Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 02 сарын 04 өдөр

Дугаар 6

 

Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааныг шүүгч М.Хүрэлбаатар даргалж, шүүгч З.Хосбаяр, Ё.Бямбацэрэн нарын бүрэлдэхүүнтэй,

           Шүүх хуралдаанд:

         Прокурор                                              М.Сайнзаяа

          Шүүгдэгч                                              У.У, Б.Д

         Шүүгдэгчийн өмгөөлөгч                        П.Ган-Очир, Э.Цэнгүүн

         Нарийн бичгийн дарга                        Т.Батсайхан нарыг оролцуулан

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолтой  У.У, Б.Д нарт холбогдох 1915004220240 дугаартай эрүүгийн хэргийг шүүгдэгч У.У, шүүгдэгч Б.Д:н өмгөөлөгч Э.Цэнгүүн нарын давж заалдах гомдлыг үндэслэн 2020 оны 01 дүгээр сарын 22-ны өдөр хүлээн авч, шүүгч Ё.Бямбацэрэнгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Монгол улсын иргэн, А.Д

Монгол улсын иргэн, У.У

Шүүгдэгч У.У, Б.Д нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Улаан мод” гэх газар бэлчээрт байсан Сэлэнгэ аймгийн Баруунбүрэн сумын 1 дүгээр багийн иргэн Ц.М.н 1 тооны ягаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогджээ.

Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дүгээр шийтгэх тогтоолоор:

 1. Шүүгдэгч У.У, Б.Д нарыг Эрүүгийн хуулийг ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1, 3.7 дугаар 1 дэх хэсэгт тус тус заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан бусдын мал хулгайлах гэмт хэрэг үйлдэхээр завдсан гэм буруутайд тооцож,

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А У.У, Б.Д нарыг тус тус 1 /нэг/ жил, 6 /зургаа/ сарын хорих ялаар шийтгэж,

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У.т энэ шийтгэх тогтоолоор оногдуулсан 1 жил, 6 сарын хорих ял дээр Булган аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 09 дүгээр сарын 27-ны өдрийн 137 дугаартай шийтгэх тогтоолоор оногдуулсан 2 жилийн хорих ялаас эдлээгүй үлдсэн 10 сар, 11 хоногийн хорих ялыг нэмж нэгтгэн биечлэн эдлэх ялыг 2 /хоёр/ жил, 4 /дөрөв/ сар, 11 /арван нэг/ хоногийн хорих ялаар тогтоож,

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч У.У, Б.Д нарт оногдуулсан хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

5. Энэ хэрэгт шүүгдэгч нар нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй, хохирогч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй болохыг тус тус дурьдаж, эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн цагаан өнгийн мяндсан уяаг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахыг шүүхийн эд мөрийн баримт устгах комисст даалгаж, битүүмжлэгдсэн **-** БУА улсын дугаартай “Hyunda Porter” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Булган аймгийн Булган суманд оршин суух Т.д буцаан олгож,

6. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 /гурван сая таван зуун мянга/ төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч У.У, Б.Д нараас тус тус 1500000 /нэг сая таван зуун мянга/ төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж,

7 Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болохыг дурьдаж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч У.У, Б.Д нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж энэ мөчөөс эхлэн цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авч,

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.13 дугаар зүйлийн 1,  38.1 дүгээр зүйлд зааснаар шийтгэх тогтоолыг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Булган аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд цагаатгагдсан этгээд, шүүгдэгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдаж,

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2-т зааснаар давж заалдах гомдол гаргах буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шүүгдэгч У.У, Б.Д нарт авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Э.Цэнгүүн давж заалдах гомдолдоо: “Анхан шатны шүүх хуралдаанд өмгөөлөгч нар шүүгдэгч нарын гэм буруугийн талаар маргахгүй, гэм буруутай гэдгийг нь хүлээн зөвшөөрч хэргийн онолоо дэвшүүлж, өмгөөллийн үйл ажиллагаагаа явуулсан байхад анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолд гэм буруугийн талаар маргасан хэмээн дүгнэж бичсэн нь буруу буюу зөрүүтэй дүгнэсэн байна.

Мөн шүүгдэгч нар нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Мал хулгайлах” гэмт хэргийг үйлдсэн асуудал байхгүй, зөвхөн уг гэмт хэргийг мөн хуулийн ерөнхий ангийн 2.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар завдсан байна. Энэ нөхцөл байдал болон гэмт хэрэг болсон үйл баримт нь ямар нэгэн хохирол, хор уршиг учруулаагүй, мөн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ бага байна.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.3 дугаар зүйлд “Шударга ёсны зарчим”-ын талаар тодорхойлсон ба мөн зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн, хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэж заасан байх ба анхан шатны шүүхээс шүүгдэгч А.Д.д Эрүүгийн хуулийн тугсай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн оногдуулах ялаас хорих ялыг буюу хүнд ялыг сонгон ял шийтгэл оногдуулсан нь “гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт” тохирохгүй байна.

Мөн анхан шатны шүүх шүүгдэгч А.Д.д хорих ял оногдуулсан үндэслэл, шалтгаанаа тайлбарлахдаа түүний өмнө нь гэмт хэрэг үйлдэж, ял шийтгүүлж байсан нөхцөл байдлыг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал болгож тайлбарласан нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Эрүүгийн хуулиар “ялтай байдал” гэж байхгүй бөгөөд шүүгдэгч А.Д нь өмнө нь хорих болон баривчлах ялаар шийтгүүлж байсан боловч ял шийтгэлээ биеэр эдэлсэн учир одоогийн гэмт хэрэгтээ “анх удаа” гэмт хэрэг үйлдсэн гэж үзнэ.

Мөн анхан шатны шүүх шийтгэх тогтоолдоо шүүгдэгч А.Даваадоржид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан “энэ хуулийн тусгай ангийн нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн, эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэдгийг эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна.

Шүүгдэгч А.Д нь нэг бүлэгт заасан санаатай гэмт хэргийг хоёр, түүнээс дээш удаа үйлдсэн асуудал байхгүй. Өмнөх ял шийтгэлээ биеэр эдэлсэн бөгөөд “ялтай байдал” гэдэг ойлголт байхгүй байхад дээрх хуулийн зохицуулалтыг шүүгдэгч А.Д.н өмнөх ял шийтгэлийн байдалдтай холбож, халдааж хэрэглэж байгаа нь хуулийг буруу хэрэглэж байна. Дээрх хуулийн зохицуулалт нь “... эсхүл гэмт хэргийг бүлэглэж үйлдсэн” гэсэн байх бөгөөд шүүгдэгч нар нь уг гэмт хэргийг “бүлэглэж үйлдсэн” зүйл байхгүй, зөвхөн “бүлэглэж завдсан” байхад хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдалд тооцсон нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Мөн шүүгдэгч нар нь анх мал хулгайлах санаа, зорилгогүй байсан бөгөөд тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас мал хулгайлах гэмт хэргийг үйлдэхийг завдсан. Гэтэл анхан шатны шүүх Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 3 дахь хэсэгт тус тус заасныг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал тооцохгүй байгаа нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 2, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсгийн 8.1-д тус тус заасныг анхаарч үзээгүй байна.

Түүнчлэн анхан шатны шүүх **-** БУА улсын дугаартай тээврийн хэрэгслийг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан гэж үзэж, тээврийн хэрэгслийн үнийг шүүгдэгч нараас гаргуулж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлгүй байна.

Шүүгдэгч нар нь уг “үхэр”-ийг хулгайлахыг завдсан үйл баримт болсон болохоос биш тээврийн хэрэгсэл дээрээ ачсан, тээвэрлэсэн буюу гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан, ашиглахыг завдсан асуудал байхгүй. Үүнээс гадна нөгөө утгаараа Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлд заасан зохицуулалт нь өөрөө “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлүүлэх зорилгоор” гээд зорилгыг нь тодорхойлсон, мөн “бусдад учруулсан хохирлыг нөхөн төлөх, хэрэг шалган шийдвэрлэх ажиллагааны зардалд зарцуулна” гээд хэрхэн, юунд зарцуулахыг нь тодорхойлсон байна. Гэтэл энэ хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэгэн зардал байхгүй, шүүгдэгч нар нь бусдад хохирол, хор уршиг учруулсан зүйл байхгүй байхад тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэсэн нь хуулийг буруу тайлбарлаж, хэрэглэж байна гэж үзэх, мөн хуулинд огт ийм үг, үсэг, зохицуулалт, заалт байхгүй байхад байгаа юм шиг хэрэглэж байгаа үндэслэлгүй. Үүнийг шүүхийн практик хэмээн үзэж, хуулиас давсан практик хэрэглэж байгаа нь үндэслэлгүй.

Дээрх нөхцөл байдлуудыг анхан шатны шүүх огт хууль зүйн дүгнэлт хийгээгүй байгаа нь анхан шатны шүүхийн шийдвэр учир дутагдалтай, ойлгомжгүй гэж үзэхээр байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэг, 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.4-т тус тус заасан үндэслэлээр шүүгдэгч А.Д.д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1.2-т зааснаар тэнсэх, эсхүл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж өгөхийг, мөн, мөн хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.5-д зааснаар тээврийн хэрэгслийн үнийг гаргуулж шийдвэрлэснийг тус тус өөрчилж шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

Шүүгдэгч У.У давж заалдах гомдолдоо: “Д, И бид гурав Хангал сумын Тэмээн бууц гэх газар явж байхад бэлчээрт явсан үхэрнүүд тааралдсан. И зогсож бай гээд тэвшин дээр байсан татлагын уяаг аваад хонхор руу орсон. Тэгээд Д нь гутлаа өмсөөд араас нь явсан. Би машины араас ундааны сав аваад очиход Д ганцаараа зогсож байсан. И хайчсан гэхэд үхэрт чирэгдээд бургас руу орсон гэж хэлсэн. Би энэ хэрэгт ямарч хамааралгүй тул хэргийг үнэн зөвөөр шийдэж өгнө үү” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Ц.Сувдаа дүгнэлтдээ: “...Анхнан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хэвээр үлдээх саналтай              ...” гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

Булган аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос У У.У, Б.Д нарыг бүлэглэн 2019 оны 08 дугаар сарын 16-ны өдөр Булган аймгийн Хангал сумын 2 дугаар багийн нутаг “Улаан мод” гэх газар бэлчээрт байсан Сэлэнгэ аймгийн ... иргэн Ц.М.н 1 тооны ягаан халзан зүсмийн сувай үнээг хулгайлахыг завдсан гэмт хэрэгт холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч болон шүүгдэгч нарын давж заалдах гомдлыг үндэслэн  У.У, Б.Д нарт холбогдох эрүүгийн хэргийг давж заалдах шатны шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлд зааснаар анхан шатны шүүхийн шийдвэр, хэргийн бүх ажиллагааг бүхэлд нь хянан үзвэл анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Учир нь: Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 2 дах хэсэгт шүүхийн шийдвэр нь удиртгал, тодорхойлох, тогтоох хэсгээс бүрдсэн байна гэж заасан шийтгэх тогтоолын бүрдлийн шаардлагыг хангаагүй, Эрүүгийн хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн байна.

Түүнчлэн шийтгэх тогтоолын тогтоох хэсэгт **-** БУА улсын дугаартай “Hyunda Porter” маркийн тээврийн хэрэгслийг эзэмшигч Ж.Т.д буцаан олгож, шүүгдэгч нараас тээврийн хэрэгслийн үнэ болох 3500000 төгрөгийг хувь тэнцүүлэн, шүүгдэгч У.У, Б.Д нараас тус тус 1500000 төгрөгийг гаргуулж улсын төсөвт шилжүүлж гэж хохирлын хэмжээг буруу тооцоолж шийдвэрлэсэн нь шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй байна.

Иймд шүүгдэгч У.У, шүүгдэгч Б.Д.н өмгөөлөгч Э.Цэнгүүн нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхиж, шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

Шүүгдэгч У.У, Б.Д нарт холбогдох хэргийг эцэслэн шийдвэрлээгүй тул шүүгдэгч У.У, шүүгдэгч Б.Д.н өмгөөлөгч Э.Цэнгүүн нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисон болно.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.5 дугаар зүйлийн 1.3, 39.8 дугаар зүйлийн 1.6, 39.9 дүгээр зүйлийн 1.3, 39.9 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Булган аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 25-ны өдрийн 04 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасугай.

2. Шүүгдэгч У.У, шүүгдэгч Б.Д.н өмгөөлөгч Э.Цэнгүүн нарын давж заалдах гомдлыг хэлэлцэхгүй орхисугай.

3. Давж заалдах шатны шүүх хэрэг хянан хэлэлцэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл магадлалыг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор оролцогч хяналтын журмаар гомдол гаргах, прокурор, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурьдсугай.

 

                      ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  М.ХҮРЭЛБААТАР                           

                                  ШҮҮГЧИД                                      З.ХОСБАЯР 

                                                                                        Ё.БЯМБАЦЭРЭН