Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 02 сарын 24 өдөр

Дугаар 221/МА2026/0135

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

 

С.Н*******гийн нэхэмжлэлтэй

 захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Ц.Сайхантуяа

Илтгэсэн шүүгч Э.Лхагвасүрэн

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Б.Х******* нар

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н*******

Хариуцагч Үндэсний Аудитын газар

Гуравдагч этгээд Ж.Б*******

Нэхэмжлэлийн шаардлага: Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/200, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай Б/201 тушаалуудын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Үндэсний Аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 876 дугаар шийдвэр

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгч С.Н*******

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.О*******

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Б.Х*******

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Өсөхбаяр

Хэргийн индекс: 128/2025/0761/З

 ТОДОРХОЙЛОХ нь:

1.Нэхэмжлэгч С.Н******* Үндэсний Аудитын газарт холбогдуулан “Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалаас чөлөөлөх тухай Б/200, 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Албан хаагчдыг албан тушаалд томилох тухай Б/201 тушаалуудын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулж, Үндэсний Аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах”-аар маргаж байна.

2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 876 дугаар шийдвэрээр:

Төрийн албаны тухай хуулийн 62 дугаар зүйлийн 62.1.3, Төрийн аудитын тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.3, 29 дүгээр зүйлийн 29.1.7-д тус тус заасныг баримтлан С.Н*******гийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/201 дүгээр тушаалын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж, үлдэх Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн Б/200 дугаар тушаалын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгуулах шаардлагыг хэрэгсэхгүй болгож” шийдвэрлэжээ.

3.Давж заалдах гомдлын агуулга: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А*******, Б.Х******* нар дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байна. Үүнд:

3.1. “…Нотлох баримтыг буруу, дутуу үнэлсэн асуудлын тухайд:

Нэхэмжлэлийн шаардлагад дурдаж буй Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер, Мониторинг хариуцсан менежер, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх асуудал хариуцсан менежер болон нэхэмжлэгч С.Н*******гийн өмнө хэрэгжүүлж байсан Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежер, одоогийн ахлах аудиторын албан тушаалын тодорхойлолтын зөрүүтэй, ялгаатай байдлыг хариу тайлбар болон шүүх хуралдааны явцад нотлох баримтыг шинжлэн судлуулах үе шатуудад тайлбарласан боловч эдгээрийг огт авч үзэж, дүн шинжилгээ хийгээгүй.

Түүнчлэн, шинэчилсэн бүтэц, чиг үүргийн хүрээнд Үндэсний аудитын газрын Эрсдэлийн удирдлагын газрын чиг үүргийн зарим хэсгийг Чанарын удирдлагын газар, зарим хэсгийг Тамгын газар хэрэгжүүлэхээр тусгаж, улмаар Чанарын удирдлагын газрын нэршлийг Чанарын удирдлага, эрсдэлийн газар болгон нэгтгэж, 3 менежерийн орон тоог баталсныг шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 2.10-т ...Чанарын удирдлагын газрын нэр өөрчлөгдсөнөөс нийт орон тоо өөрчлөгдөөгүй, менежерийн 2 орон тоо нь 3 болж нэмэгдсэн гэх байдлаар чиг үүргийн өөрчлөлтийн асуудлыг бус тооны хувьд авч үзсэн нь нөхцөл байдлыг дутуу үнэлсэн гэж үзэхээр байна.

Нэхэмжлэгч С.Н******* нь 2025 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ Монгол Улсын Ерөнхий аудиторын холбогдох тушаалуудын өөрт хамааралтай хэсгийг хүчингүй болгуулж, Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер, Мониторинг хариуцсан менежер, Чанарын удирдлагын тогтолцоог үнэлэх асуудал хариуцсан менежерийн албан тушаалд томилуулах агуулгаар гаргасан.

Тус нэхэмжлэлийн шаардлагаас үзвэл дурдсан 3 менежерийн албан тушаалын алинд нь томилуулахаар шаардлага гаргаж буйгаа бодитой тодорхойлоогүй, менежер тус бүрийн чиг үүргийн ялгаа, заагийг гаргаж чадаагүй нөхцөл байдлыг шүүх дутуу дүгнэсэн бөгөөд яагаад Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг даалгаж шийдвэрлэсэн талаараа шүүхийн шийдвэрт тодорхой тайлбарлаагүй.

Хяналт-шинжилгээ, үнэлгээ бол гүйцэтгэл, үр дүн, нөлөөллийг үнэлж, дүгнэх, хугацааны хувьд тодорхой үе шатуудад хийгдэх үйл ажиллагаа бол төрийн аудитын байгууллагад хэрэгжүүлэх мониторингийн үйл ажиллагаа нь тогтмол, тасралтгүй хийгдэх үйл ажиллагаа буюу явцын хяналтыг хэрэгжүүлэх үйл ажиллагаа тул эдгээр нь тусдаа ойлголтууд гэдгийг тайлбарлах нь зүйтэй байна.

Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежер нь Чанарын удирдлагын тогтолцоог үнэлж, дүгнэлт гаргах бодлого, арга зүйг холбогдох стандарт, бусад эрх зүйн актад нийцүүлэн хөгжүүлэх үйл ажиллагааг гүйцэтгэх, Мониторинг хариуцсан менежер нь байгууллагын болон аудитын түвшинд чанарын удирдлагын мониторинг хийх, бодлого, арга зүйг стандарт, бусад эрх зүйн актад нийцүүлэн хөгжүүлэх чиг үүргийг гүйцэтгэхээр албан тушаалын тодорхойлолтод туссан.

Үүнээс үзвэл байгууллагын бодлого, төлөвлөлт, хууль тогтоомжийн хэрэгжилт, үйл ажиллагааны гүйцэтгэл үр дүнг хянаж, үнэлэх, хэрэгжилтийг хангуулах болон чанарын удирдлагын мониторинг хийх, бодлого, тогтолцоог хөгжүүлэх чиг үүргүүд өөр хоорондоо ялгаатай юм.

3.2.Шийдвэр нь тодорхойгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүйн тухайд:

Шүүхийн шийдвэрийн тогтоох хэсгийн 1-д ...Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 07 дугаар сарын 01-ний өдрийн Б/201 дүгээр тушаалын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгож, Үндэсний аудитын газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг Монгол Улсын Ерөнхий аудиторт даалгаж... гэж тогтоосон.

Нэхэмжлэгч С.Н******* нь 2025 оны 01 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын Ерөнхий аудиторт хандан 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгон тэтгэвэр тогтоолгох үндэслэлээр чөлөөлөгдөх хүсэлт гаргасан бөгөөд дурдсан хугацаагаар түүний ажил, үүрэг нь дуусгавар болох нөхцөл байдлыг харгалзаагүй,

Түүнчлэн, Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалыг хашиж байгаа албан хаагчид үүсэх үр дагаврыг тооцоогүй буюу нэг албан тушаалд хоёр хүнийг ажиллуулах байдлаар тодорхойгүй, бодит нөхцөл байдалд биелүүлэх боломжгүй шийдвэрийг гаргасан.

Шүүхээс захиргааны шийдвэр буюу нэхэмжлэгч С.Н*******г албан тушаалаас чөлөөлсөн Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 01-ний Б/200 дугаар тушаал нь үндэслэл бүхий талаар дүгнэсэн, харин албан тушаалд томилсон Б/201 дүгээр тушаалыг үндэслэлтэй эсхүл үндэслэлгүй талаар дүгнээгүй атлаа буцаан томилох шийдвэр гаргасан нь тодорхой бус байна.

Мөн нэхэмжлэгчийг ахлах аудиторын албан тушаалд томилсон нь хуульд нийцсэн гэж үзсэн бол ахлах аудиторын цалинг өгөх ёстой байтал менежерийн цалинг өгч байгаа нь хууль зөрчсөн, нөгөөтээгүүр үндэслэлгүй авсан цалинг буцаан өгөх үр дагавар үүсгэж, түүний эрхийг зөрчсөн гэж үзсэн байх ба энэ талаар хуулийн үндэслэл бүхий дүгнэлт хийгээгүй байна.

Иймд Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 128/ШШ2025/0876 дугаар шийдвэрийн нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн хэсгийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Дараах үндэслэлээр шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр буцаав.

1.Монгол Улсын Ерөнхий аудиторын 2025 оны 7 дугаар сарын 1-ний өдрийн Б/200 дугаар тушаалаар төрийн аудитын байгууллагын зохион байгуулалтын бүтэц, бүтцийн нэгжүүдийн үндсэн чиг үүрэг, үйл ажиллагааны чиглэл, орон тоо, албан тушаалын жагсаалтыг шинэчлэн баталсантай холбогдуулан нийт албан хаагчдийг, түүний дотор нэхэмжлэгч С.Н*******г тус газрын Чанарын удирдлагын газрын Хяналт-шинжилгээ, үнэлгээний менежерийн албан тушаалаас чөлөөлж, мөн өдрийн Б/201 дүгээр тушаалаар Чанарын удирдлага, эрсдэлийн газрын ахлах аудитороор томилохоос өмнө тэрбээр мөн оны 1 дүгээр сарын 13-ны өдөр Монгол Улсын ерөнхий аудиторт хандаж, 2025 оны 12 дугаар сарын 19-ний өдрөөр дуусгавар болгож, тэтгэвэр тогтоолгох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн, мөн Төрийн албаны тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсэгт заасны дагуу нэг удаагийн буцалтгүй тэтгэмж олгож өгөхийг хүсчээ.  

Шийдвэрт нэхэмжлэлийн зарим шаардлагыг хангаж, Монгол Улсын Ерөнхий аудиторын Б/201 дүгээр тушаалын С.Н*******д холбогдох хэсгийг хүчингүй болгон, түүнийг Чанарын удирдлага, эрсдэлийн газрын Чанарын бодлого, эрсдэлийн удирдлага хариуцсан менежерийн албан тушаалд томилохыг хариуцагчид даалгаж шийдвэрлэхдээ маргааны үйл баримтад үндэслэлтэй дүгнэлт өгч, Төрийн албаны тухай хууль, Төрийн аудитын тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөв тайлбарлаж хэрэглэсэн, энэ нь ч Төрийн албаны зөвлөлөөс хариуцагчид хандсан 2025 оны 8 дугаар сарын 20-ны өдрийн “Төрийн жинхэнэ албан хаагчийн тухай” 04/1776 дугаар албан бичигт:

“…Монгол Улсын ерөнхий аудиторын 2025 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/63 дугаар тушаалаар Чанарын удирдлагын газартай Эрсдэлийн удирдлагын газрыг нэгтгэж, Чанарын удирдлага, эрсдэлийн удирдлагын газар” болгож өөрчилсөн байх боловч өмнө зохион байгуулалтын бүтцийн нэгж 3 менежерийн албан тушаалын орон тоотой байсан нь дараагийн зохицуулалтаар өөрчлөгдөөгүй байна. …тухайн албан тушаалын орон тоо цөөрөөгүй, хасагдаагүй байхад хуульд заасан төрийн жинхэнэ албан хаагчийн нэмэгдэл баталгаагаар хангагдах эрхийг зөрчиж, С.Н*******г ахлах аудиторын албан тушаалд томилсон нь Төрийн албаны тухай хуулийн зохицуулалтад нийцэхгүй байна…” гэснээр давхар нотлогдож байна.

2.Гэвч нэхэмжлэгч С.Н******* давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн Б/355 дугаар тушаалаар тэтгэвэрт гарсан, ...иймд буцаад менежерээр ажиллахгүй, миний хувьд өөрт хамаарах тушаалуудыг зөвтгүүлэх л хүсэлтэй байгаа” гэж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс “…хэдийгээр ахлах аудитороор томилсон ч нэхэмжлэгчид тэтгэвэрт гарах хүртэл нь өмнө эрхэлж байсан менежерийн цалин, хөлсийг олгож байсан, 36 сарын цалинтай тэнцэх нэг удаагийн тэтгэмжийг ч менежерийн цалин, хөлснөөс тооцож олгосон, тэтгэврийг ч мөн адил менежерийн цалингаас нь тооцож тогтоосон…” гэсэн тайлбар гаргаснаас тус тус үзэхэд дээрх шийдвэр биелэгдэх боломжгүй бодит нөхцөл байдал үүссэн болох нь тогтоогдов.

 Шүүхийн тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.1 дэх хэсэгт “Хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг хүн, хуулийн этгээд заавал биелүүлэх үүрэгтэй”, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2 дахь хэсэгт “Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг Монгол Улсын нутаг дэвсгэрт байгаа холбогдох захиргааны байгууллага, хуулийн этгээд, албан тушаалтан, хүн заавал биелүүлэх үүрэгтэй бөгөөд сайн дураар биелүүлээгүй бол хуульд заасан үндэслэл, журмын дагуу албадан гүйцэтгэнэ” гэж тус тус заасан тул шүүхээс гарч буй шийдвэр зайлшгүй биелэгдэх үр дагавартай байх учиртай.

3.Цаг хугацааны хувьд анхан шатны шүүхийн шийдвэр гарснаас хойш нэхэмжлэгч нэгэнт өндөр насны тэтгэвэрт гарснаар хууль зүйн хувьд менежерийн ажилд үргэлжлүүлэн ажиллах боломжгүй, үүнийгээ ч тэрбээр давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцохдоо хүлээн зөвшөөрсөн, түүнчлэн “…газрын бүтэц, орон тоо өөрчлөгдсөнтэй холбогдуулан урьд эрхэлж байсан менежерийн албан тушаалд томилогдож, улмаар менежерийн албан тушаалаас тэтгэвэртээ гарах байсан, ахлах аудиторын үндсэн цалин нь менежерийн албан тушаалын цалингаас 152.640 төгрөгөөр бага…” гэх зэргээр маргаж буй энэ тохиолдолд тэтгэмж олгосон болон тэтгэвэрт гаргасан шийдвэрүүдийг хэрэгт нотлох баримтаар авах, мөн нэхэмжлэлийн шаардлагыг тодруулсаны үндсэн хэргийг дахин хянан шийдвэрлэх шаардлагатай байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 52 дугаар зүйлийн 52.5.1-т “захиргааны акт, …-г хүчингүй болгуулах, …эсхүл эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоолгох, захиргааны акт гаргуулахыг даалгах нэхэмжлэлийн хувьд нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хэрхэн зөрчигдсөн” талаар нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлд тусгана гэж заасан, иймд нэхэмжлэгчийн зөрчигдсөн гэх эрх, хууль ёсны ашиг сонирхол нь шүүхээс ямар шийдвэр гаргасан тохиолдолд сэргээгдэх болохыг нэхэмжлэлийн шаардлагыг тодруулах байдлаар тогтоох ажиллагааг хийх нь зүйтэй.

Шүүхийн шийдвэрийн удиртгал хэсэгт хэргийн оролцогч болох гуравдагч этгээд Ж.Б*******ы нэр бичигдээгүй байгааг цаашид анхаарвал зохино. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 121 дүгээр зүйлийн 121.1.4, 121.3.4-т заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн 876 дугаар шийдвэрийг хүчингүй болгож, хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцаасугай.   

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.3-д зааснаар хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5-д заасан хугацааны дотор, 123 дугаар зүйлийн 123.2 дахь хэсэгт заасан үндэслэлээр хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар магадлалыг гардаж авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

                           ШҮҮГЧ                                                        Д.ОЮУМАА

 

                              ШҮҮГЧ                                                       Ц.САЙХАНТУЯА

 

                            ШҮҮГЧ                                                          Э.ЛХАГВАСҮРЭН