Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 001/ХТ2022/00725

 

Б.Эын нэхэмжлэлтэй иргэний хэргийн тухай

 

Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр магадлалтай,

Б.Эын нэхэмжлэлтэй

“Ф и а к м” ХХК-д холбогдох

Гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлтэй, 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, 00000Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлтэй иргэний хэргийг

Нэхэмжлэгч Б.Эын гаргасан хяналтын гомдлоор

шүүгч П.Золзаяагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Чимэдцэрэн, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.Батбуян, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Б.Э нь “Ф и а к м” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах үндсэн нэхэмжлэлийг, 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам. доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, 00000Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай сөрөг нэхэмжлэлийг тус тус гаргажээ. Хариуцагч эс зөвшөөрч маргажээ.

2. Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1, 232 дугаар зүйлийн 232.4, 232.8 дах хэсэгт заасныг тус тус баримтлан Ф и а к м ХХК-аас 2,031,998,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 406,399,625 төгрөгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1, 56.5, 492 дугаар зүйлийн 492.1.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Б.Эд холбогдох 2011 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах, худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай Ф и а к м ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 56.1, 56.2 дах хэсэгт зааснаар улсын тэмдэгтийн хураамжид нэхэмжлэгчээс төлсөн 12,843,622 төгрөг, хариуцагчаас сөрөг нэхэмжлэлийн шаардлагад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 12,513,365 төгрөгийг тус тус улсын төсөвт хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 10,317,941 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Б.Эд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр магадлалаар Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дугаар шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, хариуцагч “Ф и а к м” ХХК-аас гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөг гаргуулах нэхэмжлэгч Б.Эын үндсэн нэхэмжлэлийг, нэхэмжлэгч Б.Эд холбогдуулан гаргасан 2011 оны 07 дугаар сарын 17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус байх хэлцэлд тооцуулж, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, 00000Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах тухай хариуцагч “Ф и а к м” ХХК-ийн сөрөг нэхэмжлэлийг тус тус хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3 дах хэсэгт зааснаар хариуцагчаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 10,317,940 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгож шийдвэрлэжээ.

4. Нэхэмжлэгч Б.Э хяналтын гомдолдоо: ...Магадлалыг нэхэмжлэгчийн зүгээс эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх хэргийн бодит нөхцөл байдал, хэрэгт авагдсан нотлох баримтыг зөв үнэлж шийдвэрлэсэн боловч Давж заалдах шатны шүүх хэргийн нөхцөл байдал, нотлох баримтыг бүрэн гүйцэд, тал бүрээс нь, үнэн зөв үнэлээгүйгээс гадна хууль хэрэглээний алдаа гаргаж анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлгүй болсон байна. 1. Хууль буруу хэрэглэж шийдвэрлэсэн тухай: Давж заалдах шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ талуудын хооронд байгуулагдсан гэрээ нь хууль зөрчсөн тул гэрээний холбогдох зохицуулалтын хүчин төгөлдөр бус хэлцэл гэж шийдвэрлэсэн. Тодруулбал, давж заалдах шатны шүүхээс гэрээний 2.2(в)-д “Худалдагч тал нь Хөөвөр булгийн ордын нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогод үндэслэн 3%-ийн роялти хүлээн авах эрхтэй байна. 3%-ийн роялти төлбөрийн улирал бүрийн төгсгөлд борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн худалдагч талд хуваарилна.” гэж тохиролцсон нь Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т “Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн.” гэж заасныг зөрчсөн тул хүчин төгөлдөр бус гэж дүгнэсэн байдаг. Давж заалдах шатны шүүх уг дүгнэлтийг хийхдээ хэргийн бодит нөхцөл байдалд нийцээгүй төдийгүй хуулийг буруу тайлбарласан байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Ашигт малтмалын тухай хуульд заасны дагуу байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч байхаар хуульчилсан боловч тухайн ашигт малтмалыг хуульд заасан нөхцөл журмын дагуу, тусгай зөвшөөрлийн үндсэн дээр ашиглаж, олборлож гаргасан тохиолдолд тэрхүү ашигт малтмал нь төрийн өмч бус харин тухайн олборлолтын үйл ажиллагаа явуулж буй хуулийн этгээдийн өмч болох юм. Энэхүү нөхцөлийг ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.2-т “Төр өмчлөгчийн хувьд энэ хуульд заасан нөхцөл, шаардлага, журмын дагуу ашигт малтмал эрэх, хайх, ашиглах эрхийг бусад этгээдэд олгох эрхтэй.” гэж хуульчилсан. Ийнхүү ашигт малтмалыг олборлосон хуулийн этгээд нь өөрийн олборлосон ашигт малтмалыг өөр бусад этгээдэд хэлцлийн үндсэн дээр борлуулж, олсон ашгаасаа төрд Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр, Аж ахуйн нэгжийн орлогын албан татвар төлж үлдэх хэсэг нь тухайн компанийн хөрөнгө болдог. Уг хөрөнгийг хэрхэн захиран зарцуулах, бусад этгээдэд ашиг хуваарилах эсэх асуудал нь тухайн компанийн шийдвэрлэх асуудал бөгөөд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж буй хууль тогтоомжоор энэхүү эрхийг хязгаарлаагүй байна. Талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу ашигт малтмалыг буюу ашигт малтмалын тухай хуулийн 5.1-т заасан төрийн өмч буюу байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг хуваах талаар тохиролцоогүй бөгөөд харин хуульд заасан нөхцөл шаардлагын дагуу ашигт малтмалыг олборлож, түүнийгээ борлуулсан орлогоос 3 хувийг авах талаарх тохиролцоо болно. Энэ тохиолдолд ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-т заасныг зөрчсөн гэж үзэхгүй бөгөөд харин Компанийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1-т “Хувьцаа эзэмшигчийн оруулсан хөрөнгө нь тодорхой тооны хувьцаанд хуваагддаг, өөрийн тусгайлсан эд хөрөнгөтэй, үндсэн зорилго нь ашгийн төлөө хуулийн этгээдийг компани гэнэ.” гэж заасан хуулийн этгээдийн олсон орлогоос хувь авахаар тохиролцсон гэрээ юм. Талуудын дээрх гэрээний тохиролцоо нь Иргэний хуулийн 189 дүгээр зүйлийн 189.1-д заасан гэрээний чөлөөт байдлын зарчимд нийцсэн тохиролцоо болно. Учир нь гэрээний талууд зөвхөн хуульд заасан тодорхой төрлийн гэрээгээр хязгаарлагдахгүй гэрээний агуулгаа тодорхойлох гэрээ байгуулах эрх чөлөөг Иргэний хуульд хуульчилсан бөгөөд талууд гэрээ байгуулах эрх чөлөөний хүрээнд гэрээний агуулгыг өөрсдөө тодорхойлсон болно. Дээрхээс гадна, Улсын дээд шүүхийн 2010.06.22-ны 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх хэсгийг тайлбарласан бөгөөд уг тогтоолын 5.1-д Хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1.-д “хууль зөрчсөн гэж хуулийн хориглох хэм хэмжээг зөрчсөн, эсхүл хуулийн шаардлагыг хангаагүй хэлцэл хамаарах ба энэ зөрчил нь хэлцлийн эрх зүйн үндэслэлтэй байх зарчимд нийцэхгүй байхыг хэлнэ. Тухайн төрлийн хэлцэл хийхэд хуулиар тогтоосон шаардлагыг зөрчсөн боловч агуулгын хувьд байж болох хэлцэл энэ зүйлийн зохицуулалтад хамаарахгүй” гэж тайлбарлажээ. Өмнө дурдсанчлан гэрээгээр тохиролцсон “борлуулалтын орлогоос 3 хувийг хүртээх” тохиролцоо нь хууль зөрчөөгүй бөгөөд агуулгын хувьд байж болох тохиролцоо байхад Давж заалдах шатны шүүх хуулийг хэт өргөжүүлэн тайлбарлаж нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэхдээ Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1 дэх заалт болон ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсгийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна. 2. Гэрээг буруу тайлбарласан тухай: Анхан шатны шүүх талуудын хооронд үүссэн харилцааг зөв тодорхойлж холимог гэрээний шинжтэй харилцаа үүссэн гэж дүгнэсэн боловч давж заалдах шатны шүүх гэрээний агуулгыг хэт явцууруулан тайлбарлаж талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээний харилцаа үүсч гэрээний үүрэг дуусгавар болсон гэж дүгнэсэн. Нэхэмжлэгч Б.Э болон “Ф и а к м” ХХК нарын хооронд 2011.07.17-ны өдөр “Хувьцаа худалдах, худалдан авах гэрээ”-г бичгээр байгуулсан. Энэ гэрээний 2.2-ийн “а” болон “б” заалтууд нь хувьцаа худалдах худалдан авах харилцааг зохицуулсан бол бусад заалтууд нь хувьцаа худалдсанаас хойш худалдан авагчийн хүлээх үүрэг, худалдагчийн шаардах эрхүүдийг зохицуулсан байна. Хувьцаа худалдан авснаас хойш худалдан авагч нь худалдагчид улирал бүр борлуулалтын орлогоос хувь хүртээх, хэрэв тохиролцсон хугацаанд олборлолт эхлүүлээгүй бол гэрээнд заасан хэмжээгээр сар бүр төлбөр төлөх мөнгөн төлбөрийн үүрэг хүлээсэн. Ийнхүү талууд хувьцаа худалдах худалдан авахаас гадна бусад үүргийг тохиролцож Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.5-д заасан холимог гэрээ байгуулсан. Энэхүү Хувьцаа худалдах худалдан авах гэрээний нэг тал нь хувьцааг худалдаж хувьцааны эрхийг нөгөө талд шилжүүлэх, худалдан авагч тал хувьцааны үнийг төлөх, ордыг олборлолтод хүргэж орлогоос хувь хүртээх, олборлолтод хүргэх чадаагүй тохиолдолд сар бүр 10,000 ам.доллар шилжүүлж байх үүрэг хүлээсэн хоёр талын гэрээ болно. Түүнчлэн, Хувьцаа худалдах, худалдан авах гэрээний 2.2(ж)-д “Хэлцэлд хууль зүйн талаасаа хүндрэл үүсгэхгүй тохиолдол энэхүү гэрээг хөрөнгө оруулалтын гэрээ болгож өөрчлөхийг худалдан авагч тал үүгээр зөвшөөрөв” гэж зааснаас үзвэл маргаан бүхий гэрээ нь зөвхөн худалдах-худалдан авах гэрээ бус хөрөнгө оруулалтын, хамтран ажиллах гэрээний агуулгыг тусгасан, холимог гэрээ болох нь тодорхой байна. Гэвч давж заалдах шатны шүүх талуудын хооронд гэрээний чөлөөт байдлыг зарчимд үндэслэж байгуулсан холимог гэрээг зөвхөн Худалдах-худалдан авах гэрээ байна гэж дүгнэсэн нь гэрээний агуулгыг хэт явцууруулсан төдийгүй хууль хэрэглээний хувьд алдаа гаргасан гэж үзэх үндэслэлтэй байна. 3. Хэргийн нөхцөл байдлыг буруу дүгнэсэн тухай: Талууд 2011.07.17-ны өдөр байгуулагдсан “Хувьцаа худалдах-худалдан авах гэрээ”-г хийхээр хэлэлцээр эхэлж байхад худалдагч тал “Ө-Ө” ХХК-ийн хувьцааг 5,000,000 ам.доллараар худалдах саналтай байсан. Учир нь “Ө-Ө” ХХК-ийн эзэмшиж буй ашигт малтмалын хайгуулын 00000Х хайгуулын тусгай зөвшөөрөл нь 145 сая.тн нүүрсний нөөцтэй болох нь тогтоогдсон тухайн үеийн хүрэн нүүрсний үнэ болох 80 ам.доллараар тооцоход 11,6 орчим тэрбум ам.долларын үнэлгээтэй байсан. Ийм хэмжээний нөөцтэй тусгай зөвшөөрөл эзэмшигч компанийн хувьцааг худалдах үнэ 5,000,000 ам.доллар буюу түүнээс дээш өртөгтэй байсан боловч хариуцагч компанийн зүгээс дээрх хэмжээний мөнгө нэг дор өгөх боломжгүй, гэрээ байгуулах үед 500,000 ам.доллар төлж компанийн хувьцааг шилжүүлэн авч компанийн эзэмшлийн хайгуулын тусгай зөвшөөрлийг богино хугацаанд ашиглалтын тусгай зөвшөөрөл болгох, олборлолтын үйл ажиллагаанаас олсон борлуулалтын орлогын 3 хувиар тооцож роялти буюу ашиг хүртээж байх, хэрэв олборлолтод хүргэж чадахгүй тохиолдолд сар бүр 10,000 ам.доллар төлөх хувилбарт үүрэг бүхий гэрээ байгуулах санал тавьсан байдаг. Нэхэмжлэгчийн зүгээс нэг удаа төлбөр аваад дуусах бус урт хугацаанд байнгын орлоготой байх нөхцөл нь эдийн засгийн үр ашигтай, баталгаатай, эрсдэл багатай санагдсан тул дээрх нөхцөлөөр гэрээ байгуулах саналыг хүлээн зөвшөөрч гэрээ байгуулсан бөгөөд дээрх зохицуулалтыг гэрээний 2.2(в), 2.2(д) заалтуудад тусгасан. Гэвч давж заалдах шатны шүүх дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэлгүй талуудын байгуулсан холимог гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж, гэрээний үүрэг дуусгавар болсон мэтээр тайлбарлан, хэргийг шийдвэрлэсэн нь хэргийн нөхцөл байдлыг хэт нэг талд ашигтайгаар тайлбарлан шийдвэрлэсэн болохыг хяналтын шатны шүүх анхаарч үзэх шаардлагатай байна. Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээг худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэсэн тохиолдолд Иргэний хуулийн 244 дүгээр зүйлийн 244.1-т “Худалдах-худалдан авах гэрээнд унийг шууд заагаагүй бол талууд үнэ тодорхойлох арга хэрэгслийн тухай хэлэлцэн тохиролцож болно.” гэж заасныг удирдлага болгож шийдвэрлэх боломжтой байсан. Тодруулбал, хуулийн дээрх зохицуулалтын дагуу Хувьцаа худалдах-худалдан авах гэрээний төлбөр нь хоёр хэсэгтэй байхаар талууд тохиролцсон гэж үзэж болох бөгөөд эхний хэсэг төлбөр нь 500,000 ам.доллар байх бөгөөд гэрээний үлдэгдэл төлбөрийг ашиглалтын үйл ажиллагааг эхлүүлж, борлуулалтын орлогын 3 хувийг хувийг өгөх, тухайн үүргээ биелүүлж чадахгүй бол сар бүр 10,000 ам.доллар төлж байхаар тохиролцсон худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж болно. Гэвч давж заалдах шатны шүүх хуулийн энэхүү зохицуулалтыг үл харгалзан хэргийн нөхцөл байдлыг хэт явцуу байдлаар тайлбарлаж нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь үндэслэлгүй байна. 4. Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зөрчил гаргасан тухай: Давж заалдах шатны шүүхээс хариуцагчийн гаргасан гомдлын хүрээнд бус Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4-т “Давж заалдах журмаар хэрэг хянан шийдвэрлэж буй шүүх зөвхөн гомдолд дурдсан үндэслэлээр хязгаарлалгүй хэргийг бүхэлд нь хянан үзнэ.” гэж заасныг удирдлага болгон нэхэмжлэлийн хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Ийнхүү шийдвэрлэхдээ талуудын огт маргаагүй төдийгүй анхан шатны шүүхээр хэлэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн холбогдох зохицуулалтыг зөрчсөн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны алдаатай шийдвэр болсон. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн хэргийг бүхэлд нь хянах агуулга нь анхан шатны шүүхээр хэлэлцсэн буюу талуудын мэтгэлцсэн асуудлыг гомдлоор хязгаарлахгүй бүхэлд нь хянаж хэргийг давж заалдах журмаар шийдвэрлэх агуулгатай. Гэтэл давж заалдах шатны шүүх хуулийн дээрх зохицуулалтыг буруу тайлбарлан нэхэмжлэгчийн эрх зүйн байдлыг дордуулж, шийдвэрлэсэн байна. Хэрэв давж заалдах шатны шүүх анхан шатны шүүхээр хэлэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж хэргийг шийдвэрлэх эрхтэй гэж үзвэл тухайн хууль зүйн үндэслэл, нөхцөл байдлын талаар талуудаас тайлбар авах буюу тодруулж, мэтгэлцүүлэх ёстой байсан. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 6 дугаар зүйлийн 6.1-т “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг мэтгэлцэх үндсэн дээр хэрэгжүүлнэ.”, мөн зүйлийн 6.2-т “Мэтгэлцэх зарчим хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны бүх шатанд хэрэгжинэ.” гэж хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа мэтгэлцэх зарчмын үндсэн дээр явагдах талаар маш тодорхой хуульчилсан. Гэвч давж заалдах шатны шүүх нэхэмжлэгч талд мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн бөгөөд ийнхүү шийдвэрлэсэн нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчилд хамаарах юм. 5. Хяналтын шатны шүүхээр хэлэлцүүлэх хууль зүйн үндэслэлийн тухай: 2021.01.15-ны өдөр “Монгол Улсын Шүүхийн тухай” хууль шинэчлэн батлагдсантай холбоотой Улсын дээд шүүхэд гомдол гаргах 3 үндэслэлийг тодорхойлж өгсөн. Энэхүү хэргийн тухайд Улсын дээд шүүхэд гомдол гаргах 3 нөхцөл бүрдсэн тул хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үндэслэлтэй гэж энэхүү гомдлыг гаргаж байгаа болно. Тодруулбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1 -т “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн”, мөн зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн;”, мөн зүйлийн 172.2.3-т “шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн.” гэж тус тус заасан үндэслэлд хамаарах юм. Учир нь анхан шатны шүүх талуудын хооронд байгуулагдсан гэрээг хууль зөрчөөгүй, холимог гэрээний шинжтэй гэж дүгнэсэн бол давж заалдах шатны шүүх хууль зөрчсөн, худалдах-худалдан авах гэрээ гэж дүгнэж хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.1-т заасан үндэслэлд хамаарна. Мөн талуудын мэтгэлцээгүй асуудлаар дүгнэлт хийж, тухайн асуудлаар талуудад мэтгэлцэх боломж олголгүйгээр хэргийг шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.2-т заасан үндэслэлд хамаарна. Түүнчлэн, давж заалдах шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ Монгол Улсын Дээд шүүхийн 2010.06.22-ны 17 дугаар Иргэний хуулийн 5, 6, 7 дугаар бүлгийн зарим зүйл заалтыг тайлбарлах тухай тогтоолоор тайлбарласнаас өөр байдлаар шийдвэрлэсэн тул Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172.2.3-т заасан үндэслэлд хамаарна гэж үзэж байна. Иймд нэхэмжлэгчийн гаргасан энэхүү гомдлыг хүлээн авч, давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж шийдвэрлэж өгнө үү гэжээ.

5. Хариуцагч нь нэхэмжлэгчийн гомдлыг хангахгүй орхих байр суурийг илэрхийлжээ.

6. Давж заалдах шатны шүүхийн магадлалыг эс зөвшөөрч хяналтын журмаар гаргасан нэхэмжлэгчийн гомдлыг Улсын дээд шүүхийн Иргэний хэргийн танхимын нийт шүүгчийн 2022.05.06-ны өдрийн 001/ШХТ2022/00463 дугаар тогтоолоор Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1, 172.2.-т заасан үндэслэлээр хүлээн авч, хяналтын шатны шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхээр шийдвэрлэсэн байна.

ХЯНАВАЛ:

7. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2.1-т заасан “анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн” үндэслэлээр нэхэмжлэгчийн хяналтын гомдлыг хянан хэлэлцээд гомдлын зарим хэсгийг хангаж, магадлалыг хүчингүй болгон, шийдвэрт өөрчлөлт оруулах үндэслэлтэй гэж үзэв.

8. Нэхэмжлэгч Б.Э нь хариуцагч “Ф и а к м” ХХК-д холбогдуулан гэрээний үүрэгт 720,000 ам.доллар буюу 1,625,598,500 төгрөг, алданги 359,980 ам.доллар буюу 812,744,563.40 төгрөг нийт 2,438,343,063 төгрөгийг гаргуулах нэхэмжлэлийг гаргасан.

Хариуцагч нэхэмжлэлийг эс зөвшөөрч, “...худалдах-худалдан авах гэрээ ашигт малтмалын тусгай зөвшөөрөл худалдсан шинжийг агуулсан, Ашигт малтмалын тухай хуулийн 49 дүгээр зүйлийн 49.2, 49.4-т заасан хэм хэмжээг зөрчиж хийсэн хэлцэл гэж 2011.07.17-ны өдрийн хувьцаа худалдах-худалдан авах гэрээг хүчин төгөлдөр бус хэлцэл болохыг тогтоолгох, гэрээний төлбөрт төлсөн 500,000 ам.доллар буюу 1,424,735,000 төгрөгийг буцаан гаргуулах, 00000Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон үнэ цэнийг нэмэгдүүлсэнтэй холбоотой зах зээлийн үнийн зөрүү болох 6,370,000,000 төгрөг нийт 7,794,735,000 төгрөг гаргуулах сөрөг нэхэмжлэлийг гаргасан байна. /4хх-22-24,198, 217,218/

9. Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг буюу алдангийг багасгаж, хариуцагчаас 2,031,998,125 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгчид олгож, сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон шийдвэрлэсэн бол давж заалдах шатны шүүх шийдвэрийг хүчингүй болгож, үндсэн болон сөрөг нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгожээ.

10. Давж заалдах шатны шүүх нэхэмжлэлийн үндэслэл болсон 2011.07.17-ны өдрийн гэрээний нөхцөл, хүчин төгөлдөр байдлыг хуульд нийцүүлэн дүгнэж чадаагүй тул магадлалыг хүчингүй болгох үндэслэлтэй. Анхан шатны шүүх талуудын байгуулсан гэрээний төрөл, гэрээний хүчин төгөлдөр байдал, талуудын гэрээгээр хүлээсэн үүргийг Иргэний хуулийн дагуу үндэслэлтэй дүгнэсэн боловч хэргийн нөхцөл байдалд тулгуурлан хариуцагчийн хүлээх үүргийн хэмжээг оновчтой тодорхойлж чадаагүйг залруулж, шийдвэрт өөрчлөлт оруулах нь зүйтэй гэж үзэв.

11. Маргааны үйл баримтын талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт хэрэгт байгаа дараах баримтад тулгуурласан, маргааны зүйлийг үндэслэл бүхий тогтоожээ. Тухайлбал:

11.1. Нэхэмжлэгч Б.Э нь “Ө-Ө” ХХК-ийн цорын ганц хувьцаа эзэмшигч, “Ф и а к м” ХХК гадаад худалдаа, ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагаа эрхэлдэг, үүсгэн байгуулагч нь Айсл оф ман арал дээр бүртгэлтэй “Монголиа Коул Компани” ХК, Монгол улсын хуулийн этгээд байна. “Ө-Ө” ХХК нь Дорнод аймгийн Баянтүмэн суман дахь нүүрсний нөөц бүхий Хөөвөр булгийн ордын00000Х дугаартай ашигт малтмалын хайгуулын тусгай зөвшөөрлийг эзэмдэг.

11.2. Талууд 2011.07.17-ны өдөр гэрээ байгуулж, “Ө-Ө” ХХК-ийн 100 хувийн хувьцаа эзэмшигч Б.Э нь компанийн нийт хувьцааг худалдах, “Ф и а к м” ХХК нь гэрээний 2.1.(б), 2.2.(а), (б)-д зааснаар хувьцааны үнэ болох 500,000 ам.долларыг төлөх, гэрээний 2.2. с-д зааснаар “худалдагч тал нь Хөөвөр булгийн ордоос олборлогдон дотоод болон гадаадын зах зээлд борлуулагдах нийт нүүрсний борлуулалтын орлогоос 3 хувийн роялти олгож байхаар худалдан авагч тал гэрээний дагуу хүлээн байгаа болно. Худалдан авагч тал улирал бүрийн төгсгөлд улирлын борлуулалтын гэрээ болон тайланд үндэслэн 3 хувийн роялтиг олгоно.” гэж, 2.2.. (е)-д “Хэрэв 2013.12.31 гэхэд худалдан авагч тал Хөөвөр булгийн ордыг олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10,000 ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний үүрэг хүлээж байгаа болно” гэсэн нөхцөлийг харилцан тохирчээ. “Ф и а к м” ХХК нь хувьцааны үнэ 500,000 ам.долларыг төлсөн, энэ талаар маргаагүй байна.

Гэрээний 2.2 (е)-д “Хэрэв 2013 оны 12 сарын 31-н гэхэд Худалдан авагч талд Хөөвөр Булагийн ордыг олборлолтонд хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10,000 (арван мянга) ам.долларыг худалдагч талд шилжүүлж байхаар гэрээний дагуу үүрэг хүлээж байгаа болно.”  Гэж заажээ.

Үүний дараа 2012.01.12-ны өдөр талууд “санамж бичиг” байгуулж, “1.“Ф и а к м” ХХК нь цаашид гэрээг хэрэгжүүлэхдээ 4323 га талбай бүхий Хөөвөр булгийн нүүрсний орд болон түүн дээр олгогдсон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй хамааралтай хийгдсэн энэхүү гэрээг бусад гуравдагч этгээдэд худалдах, өөр бусад хэлбэрээр шилжүүлэхдээ гэрээний хэлэлцээр явагдаж эхлэхээс өмнө тэргүүн ээлжинд Б.Эд мэдэгдэх бөгөөд гуравдагч этгээдэд гэрээнд заасан 3 хувийн рояалтыг хүчин төгөлдөр байлгах үүрэг хүлээнэ. 2. “Ф и а к м” ХХК нь энэхүү гэрээнд заагдсан 4323 га талбай бүхий Хөөвөр булгийн нүүрсний орд болон түүн дээр олгогдсон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрөлтэй холбоотой хийгдсэн геологи хайгуул, уул уурхай, санхүү, менежмент гэх мэт бүхий л үйл ажиллагааны талаарх мэдээллийг Б.Эд улирал бүрийн сүүлийн сарын 25-нд багтаан цаасан болон электроник хэлбэрээр Монгол хэл дээр хүргүүлэх үүрэг хүлээнэ... 3. “Ф и а к м” ХХК нь гэрээнд заасан 4323 га талбай бүхий Хөөвөр булгийн нүүрсний орд болон түүн дээр олгогдсон ашиглалтын болон хайгуулын тусгай зөвшөөрлүүдийг хүчин төгөлдөр байлгах талаар өөрөөс хамаарах бүх арга хэмжээг авч ажиллах ба аливаа форс мажор, гэнэтийн хууль дүрмийн өөрчлөлтөөс шалтгаалалгүйгээр “Ф и а к м” ХХК-ийн буруугаас болж уг тусгай зөвшөөрөл хүчингүй болсон тохиолдолд нөхөн төлбөрийг Б.Эд гарган өгнө. 4. Гэрээний 2.2-ийн (е)-д заагдсан “олборлолт” гэх үг нь хуульчилсан тайлбар байхгүй тул талууд “нүүрсийг газрын хэвлийгээс гаргаж худалдахаар овоолсон эсвэл ачуулсан нөхцөлийг хэлнэ” гэж ойлголцож байна. 5. Б.Э нь өөрийн гэр бүлийн гишүүд болох эцэг Гочоогийн Бямба (ЗП41050611), эх Самдангийн Баажин (ЗП50031002) нараас “Ө-Ө” ХХК-ийн хувьцааг гуравдагч этгээдэд худалдахад тэргүүн ээлжинд худалдан авах талаар “Ө-Ө” ХХК-ийн хуучин дүрэмд заасан эрхээсээ бүрэн татгалзаж, хувьцааг “Ф и а к м” ХХК-д худалдахыг дэмжиж байгаагаа илэрхийлсэн бичгийг үйлдэн гарын үсгийг нотариатаар батлагаажуулан “Ф и а к м” ХХК-д энэхүү санамж бичигт гарын үсэг зурмагц хүлээлгэн өгнө...” гэж баталгаажуулсан нь хувьцаа худалдах-худалдан авах хэлцлээс гадна өөр төрлийн бие даасан хэлцэл байгуулагдсан нь нотлогджээ. /хх10-11/

11.3. Анхан шатны шүүх талуудын хооронд холимог гэрээ байгуулагдсан, хувьцаа худалдах-худалдан авах хэлцлээс гадна ашигт малтмалын олборлолтоос ашиг хүртэх агуулгатай талуудын тохиролцоо хууль зөрчөөгүй, уг хэлцлээр талуудын хооронд үүрэг үүссэн гэж үзсэн нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 189 дүгээр зүйлийн 189.1, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсгийг зөрчөөгүй байна. Давж заалдах шатны шүүх гэрээний эдгээр нөхцөлийг буюу гэрээний зарим хэсгийг хүчин төгөлдөр бус гэж үзэхдээ Ашигт малтмалын тухай хууль, Иргэний хуульд заасан хууль ёсны эзэмшил үүсэх, хууль ёсны эзэмшигчийн эрхийг зөрчсөн дүгнэлтийг хийсэн байх тул магадлалыг хүчингүй болгоно.

Талуудын байгуулсан гэрээний “хувьцаа шилжүүлэх, хувьцааны үнэ төлөх” хэсэг нь худалдах-худалдан авах гэрээ, харин “нүүрсний олборлолтоос роялти төлөх, олборлолтыг хугацаандаа эхлүүлээгүй бол сар бүр мөнгөн төлбөр төлөх” тохиролцоо нь талуудад эрх, үүрэг үүсгэсэн, гэрээний шинжийг агуулсан “нэрлэгдээгүй гэрээ” гэж үзэхээр байна. Эдгээр гэрээ тус тусдаа эрх, үүрэг үүсгэсэн, Иргэний хуульд заасан хэлцлийн хүчин төгөлдөр бус шинжийг агуулаагүй, хүчин төгөлдөр гэрээ байна.

Иргэний хуулийн 186 дугаар зүйлийн 186.1-д зааснаар Хууль буюу гэрээгээр үүрэг гүйцэтгэгч нь ямар нэгэн үйлдэл хийх, эсхүл тодорхой үйлдэл хийхээс татгалзах үүргийг үүрэг гүйцэтгүүлэгчийн өмнө хүлээх бөгөөд үүрэг гүйцэтгүүлэгч нь түүнээс уг үүргээ гүйцэтгэхийг шаардах эрхтэй. “Ф и а к м” ХХК нүүрсний олборлолт болон борлуулалтын орлогод үндэслэн гурван хувийн роялти /ашгийг/ нэхэмжлэгчид өгөх, олборлолтод хүргэж чадаагүй тохиолдолд сар болгон 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх талуудын тохиролцоо хуулиар хориглосон зөрчлийг агуулаагүй, нийтийн зан суртахууныг зөрчөөгүй.

Иймд хэлцлийг хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох сөрөг нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон шүүхийн шийдвэр Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.1-д нийцсэн.

11.4. “Ф и а к м” ХХК нь 2011.07.17-ны өдөр “Ө-Ө” ХХК-ийн хувьцааг худалдан аваад, 2015.09.18-ны өдөр хайгуулын тусгай зөвшөөрлийг 000000 дугаартай ашигт малтмалын ашиглалтын тусгай зөвшөөрөл болгон өөрчлүүлжээ.

11.5. Хариуцагч нь гэрээнд заасан хугацаанд олборлолтыг эхлүүлээгүй тул гэрээний 2.2.(е)-д зааснаар сар бүр 10,000 ам.долларыг төлөх үүрэг үүссэн, нэхэмжлэгч нь 2014 оны 01 сараас 2020 оны 9 сар хүртэл хугацааны 720,000 ам.доллар, уг үүргээ зөрчсөн тул гэрээний 2.2.(g)-д зааснаар алданги гаргуулна гэж нэхэмжлэлээ тодорхойлсон.

12. Гэрээний 2.2 (c), (e), (g)-д заасан нөхцөлийг хариуцагч маргаж, олборлолтын ажлыг хугацаанд нь эхлүүлэхийн тулд хариуцлага хүлээлгэх агуулгаар уг нөхцөлийг тохирсон бөгөөд хувьцааны үнэ төлснөөр гэрээ дуусгавар болсон гэсэн үндэслэл заасан. Анхан шатны шүүх гэрээний эдгээр нөхцөлийг үгийн шууд утгаар тайлбарласан нь хууль зөрчөөгүй, гэрээний нөхцөл ойлгомжтой, тодорхой байх ба харин хариуцагчийн тайлбар үндэслэлгүй байна. “Ф и а к м” ХХК 2015.02.04-ний өдөр нэхэмжлэгч Б.Эд хандаж хариу бичихдээ “...2014 оны 01 сараас эхлэн сар бүр 10,000 ам.долларыг төлөх үүрэгтэй болно. ФИАМК ХХК нь мөн энэ төлөлтийг хойшлуулсан тохиолдолд тогтоосон алдангийг төлөх үүрэгтэй билээ. Энэ бүх төлбөрийг “Хөөвөр булгийн орд” лицензийг ашиглалтын лиценз болгож хувиргасны дараа компанид орж ирэх эхний 1.2-1.5 сая ам долларын санхүүжилт орж ирмэгц бид хамгийн түрүүн бүрэн гүйцэд төлнө хэмээн тодорхойлсон болно” гэсэн агуулгаас үзэхэд гэрээний үүргээ хүлээн зөвшөөрсөн нь тогтоогджээ. /хх-13/

13. Иймд олборлолт эхлүүлээгүй тул хариуцагч “Ф и а к м” ХХК нь гэрээний 2.2.(е)-д зааснаар сар бүр 10,000 ам.долларыг нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй. Хэрэгт байгаа баримтад тулгуурлан 2014 оны 01 сараас хайгуулын лицензийг ашиглалтын лиценз болгосон өдөр хүртэл буюу 2015 оны 9 сарыг дуустал хугацааны нийт 21 сарын төлбөр 210,000 ам.доллар, үүрэг гүйцэтгэх хугацааг хэтрүүлсэн тул гэрээний 2.2.(j)-д зааснаар алданги 105,000 ам.доллар нийт 315,000 ам.долларыг, тухайн сар бүрийн монгол банкны албан ёсны ханшаар тооцон /2014 оны 1 сард-1723,22, 2 сард-1752.38, 3 сард- 1782.01, 4 сард-1796.19, 5сард-1818.65, 6 сард-1825.74, 7 сард-1870.92, 8 сард-1811.03, 9 сард-1840.91, 10 сард-1862.36, 11 сард-1895.17, 12 сард-1888.44, 2015 оны 1 сард-1944.78, 2сард-1974.52, 3 сард-1984.69, 4 сард-1960.41, 5 сард-1907.32, 6 сард-1963.56, 7 сард-1985.06, 8 сард-1991.49, 9 сард-1996,83/, алдангийг нэхэмжлэл гаргасан 2016.01 сарын 04-ний өдрөөр /2011.38 төгрөгөөр тооцож/, нийт 606,951,700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж, нэхэмжлэгчид олгон, нэхэмжлэлийн үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв. Учир нь хариуцагчийн тайлбар, Статистикийн хорооны мэдээлэл, хариуцагчийн тооцоолон гаргасан Ашигт ажиллагааны дүгнэлт, ЭТТ ХХК-ийн цахим хаягт хийсэн үзлэг зэрэг баримтаар нүүрсний ханшийн үзүүлэлт, олборлолт эхлүүлэх боломжгүй нөхцөл байдал байж болохыг үгүйсгэх боломжгүй, ийм нөхцөлд ашиглалтын тусгай зөвшөөрөл авсан 2015.09 сараас 2020.12.31 хүртэл хугацааны төлбөрийг гаргуулах нь зохисгүй гэж үзэж, энэ хугацааны шаардлагыг хэрэгсэхгүй болгов. /хх-1-р хавтас- 14,15,45,46, 86, 3-р хавтас -хх-1,2/

14. Иргэний хуулийн 220 дугаар зүйлд  зааснаар нөхцөл байдал өөрчлөгдсөнөөс үүрэг гүйцэтгэх боломжгүй болох нөхцөлүүд үүссэн эсэх, өөрчлөгдсөн нөхцөл байдалд гэрээг нийцүүлэх эсэхийг талууд анхаарч, гэрээний харилцааг үргэлжлүүлэх эсэх, өөрчлөх эсэхээ шийдвэрлэх эрхтэй болно.

15. Хяналтын шатны шүүхээс хэрэгт байгаа баримтын хэмжээнд дээрх дүгнэлтийг хийж, магадлалыг хүчингүй болгож, шийдвэрт өөрчлөлт орууллаа.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2022 оны 03 дугаар сарын 16-ны өдрийн 489 дүгээр магадлалыг хүчингүй болгож, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2021 оны 10 дугаар сарын 21-ний өдрийн 183/ШШ2021/02334 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “...2,031,998,125...” гэснийг “...606,951,700...” гэж, “...406,399,625” гэснийг “...1,425,046,425” гэж, шийдвэрийн 3 дах заалтад “...10,317,941” гэснийг “...3,192,708” гэж тус тус өөрчлөн, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т зааснаар нэхэмжлэгчээс хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид 2022 оны 04 дүгээр сарын 15-ны өдөр төлсөн 10,317,941 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

                                    ДАРГАЛАГЧ,ШҮҮГЧ                                       Б.МӨНХТУЯА

                                    ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                   Г.АЛТАНЧИМЭГ

                                    ШҮҮГЧИД                                                        П.ЗОЛЗАЯА

                                                                                                             С.СОЁМБО-ЭРДЭНЭ

                                                                                                             Х.ЭРДЭНЭСУВД