Өвөрхангай аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 12 өдөр

Дугаар 18

 

            Өвөрхангай аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч М.Мандахбаяр даргалж,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Батжаргал, 

Улсын яллагч Б.Мөнгөншагай,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Батсайхан,

Шүүгдэгч Б.Даваадагва нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар  

Өвөрхангай аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн  153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овгийн Батдондовын Даваадагвад холбогдох эрүүгийн 201615000325 тоот хэргийг 2016 оны 12 дугаар сарын 21-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв. 

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 1986 оны 08 дугаар сарын 04-ний өдөр төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, жолооч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4, эхнэр 2 хүүхдийн хамт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сумын 3 дугаар баг, Өвт, 1-13 дугаар гудамж, 177 тоотод оршин суух, улсаас авсан гавъяа шагналгүй, урьд Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгүүлсэн, Боржигон овгийн Батдондовын Даваадагва. /РД: ЙБ86080411/

Шүүгдэгч Б.Даваадагва нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Цагдаагийн газрын албадан саатуулах байрны 2 тоот өрөөнд албадан саатуулагдаж байхдаа тус өрөөний “Hikvision” маркийн хяналтын камерийг банз модоор цохин санаатай устгаж, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 456.500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ. /Яллах дүгнэлтэнд бичигдсэнээр/.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч Б.Даваадагва шүүх хуралдааны хэлэлцүүлэгт мэдүүлсэн: “... 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр цэргийн ангид ажилладаг гэсэн хоёр танихгүй залуутай таарч,  танилцаад “Уянга” бааранд орж хоёр шил архи уусан. Эхний архийг ууж дуусаад дараагийн архийг талд ороход би тасарсан. Тэр хоёр намайг шахаад байсан. Баарнаас яаж гараад гэртээ харьснаа санахгүй байна. Шөнө 3 цагийн үед гэртээ сэрлээ гээд сэрэхэд эрүүлжүүлэх байранд сэрсэн. Тэнд надаас гадна 4 хүн байсан. Тэр хүмүүс намайг камер эвдсэн гэж хэлсэн. Би жижүүрийн цагдааг нь дуудаад юу болсон талаар асуугаад, бас намайг хаанаас авчирсан юм бэ гэхэд намайг гэртээ агсам согтуу тавиад байна гэсэн дуудлагаар ирсэн гэж хэлсэн. Бас намайг 2 номерийн өрөөний камер эвдсэн гэж надад үзүүлсэн. Ийм л зүйл болсон хийсэн хэрэгтээ гэмшиж байна” гэв.

Хохирогч А.Түмэнбаярын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын конторын болон бусад хөрөнгийн ашиглалт,

хамгаалалтанд хяналт тавих үндсэн зорилготой байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө ажилдаа ирэхэд эрүүлжүүлэхийн өрөөний камерыг эвдэлсэн байна гэж хэлсэн.
Тэгээд эрүүлжүүлэх рүү орж харахад 2 номерын өрөөний дээд буланд байдаг
камерыг болон тухайн өрөөнд байдаг банзаар хийсэн байсан наар зэргийг эвдэлсэн
байсан. ...Б.Даваадагва гэгчийн эвдэлсэн “Hivision” маркийн 360 градус эргэдэг, дуу
хураагчтай, микрофонтой камер байсан. Тухайн камерны үнэлгээ нь манай
байгууллагын хөрөнгийн бүртгэлд 456.500 төгрөгний үнэлгээтэйгээр бүртгэгдсэн
байсан. Мөн цаанаасаа өгсөн баримт нь ч гэсэн 456.500 төгрөгний үнэлгээтэй. Уг
үнэлгээгээр үнэлж байна. Харин модоор хийсэн модон наар нь эд хөрөнгийн ямар
нэгэн үнэлгээ байхгүй. Үндсэн хөрөнгийн бүртгэлд бүртгэл байдаггүй учир ямар
нэгэн үнэлгээ байхгүй. Б.Даваадавга гэдэг залуу манай байгууллагад учирсан хохирол
буюу эвдэрсэн камерыг шинээр нь авч өгсөн. Манай байгууллагад учирсан
хохиролыг бүрэн төлж барагдуулсан байгаа учир гомдол санал нэхэмжлэх зүйл
байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26 дугаар хуудас/,

Гэрч Б.Довчинцэрэнгийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би тэр үед Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газарт саатуулах баривчлах байрны жижүүрээр 24 цагийн хугацаатай саатуулах баривчлах байрны эмч дэслэгч Г.Мөнх-Амгалангийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд буюу тэр өдрийн 16 цаг 00 минутын үед гэртээ агсан согтуу тавьсан гэдэг дуудлагын дагуу эргүүлийн цагдаа Т.Пүрэвтогтох, Манал нар Даваадагва гэгчийг саатуулах баривчлах байранд хүргэж ирснийг биед нь үзлэг хийж хүлээж авсан. Түүнийг хүлээн авч 2 дугаартай саатуулах камерт хийсэн ба тухайн камерт Г.Дэлгэрбат гэдэг хүн саатуулагдсан байсан. Үүнээс хойш 16 цаг 50 минутын орчим цагдаа Т.Пүрэвтогтох эрүүлжүүлэх баривчлах байранд Энхболд гэдэг хүнийг хүлээлгэж өгчихөөд гарч явсны дараахан камерт тас, няс хийсэн чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь камерын дуран нь газар уначихсан, Даваадагва гартаа саатуулах өрөөнд байдаг наар модыг хуу татаж нарийн хэсэг болгосон мод барьчихсан зогсож байхаар нь түүний гарт байсан модыг авч ганцааранг нь 3 дугаартай саатуулах өрөөнд оруулсан. ...Харахад нилээн согтолттой байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30 дугаар  хуудас/,

Гэрч Г.Дэлгэрбатын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Эрүүлжүүлэхэд байж байсан чинь гаднаас Даваадагва гэдэг залуу согтуу агсан тавьсан гэсэн зөрчлөөр миний байсан өрөөнд орж ирсэн. Бид 2 цуг нэг өрөөнд байсан. Тэр хүн нилээд агсан дуу хүн юм шиг байна лээ. Би уурхайтай хүн, чамтай нэг дор байхгүй гээд над руу дайраад намайг өшиглөх гээд байхаар нь би түүнд хандан наана чинь камер бичиж байгаа шүү гээд өрөөний зүүн дээд буланд байсан камерыг зааж хэлсэн чинь өрөөнд байсан модон наарны нэг банзыг хуулж аваад камер руу цохьсон чинь дээр өлгөөтэй байсан камер салж доош унжсан. Тэгтэл Даваадавга гэдэг залуу тэр камерыг гараараа барьж аваад утаснаас нь салгаад тасалчихсан. Тэр үед жижүүр цагдаа орж ирээд түүнийг хажуу талын өрөөнд тусдаа оруулсан. ... Даваадагва анх орж ирэхэд нилээн согтуу байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32 дугаар хуудас/,

Гэрч Т.Пүрэвтогтохын мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “... 16 цагийн орчим Арвайхээр сумын 8 дугаар багийн нутагт Б.Даваадагва гэгч нь гэртээ агсан тавиад байна гэсэн дуудлага ирсний дагуу тухайн хаягаар очиход Б.Даваадагва гэгч нь согтуу эхнэртээ агсан тавьсан байдалтай байхаар нь түүнийг цагдаагийн газарт авч ирж саатуулах баривчлах байрны эмч Мөнх-Амгалан, цагдаа Довчинцэрэн нарт хүлээлгэн өгсөн. ...Даваадагва согтолт ихтэй байсан. ...Түүнийг хүлээлгэж өгчихөөд дахин дуудлаганд явчихаад ирэхэд камерийн дуранг эвдэлчихсэн байсан. Камерийн дурангийн утсыг тасалж аваад шидчихсэн, модон наарны банзыг хугалаад хаячихсан байсан. ...Хууль ёсны тавьсан шаардлагыг эсэргүүцсэн асуудал байхгүй. Харин согтуурч агсан согтуу тавьж орилж хашгираад байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33 дугаар хуудас/,

Гэрч Б.Лхагвадоржийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Би удаа дараа архи уусан гэдэг зөрчлөөр 2016 оны 10 дугаар сарын 27-ны өдрөөс 2016 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр хүртэл 10 хоногийн хугацаатай баривчлагдсан. Ингээд баривчлагдаад байж байх хугацаанд буюу 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдөр 17 цагийн орчим цагдаа Т.Пүрэвтогтох Энхболд гэдэг хүнийг саатуулахад хүлээлгэн өгсөн. Түүнийг тэр өдөр ээлжтэй байсан эмч, цагдаа нар биед нь үзлэг хийх үед би хөндлөнгийн гэрчээр хажууд нь байж байх үед эрүүлжүүлэхийн нэг өрөөнд тас няс хийсэн чимээ гарсан чинь жижүүр цагдаа гүйгээд очсон. Би цагдааг дагаад очиж харахад камерын дуран газар уначихсан байж байсан. Тэгээд тэр согтуу залууг тухайн өрөөнөөс гаргаж хажуу талын өрөөнд оруулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35 дугаар хуудас/,

Гэрч Г.Мөнх-Амгалангийн мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн: “...Тэр өдөр Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын саатуулах байрны эмчээр 24 цагийн хугацаатай цагдаа Б.Довчинцэрэнгийн хамтаар үүрэг гүйцэтгэж байсан. Үүрэг гүйцэтгэж байх хугацаанд 16 цагийн үед гэртээ агсан тавьсан гэдэг зөрчилтэй Б.Даваадагва гэдэг согтууг цагдаа Т.Пүрэвтогтох, цагдаа Манал нар хүлээлгэн өгсөнийг биед нь үзлэг хийж хүлээж авсан. Тухайн хүнийг 2 номерын саатуулах өрөөнд оруулсан. 2 номерын өрөөнд 15 цагийн орчим Дэлгэрбат гэдэг согтуу хүнийг оруулсан байсан. Ингээд 16 цаг 40 минутын үед Энхболд гэдэг хүн саатуулагдах үед биед нь үзлэг хийж хүлээж авч байхад 2 номерын өрөөнд модон наар шидэх чимээ гарахаар нь цагдаа Б.Довчинцэрэнгийн хамтаар очоод үзсэн чинь Даваадагва гэгч нь камерны дуранг цохиж доош нь унагаачихсан, шалан дээр байх наарны банзыг хуулаад авчихсан байсан. Наарны хуулж авсан банзаар дээр байсан камерны дуранг цохьж гэмтээсэн байсан. Тэгээд эвдэлсэн модон наарыг гаргаж, Б.Даваадагвыг өөр өрөөнд оруулсан. Ингээд болсон асуудлын талаар тухайн өдрийн ерөнхий жижүүрт танилцуулсан. ...Б.Даваадагва дунд зэргийн согтолттой юм шиг байсан. ... Камерийн дуранг сууриар нь мулт татаж, утсыг нь тасалж авсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36 дугаар хуудас/,

Шинжээч Б.Эрдэнэбаярын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот: “...Шинжээч томилох тогтоолын хамт ирүүлсэн 558346919 сериал дугаар бүхий “Hikvision”  маркийн хяналтын камерыг үзэхэд камерын тэжээлийн импулсын трансформатор паладнаас ховхорч ороомогны хүчдэл хувиарлах хөлнүүд нь тасарсан байна. Импулсын трансформатор гэмтсэнээр оролтын жижиг хүчдэлүүд элементүүдэд хувиарлагдахгүй тухайн хяналтын камер ажиллахгүй болно. ... Гэмтээсэн тэжээлийн импулсын трансформаторыг сэргээн засварлах боломжгүй. ... Шинжилгээний явцад өөр ямар нэгэн зүйл илрээгүй болно...” гэх дүгнэлт /хх-ийн 57 дугаар хуудас/,

Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1 дүгээр хуудас/,

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3 дугаар хуудас/,

Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Цагдаагийн ахлах ахлагч Б.Довчинсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн рапорт /хх-ийн 4 дүгээр хуудас/,

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд: “... Хяналтын камер эвдэрсэн гэх газар нь Арвайхээр сумын 5 дугаар баг, Цагдаагийн газрын ертөнцийн зүгээр урд талаасаа подволь руу орсон шаттай хаалга байх ба үүдэнд нь саатуулах баривчлах байр гэж бичигдсэн хаягтай байв. ... 2 дугаартай хаалганы дотор байх хяналтын камерийг устгаж гэмтээсэн гэсний дагуу тухайн өрөөнд үзлэгийг хийв. ... Өрөөний зүүн урд дээр буланд хяналтын камер байсныг тогтоосон газраас нь салгаж авсан байсныг гэрэл зургаар бэхжүүлж авлаа. Хяналтын камер байсан гэх газрын шавар нь ховхорч унасан байдалтай байв. ... Модон наарны захын банзыг 55 см урт, 13 см өргөн хэсэг салж унасан байсныг тэмдэглэлд тусгаж авлаа...” /хх-ийн 5-8 дугаар хуудас/,

Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 11 дүгээр хуудас/,

Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15 дугаар хуудас/,

Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-17 дугаар хуудас/,

Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл /хх-ийн 18 дугаар хуудас/,

 “Лэндс” ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №11/65 тоот үнэлгээний тайлан “...Hikvision брэндийн, HD, харах өнцөг 360 градус, өдөр шөнө харах дотор зориулалттай, дуу хураагчтай, үнэлгээ 456.500 төгрөг...” /хх-ийн 42 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Даваадагвын хувийн байдлыг тодорхойлсон баримтууд /хх-ийн 72-73, 77-78, 82-85 дугаар хуудас/,

Шүүгдэгч Б.Даваадагвын урьд ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас /хх-ийн 79 дүгээр хуудас/,

Шүүгдэгч Б.Даваадагвыг сэжигтнээр болон яллагдагчаар байцааж авсан тэмдэглэлүүд /хх-ийн 66-71 дүгээр хуудас/ зэрэг болно.,

Шүүгдэгч Б.Даваадагва нь согтуурсан үедээ 2016 оны 11 дүгээр сарын 03-ны өдрийн 16 цагийн орчим Өвөрхангай аймгийн Арвайхээр сумын 5 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах аймгийн Цагдаагийн газрын албадан саатуулах байрны 2 тоот өрөөнд албадан саатуулагдаж байхдаа тус өрөөний Hikvision маркийн хяналтын камерийг банз модоор цохин санаатай устгаж, Өвөрхангай аймгийн Цагдаагийн газарт 456500 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэг үйлсдэн болох нь шүүх хуралдааны хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дараах нотлох  баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

Үүнд: Хавтаст хэрэгт авагдсан хохирогч А.Түмэнбаярын “... Би Өвөрхангай аймаг дахь цагдаагийн газрын конторын болон бусад хөрөнгийн ашиглалт, хамгаалалтанд хяналт тавих үндсэн зорилготой байдаг. 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өглөө ажилдаа ирэхэд эрүүлжүүлэхийн өрөөний камерыг эвдэлсэн байна гэж хэлсэн. Тэгээд эрүүлжүүлэх рүү орж харахад 2 номерын өрөөний дээд буланд байдаг камерыг болон тухайн өрөөнд байдаг банзаар хийсэн байсан наар зэргийг эвдэлсэн байсан. ... Б.Даваадавга гэдэг залуу манай байгууллагад учирсан хохирол буюу эвлэрсэн камерыг шинээр нь авч өгсөн. ....гомдол санал, нэхэмжлэх зүйл байхгүй...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 26/, гэрч Б.Довчинцэрэнгийн “...Үүнээс хойш 16 цаг 50 минутын орчим цагдаа Пүрэвтогтох эрүүлжүүлэх баривчлах байранд Энхболд гэдэг хүнийг хүлээлгэж өгчихөөд гарч явсны дараахан камерт тас, няс хийсэн чимээ гарахаар нь гүйгээд очсон чинь камерын дуран нь газар уначихсан, Даваадагва гартаа саатуулах өрөөнд байдаг наар модыг хуу татаж нарийн хэсэг болгосон мод барьчихсан зогсож байхаар нь түүний гарт байсан модыг авч ганцааранг нь 3 дугаартай саатуулах өрөөнд оруулсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 30/, гэрч Г.Дэлгэрбатын “... Бид 2 цуг нэг өрөөнд байсан. Тэр хүн нилээд агсандуу хүн юм шиг байна лээ. Би уурхайтай хүн, чамтай нэг дор байхгүй гээд над руу дайраад намайг өшиглөх гээд байхаар нь би түүнд хандан наана чинь камер бичиж байгаа шүү гээд өрөөний зүүн дээд буланд байсан камерыг зааж хэлсэн чинь өрөөнд байсан модон наарны нэг банзыг хуулж аваад камер руу цохьсон чинь дээр өлгөөтэй байсан камер салж доош унжсан. Тэгтэл Б.Даваадавга гэдэг залуу тэр камерыг гараараа барьж аваад утаснаас нь салгаад тасалчихсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 32/, гэрч Т.Пүрэвтогтохын “...Түүнийг хүлээлгэж өгчихөөд дахин дуудлаганд явчихаад ирэхэд камерийн дуранг эвдэлчихсэн байсан. Камерийн дурангийн утсыг тасалж аваад шидчихсэн, модон наарны банзыг хугалаад хаячихсан байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 33/, гэрч Б.Лхагвадоржийн “... Би цагдааг дагаад очиж харахад камерын дуран газар уначихсан байж байсан. Тэгээд тэр согтуу залууг тухайн өрөөнөөс гаргаж хажуу талын өрөөнд оруулж байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 35/, гэрч Г.Мөнх-Амгалангийн “... Ингээд 16 цаг 40 минутын үед Энхболд гэдэг хүн саатуулагдах үед биед нь үзлэг хийж хүлээж авч байхад 2 номерын өрөөнд модон наар шидэх чимээ гарахаар нь цагдаа Довчинцэрэнгийн хамтаар очоод үзсэн чинь Даваадагва гэгч нь камерны дуранг цохиж доош нь унагаачихсан, шалан дээр байх наарны банзыг хуулаад авчихсан байсан. Наарны хуулж авсан банзаар дээр байсан камерны дуранг цохьж гэмтээсэн байсан...” гэсэн мэдүүлэг /хх-ийн 36/, Шинжээч Б.Эрдэнэбаярын 2016 оны 11 дүгээр сарын 30-ны өдрийн 01 тоот дүгнэлт /хх-ийн 57/, Эрүүгийн хэрэг үүсгэх тогтоол /хх-ийн 1/, Гэмт хэргийн талаарх гомдол мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 3/, Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газрын Цагдаагийн ахлах ахлагч Б.Довчинсүрэнгийн 2016 оны 09 дүгээр сарын 04-ний өдрийн рапорт /хх-ийн 4/, Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-8/, Бэлэн мөнгөний орлогын баримт /хх-ийн 11/, Эд зүйл үзлэг хийсэн тухай тэмдэглэл /хх-ийн 13-15/, Эд мөрийн баримтаар тооцож хэрэгт хавсаргах тогтоол /хх-ийн 16-17/, Эд хөрөнгө битүүмжлэх тогтоол,тэмдэглэл /хх-ийн 18/,  “Лэндс” ХХК-ий 2016 оны 11 дүгээр сарын 24-ний өдрийн №11/65 тоот үнэлгээний тайлан /хх-ийн 42/, Шүүгдэгч Б.Даваадагвын мөрдөн байцаалтын болон шүүх хуралдааны хэлэлцүүлэгт үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд болон хаваст хэрэгт авагдсан бусад бичгийн нотлох баримтууд зэрэг болно.

   Шүүгдэгч Б.Даваадагвад холбогдох хэргийн зүйлчлэл зөв, шүүхээс түүнд бусдын эд хөрөнгийг санаатай устгасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ял оногдуулах үндэслэлтэй гэж дүгнэв.

Шүүгдэгч Б.Даваадагва урьд нь Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2006 оны 07 дугаар сарын 05-ны өдрийн 49 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 96 дугаар зүйлийн 96.2.1-д зааснаар 7 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2006 оны 06 дугаар сарын 23-ны өдрийн Өршөөл үзүүлэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1-д зааснаар Б.Даваадавгад оногдуулсан 7 жил 1 сарын хугацаагаар хорих ялаас 3 жилийг өршөөн хасч 4 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2008 оны 10 дугаар сарын 10-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан, Өвөрхангай аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2010 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 29 дүгээр шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.2.1-д зааснаар 3 жил 1 хоногийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, 2011 оны 11 дүгээр сарын 22-нд хугацаанаас өмнө тэнсэн суллагдсан ба Анхны ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.3-т хамрагдаж Эрүүгийн хуулийн 78 дугаар зүйлд заасан ялгүй болох хугацаанаас үлдсэн хугацаа нь хэрэгсэхгүй болж  ялтай байх хугацаа нь дууссан байх тул шүүгдэгч Б.Даваадагвыг анх удаа гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Даваадагва нь анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, гэмт хэргийн улмаас бусдад учруулсан хохирлоо сайн дураараа нөхөн төлсөн, гэм хорыг арилгасан, үйлдсэн гэмт хэрэгтээ чин санаанаас гэмшсэн зэрэг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 55 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд, согтуугаар гэмт хэрэг үйлдсэнийг хүндрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцож, түүний хувийн байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал зэргийг харгалзан үзэж, түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй байна гэж шүүх үзлээ.

  Шүүгдэгч Б.Даваадагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хохирогчид 456.500 төгрөгний  хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдав.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн “Hikvision” маркийн хяналтын камер 1 ширхэг, 99 см урттай нарийн хэсэг нь 4.5 см бүдүүн хэсэг нь 5.5 см, зузаан хэсэг нь 2.8 см хэмжээтэй банз мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж, шүүгдэгч Б.Даваадагвын эзэмшлийн Samsung брэндийн Duos SM-В350Е маркийн 2 симтэй утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй.

  Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296, 297, 298 дугаар зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 1. Шүүгдэгч Боржигон овгийн Батдондовын Даваадагвыг бусдын эд хөрөнгийг санаатайгаар устгасан буюу гэмтээсэн гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 153 дугаар зүйлийн 153.1-д зааснаар шүүгдэгч Боржигон овгийн Батдондовын Даваадагвыг 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.10-т заасныг журамлан 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваадагвад оногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч Б.Даваадагва нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй,  хохирогчид 456.500 төгрөгний хохирол төлсөн, хохирогч нь гомдол санал нэхэмжлэх зүйлгүй гэсэн болохыг тус тус дурьдсугай.

5. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн эвдэрсэн “Hikvision” маркийн хяналтын камер 1 ширхэг, 99 см урттай нарийн хэсэг нь 4.5 см бүдүүн хэсэг нь 5.5 см, зузаан хэсэг нь 2.8 см хэмжээтэй банз мод 1 ширхгийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц устгасугай.

6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 134 дүгээр зүйлийн 134.10-т зааснаар шүүгдэгч Б.Даваадагвын эзэмшлийн Samsung брэндийн Duos SM-В350Е маркийн 2 симстэй утас битүүмжилсэн мөрдөн байцаагчийн 2016 оны 12 дугаар сарын 05-ны өдрийн тогтоолийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай.

7. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1-д зааснаар шүүгдэгч Б.Даваадагвад ногдуулсан 1 жил 3 сарын хугацаагаар хорих ялыг тэнсэж, 1 жил 1 сарын хугацаагаар хянан харгалзсугай.

8. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.4, 61.5-д зааснаар шүүгдэгч Б.Даваадагвын цаашдын засрал хүмүүжилд хяналт тавихыг Өвөрхангай аймаг дахь Цагдаагийн газарт даалгаж, хянан харгалзах хугацаанд захиргааны хариуцлага хүлээвэл цагдаагийн байгууллагын саналыг үндэслэн хорих ялыг биечлэн эдлүүлэх эсэхийг шийдвэрлэх болохыг шүүгдэгч Б.Даваадагвад мэдэгдсүгэй.

9. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3, 303 дугаар зүйлийн 303.1, 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Өвөрхангай аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

10. Давж заалдах гомдол гаргасан буюу эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл шүүгдэгч Б.Даваадагвад авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй тухай баталгаа авах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                               М.МАНДАХБАЯР