| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дамдинсүрэнгийн Уранзул |
| Хэргийн индекс | 184/2020/01585/и |
| Дугаар | 184/ШШ2020/01843 |
| Огноо | 2020-06-03 |
| Маргааны төрөл | Гэм хор учруулснаас гаргуулсан эд хөрөнгийн хохирол, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 06 сарын 03 өдөр
Дугаар 184/ШШ2020/01843
| 2020 06 03 | 184/ШШ2020/01843 |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Уранзул даргалж, шүүгч В.Амартүвшин, Т.Батсүх нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - тоот хаягт оршин суух, Д- овогт Т-гийн М-а /РД:-/-ын нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Сонгинохайрхан дүүрэг, - өөрийн байр хаягт байрлах, “-” ХХК /РД:-/-д холбогдох,
Хашааг гэм хор учруулахын өмнөх байдалд сэргээн засварлахыг хариуцагчид даалгах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Т-, иргэдийн төлөөлөгч Ж.Д-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Отгонжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэл, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “...Нэхэмжлэгч Т.М-а нь 2016 оноос Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хороонд байрлах, 5000 м.кв газрыг хууль ёсоор эзэмшдэг. Эзэмшил газрынхаа хэмжээгээр 4 тал хашааг хөнгөн блокоор өөрийн хөрөнгөөр барьсан байдаг. Т.М-а хашааны урд талд “-” ХХК-ийн өмчлөлийн газар байдаг. Тэндээ үйлдвэрлэлийн зориулалттай үйл ажиллагаа явуулж эхэлсэн байдаг. 2016 онд нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааны урд хэсгийг нурааж, нураасан хэсгээрээ хариуцагч нь өөрийн хашаандаа орж гарахад амар болгох зорилгоор хашааг нураахаас гадна нэхэмжлэгчийн эзэмшлийн хашаанд элс хайрга буулган тухайн хашааг өөрсдийн үйл ажиллагаандаа ашигладаг байсан. Мөн өөрийнхөө хашаа руу нэхэмжлэгчийн хашаагаар дамжуулж элс хайрга зөөх байдлаар 3 жил ашиглаж явсан байдаг. Ингээд нэхэмжлэгчийн зүгээс 2019 оны намраас эхлэн удаа дараа хашааг засаж өгөхийг шаардаж байсан. Хариуцагч нь 2019 оны 03 сарын 18-ны өдрийн 12 тоот баталгаагаар хашааг 2019 оны 04 сарын 30-ны өдөр сэргээн засварлахаар үүрэг хүлээсэн боловч мөн хугацаанд хашааг хийж гүйцэтгэсэн зүйл байхгүй. Дахиад 2019 оны 07 сарын 01-ний өдрөөс өмнө хашааг байсан байдалд нь засаж өгөхийг шаардсан боловч дахиад хийж гүйцэтгээгүй. 2019 оны 07 сарын 18-ны өдрөөс өмнө хашааг хийж гүйцэтгүүлэхээр мэдэгдлийг мөн өгөхөд хийж өгөөгүй. Мэдэгдэл өгч, шаардлага хүргүүлээд үр дүнд хүрэхгүй байсан учраас бид тус шүүхэд 2019 онд нэхэмжлэл гаргасан. Гэм хорын төлбөрт 8,250,000 төгрөгийг гаргуулахаар шаардсан боловч мөнгө нэхэмжилсэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Тухайн үед хариуцагч талаас “хашааг өмнөх байдалд оруулж блокоор бариад өгөх боломжтой, 2020 оны 04 сар гэхэд бариад өгчихнө” гэж тайлбарлаж байсан. Тус шүүх хуралдаанаар хариуцагч тал манайд 3,000,000 төгрөгийг өгч, хашааг барьж өгөхөөр эвлэрэх санал тавьж байсан хэдий ч бид хүлээн зөвшөөрөөгүй. Ингээд шүүх манай нэхэмжлэлийг мөнгөөр шаардах боломжгүй, өмнөх байдалд нь сэргээн засварлуулах боломжтой гэсэн агуулгаар дүгнэж хэрэгсэхгүй болгосон. Ингээд бид хариуцагчийн тайлбараар дулаан болохоор буюу 2020 оны 04 сар гэхэд бариад өгөх юм байна гэж ойлгоод шүүхийн шийдвэрт гомдол гаргахгүй хүлээсэн боловч өнөөдрийг хүртэл өмнөх байдлаар барьж өгөөгүй учраас шүүхэд нэхэмжлэл гаргасан. Нэхэмжлэлийн шаардлага нь “-” ХХК нь Т.М-ын эзэмшлийн хашааны урд хэсгийн 70 м хашааг нураасан. Нураасан хашаа нь 3 янзын байдлаар баригдсан. Эхний хэсэг нь 15 м урттай, 220 см өндөртэй, 40 см зузаантай, 2 дахь хэсэг нь 19.2 м урттай, 220 см өндөртэй, 40 см зузаантай, 3 дахь хэсэг буюу баруун талын хэсэг нь 35.8 м урттай, 350 см өндөртэй, 40 см зузаантай гэсэн 3 өөр янзаар 70 м урт хашааг барьсан. Бетоноор барьсан гэж байгаа хашааны баруун талын хэсэг нь голын хэсгээсээ 1 м орчим өндөр барьсан байгаа юм. 70 м хашаа нь өмнө нь барьсан блокон хашаанаас 3 хэсэг нь гурвуулаа өндөр баригдсан байгаа. 10 см-1 м өндөр буюу өндөр намын тухайд дэгэн догон байгаа. Баруун болон зүүн хэсгийн дундуур голын хэсэгтээ 50 см урагш илүү гаргаад барьсан. Тэр зайгаар явган хүн орж, гарах боломжтой буюу нэхэмжлэгчийн хашааг байнга ашиглаж болохоор барьсан байдаг. Хашаа нь өндөр нам, урагш хойш, тэгш бус хашаа барьсан. Хариуцагч байгууллагыг манай хашааг бетоноор бариад өгөөч гэж нэхэмжлэгчийн зүгээс хэлээгүй. Машин дээр жишээ авахад нэг машиныг 4 талаас нь өөр байдалтай харуулж байгаа юм. Хариуцагч тал бетоноор барьсан учраас илүү бат бөх, сайн чанарын хашаа барьсан гэж тайлбарлаад байдаг. Гэтэл нэхэмжлэгчид бетоноор бариулах сонирхол огт байгаагүй, бетоноор барьснаар хашаа нь өнгө өнгийн материал холилдсон, урагш хойш, өндөр нам хашаа барьчихсан байгаа юм. Бид нар хашаагаа бусдад үнэгүй ашиглуулаад эд хөрөнгөөрөө хохироод үлдэж байна. Нэхэмжлэгчийн хэлж байгаагаар хариуцагч хайрга буулгахдаа нэхэмжлэгчийн хашааг дамнаж буулгадаг учраас хашааг албаар өөртөө ашигтай байдлаар 3,5 м өндөр барьсан гэж тайлбарладаг. Өөрийнхөө газар дээр хайрга налуулж буулгахдаа нэхэмжлэгчийн хашааг далан маягаар босгосон байсан. Цаашдаа нэхэмжлэгч нь хашаагаа худалдан борлуулах асуудал гарахыг үгүйсгэхгүй. Тиймээс одоо гэм хор учруулахаас өмнө байсан 70 м хашааг өмнөх байдал буюу 9 үе хөнгөн блокоор, 207 см өндөртэй, 70 м урттай, 20 см зузаантай байдлаар сэргээн засварлаж барьж гүйцэтгэхийг “-” ХХК-д даалгаж өгнө үү. Өөрөөр хэлбэл 4 талт хашааны урд талын 70 м хашааг нөгөө 3 талт хашаатай нь адил болгуулахыг шаардаж байгаа. Хариуцагч тал 40 см зузаантай бетоныг ахиад тэгшлээд барих ямар ч боломжгүй байгаа юм. Өмнөх шүүх хуралдаан дээр Т.М-а хэлэхдээ “хашааг иймэрхүү байдалтай барихыг мэдэж байсан. Хариуцагчаас мөнгийг нь аваад өөрөө блок үйлдвэрлэдэг учраас одоо байгаа хашааг нураагаад өөрсдөө хашаагаа барьчихъя” гэж хэлж байсан. Хариуцагч болохоор бид нар барьж өгөх боломжтой байхад мөнгө нэхээд байна гэх байдлаар хандаад чанарын шаардлага хангаагүй хашааг барьж өгчихөөд байгаа юм” гэв.
Хариуцагч, түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа: “...“-” ХХК нь өөрийн хөрөнгөөр иргэн Т.М-ын нурсан хашааг барьж сэргээн өгсөн. Гэтэл иргэн Т.М-а нь ахин сэргээж засварлаж өгөхийг даалгах нэхэмжлэл гаргасан нь хууль зүйн үндэслэлгүй юм. Иймд манай компани ахин засварлаж сэргээх боломжгүй. Иргэн Т.М-ад “-” ХХК нь бетон хашаа барьж өгье гэж албан бичиг өгсөн. Т.М-а татгалзаагүй хүлээн авсан. Бид бат бөх, чанартай материалаар барьж өгсөн тул засварлан сайжруулах, сэргээн засах шаардлагагүй тул даалгах нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна” гэжээ.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн зохигчдын тайлбар, татгалзал хэрэгт цугларсан бичмэл нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Т.М-а нь Сонгинохайрхан дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах өөрийн эзэмшлийн 5000 м газарт 4 талт хашаа барьсаны урд талын хэсэг болох 70 м урттай блокон хашааг хариуцагч “-” ХХК нураасан бөгөөд буцаан сэргээн засварлахдаа хашааг анхны байдалд нь оруулалгүй, чанарын шаардлага хангахааргүй барьсан тул хашааг гэм хор учруулахын өмнөх байдалд сэргээн засварлахыг хариуцагчид даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргав.
Нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагаа “хашааг гэм хор учруулахаас өмнөх байдал буюу 70 м урттай, 207 см өндөртэй, 20 см зузаантай, 9 үе хөнгөн блокоор барьж сэргээн засварлахыг даалгах” хэмээн тодруулсан байна.
Хариуцагч “-” ХХК нь “...бат бөх, чанартай материалаар барьж өгсөн тул засварлан сайжруулах, сэргээн засах шаардлагагүй...” гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргав.
Зохигчид нэхэмжлэгч Т.М-ын эзэмшлийн 70 м урттай хашааг нураасан үйл баримтын талаар маргаагүй ба харин хариуцагч хашааг сэргээн барихдаа чанарын шаардлага хангасан эсэхэд маргадаг.
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д зааснаар гэм хор учруулсан этгээд нь уг гэм хорыг, мөн хуулийн 510 дугаар зүйлийн 510.1, 228 дугаар зүйлд заасан хэлбэрээр хариуцан арилгах үүрэгтэй.
Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д “бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө” хэмээн хуульчилсан.
Хуулийн дээрх зохицуулалтаас үзэхэд хариуцагч “-” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааг эхний ээлжинд өмнөх байсан байдал буюу хашааны бусад 3 тал /баруун, зүүн, хойд/-тай адил нэр төрлийн материал, хэмжээ, загвар, чанараар сэргээн засварлах үүрэгтэй байна.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2-т зааснаар хэргийн оролцогч нэхэмжлэлийн шаардлага, түүнийг үгүйсгэх, татгалзах үндэслэл, тайлбар, түүнтэй холбоотой баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг цуглуулах, гаргаж өгөх үүрэгтэй ба хариуцагч “-” ХХК нь нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаа үндэслэлээ нотлоогүй, энэ талаар бичмэл болон бусад хуулиар зөвшөөрөгдсөн баримтыг гаргаж өгөөгүй болно.
Хариуцагч нь 70 метр урттай хашааг 3 үе болгож барьсан. Үүнээс эхний үе нь: 40 см зузаан, 15 метр урт, 2.2 метр өндөр, голын үе нь: 40 см зузаан, 19.2 метр урт, 2.2 метр өндөр, сүүлийн үе нь: 40 см зузаан, 35.8 метр урт, 3.5 метр өндөртэйгээр барьсан ба голын 19.2 метр урттай үеийг хажуугийн хоёр үеэс урагш 58 см илүү гаргаж барьсан болох нь хэрэгт авагдсан Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 29-ний өдрийн 184/ШШ2019/03073 дугаар шийдвэрээр тогтоогдов.
“-” ХХК нь нэхэмжлэгчийн эзэмшлийн хашааг өөрт ашигтай буюу элс, хайрга налуулж буулгахад тохиромжтой байдлаар бетон цутгаж өндөр, нам, наана, цаана барьсан нь Иргэний хуулийн 510 дугаар зүйлийн 510.1-д заасан гэм хор учруулахаас өмнөх байсан байдалд нь сэргээн засварласан гэж үзэх үндэслэлгүй.
Иймд “-” ХХК-д нэхэмжлэгч Т.М-ын эзэмшлийн хашааг өмнөх байдал буюу 70 м урттай, 207 см өндөртэй, 20 см зузаантай, 9 үе хөнгөн блокоор
барьж сэргээн засварлахыг даалгах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.
Тус өдөр зарлагдсан шүүх хуралдааны товыг хариуцагч “-” ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батхолбоо 2020 оны 05 сарын 20-ны өдөр мэдэж, тэрээр өөрийн эзгүйд шүүх хуралдааныг хийх талаар бичгийн хүсэлтийг ирүүлсэн тул хариуцагчийн эзгүйд шүүх хуралдааныг үргэлжлүүлсэн болохыг дурдах нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэнтэй холбогдуулж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “-” ХХК-иас 70,200 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Т.М-ад олгох үндэслэлтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар нэхэмжлэгч Т.М-ын эзэмшлийн 70 м урттай хашааг өмнөх байдал болох 207 см өндөр, 20 см зузаан, 9 үе хөнгөн блокоор барьж сэргээн засварлахыг хариуцагч “-” ХХК-д даалгасугай.
2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс урьдчилан төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч “-” ХХК-иас 70,200 төгрөг гаргуулж нэхэмжлэгч Т.М-ад олгосугай
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй бөгөөд зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргаж болох ба хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.УРАНЗУЛ
ШҮҮГЧИД В.АМАРТҮВШИН
Т.БАТСҮХ