Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01849

 

 

2020 оны 06 сарын 10 өдөр

Дугаар 102/ШШ2020/01849

Улаанбаатар хот

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Баянгол дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч З.Доржнамжин даргалж шүүхийн танхимд хийсэн шүүх хуралдаанаар

 

Нэхэмжлэгч:Ч.О-ны нэхэмжлэлтэй

 

Хариуцагч:Ж.А-д холбогдох

 

Хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагатай хэргийг хянан хэлэлцэв.

 

Шүүх хуралдаанд:Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г, гэрч Ч.М, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Батбилэг нар оролцов.

 

                                         ТОДОРХОЙЛОХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ:Би Ж.Агийн нөхөр Ч.Өн төрсөн эгч билээ.Би 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдөр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-7 тоот, 18 мкв талбайтай, нэг өрөө орон сууцыг өөрийн хөрөнгө болох 18 000 000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээ авсан.Гэтэл минийн төрсөн дүү Ч.Ө нь Ж.А-ай танилцаж, улмаар 2017 оны 6 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдний дундаас хүү Ч, Б нар төрсөн.Тэд хамтран амьдрах хугацаандаа түрээсийн байраар амьдарч ирсэн.Би Орхон аймагт оршин суудаг, тэндээ ажил эрхэлдэг тул өөрийн дүү Ч.Өг Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-7 тоот сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдаруулсан.Гэтэл Ч.Ө нь хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдах гэхээр өөрийн гэсэн байнгын оршин суух хаяг шаардлагатай байдаг, мөн өөрийн гэсэн хаяггүй тул хүүхдүүд цэцэрлэг, сургуульд хамрагдаж чадахгүй, хүүхдүүдийг харах хүн байхгүй гэж зовлон тоочиж, та байрныхаа хамтран өмчлөгчөөр эхнэр Ж.Аг нэмж бүртгүүлээд өгөөч гэхээр нь зөвшөөрч хамтран өмчлөгчөөр нэмж бүртгүүлсэн. Удалгүй 2019 онд дүү Ч.Өгийн бие өвдөж тархинд цус харваж, 2 удаа хагалгаанд орж эмчлүүлэхэд Ж.А нь нөхрөө асрах битгий хэл ирэхдээ хэрүүл тариад явсан, ударгүй 2020 онд дүү Ч.Ө надад утсаар “эхнэр надаас салахаар шүүхэд хандсан, мөн таны байрнаас оногдох хэсгийг авна гэж маргаж байгаа” гэж хэлсэн.Тэгээд би удалгүй дүү Ч.Ө, эхнэр Ж.А нартай уулзахаар хотод ирэхэд надтай уулзах битгий хэл Ж.А нь Ч.Өг элдэвээр харааж зүхэж, гэрийн эд хөрөнгөө эвдэлсэн байсан ба дүү цагдаад хандсан.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлд зааснаар 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэжээ.

 

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Э.Н шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.О нь Ж.Агийн нөхөр Ч.Өгийн төрсөн эгч билээ.Ч.О нь 2016.11.07-ны өдөр Улаанбаатар хотод Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг өөрийн хөрөнгө болох 18,000,000 төгрөгөөр худалдан авч, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн гэрчилгээгээ авсан.Гэтэл төрсөн дүү Ч.Ө нь Ж.А гэх эмэгтэйтэй танилцаж, улмаар 2017 оны 06 дугаар сарын 16-ны өдөр гэрлэлтээ батлуулж гэр бүл болсон ба тэдний дундаас хүү М.Чингүүн, хүү М.Билгүүн нар тус тус төрсөн байдаг.Тэд хамтран амьдрах хугацаандаа түрээсийн байраар амьдарч ирсэн.Ч.О нь Орхон аймагт оршин суудаг, тэндээ ажил хөдөлмөр эрхэлдэг Улаанбаатар хотод амьдрах шаардлагагүй байсан тул өөрийн төрсөн дүү Ч.Өг байр түрээслэж, цалингаа түрээсийн байранд өгч байхаар өөрийн Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 мкв талбайтай орон сууцанд эхнэр хүүхдүүдийн хамт амьдруулсан.Гэтэл нэгэн өдөр дүү Ч.Ө нь “хүүхдүүд маань цэцэрлэг, сургуульд хамрагдах гэхээр өөрийн гэсэн байнгын оршин суух хаяг шаардлагатай байдаг юм байна, мөн өөрийн гэсэн байнга оршин суух хаяг, байхгүй тул хүүхдүүд маань цэцэрлэгт хамрагдаж чадахгүй, хүүхдүүдийг харж хандах хүн байхгүй хэцүү юм гэж амьдралынхаа зовлонг тооцож, та байрныхаа хамтран өмчлөгчөөр эхнэр Ж.Аг нэмж бүртгүүлээд өгөөч, хүүхдүүдээ цэцэрлэг сургуульд хамруулмаар байна” гэхлээр нь би элдэв юм бодолгүй хамтран өмчлөгчөөр бүртгүүлэхийг зөвшөөрч хамтран өмчлөгчөөр бэр Ж.Аг нэмж бүртгүүлсэн.Гэтэл 2019 онд дүү Ч.Өгийн бие өвдөж тархинд цус харваж, эмнэлэгт хэвтэж тархины 2 удаагийн хагалгаанд орж эмчлүүлэхэд эхнэр Ж.А нь нөхрөө асрах нь битгий хэл, нэг, хоёр удаа ирэхдээ бөөн хэрүүл шуугиан тариад явсан.Удалгүй 2020 онд дүү Ч.Ө надад утсаар “эхнэр надаас саллахаар шүүхэд хандсан, мөн таны байрнаас оногдох хэсгийг авна гэж маргаж байгаа” гэж хэлсэн.Тэгээд би Ч.Ө, эхнэр Ж.А нартай уулзахаар Улаанбаатар хотод ирэхэд надтай уулзах нь битгий хэл эхнэр Ж.А нь Ч.Өг элдэвээр харааж зүхэж, гэрийн эд хөрөнгөө эвдэлсэн байсан ба дүү маань цагдаад хандсан байсан.Удалгүй Ж.А нь эхийн хамт ирж Ч.Өг элдэвээр доромжлон хөөн гаргасан.Ж.Аг эцэст нь ийм санаа бодол гаргана гэж бодоогүй ба дүү Ч.Ө болон түүний хүүхдүүдийг цэцэрлэг сургуульд хамруулах зорилгоор бэр Ж.Аг өөрийн өмчлөлийн орон сууцанд хамтран өмчлөгчөөр бүртгүүлсэн байхад дундын өмч гэж маргаж байгааг ойлгохгүй байна.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-07 тоотод 18 мкв талбайтай 1 өрөө орон сууцыг Ч.О өөрийн хөрөнгөөр худалдан авсан ба худалдан авахад бэр Ж.А, дүү Ч.Ө нарын нэг ч төгрөг ороогүй.Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар 2018 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцож өгнө үү гэв.

 

Хариуцагч Ж.А шүүхэд гаргасан тайлбартаа:Би Ч.Өтэй 2012 оноос хамтран амьдарч, 2017 онд гэрлэлтээ бүртгүүлсэн, бидний дундаас Чингүүн, Билгүүн нар төрсөн.Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17-7 тоот орон сууцыг Ч.Өн эгч Ч.Отай ярилцаж өмнөх охин хүүхэддээ эцгийн үүргээ гүйцэтгэхээс татгалзаж өмчөө нууж эгчийнхээ нэр дээр авсан болно.Энэ хөрөнгийг авахад Ч.О нэг ч төгрөг оруулаагүй болно гэжээ.

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г шүүх хуралдаанд тайлбарлахдаа:Ч.Ө, Ж.А бид гурав түрээсийн мөнгөө хувааж төлөөд байр түрээсэлж амьдардаг байсан, 2015 онд том хүү гарахад Ч.Ө, Ж.А нар өөрийн гэсэн байргүй байсан, 2015 онд хүү нь төрснөөс хойш Ч.Ө, Ж.А нарын харилцаа муудаж эхэсэн.Би энэ байрыг яаж авсныг мэдэж байна.Ч.Ө алтны ажил хийгээд бөөн алт авч ирээд тэр алтаа тушаагаад энэ байрыг худалдаж авсан.Энэ хөрөнгө бол Ч.Оы хөрөнгө биш, Ч.Ө эхнийхээ хүүхдийн нэр дээр өгөхгүйн тулд Ч.Оы нэр дээр авсан.Эцэг нь охин, хүү хоёроо гудамжинд гаргах гэж байгааг би зөвшөөрөхгүй байна гэв.

 

Хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Ч.О нь хариуцагч Ж.Атай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай шаардлагыг шүүхэд гаргажээ.

 

Ч.О нь Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцыг Б.Алтантуяагаас худалдаж авсан болох нь тэдний хооронд хийгдсэн 2016 оны 11 дүгээр сарын 7-ны өдрийн үл хөдлөх хөрөнгө худалдах, худалдан авах гэрээ, үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийн лавлагаа, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000510953 дугаар гэрчилгээ зэргээр нотлогдож байна.

 

Ч.О нь Ж.Атай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хийсэн байх бөгөөд уг хэлцлээр Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгч Ч.О нь Ж.Аг өөрийн хүсэлтээр хамтран өмчлөгчөөр нэмж оруулахаар харилцан тохиролцсон байна.

 

Улмаар Баянгол дүүргийн 6 дугаар хороо, 10 дугаар хороолол, 17 дугаар байрны 7 тоот хаягт байрлах, 18 м.кв талбайтай, нэг өрөө орон сууцны өмчлөгөөр Ж.А, Ч.О нарыг бүртгэж, үл хөдлөх эд хөрөнгө өмчлөх эрхийн улсын бүртгэлийн 000571561 дугаар гэрчилгээг 2018 оны 5 дугаар сарын 8-ны өдөр олгосон байна.

 

Ч.О нь дээрх Ж.Атай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийсэн хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т зааснаар дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэх үндэслэлгүй байна.

 

Учир нь Ч.О Ж.А нарын хооронд 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр хийгдсэн хэлцлийг тодорхой үр дүнд хүрэх зорилгогүй, тэдэнд энэхүү хэлцлийг хийх хүсэл зориг байгаагүй гэж үзэх боломжгүй байх тул тухайн хэлцлийг дүр үзүүлэн хийсэн хэлцэл гэж үзэхгүй юм.

 

Нөгөө талаар Ж.Ад үл хөдлөх эд хөрөнгийн өмчлөх өмчлөх эрх үүсэх үйл ажиллагаа нь Иргэний хуулийн 109 дүгээр зүйлд заасан үндэслэл журмын дагуу явагдсан байна.

 

Мөн Иргэний хуулийн 183 дугаар зүйлийн 183.1-д “Эрх шилжүүлж байгаа этгээдийн нэр дээр улсын бүртгэлд бүртгүүлсэн эрхийг хэлцлийн үндсэн дээр олж авч байгаа этгээд улсын бүртгэлд бичигдсэн тэмдэглэлийг буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд үнэн зөв гэж тооцно” заасан байна.

 

Эд хөрөнгө өмчлөх эрх, түүнтэй холбоотой эд хөрөнгийн бусад эрхийн улсын бүртгэлийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.2-т зааснаар “бүртгэл үнэн зөв байна”, 7 дугаар зүйлийн 7.2-т “Иргэний хуулийн 183.1-д заасны дагуу үл хөдлөх эд хөрөнгийн эрхийг хэлцлийн үндсэн дээр шилжүүлэн авч байгаа этгээд эрхийн улсын бүртгэл буруу ташаа болохыг мэдэж байсан, эсхүл уг бүртгэлийг буруу ташаа гэж эсэргүүцсэнээс бусад тохиолдолд тийнхүү эрх шилжүүлж авч байгаа этгээдийн хувьд эрхийн улсын бүртгэл үнэн зөв гэж тооцно” гэж заасан байх бөгөөд нэхэмжлэгч нь дээрх орон сууцны бүртгэлийн талаар маргаж эрх бүхий байгууллагад хандсан баримтгүй байх тул Ч.Оы нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.2-т заасныг баримтлан Ж.Атай 2018 оны 3 дугаар сарын 18-ны өдөр байгуулсан хамтран өмчлөгч нэмэх хэлцлийг хүчин төгөлдөр бус хэлцэлд тооцуулах тухай Ч.Оы нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

 

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 247 950 /хоёр зуун дөчин долоон мянга есөн зуун тавин/  төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй  болохыг дурдсугай.

 

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар шийдвэрийг зохигчид, тэдний төлөөлөгч нар гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               З.ДОРЖНАМЖИН