Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2022 оны 04 сарын 18 өдөр

Дугаар 128/ШШ2022/0294

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Халиуна даргалж, тус шүүхийн хуралдааны 3 дугаар танхимд хийсэн нээлттэй шүүх хуралдаанаар,

Гомдол гаргагч: Н.А******** /РД:************/,

Хариуцагч: Татварын ерөнхий газар,

Гомдлын шаардлага: “мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хууль бус байсан болохыг тогтоолгож, О***** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А******** хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах” тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: гомдол гаргагч Н.А********, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.А**********, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Цолмонгэрэл нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Гомдол гаргагч гомдлын шаардлага, түүний үндэслэлдээ: “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11.1-д Иргэн,  хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй, 11.1.1 тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл, 11.1.2 тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл, 11.1.3 тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл” гэсэн байдаг.

Иргэн Н.А******** миний бие Татварын ерөнхий газарт О***** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт  төлсөн татварын талаарх мэдээлэл авахаар 2021 оны 6 дугаар сард хүсэлт гаргасан, уг хүсэлтийг хүлээн авах боломжгүй гээд хууль зүйн үндэслэлээ дурьдаад мэдээлэл өгөхөөс татгалзсан. Харин миний бие хууль зүйн үндэслэлээ тодорхой болгоод 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр О******** ХХК-ийн татварын талаарх мэдээлэл авахыг хүссэн. Татварын ерөнхий газар 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоотоор өгөх боломжгүй гэсэн хариу өгсөн.  

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14.1-д зааснаар хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй билээ. Түүнчлэн мөн хуулийн 14.8-д Хуульд өөрөөр заагаагүй бол мэдээллийг хүсэлт гаргасан иргэн, ... д ажлын 7 өдрийн дотор ... өгнө” гэж заасан.

Татварын ерөнхий хуулийн 13.1-д Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно.” гэсэн байдаг. Харин уг хуульд уг харилцааг өөрөөр заасан байдаг. Тухайлбал 13.3-т ......хууль....ийн шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл... энэ хуулийн 13.1-д хамаарахгүй гэж заасан билээ.

Харин Ашигт малтмалын тухай хуулийн 48.10-т “тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 1 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэснээс үзэхэд ашигт малтмал ашиглах тусгай зөвшөөрөл бүхий этгээдийн төсөвт төлсөн татвар, төлбөр нь нийтэд нээлттэй мэдээлэл юм.

Гэтэл хуульд заасан хугацаанд нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэнд өгөхөөс татгалзаж байгаа нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11.1-д заасан иргэний мэдээлэл авах эрх буюу хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад мэдээллийг  авах эрхийг зөрчиж байна.

Иймд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 17.1-д иргэн, ...-ийн мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар ... эсхүл шүүхэд гомдол гаргаж болно гэсний дагуу захиргааны эрх зүй (нийтийн эрх зүй)-н хүрээнд үүссэн маргаан гэж үзэн харьяаллын дагуу Нийслэл дэх захиргааны хэргийн шүүхэд энэхүү гомдол гаргаж байна. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 3.1.11-д зааснаар гомдол гэж дараах зүйлийг хэлэхээр заасан. Үүнд:

-хуульд тусгайлан зааснаар эрх бүхий этгээдийн шийдвэрийг хянуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдөл,

- шүүгчийн захирамж, тогтоол, анхан, давж заалдах шатны шүүхийн шийдвэр, магадлалыг хянуулахаар гаргасан өргөдөл,

- Зөрчил шалган шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргасан прокурорын дүгнэлтийг.

Татварын ерөнхий газраас мэдээлэл өгөхгүй гэсэн албан тоотыг миний бие захиргааны акт гэж үзэж байгаа бөгөөд Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд тусгайлан зааснаар мэдээлэл өгөх эрх бүхий байгууллагаас нээлттэй  мэдээллийг иргэнд өгөхгүй байгаад гомдолтой байна.” гэжээ.

2. Гомдол гаргагч нь шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Гомдлын шаардлагаа Татварын ерөнхий газрын мэдээлэл өгөхөөс татгалзсан 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоолгох,  О******* ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А******** хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах гэж тодорхойлж байгаа.

Энэ маргаан хууль хэрэглээний маргаан. Хууль хэрэглэх талаар захиргааны байгууллага, иргэн хоорондын байр суурийн зөрүүтэй байдлын улмаас үүссэн маргаан. Иргэн Н.А******** нь Монгол Улсын Үндсэн хуульд заасан мэдээлэл авах эрхийн хүрээнд ард түмний өмч болох ашигт малтмал ашиглах, олборлох үйл ажиллагаа явуулж байгаа О***** ХХК-ийн улсад төлсөн татварын талаарх мэдээллийг гаргуулахаар өргөдөл гаргасан. Эхний удаад хандаад боломжгүй гэх хариуг авсан. Хариугаа аваад хуулиа судлаад үзэхэд тус мэдээлэл нь хаалттай бус нээлттэй мэдээлэл гэж үзээд дахин өргөдөл гаргасан. Уг мэдээллийг нээлттэй мэдээлэл гэж ойлгоод дахин хандахад өмнө нь хариу өгсөн гэсэн хариуг өгсөн. Нийтийн өмчийг ашиглаж байгаа ашигт малтмалын компанийн татварын талаарх мэдээлэл ил тодорхой нээлттэй байхаар Ашигт малтмалын тухай хуульд заасан. О******* ХХК-ийн хувьд ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг компани гэдэгтэй маргахгүй. О******** ХХК-ийн сайт дээрх мэдээллийг нягталж үзэх боломжтой. Гэвч уг мэдээллийн бодитой эсэх талаар Татварын ерөнхий газраас татвар төлөлтийн мэдээлэл гаргуулахаар  өргөдөл гаргахад Татварын ерөнхий газар татвар төлөгчийн зөвшөөрөлгүй гаргаж өгөх боломжгүй гэх хариуг өгсөн.

Татварын ерөнхий хуульд нийтэд нээлттэй байхаас бусад татвар төлөгчийн талаарх мэдээллийг ил болгохгүй гэсэн зохицуулалттай. О***** ХХК-ийн хувьд компанийн нууц эсхүл төрийн нууцлах мэдээлэл эсэх талаарх асуудал үүсч байгаа. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар О******* ХХК-ийн татвар төлөлтийн талаарх мэдээлэл нээлттэй байхаар зааж өгсөн. О******** ХХК-ийн байгалийн баялгийн мэдээлэл нээлттэй байх ёстой гэж ойлгож байна.

Иргэн мэдээлэл авах өргөдлөө гаргаж, захиргааны байгууллагаас боломжгүй гэх хариуг өгсөн. Захиргааны харилцааг дуусгавар болгосон татгалзсан албан тоот ирсэн. Үүнийг захиргааны харилцааг дуусгавар болгосон эрх зүйн үр дагавартай баримт бичиг, захиргааны актын шинжтэй учраас захиргааны эрх зүйн маргаан гэж үзэж гомдол гаргасан.

О******* ХХК-ийн татварын мэдээллийг судалгааны зорилгоор ашиглах зорилготой. Татварын ерөнхий газрын ажлыг сурталчлах зорилгоор уг мэдээллийг авах хүсэлтэй байгаа. Олон нийтэд Монголын уул уурхайн үйл ажиллагаа явуулдаг О***** ХХК нь Монгол улсад ямар ч татвар төлдөггүй гэх мэдээлэл байдаг. Судлаачийн хувьд энэ талаарх мэдээллийг авч судлах судалгааны зорилготой. Төрийн байгууллагаас төрийн нууцад хамаараагүй ямар ч мэдээллийг авах эрхтэй болохыг Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар баталгаажуулсан. Төрийн байгууллагын мэдээлэл нь хараат бус байдлыг хангах зохицуулалттай байх ёстой. Энэ утгаараа уг мэдээллийг судалгааны зорилгоор ашиглах зорилготой.

Өмнө нь өгсөн хариуг Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1, 13.2-т зааснаар татгалзаж байна гэж ойлгож байгаа. Татварын ерөнхий хууль, бусад хуулиудаар нууцад хамааруулсан баримт байхгүй гэж ойлгож байгаа. Захиргааны байгууллага өөрийн байгууллагад байгаа, нууцад хамаарахгүй баримтыг иргэнд ил тод нээлттэй байлгах үүрэгтэй гэж ойлгож байна. 2 дахь хариу нь өмнөх хариунд заасан үндэслэл хэвээрээ гэж ойлгож маргаж байна.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад дараах мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй” 11.1.1-д “тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл”, 11.1.2-т “тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл”, 11.1.3-т “тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээлэл” гэж заасан.

Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд зааснаар “..нийтэд мэдээлнэ” гэж тусгай зөвшөөрөл эзэмшигчийн мэдээллийг ил тод болгохоор хуульд заасан. Татварын ерөнхий хуульд зааснаар хуульд тусгайлан зааснаас бусад тохиолдолд гэдгийг иргэн өргөдөл гаргахаас үл хамаарч Сангийн яам уг мэдээллийг нээлттэй байлгах ёстой байтал энэ үүргээ биелүүлэхгүй байх тул гомдол гаргасан. Тухайн компанийн  ашигт малтмалын олборлолт, татварын мэдээлэл ил тод байх ёстой. Татвар төлөгч татвар төлснөөр уг мэдээлэл татвар төлөгчийн бус төрийн мэдээлэл болно. Татварын ерөнхий газарт энэ асуудал төдийлэн хөндөгддөггүй байх магадлалтай учраас гомдол гаргасан. Хуульд зааснаар татвар төлөгч татвараа төлөхөөр татвар төлөгчийн мэдээлэл гэхээс илүүтэй төрийн олж авах үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл болж хувираад байна. Компани хэрхэн ажилласан нь тухайн байгууллагын асуудал байх. Төр татвараа бүрэн авч чадаж байгаа эсэх талаарх нээлттэй эрхийн хүрээнд гомдол гаргаад мэдээлэл авахаар хандаж байна. Цаашдаа өөр компаниудын талаар мэдээлэл авахаар хандахад Татварын ерөнхий газраас татвар төлөгчийн мэдээлэл байгууллагын нууц биш, төрийн нууц биш болчихоод байна.” гэв.

3. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч гомдлын шаардлагад холбогдох хариу тайлбартаа: “Иргэн Н.А******** гаргасан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хүчингүй болгох, Ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч О******* ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А******** хусэлтийг шийдвэрлэхийг даалгах гомдлын шаардлагад дараах тайлбарыг хүргүүлж байна.

Захиргааны ерөнхий хуулийн 37 дугаар зүйлийн 37.1. “Захиргааны акт гэж захиргааны байгууллагаас тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд гадагш чиглэсэн, эрх зүйн шууд үр дагавар бий болгосон амаар, бичгээр гаргасан захирамжилсан шийдвэр болон үйл ажиллагааг ойлгоно" гэж заасан бөгөөд гомдол гаргагч Н.А******** гаргасан гомдолд холбогдох Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичиг нь дээрх захиргааны актын шинжийг агуулаагүй байна. Хэдийгээр тодорхой нэг тохиолдлыг зохицуулахаар нийтийн эрх зүйн хүрээнд үүссэн харилцаа байх боловч эрх зүйн шууд үр дагавар бий болгохгүй байна.  Өөрөөр хэлбэл иргэн Н.А******** авахыг хүсэж буй мэдээллийг өгөхгүй байснаар түүнд ямар нэгэн эрх зүйн үр дагаврыг бий болгох боломжгүй юм.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд мэдээллийн ил тод байдлыг үйл ажиллагааны ил тод байдал, хүний нөөцийн ил тод байдал, төсөв санхүүгийн ил тод байдал, төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил, үйлчилгээ худалдан авах ажиллагааны ил тод байдал гэж төрөлжүүлсэн бөгөөд тухайн төрлийн мэдээллийг хайх, хүлээн авахтай холбогдсон харилцааг уг хуулиар зохицуулах ба харин татвар төлөгчийн төлсөн татварын талаарх мэдээлэл нь дээрхэд хамаарахгүй.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл хүлээн авах эрхийн тухай хууль нь ерөнхий зохицуулалттай хууль бөгөөд тусгайлсан хуулиар буюу Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд татвар төлөгчийн мэдээллийн нууцлалыг хадгалах, хамгаалах, задруулахгүй байх үүргийг татварын албанд бий болгосон. Уг хуульд заасан тодорхой нөхцөл буюу татварын хууль тогтоомж зөрчсөн асуудлаар шалгах эрх бүхий татварын улсын байцаагч, хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид тухайн шалгаж буй асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулах бөгөөд үүнээс бусад тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, задруулахыг хориглосон.

 Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10 тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 01 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэсэн заалт нь тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон хуулийн зохицуулалт юм. Иймд тухайн хуулийн зохицуулалтыг үндэслэн татвар төлөгчийн мэдээллийг өгөх хууль эрх зүйн үндэслэлгүй.

Иймд Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн  09/42 тоот албан бичгийг хүчингүй болгож, ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч О ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А********хүсэлтийг шийдвэрлэхийг даалгах шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд нэмж гаргасан тайлбартаа: “Тухайн харилцаа тухайн тохиолдлыг зохицуулсан, нийтийн эрх зүйн харилцаанд үүссэн харилцаа байгаа боловч шууд үр дагавар бий болгохгүй захиргааны актын шинжийг агуулахгүй байна гэж үзэж байгаа. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд нууцлалын баталгаа буюу татвар төлөгчийн мэдээллийг хэрхэн бусдад гаргаж өгөх, татвар төлөгчийн мэдээлэл нууц байх харилцааг зохицуулсан. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль нь иргэдээс төрийн захиргааны байгууллагуудаас мэдээлэл авах эрхийг зохицуулсан хууль. Татварын эрх зүйн харилцаа нарийвчилсан зохицуулалттай харилцаа. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно”, 13.2.2-т “татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, гэмт хэргийг бүртгэх шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид зөвхөн уг зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудлаар” гэж нарийвчилж зохицуулсан. Ашигт малтмалын тухай хуульд татварын мэдээлэл нийтэд ил тод байхаар зохицуулсан гэх боловч Татварын алба уг мэдээллийг нийтэд ил тод байх ёстой гэсэн шаардлагыг тавьж байна. Гэвч Татварын ерөнхий хуульд уг мэдээллийг гаргаж өгч болно гэсэн нарийвчилсан зохицуулалт байхгүй. Татвар төлөгч мэдээллээ өгөхийг зөвшөөрсөн тохиолдолд мэдээллийг нь гаргаж өгөх боломжтой. Түүнээс биш татвар төлөгчийн зөвшөөрөлгүй мэдээллийг нь гаргаж өгөх боломжгүй.

Хуулиар Татварын албанд тухайн татвар төлөгчийн мэдээллийг ил тод, нээлттэй байхаар зохицуулсан. Хуулиар Татварын алба татвар төлөгчийн нээлттэй байх боломжтой мэдээллийг статистикийн зориулалтаар нээлттэй байлгах боломжтой. Ашигт малтмалын тухай хуульд зааснаар татвар төлөгч зөвшөөрсөн тохиолдолд татвар төлөгчийн мэдээллийг ил тод нээлттэй байлгах боломжтой.

Татварын ерөнхий газарт татвар төлөгчийн мэдээллийг ил тод байлгах үүрэг болгосон хуулийн зохицуулалт байхгүй. Тухайн татвар төлөгч өөрөө мэдээллээ ил тод байлгах үүрэгтэй. Тухайн татвар төлөгчтэй холбоотой бүх л мэдээллийг энэ тохиолдолд өгч болно, энэ тохиолдолд болохгүй гэж Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлд зохицуулсан учраас энэ хүрээнд ямар ч мэдээллийг өгч болохгүй.

Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.3-д заасан “..хуулийн шаардлагаар” гэдэг нь Татварын албанд тухайн мэдээллийг гаргаж өгөх үүргийг олгосон байхыг хэлж байгаа. Өөр хуулиар ийм ийм мэдээллийг Татварын албанаас гаргана гэж зохицуулаагүй учраас уг хуулийн заалтад хамаарахгүй гэж үзэж байгаа.

Иргэн Н.А******** тухайн мэдээллийг авахаар манайд албан бичгээр хүсэлт гаргахад манайхаас хариуг нь өгсөн боловч гомдол гаргах хугацаа өнгөрсний дараагаар дахин энэ асуудлаар гомдол гаргасан. Хариу өгөхгүй гэсэн хариунд үндэслэж шүүхэд гомдол гаргаж байгаа нь хуульд заасан хугацааг хэтрүүлсэн. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль ерөнхий байдлаар төрийн байгууллагаас мэдээлэл олж авах талаар зохицуулсан. Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйл татварын албаны нарийвчилсан зохицуулалт. Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлд Татварын албанд үүрэг болгоогүй, татвар төлөгчид үүрэг болгосон зохицуулалт. Иймд манайхаас боломжгүй гэх хариуг өгсөн. Гомдол гаргагчийн гомдлын шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Гомдол гаргагч нь гомдлын шаардлагаа “мэдээлэл өгөхөөс татгалзсан үйлдэл буюу Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоолгож, О***** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээлэл авахаар гаргасан өөрийн хүсэлтийг шийдвэрлэхийг даалгуулах” хэмээн тодорхойлсон,  

Тодруулбал иргэн Н.А********нь ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч О****** ХХК-ийн төлсөн татвар, төлбөрийн талаарх мэдээллийг авах хүсэлтийг 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Татварын ерөнхий газарт гаргаснаар Татварын ерөнхий газар 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 тоот албан бичгээр хуулийн тодорхой үндэслэл зааж, тухайлбал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зохицуулах харилцаанд хамаарахгүй, Татварын ерөнхий хуулийн 13.1, 13.2-т татварын алба татвар төлөгчийн мэдээллийг  задруулахыг хориглосон” гэх үндэслэлээр мэдээллийг өгөхөөс татгалзсан, улмаар 2021 оны 11 дүгээр сарын 30-ны өдөр татгалзсан хуулийн зохицуулалтад тайлбар хийж хүсэлтээ дахин гаргахад Татварын ерөнхий газар 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр тухайн асуудлаар өмнө хариу өгсөн тул дахин хариу өгөх шаардлагагүй хэмээн татгалзсан байдаг.

Гомдол гаргагч нь уг хариуг өмнөхтэйгээ ижил агуулгаар татгалзаж буй хэрэг хэмээн үзэж ийнхүү ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн төлсөн татвар, төлбөрийн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзсан үйлдэл гэх агуулгаар Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр өгсөн хариуг хууль бус болохыг тогтоолгож, О****** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээлэл авахаар гаргасан өөрийнх хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгуулахаар шүүхэд гомдол гаргажээ. 

Хууль тогтоомжийн зохицуулалтыг дараах байдлаар тайлбарлан хэрэглэж гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ.

1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зорилго нь төрийн үйл ажиллагааны ил тод байдал болон иргэн, хуулийн этгээдийн мэдээлэл хайх, хүлээн авах эрхийг хангахтай холбогдсон харилцааг зохицуулахаар заасан, өөрөөр хэлбэл иргэн, хуулийн этгээдээс тухайн хайх, хүлээн авах мэдээлэл нь төрийн үйл ажиллагаатай холбоотой хуулиар нууцад хамааруулснаас бусад бүх нээлттэй мэдээлэл байхаар заасан ба, харин иргэдээс өөрийн субьектив эрхийн хүрээнд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлүүлэхтэй холбоотой харилцааг энэ хуулиар зохицуулаагүй байна. Түүнчлэн мөн хуулийн 17 дугаар зүйлийн 17.1-д мэдээлэл авах эрхийг зөрчсөн байгууллага, албан тушаалтны үйлдэл, эс үйлдлийн талаар шүүхэд гомдол гаргаж болохоор заасан байх тул тухайн иргэний гомдлыг хэргийн болон нутаг дэвсгэрийн харьяаллаар тус шүүх шийдвэрлэхээр байна.

2. Хариуцагчаас 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдөр 09/42 тоот албан бичгээр өгсөн хариу нь агуулгын хувьд 2021 оны 6 дугаар сарын 04-ний өдрийн албан бичгийн үндэслэлээр хариу өгсөн байх бөгөөд мэдээлэл авах эрхийг зөрчсөн үр дагавар үүсгэсэн захиргааны акт байна. 

3. Энэ маргаанд хамаарах төрийн үйл ажиллагаатай холбоотой мэдээлэл хайх, хүлээн авах иргэний эрхийг хангуулах харилцааг зохицуулсан хууль нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хууль байх бөгөөд харин Татварын ерөнхий хуулиар татвар төлөгч, татварын байгууллага хоорондын харилцааг, Ашигт малтмалын тухай хуулиар ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч болон төрийн захиргааны байгууллага хоорондын харилцааг зохицуулсан, өөрөөр хэлбэл гомдол гаргагч нь мэдээлэл хайх, хүлээн авах эрхийн хүрээнд энэ харилцаанд оролцсон, энэ эрхийг хэрэгжүүлэх журам Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулиар л нарийвчлан зохицуулагджээ.

Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-д мэдээллийн ил тод байдлыг хангах үүрэг бүхий төрийн болон төрийн өмчит байгууллагуудыг тодорхойлж, 11 дүгээр зүйлийн 11.1-д “Иргэн, хуулийн этгээд нь хүний эрх, эрх чөлөө, үндэсний аюулгүй байдал, байгууллагын хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах зорилгоор хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглосноос бусад тухайн байгууллагын эзэмшилд байгаа бүх төрлийн мэдээ, баримт бичиг, гэрээ, онцгой нөхцөл бүхий хөдөлмөрийн гэрээтэй холбоотой мэдээлэл, тухайн байгууллагын эзэмшилд байгаа эд зүйлтэй холбоотой мэдээлэл, тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой бусад мэдээллийг энэ хуулийн 3.1-д заасан байгууллагаас авах эрхтэй” хэмээн мэдээлэл авах эрх, мэдээллээр хангах төрийн үүргийг журамлаж, мэдээлэл авах хүсэлт нь ямар шаардлага хангасан байхыг 11.3-т зааж, 11.2-т үүнээс өөр шаардлага тавихыг хоригложээ.

Тухайн авахыг хүссэн мэдээлэл нь энэ хуулийн 18 дугаар зүйлд заасан бусдад задруулахыг хориглосон мэдээлэлд хамаарах эсэхийг хянан үзээд хамаарахаар бол, мөн мэдээлэл авах хүсэлт нь хүсэлтэд тавигдах шаардлагыг хангаагүй бол, хүсэлтэд дурдсан мэдээлэл нь тухайн байгууллагын эзэмшилд байхгүй бол хүсэлтийг буцаахаар 13 дугаар зүйлийн 13.2.1, 13.2.2, 13.2.3-т, буцаахдаа шалтгаан, үндэслэлийг тодорхой заахыг 13.3-т тус тус хуульчилжээ. Ийнхүү буцаах үндэслэл байхгүй бол мөн хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар төрийн байгууллага нь тухайн байгууллагын үйл ажиллагаатай холбоотой хууль тогтоомжид нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байна. Гомдол гаргагчийн авахыг хүссэн мэдээлэл нь мөн хуулийн 18 дугаар зүйлд заасан задруулахыг хориглосон мэдээлэлд хамааралгүй, энэ үндэслэл мэдээлэл өгөхөөс татгалзсан үндэслэлд тусгагдаагүй, талууд энэ талаар маргаагүй.

4. Хариуцагч нь “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зохицуулах харилцаанд хамаарахгүй, Татварын ерөнхий хуулийн 13.1, 13.2-т татварын алба татвар төлөгчийн мэдээллийг  задруулахыг хориглосон” гэх үндэслэлээр мэдээллийг өгөхөөс татгалзсан бөгөөд эдгээр үндэслэлийг дүгнэвэл,

1/ Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлд уг хуулийн үйлчлэлд хамаарах мэдээллийн ил тод байдлын төрлөөр нь тухайн төрийн байгууллагын үйл ажиллагаа, хүний нөөц, төсөв санхүү, тендер шалгаруулалтаар худалдан авах ажиллагааны ил тод байдал хэмээн хуулийн үйлчлэлийн хүрээг тодорхойлсон, үйл ажиллагааны ил тод байдалд тухайн төрийн байгууллагын эрхэм зорилго, үйл ажиллагааны стратегийн зорилт, зорилго, тэргүүлэх чиглэл, тэдгээрийн хүрээнд авч хэрэгжүүлсэн арга хэмжээ, түүний үр дүн хамаарахаар заажээ. Татварын байгууллагын эрхэм зорилго, үндсэн үйл ажиллагаа нь татвар хураах үйл ажиллагаа бөгөөд гомдол гаргагчийн авахыг хүссэн татвар төлөгчийн төлсөн татварын талаарх мэдээлэл нь татварын албаны үйл ажиллагааны ил тод байдалд хамаарахаар байна.

Тиймээс хариуцагчийн татвар төлөгчийн төлсөн татварын талаарх мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн зохицуулах харилцаанд буюу үйл ажиллагааны ил тод байдалд хамаарахгүй гэх мэдээлэл өгөхөөс татгалзсан үндэслэл үгүйсгэгдэж байна.

2/ Татварын ерөнхий хуулийн 13 дугаар зүйлийн 13.1-д “Татварын алба нь энэ хуульд зааснаас бусад үндэслэлээр татвар төлөгчийн мэдээллийг бусдад өгөх, эсхүл хувийн зорилгоор ашиглах байдлаар задруулахыг хориглоно”, 13.2.2-т “татварын алба татвар төлөгчийн мэдээллийн нууцыг хадгалах үүрэгтэй бөгөөд татварын хууль тогтоомж зөрчсөн зөрчил, гэмт хэргийг бүртгэх шалгах, хянах, шийдвэрлэх үүрэг хүлээсэн хэрэг бүртгэгч, мөрдөгч, прокурор, шүүгчид зөвхөн уг зөрчил, гэмт хэрэгт холбогдох асуудлаар татварын албаны даргын шийдвэрээр танилцуулж болно гэж заасныг хариуцагч байгууллага үндэслэл болгож татвар төлөгчийн төлсөн татварын мэдээллийг өгөхөөс татгалзсан нь мөн л үндэслэлгүй болжээ.

Учир нь дээрх зохицуулалтаар задруулахыг хориглосон мэдээлэл нь татвар төлөгчийн хувьд нууц мэдээлэл байхыг хуулиар ийнхүү шаардах бөгөөд мөн зүйлийн 13.3-т “Татвар төлөгч зөвшөөрсөн, эсхүл хууль болон сонгон шалгаруулалтын шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, дугаар, төлсөн татварын мэдээлэл, статистикийн зорилгоор татварын албанд нэгтгэсэн нэгдсэн тайлан, мэдээ энэ хуулийн 13.1-д хамаарахгүй” гэж заасан. Өөрөөр хэлбэл хуулийн шаардлагаар нээлттэй байх мэдээлэл бол “задруулахыг хориглосон” заалтад хамаарахгүй байна.  байна. Гомдол гаргагчийн авахыг хүссэн мэдээлэлд хамаарах татвар төлөгч нь  ашигт малтмалын тусгай зөвшөөрөл эзэмшигч бөгөөд тусгай зөвшөөрөл эзэмшигчийн хувьд эрх зүйн байдлыг нь, эрх үүргийг нь зохицуулсан Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т тусгай зөвшөөрөл эзэмшигч нь тухайн жилд борлуулсан бүтээгдэхүүний тоо хэмжээ, улсын болон орон нутгийн төсөвт төлсөн албан татвар, төлбөрийн хэмжээг дараа оны 01 дүгээр улиралд багтаан нийтэд мэдээлнэ” гэж зааснаас үзвэл тусгай зөвшөөрөл эзэмшигч татвар төлөгчийн хувьд тусгай зөвшөөрлийн хүрээнд хийгдсэн олборлолт, бүтээгдэхүүн борлуулалтад төлсөн татварын хэмжээ хуулийн шаардлагаар нээлттэй байх мэдээлэл байна.

Тиймээс гомдол гаргагчийн авахыг хүссэн мэдээлэл нь Ашигт малтмалын тухай хуулиар тусгай зөвшөөрөл эзэмшигчид үүрэг болгосон, татварын албанд үүрэг болгоогүй гэхээс, өөрөөр хэлбэл нээлттэй болгох үүрэг хэнд олгогдсон байхаас үл хамаараад хуулийн шаардлагаар нээлттэй мэдээлэл байх тул хариуцагчийн мэдээлэл өгөхөөс татгалзсан үндэслэл болгосон Татварын ерөнхий хуулийн 13.1-д хамаарахгүй байх нь.

Нөгөөтэйгүүр татвар төлөгчийн төлсөн татварын хэмжээний талаарх мэдээлэл нь татварын албаны эзэмшилд байх мэдээлэл гэдэгт талууд маргаагүй.

5. Дээрх хуулиудын зохицуулалтаас нэгтгэн дүгнэвэл татвар төлөгчийн төлсөн татварын хэмжээний талаарх мэдээлэл нь Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1, 7 дугаар зүйлийн 7.1.1, 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3-т заасан татварын байгууллагын үйл ажиллагааны ил тод байдалд хамаарах, татварын албаны эзэмшилд байх мэдээлэл бөгөөд 11.1-д зааснаар гомдол гаргагч иргэн нь Татварын ерөнхий газрын эзэмшилд байгаа татвар хураах үйл ажиллагаатай нь холбоотой мэдээллийг Татварын ерөнхий газраас авах эрхтэй, Ашигт малтмалын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.10-т зааснаар буюу хуулийн шаардлагаар олон нийтэд мэдээлэх татвар төлөгчийн нэр, төлсөн татварын хэмжээний талаарх уг мэдээлэл нь Татварын ерөнхий хуулийн 13.1-д заасан задруулахыг хориглосон заалтад хамаарахгүй, Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1-д зааснаар татварын алба нь нийтэд мэдээлэхийг хориглоогүй мэдээллийг иргэн, хуулийн этгээдэд өгөх үүрэгтэй байх тул О****** ХХК-ийн татвар төлөлтийн талаарх мэдээллийг өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын үйлдэл буюу шийдвэр хууль бус болжээ.

Иймд дээрх үндэслэлээр гомдлын шаардлагыг бүхэлд нь хангаж, мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, О***** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А******** хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгаж шийдвэрлэлээ.

6. Татварын ерөнхий газар 2022 оны 1 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгээр тухайн асуудлаар өмнө хариу өгсөн тул дахин хариу өгөх шаардлагагүй хэмээн татгалзсан, өөрөөр хэлбэл өмнөх үндэслэлээрээ дахин татгалзаж буйгаа илэрхийлсэн байх тул 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 06/1316 тоот албан бичгээр хариу өгснөөс хойших хугацаагаар шүүхэд гомдол гаргах эрхийг нь хязгаарлах боломжгүй юм.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.4, 106.3.12 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуулийн 11 дүгээр зүйлийн 11.1.1, 11.1.3, 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт заасныг баримтлан мэдээлэл өгөхөөс татгалзсан Татварын ерөнхий газрын 2022 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 09/42 тоот албан бичгийг хууль бус болохыг тогтоож, О****** ХХК-ийн улсын болон орон нутгийн төсөвт төлсөн татварын талаарх мэдээллийг авах иргэн Н.А******** хүсэлтийг шийдвэрлэхийг Татварын ерөнхий газарт даалгасугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5-д заасны дагуу гомдол гаргагч нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөнийг дурьдсугай.  

 Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 113 дугаар зүйлийн 113.1-т зааснаар гомдол гаргагч, хариуцагч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 5 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

                     ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                   Д.ХАЛИУНА