Орхон аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 06 сарын 02 өдөр

Дугаар 142//ШШ2020/00723

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Орхон аймаг дахь Сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Р.Үүрийнтуяа даргалж тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар 

Нэхэмжлэгч: 1976 онд төрсөн, 44 настай, эмэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн уртын гол 3 гудамж 39 тоотод оршин суух Т нар овгийн Б О /регистрийн дугаар ..../-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: 1971 онд төрсөн, 49 настай, эрэгтэй, Орхон аймаг, Баян-Өндөр сум, Рашаант багийн уртын гол 3 гудамж 39 тоотод оршин суух, Ч овгийн Э-гийн М /регистрийн дугаар ..../ холбогдох гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.О, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Ундрах нар оролцов.

     ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Э.М-той 1996 онд танилцаад 1999 онд гэр бүл болж 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр албан ёсоор гэрлэлтээ батлуулсан. Бидний дундаас 1999 онд том охин, 2009 онд хүү, 2014 онд охин тус тус төрсөн. Сүүлийн 5 жил бид хоорондоо таарч тохирохгүй, Э.Мнь 7 хоногийн 4 өдөр нь согтуу, хэрүүл хийн доромжилж байгаа тул цаашид хамтран амьдрах боломжгүй болсон тул гэрлэлтээ цуцлуулах, хүүхдүүдээ өөрийн асрамжид авч, хүүхдүүддээ тэтгэмж тогтоолгохгүй, бидний гэр бүлийн дунд эд хөрөнгийн маргаан байхгүй” гэжээ.

Хариуцагч Э.Мшүүхэд гаргасан хариу тайлбартаа: “...Миний бие Б.О-ийн гаргасан нэхэмжлэлийн талаар нэмж хэлэх зүйлгүй, хүлээн зөвшөөрч байна. Иймд бид хоёрын шүүхийн дагуу салгаж өгнө үү” гэжээ.

       ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Охариуцагч Э.М-т холбогдуулан гэрлэлт цуцлуулах, хүүхдийн асрамж тогтоолгохыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Гэрлэгчид 1996 онд танилцаж 1999 оноос хамтран амьдраад 2006 оны 06 дугаар сарын 03-ны өдөр гэр бүл болсныг 2006 оны 08 дугаар сарын 08-ны өдөр эрх бүхий байгууллагад бүртгүүлсэн,  тэдний дундаас 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр охин О.Уранчимэг, 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр хүү М.Хангарьд, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр охин М.Ариунхүслэн нар төрсөн, хүүхдүүд эрүүл бойжиж, хүмүүжиж байгаа нь зохигчдын тайлбар, өрхийн эмч болон сургуулийн тодорхойлолт зэргээр тус тус тогтоогдож байна.

Хэрэгт авагдсан нотлох баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-д заасан шаардлага хангасан баримтууд тул шүүх шийдвэрийнхээ үндэслэл болгосон болно.

Шүүхээс өгсөн эвлэрүүлэх хугацаанд гэрлэгчид эвлэрээгүй, зохигчид хэн аль нь гэр бүлээ үргэлжлүүлэх санаачлага гаргаагүй, цаашид эвлэрч амьдрахгүй гэсэн тайлбар гаргаж байгаа зэргийг харгалзан Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.3-т заасныг баримтлан зохигчдын гэрлэлтийг цуцлаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч охин О.Уранчимэг, хүү М.Хангарьд, охин М.Ариунхүслэн нарыг өөрийн асрамжинд үлдээнэ гэсэн шаардлага гаргасныг хариуцагч хүлээн зөвшөөрч, хүүхдийн асрамжийн талаар зохигчид маргаагүйг, мөн охин О.Уранчимэг хөдөлмөрийн чадвараа 90% алдсан байдал, эцэг, эхийн зүгээс хүүхдэд тавьж байгаа анхаарал, халамж, ахуй нөхцөл байдал, хүүхдийн санал, хариуцагчийн хувийн байдал / архи, согтууруулах ундаа  их хэрэглэдэг/ зэргийг харгалзан үзэж охин О.Уранчимэг, хүү М.Хангарьд, охин М.Ариунхүслэн нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээж шийдвэрлэв.

Зохигчдын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдав.

Хариуцагч Э.М-ыг шүүх хуралдаанд биечлэн оролцох эрхээ эдлэх боломжийг олгож, шүүх хуралдааныг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн 11 цаг 00 минутад хянан хэлэлцэхээр хойшлуулсан байх бөгөөд хариуцагчид шүүх хуралдааны товыг мөн өдөр түүний 99366074 дугаарыг утсаар мэдэгдсэн байна.

Хариуцагч 2 дахь удаа хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр шүүх хуралдаанд ирээгүй бөгөөд түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 131 дүгээр зүйлийн 131.3.-т нийцэж байх тул хэргийг хариуцагчийг эзгүйд хянан шийдвэрлэсэн болно.

Нэхэмжлэгч Б.Ошүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Э.М-оос 70 200 төгрөгийг гаргуулж, улсын орлогод оруулж шийдвэрлэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1.-д зааснаар нэхэмжлэгч Б.О, хариуцагч Э.М нарын гэрлэлтийг цуцалсугай.

2. Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5.-д зааснаар 1999 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин О.Уранчимэг, 2009 оны 05 дугаар сарын 02-ны өдөр төрсөн хүү М.Хангарьд, 2014 оны 07 дугаар сарын 16-ны өдөр төрсөн охин М.Ариунхүслэн нарыг эх Б.О-ийн асрамжид үлдээсүгэй.

3.Зохигчдын хооронд гэр бүлийн хамтран өмчлөх дундын эд хөрөнгийн маргаангүй, нэхэмжлэгч хүүхдийн тэтгэлэг нэхэмжлэхгүй гэснийг дурдсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3.-д зааснаар нэхэмжлэгч Б.О шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагчаас 70 200 төгрөгийг гаргуулан төрийн санд оруулсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9-д зааснаар гэрлэлт цуцалсан тухай шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш 3 өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн Орхон аймгийн Баян-Өндөр сумын ЗДТГ-ын иргэний бүртгэлийн ажилтанд явуулахыг шүүгчийн туслах Ө.Мөнх-Эрдэнэд даалгасугай.

Энэ шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигчид шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14 хоногт Орхон аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

ДАРГАЛСАН, ШҮҮГЧ                           Р.ҮҮРИЙНТУЯА