Ховд аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Иргэний хэрэг/ийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 00195

 

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 153/ШШ2020/00195

Жаргалант сум

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                                      

Ховд аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Оюунжаргал даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар

нэхэмжлэгч: Ховд аймгийн Жаргалант сумын Хайрхан багийн 1-8 тоотод оршин суух, Оточ овогт Х.Н//-ийн нэхэмжлэлтэй,

ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэлийг 2020 оны 01 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч, 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдөр 153/2020/00142/и индекстэй иргэний хэрэг үүсгэн хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинжав нар оролцлоо.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Х.Нарангэрэл нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Должинжав шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Х.Ннь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн сургуулийн 8 дугаар ангийг 1978 онд төгссөн. 1978 оны 6-р сард Атар-2 аяны хүрээнд анги хамт олноороо эвлэлийн илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын газар тариалангийн үйлдвэрлэлд ногоочноор томилогдон ажилласан. 1980 онд Ховд аймгийн 2-р 10 жилд суралцаж 10 дугаар ангийг эчнээгээр төгссөн. 1981-1983 онд Санхүү эдийн засгийн техникумыг нягтлан бодогч, эдийн засагч мэргэжлээр төгссөн.

Иймд Х.Нарангэрэлийг Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож өгнө үү....2 жилийн өмнө гэрээсээ бүх бичиг баримтуудаа хулгайд алдсан. Тэгэхэд илгээлт, томилолт зэрэг бичиг баримт нь алдагдсан юм. Илгээлт, томилолт зэргийн хуулбарууд нь төрийн албан хаагчийн анкетны ард байсан баримтууд юм. Түүнийг шүүхэд ирүүлсэн....гэв. 

 

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэл, хэрэгт байгаа болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтыг шинжлэн судлаад 

 

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Х.Нарангэрэл нь ажиллаж байсан байдал тогтоолгох тухай нэхэмжлэл гаргасан ба Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар шаардах эрхтэй байна.

Шүүх нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Нэхэмжлэгч Х.Нарангэрэл нь Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сар хүртэл ногоочноор ажиллаж байсан болох нь Х.Нарангэрэлийн 009922 дугаартай бүрэн бус дунд боловсролын гэрчилгээний нотариатаар гэрчлүүлсэн хуулбар, хавтаст хэргийн 8-9 дүгээр хуудсанд авагдсан гэрэл зураг, гэрч Ч.Нохойжавын ...Х.Нарангэрэл нь 1970 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд надтай хамт элсэн орж, 1978 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгссөн. Ингээд бид ангиараа илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор гарсан. Би Х.Нарангэрэлтэй 1978 оны 6 дугаар сараас 1980 оны 6 дугаар сар хүртэл хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор ажилласан....Намайг цэргийн алба хааж байх үед Х.Нарангэрэл нь 1981 онд Улаанбаатар хотын Санхүүгийн техникумд сурч байна гээд ирж уулзаж байсан. Хэдэн онд төгссөнийг нь сайн мэдэхгүй байна.... гэх мэдүүлэг, гэрч Н.Оюундэлгэрийн ...Би Х.Нарангэрэлтэй 1970 оны 9 дүгээр сард Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын 8 жилийн дунд сургуульд хамт элсэн орж, 1978 оны 6 дугаар сард 8 дугаар анги төгсөөд ангиараа илгээлтээр Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор гарсан. Би Х.Нарангэрэлтэй 1978 оны 6 дугаар сараас 1981 оны 6 дугаар сар хүртэл хамт Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор ажилласан. Манай ангийн эрэгтэй хүүхдүүд цэргийн албан татагдаж, охидууд нь 1981 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор ажилласан. Х.Нарангэрэл нь надтай хамт Ховд аймгийн 2 дугаар 10 жилийн дунд сургуульд 9-10 дугаар ангид эчнээгээр суралцаж төгссөн. Х.Нарангэрэл, н.Сайнбилэг нь 1981 онд Улаанбаатар хотод нягтлан бодогчийн техникумд суралцахаар явсан... гэх мэдүүлэг зэрэг нотлох баримтуудаар тогтоогдож байх тул дээрх хугацаанд ажиллаж байсан байдлыг тогтоож шийдвэрлэлээ. /хх-ийн 8-9, 21-22, 23-24, 32 дугаар тал/

Харин гэрч Н.Оюудэлгэрийн ....Манай ангийн эрэгтэй хүүхдүүд цэргийн албан татагдаж, охидууд нь 1981 оны 6 дугаар сар хүртэл Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдлийн газар тариалангийн үйлдвэрт ногоочноор ажилласан.... гэх мэдүүлгээр нэхэмжлэгч нь Ховд аймгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 6 дугаар сар хүртэл ажилласан болох нь тогтоогдож байх тул нэхэмжлэгчийн Ховд аймгийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1981 оны 6 дугаар сараас 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзлээ

Хавтаст хэргийн 6-7 дугаар хуудсанд авагдсан иргэн Ч.Нохойжав, Н.Оюундэлгэр нарын тодорхойлолт нь хуульд заагаагүй, нотлох баримтыг гаргах, цуглуулах талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмыг зөрчсөн, хавтаст хэргийн 10-13 дугаар хуудсанд авагдсан 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдөр гэх огноотой 2777 дугаартай Томилолт, 1978 оны 6 дугаар сарын 28-ны өдөр гэх огноотой Илгээлт, 1107 дугаартай Дипломын хуулбар зэрэг нь бичгийн нотлох баримтын шаардлагыг хангаагүй байх тул дээрх баримтуудыг нотлох баримтанд үнэлээгүй болохыг дурдлаа.

Нэхэмжлэгч Х.Нарангэрэлийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээв.

 

     Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1-д заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

1.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 135 дугаар зүйлийн 135.2.6-д зааснаар нэхэмжлэгч Оточ овогт Х.Н//-ийн Ховд аймгийн Эрдэнэбүрэн сумын Социализм нэгдэлд 1978 оны 6 дугаар сарын 21-ний өдрөөс 1981 оны 6 дугаар сар хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг тогтоож, 1981 оны 6 дугаар сараас 1981 оны 8 дугаар сарын 01-ний өдрийг хүртэл ногоочноор ажиллаж байсан байдлыг хэрэгсэхгүй болгосугай.

2.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Х.Наранцэцэгийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70,200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Ховд аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ               С.ОЮУНЖАРГАЛ