө М, Х.тай юм ярьж сууж байгаад унтаж хэвтэх гээд хувцсыг тайлахаар нь Х  “тайлахгүй” гэж жаахан маргасан юм шиг байна лээ. Өглөө нь Х.г сэртэл гар утас нь байхгүй. автомашины зогсоол дээр байсан автомашин ч байхгүй алга болчихсон байсан” гэх мэдүүлгүүдээс дүгнэхэд шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалж болох хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй байна. Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт үүссэн нөхцөл байдал нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т заасан “шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл", 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл” зэрэг хэрэгт нотолбол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй байх ба энэ ажиллагааг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна...” гэж үзээд хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.

“...Шүүгдэгчийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлгийн эх сурвалж болох хохирогчийн буруутай үйлдэл байгаа эсэхийг шалгах нь зүйтэй...” гэснийг үндэслэлгүй гэж үзэж байна. Учир нь мөрдөн шалгах ажиллагааны үед гэрч О.Б.н өгсөн мэдүүлэгт "... Амралтын газартаа бид 4 гэрт байрласан. Э  бид хоёр архиндаа согтоод унтаад өгсөн. Бид хоёрыг унтах үед Х , М  хоёр архиа уугаад юм яриад үлдсэн. Миний бодлоор тухайн шөнө нь М, Х.тай юм ярьж суугаад унтаж хэвтэх гээд хувцсыг нь тайлахаар нь Х  уурлаад хувцсаа тайлахгүй гэж жаахан маргасан юм шиг байна билээ. Тэгэхээр нь М Х.с гар утсаа өгч байгаач код нь хэд билээ гэж асуухаар нь гар утсаа өгөөд унтаж амарсан гэж байсан. Өглөө нь Х г сэртэл гар утас нь байхгүй, автомашины зогсоол дээр байсан автомашин ч мөн байхгүй алга болчихсон байсан. Ингээд М.г олж машин тэргээ авахаар эрж хайсан боловч тухайн амралтын газарт М  байгаагүй. Амралтын газрын өвөө, эмээ хоёроос М.н талаар асуусан чинь “та гуравтай хамт ирсэн нөгөө хүүхэн чинь та гурваас тамхины мөнгө аваарай” гэж хэлээд ирсэн машиныг чинь асааж унаад яваад өгсөн гэж бидэнд хэлсэн.” гэх, гэрч Б.Х.н өгсөн мэдүүлэгт “...Амралтын газрын эзэн гэх нас тогтсон эрэгтэй, эмэгтэй хүмүүсээс лавлаж асуухад тэдгээр хүмүүс урьд шөнө та нартай хамт ирсэн махлаг бор царайтай, хар куртиктай хүүхэн чиний унаж ирсэн автомашиныг чинь асаагаад явчихсан ш дээ. Явахдаа тамхины мөнгийг нь чамаас хэлж аваарай гэж хэлээд явсан гэж надад хэлсэн” гэх, яллагдагч Ч.М нь мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрчээр өгсөн “...Би Х.тай юм ярьж жаахан суусан. Ингээд Х унтаад өгсөн. Тэр хойгуур нь авто машины түлхүүрийг нь ширээн дээрээс аваад амралтын газрын гадна байсан Х.гийн цэнхэр өнгийн суудлын автомашиныг асаагаад Орхон аймаг руу явсан..” гэх мэдүүлэг зэргээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан “Нотолбол зохих байдлууд” нотлогдсон.

Өөрөөр хэлбэл шүүгчийн захирамжид заасан 16.2 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасан “гэмт хэргийн сэдэлт, зорилго, гэм буруугийн хэлбэр”, 1.4-т заасан “шүүгдэгчид оногдуулах ялыг хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл”, 1.6-д заасан “гэмт хэрэг үйлдэхэд нөлөөлсөн шалтгаан, нөхцөл”-ийг ‘Авто тээврийн хэрэгслийг зөвшөөрөлгүйгээр авч явах” гэмт хэргийн хувьд шалган тогтоосон гэж үзнэ. Шүүгдэгчийн зүгээс “Б.Х.д хүчиндүүлсэн, жирэмсэн болсон” гэж шүүхийн шатанд мэдүүлсэн байх боловч Ч.М нь өөрөө Б.Х.н хувцасыг тайлах гэж оролдсон, хамт биш тусдаа унтсан, тамхины мөнгө аваарай гэж хэлсэн, мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хүчиндүүлсэн гэх талаараа огт хэлж яриагүй нөхцөл байдлууд нь түүний мэдүүлгийг үгүйсгэж байна. Зөвхөн шүүгдэгчийн мэдүүлэгт үндэслэж, хэргийг прокурорт буцаасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдна” гэснийг зөрчсөн. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.3 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт “Мэдүүлэг өгөгч мэдүүлгийнхээ эх сурвалжийг зааж чадаагүй бол тухайн мэдүүлэг нь дангаараа нотлох баримт болохгүй” талаар хуульчилсан байхад үнэлэлт дүгнэлт өгөөгүй байна.

Захирамжийн удиртгал хэсэгт “...Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн...” гэж дурьдсан нь үндэслэлгүй байна. Учир нь яллагдагч Ч.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт яллагдагчаар татаж, мөн зүйл ангиар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн байхад “Хулгайлах” гэмт хэрэгт холбогдуулан шалгасан мэтээр ойлгогдохоор бичигдсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Шүүхийн шийдвэр тодорхой, ойлгомжтой бичигдэх” шаардлагыг хангаагүй. Иймд тус аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 1 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаартай захирамжийг хүчингүй болгож өгнө үү...” гэжээ.

Прокурор М.Сайнзаяа: “...Прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг дэмжиж байна. Шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, анхан шатны шүүхээр хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор нь Ч.М.г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.7 дугаар зүйлийн 1 дэхь хэсэгт зааснаар автотээврийн хэрэгсэлийг завших зорилгогүйгээр өмчлөгч, эзэмшигчийн зөвшөөрөлгүйгээр авч явсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлсэн байна.

Анхан шатны шүүх мөрдөн шалгах ажиллагааг нэмж хийлгэх шаардлагатай гэсэн үндэслэлээр Ч.М.д холбогдох эрүүгийн 1915004960235 дугаартай хэргийг Прокурорын газарт буцаахаар шийдвэрлэснийг эс зөвшөөрч прокурор Д.Сүрэнхор эсэргүүцэл бичжээ.

Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцлийг үндэслэн хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзвэл

Шүүгч захирамжиндаа “...хэрэгт нотловол зохих байдлыг бүрэн шалгаж тогтоосны эцэст хэргийг шийдвэрлэх нь зүйтэй...” гэж дүгнэсэн байх боловч хавтаст хэрэгт авагдсан шүүгдэгч, хохирогч, гэрч нарын мэдүүлэг болон бусад нотлох баримтаар шүүгдэгч Ч.М ын үйлдэл нотлогдон тогтоогдсон байх бөгөөд яллах дүгнэлтийн хүрээнд гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжтой гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Өөрөөр хэлбэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлсэн шүүгдэгч Ч.М.н “зөвшөөрөөгүй байхад намайг хүчиндсэн тул зугтсан. Би Х.д хүчиндүүлсэн, жирэмсэн болсон” гэх мэдүүлгээр хэргийг мөрдөн байцаалтанд буцаах боломжгүй бөгөөд мөрдөн байцаалтын болон прокурорын хяналтын шатанд хүчиндүүлсэн гэх талаар мэдүүлэг өгөөгүй, шүүгдэгч нь хохирогчийн машиныг авч явсан үйлдэл нь бусдад хүчиндүүлсэн гэх мэдүүлэгт шалтгаант холбоогүй байна. Түүнчлэн хохирогч Б.Х.д хүчиндүүлсэн нөхцөл байдал байгаа бол өөрийн эрхийг хамгаалж хууль ёсны дагуу гомдол, мэдээллээ гарган цагдаагийн байгууллагаар шалгуулах эрх нь түүнд нээлттэй байна.

Иймд хэргийг хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэх боломжтой тул шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар бичсэн прокурорын эсэргүүцлийг хүлээн авч шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаах нь зүйтэй байна.

        Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.1, 39.6 дугаар зүйлийн 1.1, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2.д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2020 оны 01 дүгээр сарын 13-ны өдрийн 30 дугаар захирамжийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Прокурор Д.Сүрэнхорын эсэргүүцлийг хүлээн авсугай.

3. Хэргийг анхан шатны шүүхэд очтол шүүгдэгч Ч.М д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

4. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                          ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.ХҮРЭЛБААТАР

                                           ШҮҮГЧИД                               З.ХОСБАЯР 

                                                                                          Ё.БЯМБАЦЭРЭН