Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00193

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00193

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт оршин суух, Тольтон бургууд овогт Цэнд-Аюушийн Н /.../-ын нэхэмжлэлтэй ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч, 2020 оны 01 дүгээр сарын 17-ны өдөр 153/2020/00064/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга О.Ням-Адъяа, нэхэмжлэгч Ц.Н нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн авга эмээгийн хамт саальчнаар Ховд аймгийн Мянгад сумын Баянбулаг багт ажиллаж байсан.

Иймд намайг Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....Үхрийн заводад 35 үнээ сааж саальчин хийж байсан....16 наснаас эхлэн эмээ, өвөөтэйгөө хамт саальчнаар ажиллаж эхэлсэн. 1990 онд хүнтэй гэр бүл болсон....Ээж намайг 1 дүгээр ангид байхад, аав намайг 12-13 настай байхад нас барсан....Би 16 наснаасаа эхлэн саальчин болсон....гэв. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ц.Н нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Ц.Н нь нэхэмжлэлийн шаардлагаа Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоолгох гэж тодруулав.

Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Ц.Н нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан болох нь Ховд аймгийн Засаг даргын Тамгын газрын Архивын тагсийн 2020 оны 01 дүгээр сарын 07-ны өдрийн 30 дугаартай албан бичиг, гэрч Г.Нямсүрэнгийн ....Ц.Н нь сургуульд сурч байгаад бага ангиас гараад эмээ Бүтэдийн хамт Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн 2 дугаар бригадад малчнаар ажиллаж байсан хүүхэд юм.... гэх мэдүүлэг, гэрч Н.Хөхийн ....Ц.Нын аав Б.Цэнд-Аюушийнх нь манайхтай айл саахалт явж, Ховд аймгийн Мянгад сумын Ялаатын эх гэх газарт хаваржиж, намаржиж, Дөрөлж гэх газарт бас хаваржиж, намарждаг байсан. Ц.Ныг 2, 3 настай байх үед ээж нь дүүг нь төрүүлэх гэж байгаад нас барсан. Дараа нь аав нь 8 жилийн дараа нас барсан. Ингээд Ц.Н нь авга өвөө эмээ болох Балжирынд өссөн. Ц.Н нь хөдөлмөрийн насанд хүрч, авга эмээ Бүтэдтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд заводын үхэр сааж саальчин хийж байсан. Ц.Н нь Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэл тарах хүртэл буюу 1991 он хүртэл саальчин хийсэн.... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 21, 19-20, 24-26 дугаар тал/

Харин нэхэмжлэгч 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдөр 16 насанд хүрсэн байх бөгөөд гэрч Н.Хөхийн ....Ц.Н нь хөдөлмөрийн насанд хүрч, авга эмээ Бүтэдтэй Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдэлд заводын үхэр сааж саальчин хийж байсан.... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь 16 наснаас эхлэн саальчнаар ажиллаж эхэлсэн болох нь тогтоогдож байна.

Иймд нэхэмжлэгчийн Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Н.Хөх, Г.Нямсүрэн нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Тольтон бургууд овогт Цэнд-Аюушийн Н /ПЗ69021701/-ын Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 02 дугаар сарын 17-ны өдрөөс 1989 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг тогтоож, Ховд аймгийн Мянгад сумын Давшилт нэгдлийн Баянбулаг бригадад 1985 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 1985 оны 2 дугаар сарын 16-ны өдрийг дуустал саальчнаар ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Ц.Нын улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ