| Шүүх | Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Дарамбазарын Мөнхцэцэг |
| Хэргийн индекс | 183/2020/0419/и |
| Дугаар | 183/ШШ2019/00536 |
| Огноо | 2020-02-28 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 02 сарын 28 өдөр
Дугаар 183/ШШ2019/00536
| 2020 оны 02 сарын 28 өдөр | Дугаар 183/ШШ2020/00536 | Улаанбаатар хот |
|
|
| |
|
|
| |
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Мөнхцэцэг даргалж, тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Х- /РД:../-ийн нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, тоот хаягт оршин суух, Г- /РД:...../-т холбогдох,
Хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч К......, хариуцагч Я.Г-, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Энхзул нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч А.Х- шүүхэд гаргасан нэхэмжлэл болон итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
А.Халиун нь 2002 онд Я.Г-тэй танилцаж улмаар 2006 онд гэрлэлтээ бүртгүүлсэн ба гэр бүл болсоноос хойш 2006 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр охин Г......гаа төрүүлсэн. Гэтэл нөхөр маань өөр эмэгтэй хүнтэй амьдрал зохиож хүүхэдтэй болсон тул бид хоёр Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 06 сарын 07-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Тухайн шийдвэрээр охиныг маань миний асрамжид үлдээхээр шийдвэрлэсэн. Үүнээс хойш огт уулзаагүй бөгөөд охиндоо ямар нэгэн байдлаар дэмжлэг туслалцаа үзүүлээгүй болно. Иймд Я.Г-өөс хүүхдийн тэтгэлэг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Я.Г- шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
А.Х-гийн гэрлэлтээ цуцлуулах хүсэлт Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасны дагуу 2013 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр гэрлэлтээ цуцлуулсан. Шүүхийн шийдвэрээр охин маань эхийн давуу эрхийн дагуу түүний халамжинд үлдсэн. Гэвч миний бие охиноо өөрийн хайр халамжнаас гадуур огт орхиогүй түүнийхээ төлөө хөдөлмөрлөсөөр ирсэн. Тухайлбал би оюутан байхад охин төрсөн. Эхнэр тухайн үед хүүхдээ харж гэрт сууж чадахгүй гэж хэлээд хот руу орхиод явчихсан үе байсан учир аргагүй эрхэнд охиноо 6 сартайгаас 9 сар хүртэл зуны гурван сар эмээтэйгээ асарч байгаад 9 сарын 20 гарчихсан хичээл эхлээд нэлээд удсан хичээлдээ явах шаардлагатай байсан тул охиноо 70 гарсан эмэг ээжийгээ гуйж үлдээж сургуульдаа явсан. Эмээ охиныг маань 9 сартайгаас 6 нас хүртэл асран хамгаалж өсгөж хүн болгосон, товчоор хэлбэл тэр хүнд цаг үед түүний ач буянаар бид охин үртэй болсон гэж ойлгож болох байх. Эхний хугацаанд охин маань зуны амралтаар очиж амардаг байсан боловч охин ч том болж эхнэрийн маань амьдралын асуудал багассан учир 2014 оноос хойш явуулахгүй болсон. Одоо 80 гарсан ээж маань охиныг маань авчирч үнсүүлээч гэж гуйдаг ч түүний ээж зөвшөөрдөггүй өгч явуулдаггүй учир би уулзуулж чадахгүй байсаар өдийг хүрсэн. Бид оюутны ширээнээс гараад удаагүй бид анхнаасаа л бор зүрхээрээ амьдарлаа зохицуулж боломжит орлого нэг их олдоггүй байсан учир оюутны нийтийн байрны 2*3 харьцаатай маш жижигхэн 00-н өрөөг түрээсийг арай ядан төлж амьдардаг байсан. Энэ үед түүний Болормаа гэгч эгчийн сөрөг ятгалаг дээд хэмжээндээ тулж, намайг 2012 оны 02 сард, нэг орой ажлаасаа ирэхэд тэр явчихсан байсан. Тухайн үед нэлээд сандарч утас руу нь залгасан ч тэр утсаа авахгүй, мессеж илгээж, би эгчийндээ байна чи бид хоёрын амьдрал дууссан “би хүүхдээ авахуулчихсан” харин чи гэрээсээ өөрийн хувцасаа аваад бүрэн мөсөн явсны чинь дараа ирнэ гэсэн мессеж илгээсэн байсан. Би тухайн үед энэ байдлыг худлаа намайг айлгах гэж байна гэж бодож итгэхгүй гэртээ хагас сар орчим хүлээсэн, тухайн үед тэдний эгчийнх нь хаягийг ч мэдэхгүй байсан учир очиж чадахгүй байсаар нэлээд хугацаа өнгөрч ярьсан зүйлс үнэн болохыг хүнээс сонсож ой ухаанд байж боломжгүй зүйл хийсэнд нь гутарч гэрээсээ явж тусдаа амьдрах болсон. Тухайн үед би мастерт сурдаг түрээсийн байранд амьдарч байсан болохоор хичээлийн хажуугаар хийх зорилгоор ажил хайж байгаад нэг хувийн компанид ажилд удаагүй үе байсан, тэр ажилдаа нэг их удаагүй болохоор 250 000 төгрөгийн цалинтай хүрэлцээ муутай байсан учир өөр илүү боломжийг хайж байтал уул уурхайн компанид ерөнхий нягтлангаар ажиллаж байсан эгч хамтарч ажиллая, хүнсний компанид ахлах нягтлангаар ажиллах, цалин 1 000 000 төгрөг гэж хэлэхэд нь ажлын саналыг хүлээн авч, ажиллаж байсан компанийнхаа захиралд ажлаасаа гарах болсон шалтгаанаа тайлбарлаж танилцуулахад чиний хүсэлтийг хүлээж авч чадахгүй, харин надад илүү санал байна. Харин компанидаа үр бүтээлтэй тогтвор суурьшилтай 5 дээш жил ажил, чамайг түрээсийн байранд амьдардагийг мэднэ тийм болохоор байрны зээлд оруулж өгье. Байртай болох бүх боломжоор хангая цалинг чинь 450 000 төгрөг байрны урьдчилгаа болох 9 000 000 төгрөгийг санхүүгээс олгоё, /тухайн үед 6 хувь хүүтэй зээл сонгуультай холбоотойгоор эхлэх тухай яригдаж байсан үе, байрны үнэ өсөх нь ч тодорхой болчихсон байсан. Хэдийгээр хөдөлмөрийн зах зээл дээрээс хөдөлмөрөө өндөрөөр үнэлүүлж ажиллах, албан тушаал ч өсөх боломж дээрээс нь хөгжих орчиноо өөрөө сонгох, боломжийн орлоготой, сурч хөгжих боломж нүдэнд минь тодорхой, өөрт ашигтай байсан ч тухай үеийн нөхцөл байдал эхнэр, охин хоёр минь өөрийн гэсэн хаягүй, түрээсийн умагар жижигхэн нийтийн байрнаасаа хөөгдөж гарах болчихсон, байсан болохоор өөрийнхөө эрх ашгийг өмнүүр тавьж чадалгүй захирлынхаа саналыг хүлээн авч Хан-Уул дүүргийн 15 дугаар хороо, Туул гол гудамж, Рояал хаус констракшн ХХК-ийн барьсан Рояал хаус хотхоны 70 дугаар байрны өрөө байранд /авсан зээлийн нийт өртөг 15 552 991 төгрөг/ эхнэр, охин хоёроо оруулж өөрийн гэсэн хаягтай халуун дулаан тогтвортой оршин байх гэр оронтой болгож, өөрөө 6 жил 2017 оны 9 дүгээр сар хүртэл анх үнэлэгдсэн цалингаараа компанидаа үр бүтээлтэй ажилласан. Миний амьдрал энэ хугацаанд нэг ч алхам урагшлаагүй, байрныхаа хамтран зээлдэгчээр орчихсон болохоор банкнаас ч зээл авах эрхгүй яаралтай хэрэг гарах үед өндөр хүүтэй хадгаламж зээлийн хоршоонд ханддаг байсан. Өдрийнхөө 10-аас доошгүй цагийг дээрээ өнгөрөөж сард 450 000 төгрөгийн цалин авч, түрээсийн байрны төлбөрт толгой гашилгаж, 5 халуун ам бүлийг авч явах чанга даваа байсан. Мөнгөтэй хүмүүст өгсөн мөнгө бага юм шиг л санагдах байх гэхдээ энэ мөнгийг 6 жил 5 хүн хоолоо хагаслан байж төлсөн. Юу ч байхгүй хүн ирээдүйгээсээ мөнгө зээлж, ирээдүйд олох орлогоо тогтмолоор тогтоолгож, залуу эрч хүчтэй цаг үеэ, чадвараа ашиглаж чадалгүй, ажиллах орчиноо чөлөөтэй сонгох эрхгүйгээр 6 жил гүрийлгэнэ гэдэг бол энэ зовлонг биеэрээ мэдэрсэн хүн л мэдэх байх, автобусны мөнгө хэмнээд үргэлж алхана, мөнгөндөө тааруулаад хямд гутал авна гутлын өсгий тэсэхгүй байнга элэгдээд цоорчихно, тухайн хүнд хэцүү шантрах үед охиноо дулаан гэр оронтой болгох гэж хичээж байгаа зүтгэл үнэтэй байсан. Энэ хугацаанд хэдийгээр мөнгө муутайхан байсан ч охин дээрээ үргэлж очиж уулзаж бас бус цүнх, хичээлийн хэрэглэл, хувцас, ойр зуурын хэрэгтэй зүйлсийг авч өгч охиноо салхилуулах гэх мэт ажлаас би холдоогүй гэдгийг охин маань хэлэх байх, эцэг хүний хайр халамжаар дутаахгүйг хичээсээр ирсэн сэтгэл минь халуунаар байна. Ээжийнх нь ажлын нөхцөл өөрчлөгдөж 2 жилийн өмнөөс Оюу толгой ХХК ажилладаг болсон амьдрал ч сайжирсан болохоор ээж нь сүүлийн үед утсаа авахгүй, охинтой минь уулзуулах дургүй байдаг болсон. Би түүнийг хүнд хэцүү байхад өөрийн эрх ашгийг бодож байгаагүй хангалттай тусалсан, гэр бүлээрээ 5 халуун амь хоолтой хоолгүй түүний гэр оронтой болгох гэж зүтгэсэн тиймээс хууль ёсоор хэрэв надаас мөнгө нэхэмжилж байгаа бол би түүнийг нь хангалттай төлсөн учир дахин мөнгө төлж чадахгүй. Хэрэв ээж нь миний охиныг тэжээж чадахаа больсон боломжгүй болсон бол охиноо өөр дээрээ авахыг хүсэл минь миний мөрөөдөл байсаар ирсэн гэдгийг хэлмээр байна. Охин маань аав дээр ирвэл түүний тархийг хэн ч муу мэдээллээр дүүргэхгүй илүү аз жаргалтай болно гэдэгт эргэлзэхгүй байна гэв.
Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч А.Х- нь хариуцагч Я.Г-т холбогдуулан хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг шүүхэд гаргажээ.
Зохигчид 2002 онд гэр бүл болж, 2006 оны 06 сарыэн 28-ны өдөр гэрлэлтээ бүртгүүлж, улмаар тэдний дундаас 2006 оны 11 сарын 23-ны өдөр охин Г...... төрсөн байна.
Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 6 дугаар сарын 07-ны өдрийн ..... дугаар шийдвэрээр Боржигон овогт Янжмаагийн Г-, Боржигин овогт Алтанцоогийн Х- нарын гэрлэлтийг цуцалж, 2006 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр төрсөн охин Г-ийн .....г эх А.Х-гийн асрамжид үлдээж, нэхэмжлэгч А.Х- нь Я.Г-өөс хүүхдийн тэтгэлэг тогтоолгох тухай шаардлагаасаа татгалзсаныг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
Хариуцагч нь орон сууцны урьдчилгаа төлбөрийг төлсөн гэх үндэслэлээр 2006 оны 11 сарын 23-ны өдөр охин Г......д хуульд заасан хэмжээгээр тэтгэлэг олгохоос татгалзаж буй нь үндэслэлгүй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1-д “Хүүхэд төрснөөр эцэг, эх хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” мөн хуулийн 38 дугаар зүйлийн 38.1-д “Эцэг, эх нь насанд хүрээгүй болон хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдээ тэжээн тэтгэх үүрэгтэй” гэж заасан. Иймээс эцэг Я.Г- нь хуульд заасан хэмжээгээр охин Г......г тэжээн тэтгэх үүрэгтэй тул Г......д тэтгэлэг гаргуулах шаардлагыг шүүх хангах үндэслэлтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2-т 11-16 /суралцаж байгаа бол 18 нас/-тай хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр охин Г......д эцэг Я.Г-өөс тэтгэлэг гаргуулах нь зүйтэй.
Хүүхдийн эрхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 3-д “Хүүхэд эцэг эхтэйгээ амьдрах, тэдний анхаарал халамжид байх, эцэг эхээсээ буюу хэн нэгнээс нь тусдаа амьдрах үед тэдэнтэй байнгын харилцаатай байх эрхтэй. Иймд эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахгүй байхыг шүүхийн шийдвэрт дурьдах нь зүйтэй гэж дүгнэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 132 дугаар зүйлийн 132.6 дахь хэсэгт заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Г......г 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй бол амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг Я.Г-өөс тэжээн тэтгүүлсүгэй.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-т зааснаар нэхэмжлэгч А.Х-гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70 200 төгрөгийг улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагч Я.Г-өөс 70 200 төгрөг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.7, 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нар энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор тус шүүхээр дамжуулан Нийслэлийн Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэйг, зохигчид хуульд заасан хугацааны дотор шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ Д.МӨНХЦЭЦЭГ