Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 25 өдөр

Дугаар 1218

 

"Н Ш И” ХХК-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч А.Мөнхзул даргалж, шүүгч Д.Дэлгэрцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 03-ны өдрийн 101/ШШ2018/01180 дугаар шийдвэртэй, нэхэмжлэгч "Н Ш И" ХХК-ийн нэхэмжлэлтэй хариуцагч М.Ж-д холбогдох

 Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй  иргэний хэргийг нэхэмжлэгчийн төлөөлөгчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Бадамханд, Ц.Туяа, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга З.Цэрэнханд нар оролцов.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Халиун шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр "Н Ш И" ХХК-ийн захирал Н.Э нь иргэн М.Ж-тай гэрээ байгуулж, комланийн эзэмшлийн Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Бэрх уулын аман дахь 15000 м.кв талбай  бүхий амралт сувилалын зориулалт бүхий газрыг 300.000.000 төгрөгөөр худалдсан. 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр Н.Э, М.Ж нар нь 243.740.000 төгрөгийг төлсөн талаар 20 гаруй төрлийн жагсаалт гаргаж тооцоо нийлсэн баримтыг үйлдсэн байдаг. Харин 2018 оны  3 дугаар сарын  20-ны  өдөр хариуцагч  талаас өгсөн  нотлох баримтуудтай танилцахад 56.260.000 төгрөгийг авсан гэх Н.Э-ийн гарын үсэгтэй баримтууд байгаа учраас хүлээн зөвшөөрч, 110.460.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаас 56.260.000 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж байна. Иймд талуудын төлбөр төлсөн гэх баримтад тусгагдсан мөнгөнүүдээс Н.Э-г гаргаж авахад 10.000.000 төгрөг, Н.Э-аас  Б.Чинтулгад өгөх газрын төлбөрт 20.000.000 төгрөг, Чинүүхээгээс 2.000.000 төгрөг, Рэмингтон буу 5.000.000 төгрөг, өмгөөлөгч М.Энхжаргал 3.500.000 төгрөг, Насан-Өлзийд 500.000 төгрөг, газрын байцаагчид 2.000.000 төгрөг, ялын төлбөр 500.000 төгрөг, сэтгүүлд нийтлэл 700.000 төгрөг, Булганааг гаргахад 10.000.000 төгрөг гэсэн дээрх 9 төрлийн утга агуулга бүхий мөнгийг компани аваагүй тул худалдах, худалдан авах гэрээний үүрэгт төлөгдөөгүй төлбөр болох 54.200.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн төлөөлөгч З.Шүрэнчулуун шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагч М.Ж нь Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолойн хэсэг гудамж, Бэрх уулын аман дахь 15000 м.кв амралт сувилалын газар эзэмших эрхийг худалдаж авсан. Гэрээний дагуу 300.000.000 төгрөгийг төлөх үүрэг хүлээсэн. Тухайн үед "Н Ш Н" ХХК-ийн гүйцэтгэх захирал нь Н.Э гэх хүн байсан. Түүнд 300.000.000 төгрөгийг төлж барагдуулсан байдаг. Төлбөрийг барагдуулсан талаар 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдөр М.Ж нь "Н Ш И" ХХК-ийн гүйцэтгэх удирдлагатай тооцоо нийлж, 243.740.000 төгрөгийг төлсөн талаар акт үйлдсэн. Үүний дараа 2014 оны 9 дүгээр сарын 20-ны өдрөөс 22-ны өдрийн хооронд 56.260.000 төгрөг төлсөн бөгөөд энэ нь захирал Н.Э-ийн гарын үсэг бүхий баримтаар нотлогдоно. 2014 оны 7 дугаар сарын 29-ний өдөр 10.000.000 төгрөг, нийт гэрээний үүрэгт 300.000.000 төгрөгийг төлсөн учраас 2014 оны 9 дүгээр сарын 06-ны өдөр талууд төлбөр тооцоо нийлсэн. Нэхэмжлэгч талаас 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн төлбөр тооцоо нийлсэн актыг хүлээн зөвшөөрөхгүй маргаж байх шиг байна. Энэ мөнгийг авсан гэдгээ хүлээн зөвшөөрч захирал Н.Э тооцоо нийлсэн акт дээр гарын үсэг зурсан. Тухайн үед " Н Ш И " ХХК-ийн хувьцаа эзэмшигч А.Халиун, Э.Булганаа нар аваагүй гэж маргаж байгаа бол компанийн гүйцэтгэх удирдлага болох Н.Э-аас  хохирлоо шаардах ёстой байсан. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч М.Ж-аас 54 200 000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч "Н Ш И" ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 710 250 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ.

Нэхэмжлэгчийн төлөөлөгч А.Халиун давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: Нэхэмжлэгч тал 2014 оны 7 дугаар сарын 24-ний өдрийн байдлаар Гачууртын амралтын төлбөрийг барагдуулсан байдал гэх Н.Эн, М.Ж нарын үйлдсэн 243.740.000 төгрөгийн тооцооноос Н.Э-г гаргаж авахад 10.000.000 төгрөг, Н.Э-аас  Б.Чинтулгад өгөх газрын төлбөрт 20.000.000 төгрөг, Чинүүхээгээс 2.000.000 төгрөг, Рэмингтон буу 5.000.000 төгрөг, өмгөөлөгч М.Энхжаргал 3.500.000 төгрөг, Насан-Өлзийд 500.000 төгрөг, газрын байцаагчид 2.000.000 төгрөг, ялын төлбөр 500.000 төгрөг, сэтгүүлд нийтлэл 700.000 төгрөг, Булганааг гаргахад 10.000.000 төгрөг гэсэн нийт 54.200.000 төгрөг нь "Н Ш И" ХХК-д огт төлөгдөөгүй, компанид хамааралгүй, Н.Э-д өгөгдөөгүй төлбөр болохыг нэхэмжлэгч нотлох баримт болон шүүх хуралдаанд тайлбарлаж нотолсон. Хариуцагч тал дээрх мөнгөнүүдийг хэнд хэзээ өгсөн талаар нотолж чадаагүй байтал нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож хэрэгт ач холбогдол бүхий нотлох баримтуудад дүгнэлт өгч, хэргийг үнэн зөвөөр шийдвэрлэж чадаагүй, хууль буруу хэрэглэсэн. Н.Э нь 2015 оны 8 дугаар сарын 18-ны өдөр гаргасан тодорхойлолтдоо "Төлбөр тооцоо нийлсэн акт, үйлдэж намайг шахаж гарын үсэг зуруулсан. Ийм учир энэ актыг Н.Э би зөвшөөрөхгүй байна" гэж 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн "төлбөр тооцоо нийлсэн акт"-ыг үгүйсгэсэн байхад энэ баримтад үнэлэлт өгөөгүй, зөвхөн хариуцагч талаас гаргасан нотлох баримтуудыг хэрэгт ач холбогдолтой гэж үнэлж, хэт нэг талыг барьж шийдвэрлэсэн гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

            Анхан шатны шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх шаардлагыг хангасан байна.

            Нэхэмжлэгч “Н Ш И" ХХК нь хариуцагч М.Ж-д холбогдуулж худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 54 200 000 төгрөг гаргуулахаар нэхэмжилснийг хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

Зохигчдын хооронд 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдөр Газар худалдах, худалдан авах гэрээ бичгээр  хийгдэж, уг гэрээгээр нэг талаас  “Н Ш И" ХХК-ийг төлөөлж захирал Н.Э Баянзүрх дүүрэг, 20 дугаар хороо, Шар хоолой, Бэрх уулын ам хаягт байрлах 15000 м.кв талбай бүхий газрын эзэмших эрхийг худалдан авагч М.Ж-д шилжүүлэх, нөгөө талаас М.Ж нь худалдан авсан газар эзэмших эрхийн үнэ 300 000 000 төгрөг төлөх үүргийг тус тус харилцан хүлээхээр тохиролцсон  болох нь зохигчдын тайлбар, хэрэгт авагдсан  гэрээний хуулбараар тогтоогдож байх бөгөөд “Н Ш И” ХХК нь газар эзэмших эрхийг иргэн М.Ж-н нэр дээр шилжүүлэх гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлсэн талаар болон гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд  маргаагүй байна.

Шүүх Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 260 дугаар зүйлийн 260.1 дэх хэсэгт тус тус зааснаар зохигчдын хооронд газар эзэмших эрхийг худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзсэн нь үндэслэлтэй болжээ.

Нэхэмжлэгч нь 2012 оны 1 дүгээр сарын 23-ны өдрийн Газар худалдах, худалдан авах гэрээг болон тухайн үед “Н Ш И” ХХК-ийн захирал байсан Н.Э-ийн гарын үсэг бүхий "2014 оны 7 дугаар сарын 24-ний байдлаар Гачууртын амралтын төлбөрийг барагдуулсан байдал" гэх бичмэл баримтыг тус тус нэхэмжлэлийн шаардлагаа үндэслэл болгож байх бөгөөд талууд гэрээний үүрэгт 243 740 000 төгрөгийг харилцан тооцсон боловч үүнээс Н.Э-г гаргаж авахад гэх 10 000 000 төгрөг, Н.Э-аас  Б.Чинтулгад өгөх газрын төлбөрт гэх 20 000 000 төгрөг, Чинүүхэйгээс          2 000 000 төгрөг, Рэмингтон бууны 5 000 000 төгрөг,  өмгөөлөгч Энхжаргалд 3 500 000 төгрөг, Насан-Өлзийд гэх 500 000 төгрөг, газрын байцаагчийн гэх 2 000 000 төгрөг, ялын төлбөрийн 500 000 төгрөг, сэтгүүл нийтлэлийн 700 000 төгрөг, Булганааг гаргахад, газар сэргээхэд гэх 10 000 000 төгрөг, нийт 54 200 000 төгрөгийг төлөгдөөгүй гэж нэхэмжилсэн.

Дээр нэрлэн заасан тооцоо бүхий баримтад Н.Э гарын үсэг зурсан талаар нэхэмжлэгч тал маргаагүй байхаас гадна уг баримтад Н.Э-ийн хүсэл зоригийн эсрэг, шахалт дарамт үзүүлж түүний гарын үсгийг зуруулсан гэх байдал Н.Э-ийн тодорхойлолтоос өөр баримтаар тогтоогдоогүй тул Газар худалдах, худалдан авах гэрээний үүрэгт тооцон 243 740 000 төгрөгийн төлбөрийг худалдагч тал буюу “Н Ш И” ХХК хүлээн авсныг гэрчлэх баримт бичгийг олгосон гэж үзнэ. /хх-ийн 31, 77/

Үүнээс хойш 56 260 000 төгрөгийн үүргийг хариуцагч төлсөн талаар баримт гаргасан  /хх-ийн 84-85/  нэхэмжлэгч үүнийг зөвшөөрч шаардлагаа багасгасан байна.

Талуудын хооронд хийгдсэн  Гачууртын амралтын төлбөрийг барагдуулсан байдал гэх бичгийн баримтаас гадна 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдрийн нотариатаар гэрчлүүлсэн “...гэрээний төлбөрийг 2014 оны 9 дүгээр сарын 16-ны өдөр “Н Ш И” ХХК-ийн захирал Н.Э-д бүрэн төлж барагдуулсан болно” гэсэн Төлбөр тооцоо нийлсэн акт талуудын хооронд хийгдсэн тул Иргэний хуулийн 236 дугаар зүйлийн 236.5 дах хэсэгт “Өрийг тодорхой хэсгээр, үе шаттайгаар төлж байсан бол хамгийн сүүлийн хэсгийг хүлээн авсан тухай баримт бичигт өөрөөр заагаагүй бол өмнөх хэсгүүдийг бүрэн төлсөн гэж үзнэ” гэж зааснаар хариуцагч нь гэрээний үүрэгт 54 200 000 төгрөгт холбогдох хэсгийг төлсөн гэж үзэх үндэслэлтэй байна. /хх-ийн 68/

Иймд хэрэгт авагдсан нотлох баримтуудаар хариуцагчаас 54 200 000 төгрөгт холбогдох хэсгийг төлөөгүй гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байх тул Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхив.