Увс аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 365

 

Увс аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Дэлгэрцэцэг даргалж, тус шүүхийн танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Х б ХХК-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Б овогт Я-гийн Ц-д холбогдох,

Зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, зээлийн хүү 82.065,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 10.934.875,45 төгрөг гаргуулж, бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг 2020 оны 2 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч, 2020 оны 2 дугаар сарын 21-ний өдөр иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэр, Х.Хишигсүрэн, хариуцагчийн өмгөөлөгч Б.Батгэрэл, нарийн бичгийн дарга Д.Болорзаяа нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ  нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Дэлгэр шүүхэд гаргасан нэхэмжлэл болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.Хишигсүрэн шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Иргэн Г.Нямсамбуу болон түүний эхнэр Я.Ц нар нь 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Х Б ххк-ийн Увс салбарын Улаангом тооцооны төвөөс ЗГ/201844179795 тоот зээлийн гэрээ байгуулан 13,945,861.67 төгрөгийн цалингийн зээлийн үлдэгдэл дээр нэмж 100,000 төгрөгийн зээлийг жилийн 16.8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай, сар бүр тэгш төлөх нөхцөлтэй хэрэглээний зориулалтаар авсан. Зээлдэгч нь зээлийн гэрээний 4.2.2 дахь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 3,557,779.62 төгрөг, зээлийн хүүний төлбөрт 2,051,060.84 төгрөг, нэмэгдүүлсэн хүүний төлбөрт 841.86 төгрөг нийт 5,609,682.32 төгрөгийн төлбөрийг төлсөн байна. Зээлдэгч нь гэрээ ёсоор төлбөл зохих төлбөрийг хугацаандаа төлөөгүй хугацаа хэтэрч банкнаас зээлээ төлөхийг удаа дараа шаардсан боловч гэрээний 4.2.11-д заасан үүргээ биелүүлээгүй өнөөдрийг хүртэл зээлийн төлбөрийг барагдуулаагүй байна. Зээлдэгч Г.Нямсамбуу нь 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1-д “Хүсэл зоригийн илэрхийлэл нь нөгөө тал түүнийг хүлээн авснаар хүчин төгөлдөр болно” гэж заасан байдаг бөгөөд үүний дагуу талууд харилцан тохиролцсоны үндсэн дээр зээлийн гэрээ байгуулагдсан. Иргэний хуулийн 40 дүгээр зүйлийн 40.3 дахь хэсэгт “Хэлцэл хийснээс хойш нас барсан, эсхүл эрх зүйн бүрэн чадамжгүй болсон этгээдийн урьд нь хийсэн хэлцэл, илэрхийлсэн хүсэл зоригийн илэрхийлэл хүчин төгөлдөр хэвээр байна” гэж заасан байдаг бөгөөд хэдийгээр зээлдэгч Нямсамбуу нас барсан боловч зээлийн гэрээнд үндсэн зээлдэгч болон хамтран зээлдэгч хэн аль нь адил эрх эдэлж, ижил үүрэг хүлээнэ гэж заасан байгаа. Иймд Х Б ххк нь дээрх зээлийн гэрээний үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар шүүхэд нэхэмжлэл гаргах эрхтэй гэж үзэж байгаа тул хамтран зээлдэгч зээлдэгч Я.Цгаас нэхэмжлэлийн шаардлагын дагуу нийт 10.934.875,45 төгрөгийн төлбөр гаргуулж, бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэл хангуулж өгнө үү.” гэжээ.   

Хариуцагч Я.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Хаан банкны шүүхэд гаргасан нэхэмжлэлтэй танилцлаа. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Миний нөхөр Галбаа овогтой Нямсамбуу 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр Хаан банкнаас 14,045,861.67 төгрөгний цалингийн зээл авсан. Дээрх зээл болон зээлийн хүүг нөхрийн цалингаас суутгаж төлж байсан. 2019 оны 9 дүгээр сарын 04-05-нд шилжих шөнө зам тээврийн осол болж нөхөр маань амь насаа алдаж, миний бие хүнд гэмтэл авч урт хугацааны эмчилгээ хийлгэсэн. Нөхрийн маань цалингийн зээл, зээлийн хүүний үлдэгдэл 10,934,875.45 төгрөг байна. Ганц миний цалингаар дээрх зээлүүдийг төлөх ямар ч боломж байхгүй. Би 2011 онд Улаанбаатар хотод 15 жилийн хугацаатай ипотекийн зээл авсан ба эргэн төлөлт нь сард 385,000 төгрөг, мөн цалингийн зээлтэй ба эргэн төлөлтөд сард 480,000 төгрөг төлдөг. Манайх ТОСК-ын түрээсийн байранд амьдардаг бөгөөд сарын түрээсийн төлбөр 250,000 төгрөг байдаг. Би Нэгдсэн эмнэлэгт дотрын эмчээр ажиллаж сард нэмэгдэл, урамшууллаа оруулж тооцоод 1,300,000 төгрөгийн цалин авдаг. Миний бие зөвхөн зээл, түрээсийн төлбөрт сард 1,115,000 төгрөг төлж байгаа бөгөөд үлдэгдэл 185,000 төгрөгөөр хоол хүнс, халаалт, цахилгаан болон бусад зардлаа төлж амьдарч байна. Иймд миний амьдрал байдлыг харгалзан үзэж миний нөхрийн нэр дээрх цалингийн зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүх хуралдаанаар хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х Б ххк нь хариуцагч Я.Цд холбогдуулан зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, зээлийн хүү 82.065,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 10.934.875,45 төгрөг гаргуулж, бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргажээ.  

Хариуцагч Я..Цэцэгмаа “Миний бие зээл, түрээсийн төлбөрт сард 1,115,000 төгрөг төлдөг бөгөөд үлдэгдэл 185,000 төгрөгөөр хоол хүнс, халаалт, цахилгаан болон бусад зардлаа төлж амьдарч байна. Иймд миний амьдрал байдлыг харгалзан үзэж миний нөхрийн нэр дээрх цалингийн зээлийн үлдэгдэл нэхэмжилсэн Хаан банкны нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэж маргаж байна.

Хариуцагч Г.Нямсамбуу, Я.Ц нар нь Х Б ххк-ийн Увс салбараас 2017 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр ЗГ201743214089 тоот зээлийн гэрээ байгуулан 18.000.000 төгрөгийн зээлийг Г.Нямсамбуугийн цалин барьцаалан жилийн 20,4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай, зээлдсэн, 2018 оны 11 дүгээр сарын 12-ны өдөр ЗГ/201844054075 тоот гэрээ байгуулан өмнөх зээлийн үлдэгдэл 14.107.460,33 төгрөг дээр 100.000 төгрөг нэмж, нийт 14.207.460,33 төгрөгийг жилийн 18 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн.

Мөн 2018 оны 12 дугаар сарын 18-ны өдөр ЗГ/201844179795 тоот зээлийн гэрээгээр дээрх зээлийн үлдэгдэл 13.945.861,67 төгрөг дээр 100.000 төгрөг нэмж, нийт 14.045.861,67 төгрөгийг жилийн 16,8 хувийн хүүтэй, 36 сарын хугацаатай зээлдсэн болох нь зохигчийн тайлбар, зээлийн болон барьцааны гэрээ, зээлийн эргэн төлөлтийн хуваарь зэрэг баримтаар тогтоогдож байна.

Үүнээс үзэхэд зохигчдын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий хуулийн этгээдээс олгох зээлийн гэрээний харилцаа үүсчээ.

Зээлдэгч нар нь зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.557.779,62 төгрөг, хүү 2.051.060,84 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 841,86 төгрөг, нийт 5.609.682,32 төгрөг төлжээ.

Улмаар зээлдэгч Г.Нямсамбуу 2019 оны 9 дүгээр сарын 05-ны өдөр нас барсан байх бөгөөд хамтран зээлдэгч Я.Ц 2019 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр зээлийн төлбөрийг төлж байсан болох нь дансны дэлгэрэнгүй хуулгаар тогтоогдож байх тул хариуцагчийг хамтран зээлдэгчийн үүргээ биелүүлэхийг  хүлээн зөвшөөрсөн гэж үзэхээр байна.

Ийнхүү Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн  хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг  бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, мөн зүйлийн 242.3-д “Үүрэг гүйцэтгүүлэгч нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардаж болох бөгөөд үүргийг бүхэлд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгэгчдийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус  зааснаар нэхэмжлэгч Х Б ххк нь хамтран зээлдэгч Я.Цгаас үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь шаардах эрхтэй.

Түүнчлэн нэхэмжлэгчийн бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагын тухайд бусад хөрөнгө гэдэгт ямар хөрөнгийг хамааруулаад байгаа нь тодорхойгүй, нэрчлэн заагаагүй, Я.Цгийн орлогыг тодорхойлсон гэх Нэгдсэн эмнэлгийн даргын 2017 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн 755 дугаар цалингийн тодорхойлолтыг дарга гарын үсэг зурж баталгаажуулаагүй, нягтлан бодогч гарын үсэг зурсан байх боловч гарын үсэг тайлал бичигдээгүй, сар, өдөр засвартай, Я.Цгийн 0374262 дугаартай нийгмийн даатгалын дэвтэр нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 44 дүгээр зүйлийн 44.2-т заасан нотлох баримтын шаардлага хангахгүй байх тул нэхэмжлэлийн шаардлагын энэхүү шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй.

Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Цгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, зээлийн хүү 82.065,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 10.934.875,45 төгрөг гаргуулж Х Б ххк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв. 

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1 дэх хэсгүүдэд зааснаар нэхэмжлэгч Х Б ххк-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.908 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Я.Цгаас  189.908 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б ххк-д олгох нь зүйтэй гэж үзэв.

 

Хариуцагч Я.Цд шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч “Миний бие нь шүүх хуралдаанд оролцох боломжгүй байх тул өмгөөлөгч төлөөлөн оролцоно” гэх хүсэлт ирүүлснийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 452 дугаар зүйлийн 452.1, 452.2, 453 дугаар зүйлийн 453.1, Банк, эрх бүхий хуулийн этгээдийн мөнгөн хадгаламж, төлбөр тооцоо, зээлийн үйл ажиллагааны тухай хуулийн 22 дугаар зүйлийн 1 дэх хэсэг, 24 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт тус тус зааснаар хариуцагч Я.Цгаас зээлийн гэрээний гүйцэтгээгүй үүрэг буюу үндсэн зээл 10.844.637,67 төгрөг, зээлийн хүү 82.065,65 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 1672,13 төгрөг, нотариатын төлбөр 6,500 төгрөг, нийт 10.934.875,45 /арван сая есөн зуун гучин дөрвөн мянга найман зуун далан таван төгрөг дөчин таван мөнгө/ төгрөг гаргуулж Х Б ххк-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх бусад хөрөнгө болон орлогоор үүргийн гүйцэтгэлийг хангуулах тухай шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгч Х Б ххк-ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 189.908 /нэг зуун наян есөн мянга есөн зуун найм/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Б Я.Цгаас 189.908 /нэг зуун наян есөн мянга есөн зуун найм/ төгрөг гаргуулан нэхэмжлэгч Х Б ххк-д олгосугай.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авснаас хойш 14  хоногийн  дотор  Увс  аймгийн  Эрүү,  Иргэний  хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.  

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                Л.ДЭЛГЭРЦЭЦЭГ