Дундговь аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 07 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/93

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн  шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн А танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Б.Нансалмаа, Ж.Батдэлэг                                                     Улсын яллагч О.Эрхэмбаяр                                                                                             Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч *******                                                    Хохирогч, иргэний хариуцагч *******,түүний өмгөөлөгч Д.Долгорсүрэн                   

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргал, түүний өмгөөлөгч Б.Алтандөш            

Шүүгдэгчийн өмгөөлөгч Х.Даваахүү, Т.Дашцэрэн                                                     Шүүгдэгч ******* нарыг оролцуулан Дундговь аймгийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт  зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн *******  дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр төрсөн, *******, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *******, эцэг, эхийн хамт Сэлэнгэ аймгийн Сайхан сумын консервазын 3 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, ял шийтгэлгүй гэх, хэрэг хариуцах чадвартай ******* овогт //

Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг Ар цагаан гэх газарт  буюу Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто зам дээр 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр иргэн өмчлөлийн 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдэгтээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг зөрчсөний улмаас жолоочтой “Апу трейдинг” ХХК-ийн өмчлөлийн 1784 УНЯ улсын дугаартай Хюндай-170 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөний улмаас зорчигч , нарын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирч, зорчигч амь нас хохирсон гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч ******* шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Өмнө нь  яллагдагчаар өгсөн мэдүүлэг дээрээ нэмж хэлэх тайлбар байхгүй. Асуултад хариулна” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргал шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “Энэ хэргийн талаар би сайн мэдэхгүй байна. Надад тухайн үед охин маань осолд орсон гэж дуудлага ирсэн. Тэгээд нас барсан. Одоогийн байдлаар 5 сая төгрөг төлсөн. Оршуулгын зардал 20243127 төгрөг болсон” гэв.

Хохирогч ******* шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “2022 оны 07 сарын 22-ны өдөр хотоос болон зорчигч 2 хүнтэй гараад шинэ нисэх өнгөрөөд даваан дээр д жолоогоо шилжүүлсэн. Гарахдаа машин барина гэж явсан. Би г шөнө унтаагүй болов уу гэж бодоод хотоос гараад жолоогоо өгсөн. Осол болох үед унтаж байсан. Нэг мэдсэн хүчтэй доргилт өгөөд суудлынхаа бүсэнд хавчигдаад машинаасаа гарч чадахгүй байхад хүмүүс буулгасан. Ямар машинтай мөргөлдсөнийг харах боломжгүй байсан. Миний 2 нуруунд далд хэлбэрийн хугарал үүссэн. Сээр нуруунд цууралт үүссэн. Хохирол төлбөрийн хувьд машины эвдрэл 7515000 төгрөг, эмчилгээтэй холбоотой 872.620 төгрөг буюу нийт 8.387.620 төгрөгийн хохирол нэхэмжилж байна” гэв.

Иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-ийн төлөөлөгч ******* шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа “Хохирогч Апу трейдинг ХХК-ийн машин манай компанид даатгалтай. Манай компани 27.080.000 төгрөгийг нөхөн төлсөн тул хохирлыг эргэн төлүүлэх хүсэлтэй байна. Энэ даатгалтай холбоотой асуудал манай төв компани дээр шийдэгдсэн учраас нарийн зүйлийг сайн мэдэхгүй байна” гэв.

Иргэний хариуцагч ******* шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Би *******г машин бариад яв гэж хэлсэн бол хариуцаж болох байх. Анхнаасаа ******* машиныг чинь бариад явъя гэж хэлсэн учраас би машинтайгаа явсан. Эрүүл мэнд, эд хөрөнгөөрөө хохирсон. Иргэний хариуцагчаар татагдахад хэцүү байна. Шүүхээс гарсан шийдвэрийг дагаж биелүүлнэ” гэв.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад өгсөн “Би төрсөн ээж нь байгаа юм байна. Миний охин Баасанжаргал Улаанбаатар хотод дэлгүүрт  худалдагчийн ажил хийж байсан. Тэгээд 2022 оны 07 сарын 22-ны өдөр Өмнөговь аймаг руу гэр рүүгээ очлоо гэхээр нь тэг тэг гээд зөвшөөрсөн. Замын унаанд суучихлаа,  хотоос гарч байна гэж 14 цагийн үед ярьсан. Замдаа сүлжээтэй газруудаас огт яриагүй. Ямар унаанд суусан юм гэхэд 3 хүнтэй жижиг тэрэг байна гэж ярьсан. Залуу хүүхэд болохоор огт өвчин зовлон ярьдаггүй хүүхэд байсан. Миний хамгийн том охин байгаа юм. 2002 оны 03 дугаар сарын 15-ны өдөр төрсөн, доороо 3 дүүтэй, хойд аав, ээжийн хамт Өмнөговь аймгийн Цогтцэций суманд амьдардаг. Охин маань Өвөрхангай аймгийн Уянга суманд 9-р ангиа төгсөөд Улаанбаатар хотод МСҮТ-д үсчин  мэргэжлээр сураад төгсөж байсан. Би оныг нь сайн мэдэхгүй байна. Тэрнээс хойш хотод бас Өмнөговь аймагт хувиараа ажил хийгээд л явдаг байсан. Ааш зангийн хувьд их даруухан, хөөрхөн ааштай, болж л өгвөл гэр рүүгээ дүү нараа гэдэг. Охин маань багаасаа л өвөө, эмээ дээрээ бас миний төрсөн дүү дээр өссөн хүүхэд. Хотод ажил хийж байгаад л гэр рүүгээ, ээж дээрээ очлоо гээд замын унаанд суусан. Охин маань гэнэт л осолд ороод үхэх амьдрахын зааг дээр тулчихлаа, үнэхээр хүнд байдалтай байна. Маш их гомдолтой байна. Миний охиныг хагалгаанд орох найдваргүй гэж эмч нар хэлсэн. Улаанбаатар хот руу зөөж эмчлүүлэх гэсэн боловч зөөвөрлөж болохгүй гэж хэлсэн. Одоогоор ухаан ороогүй, дандаа эмнэлгийн аппаратаар хүчээр амьсгалж байгаа.  Машин барьж миний охины амь насыг аюулд оруулсан жолоочид нь маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна ”гэх мэдүүлэг /хх-ийн 43-рт/

Хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын дахин өгсөн “миний охин хариуцлагагүй жолоочийн улмаас 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр амь насаа алдчихлаа. Эмчилгээ хийлгээд нэмэр байсангүй, өвчнөө дийлэлгүй нас барчихлаа. Би гомдолтой байна. Надтай жолоо барьсан болон хамт явсан хүмүүс нь холбоо огт бариагүй, хүн чанар гэж хаана байдаг юм бэ, гомдолтой байна” гэх мэдүүлэг /хх-ийн 45-рт/

Хохирогч ын “2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр би Улаанбаатар хотоос Өмнөговь аймаг Цогтцэций сум руу явах гээд фейсбүүкийн зар харж байгаад Түмэн-Эрдэнэ гэх залуугийн тавьсан зарыг хараад холбогдож, Өмнөговь аймаг Цогтцэций сум руу хамт явахаар болсон. Намайг 5 шарын хажуу талын Сутай захаас авсан. Тэгэхэд Түмэн -Эрдэнэ жолоо бариад хажууд нь бас нэг залуу сууж байсан. Тэгээд цаашаа яваад талийгаач охиныг 19-р хорооллоос аваад хотоос гараад 4-үүлээ явсан. Түмэн-Эрдэнэ жолоо бариад гэх залуу жолоочийн хажуу талын суудалд суугаад, жолоочийн ард буюу зүүн хойд талд талийгаач охин, би баруун хойд талд сууж явсан. Төв аймаг өнгөрөөд  довын даваанаас наана зогсоод  Түмэн-Эрдэнэ, 2 бие засчхаад буцаж машинд орж ирэхдээ шууд жолоо барьсан. Харин Түмэн-Эрдэнэ жолоочийн хажуу тал буюу баруун урд талын суудалд суусан. Тэр 2 бие засч байхдаа л жолоогоо солино гэж ярьсан байх гэж бодож байна. Тэгээд би унтаад явж байгаад сэрээд цаг харахад 15 цаг өнгөрч байсан, Дундговь аймгийн Дэлгэрцогт сум руу дөхөж байсан. Би очих арай болоогүй байна гэж бодоод эргээд унтаад өгсөн. Тэгтэл гэнэт л би урд талын сандал мөргөөд миний ухаан балартсан, тэр үед л осол болсон. Осол болсон үеэр гэдэг залуу жолоо барьж явсан. Тухайн үед дугуй хагарсан зүйл огт байхгүй ээ. Машин бол зүв зүгээр явж байсан. Харин осол болсон үеэр унтаж байсан болохоор би сайн мэдэхгүй байна. Миний нуруу хугарсан, хавирга, зүүн хөлний шагай хугарсан. Маш их доргилт авсан. 80-100 км цагийн хурдтай л яваад байсан. Хойд талд суусан эмэгтэй бид 2 суудлын бус зүүгээгүй, харин урд суусан 2-ыг бол би анзаарч хараагүй. Би маш их гомдолтой байна. Хуулийн дагуу шийдүүлмээр байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 49-рт /

Хохирогч М.Гантулгын  “би 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр 9 цаг өнгөрч байхад Өмнөговь аймгаас Улаанбаатар хот руу гарсан. Тэгээд замдаа Дэлгэрцогт сум дөхөөд түр зогсож бие засчхаад цааш жолоогоо бариад явсан. Тэр үед 16 цаг л өнгөрч байсан. Би хойшоо чиглэлтэй засмал замаар 50 км/ц орчмын хурдтай явж байтал нэг машин урсгал сөрөөд ороод  ирэхээр нь би сандраад машинаа баруун гар тийшээ буюу зам дагуу дартал машины гол хэсэг рүү мөргөчихсөн. Тэгээд миний машин замын баруун тал руу унаад онхолдсон. Миний унаж явсан машины жолооны хүрд зүүн талдаа байдаг учир би бушуухан машинаасаа гарсан. Гэтэл замын урагшаа чиглэлтэй урсгал дээр жижиг саарал сонота машины урд тал нь тэр чигтээ эвдэрчихсэн, жолооч нь суудал дээрээ татганаад байх шиг байхаар нь би очоод хаалганых нь цонхоор хартал  “хөл хөдлөхгүй байна” гээд сууж байсан. Тэр залуу “миний хөл хөдлөхгүй байна, та гайгүй юу” гэж асуусан. Тэгээд замын хүмүүс зогсож машинд байгаа хүмүүсийг гаргаж ирээд цагдаа, эмнэлэг яаралтай дуудсан. Жолоо барьж байсан залууг би одоо харвал сайн танина, бага зэрэг махлагдуу залуу байсан. Намайг очиход өөрөө жолоон дээр суусан хөл хөл гээд байсан. Хөлөндөө л бэртэл авсан байна гэж бодсон. Миний толгой тархи маш их өвдөж байсан. Шилэн хүзүү маш их хөндүүр, хөл бас маш их өвдөлттэй, нуруу бас их зовуурьтай байна. Ил харагдах гэмтэл шарх байхгүй байгаа ч гэсэн эмнэлэгт үзүүлж оношлуулна. Би  50 км/цагийн хурдтай л явж байсан. Би том машин унадаг болохоор ер нь л хурд хэтрүүлж байсан удаа байхгүй. Би суудлын бүс зүүсэн байсан. Миний машин Апу трейдинг ХХК-ийн эзэмшлийн машин, манай байгууллагаас надад хариуцуулж өгч байсан. Анх 2012 онд орж ирэхэд нь л би хариуцаж авч байсан. Би энэ машинаа унаад 10 жил болж байна. Энэ машинд маань янз бүрийн эвдрэл гэмтэл бол огт байгаагүй, манай байгууллага засварын газартай, хөдөө байнга явдаг болохоор аюулгүй байдлаа хангаж байнга засварт оруулж оношлуулж янзлуулдаг байсан. Би гомдолтой байна. Хариуцлагагүй жолоочийн улмаас эд хөрөнгө, бие махбод сэтгэл санааны хохирол маш их амсаж байна. Миний ажил хөдөлмөр, гэр бүлд бүх зүйлд л хохиролтой санагдаж байна” гэх мэдүүлэг  /хх-ийн 53-рт /

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч “ 1784 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Апу трейдинг ХХК-ийн эзэмшлийн тээврийн хэрэгсэл байгаа юм. Би тээвэр түгээлтийн салбарын менежер болохоор хариуцдаг гэсэн үг. Энэ машин нь баруун 5 аймгаас бусад аймаг руу ачаа тээвэрлэдэг. Уг машинд эвдрэл гэмтэл байхгүй, манай компани засварын төвтэй учраас дандаа засварт оруулдаг. Манай жолооч энэ машиныг жолоодож хүргэлтээ хийдэг. 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дундговийн зам дээр ийм осол болчихлоо. Манай жолоочид ил хохирол учраагүй ч эмнэлэгт үзүүлж байж мэднэ. Харин автомашины хувьд баруун талаараа унасан учраас маш их гэмтэлтэй байна. Автомашиныг хот руу авч явж, үнэлгээг гаргуулж, нэхэмжилнэ” гэх мэдүүлэг /хх-ийн 56-рт/

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 10520 дугаартай “гийн биед зүүн дунд чөмөгний дунд хэсгийн зөрөөтэй хөндлөн далд хугарал, хугарал засах мэс заслын дараах байдал, зүүн шилбэ, өвдөг, гуя, бугалга, шууны зулгаралт, шарх бүхий гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо болон ирмэг бүхий зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 92-93-рт/

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 04-ний өдрийн 3706 дугаартай “шинжилгээнд ирүүлсэн цусны дээж нь шинжилгээнд тэнцэнэ. 22/эр гэж хаягласан цусанд спирт илрээгүй” гэх дүгнэлт /хх-ийн 96-97-рт/

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар  сарын 22-ны өдрийн 10421 дугаартай “ биед сээрний 12- р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, хэлэнд шарх, цус хуралт, цээж хэвлийд цус хуралт, бүсэлхийн нуруунд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн хэргийн хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид хөдөлмөрийн ерөнхий чадварын тогтонги алдалтанд нөлөөлөхгүй” гэх дүгнэлт  /хх-ийн 101-102-рт/

      Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 10395 дугаартай “М.Гантулгын биед тархи доргилт, нуруу, зүүн өвдөгт зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр хэрэг болсон гэх үед үүссэн байх боломжтой гэмтэл байна. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр  хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 111-112-рт/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 12-ны өдрийн 10755 дугаартай “ын биед цээжний баруун талын 8,9-р хавирганы далд хугарал, бүсэлхийн L2, L4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, гадна хавчаар ясны цууралт, дух болон хугарал орчмын зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр, тухайн цаг хугацаанд үүсэх боломжтой. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэх дүгнэлт /хх-ийн 120-122-рт/

     Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 31-ний өдрийн 2458 дугаартай “шинжилж буй зүүн урд зүгийн обуд дугуй гадна зах ирмэг гулзайсан, дотор талдаа 17×42 см хэмжээтэй цуурч хагарсан, хаймар дугуйн дотор тойргийн амсар сэтэрсэн зэрэг эвдрэл гэмтэлтэй байна. Үүссэн эвдрэл гэмтэл нь ослын үед үүссэн байна” гэх дүгнэлт /хх-ийн125-126-рт/

    Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2022 оны 08 дугаар сарын 22-ны өдрийн 48 дугаартай “ биед баруун тал бөмбөлгийн орой, зүүн тал бөмбөлгийн орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, хуйхны цус хуралт, баруун 1-р хавирганы хугарал, дух, хамрын нуруу, ам, доод уруулын зүүн буланд зулгаралт, зүүн өвдөг, шилбэ, шагай, баруун шилбэнд цус хуралт, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд шарх гэмтэл тогтоогдлоо. Дээрх баруун тал бөмбөлгийн орой, зүүн тал бөмбөлгийн орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал гэмтлүүд нь гэмтлийн хүнд зэрэг, баруун 1-р хавирганы хугарал, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, баруунд шилбэнд үүссэн шарх гэмтлүүд нь хөнгөн зэрэг, дух, хамрын нуруу, ам, доод уруулын буланд зулгаралт,  зүүн өвдөг, шилбэ, шагай, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь нас барахаас өмнө үүссэн гэмтлүүд байна. Дээрх баруун тал бөмбөлгийн орой, зүүн тал бөмбөлгийн орой, суурийг хамарсан аалзан хальсан доорх цус харвалт, тархины эдийн цусархаг няцрал, баруун 1-р хавирганы хугарал, дух, хамрын нуруу, ам доод уруулын зүүн буланд зулгаралт, зүүн өвдөг, шилбэ, шагай, баруун шилбэнд цус хуралт гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, зүүн бугалга, шуу, зүүн гуя, шилбэ, баруун шилбэнд үүссэн шарх гэмтлүүд өндөр хэмийн үйлчлэлээр үүсгэгдсэн.  Амь хохирогч Б.Баасандолгор нь дээрх гавал тархины битүү гэмтлийн улмаас нас баржээ” гэх дүгнэлт /хх-ийн 138-148-рт/

    Дотоод хэргийн Их сургуулийн шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн “ маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д “Эгнээний тоог зорчих хэсэг дээрх тэмдэглэл болон 5.10.а, 5.10.б, 5.11.а, 5.11.б тэмдгээр тодорхойлно. Хэрэв эдгээр тэмдэг, тэмдэглэл байхгүй бол жолооч харааны баримжаагаар тухайн зорчих хэсгийн өргөн, автомашины өргөний хэмжээ, хажуугийн аюулгүй зайг харгалзан эгнээний тоог тодорхойлох бөгөөд тухайн зорчих хэсэг эсрэг хөдөлгөөнтэй бол түүний өргөний зүүн гар тал дахь тэн хагасыг эсрэг хөдөлгөөнд зориулагдсанд тооцно” гэснийг зөрчсөн байх үндэслэлтэй байна. Хэргийн материалтай танилцахад маркийн тээврийн хэрэгслийн жолооч нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн гэх үндэслэлтэй байна. Тухайн хэрэг гарсан Дундговь аймгийн Мандалговь Улаанбаатар чиглэлийн улсын чанартай А0201 автозамд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 2-р хавсралт 1. “Хэвтээ тэмдэглэл”-гүй байгаа нь Монгол Улсын Замын аюулгүй байдлын тухай хуулийн 9.4-д “Замын хөдөлгөөний аюулгүй байдлыг хангахад аймаг, нийслэл сум, дүүргийн засаг дарга дараах үүргийг хэрэгжүүлнэ” гэсний 9.4.6 хангагдаагүй байх үндэслэлтэй байна” гэх дүгнэлт /хх-ийн 156-158-рт /

Гэмт хэргийн талаарх гомдол мэдээллийг хүлээн авсан тэмдэглэл /хх-ийн 10-рт/     

Хэргийн газар үзлэг хийсэн тэмдэглэл, фото зургууд, осол гарсан газрын хэмжилтийн бүдүүвч зураг /хх-ийн 11-21-рт/                                                                           19-41 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 22-23-рт/                                                                                                                                   17-84 УНЯ улсын дугаартай тээврийн хэрэгсэлд үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 22-27-рт/                                                                                                         Хүний биед үзлэг хийсэн тэмдэглэлүүд /хх-ийн 32-33/                                             Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд /хх-ийн 35-40/                              Итгэлт эстимэйт  ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн “17-84 УНЯ улсын дугаартай Hyundai HD170 маркийн тээврийн хэрэгсэлд 26.880.000 төгрөгийн хохирол учирсан” гэх  хохирлын үнэлгээний тайлан /хх-ийн 83-рт/                                14-91 УАА улсын дугаартай тээврийн хэрэгслийг ******* худалдан авсан тухай худалдах, худалдан авах тухай гэрээ /1-р хх-ийн 244-245/

Хөрөнгө эстимэйт ХХК-ийн 2022 оны 12 дугаар сарын 01-ний өдрийн “19-41 УАА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд 7.515.000 төгрөгийн хохирол учирсан” гэх хөрөнгийн үнэлгээний тайлангийн хуулбар /2-р хх-ийн 68-рт/                                      Хохирогч, иргэний нэхэмжлэгч нараас ирүүлсэн хохирлын талаарх баримтууд

Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд болон хэрэгт авагдан бусад баримтуудыг шинжлэн судлав.

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрхи баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

Үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар:

Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар 2022 оны 07 дугаар сарын 22-ны өдөр Дундговь аймгийн Дэлгэрцогт сумын 2 дугаар багийн нутаг “Ар цагаан” гэх газарт  буюу Мандалговь-Улаанбаатар чиглэлийн улсын чанартай авто зам дээр 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгсэл 17-84 УНЯ улсын дугаартай Хюндай-170 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдсөн зам тээврийн осол гарсан үйл баримт тогтоогдож байна.

      Уг зам тээврийн ослын улмаас 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгсэлд зорчиж явсан ын эрүүл мэндэд “цээжний баруун талын 8,9-р хавирганы далд хугарал, бүсэлхийн L2, L4-р нугалмын их биеийн шахагдсан хугарал, зүүн шагайн үений дотор хавчаар ясны далд хугарал, гадна хавчаар ясны цууралт, дух болон хугарал орчмын зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл, эрүүл мэндэд “сээрний 12-р нугалмын их биеийн шахагдсан далд хугарал, хэлэнд шарх, цус хуралт, цээж хэвлийд цус хуралт, бүсэлхийн нуруунд зөөлөн эдийн няцрал” бүхий хүндэвтэр гэмтэл учирч, амь нас хохирсон болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч нарын 2022 оны 10421, 10755 дугаартай дүгнэлтүүд, Дундговь аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 48 дугаартай дүгнэлтээр тус тус нотлогдож байна.

     Зам тээврийн осолд өртсөн 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслийг шүүгдэгч *******, 17-84 УНЯ улсын дугаартай Хюндай-170 маркийн тээврийн хэрэгслийг иргэний нэхэмжлэгч нар жолоодож явсан болох нь хохирогч , *******, иргэний нэхэмжлэгч нарын мэдүүлгээр тогтоогдож байх бөгөөд уг зам тээврийн осол нь 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан шүүгдэгч *******гийн Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн буруутай үйлдлээс үүдэн гарсан болох нь шинжээчийн 2022 оны 10 дугаар сарын 25-ны өдрийн дүгнэлтээр нотлогдож байна.

     Шүүгдэгч *******гийн 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 11.1-д заасныг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарч, 2 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн, 1 хүний амь нас хохирсон  нь Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг  тус тус бүрэн хангаж байна.

    Шүүгдэгч ******* нь нэг үйлдлээр Эрүүгийн хуулийн тусгай ангийн нэг зүйлийн өөр өөр хэсэгт заасан 2 гэмт хэргийг үйлдсэнд холбогдсон бөгөөд түүний холбогдсон хөнгөн гэмт хэргийг хүнд гэмт хэрэгт нь багтаан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар нэгтгэн зүйлчилсэн нь шүүгдэгчид ашигтай, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн байх тул яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна гэж дүгнэлээ.

Иймд шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож шийдвэрлэв.

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч ******* нь анх удаа тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас болгоомжгүй гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8.951.563 төгрөгийг, хохирогч *******д 8.387.621 төгрөгийг тус тус төлсөн нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын өмгөөлөгчөөс “хохирогчийн хууль ёсны төлөөлөгч маань миний хүүхдээс ялгаагүй тул ял оногдуулмааргүй байна гэсэн тул шүүгдэгчийг ажил хөдөлмөр эрхлэх боломжоор хангаж, хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү” гэсэн тайлбар дүгнэлт гаргаж байна.

Шүүгдэгч *******гийн гэм буруутайд тооцогдсон Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн гэмт хэрэгт хамаарч байгаа бөгөөд мөн хуулийн 7.1 дүгээр 1 дэх хэсэгт “Хөнгөн гэмт хэрэг үйлдсэн хүн гэм буруугаа хүлээн зөвшөөрч гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлж хор уршгийг арилгасан, эсхүл гэмт хэргийн улмаас учруулсан хохирлоо нөхөн төлөхөө илэрхийлсэн бол гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдлыг харгалзан тухайн зүйл, хэсэг, заалтад заасан хорих ялыг оногдуулахгүйгээр таван жил хүртэл хугацаагаар тэнсэж болно” гэж заажээ.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч *******гаас гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргал, хохирогч ******* нарт олгохоор шийдвэрлэсэн хохирлыг шүүгдэгч төлсөн, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-д олгохоор шийдвэрлэсэн хохирлыг 6 сарын дотор нөхөн төлөхөө илэрхийлж, тус компанитай хэлцэл байгуулсан байна.

Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан шүүгдэгч *******д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял оногдуулж, уг зүйл хэсэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэхээр шийдвэрлээ.                     

Шүүгдэгчид оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацаа болон хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх хугацааг тогтоохдоо энэ гэмт хэргийн улмаас хүний амь нас хохирсон байдлыг харгалзан үзсэн болно.

Эрүүгийн хуульд хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн тохиолдолд мөн хуульд заасан үүргийг хүлээлгэж хязгаарлалт тогтоохоор хуульчилсан учраас шүүхээс хорих ял оногдуулахгүйгээр тэнссэн хугацаанд шүүгдэгч *******д оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх үүргийг хүлээлгэхээр шийдвэрлэлээ.

Хохирол төлбөрийн талаар:                                                                                        Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч амь хохирогчийг оршуулахтай холбогдон гарсан зардал 20.243.127 төгрөгийн  хохирол, хохирогч ******* нь автомашинд учирсан хохирол болон эмчилгээний зардал 8.387.621 төгрөгийн  хохирол, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК нь 27.080.000 төгрөгийн хохирол, иргэний нэхэмжлэгч 549.560 төгрөгийн хохирол тус тус нэхэмжилснийг судалж үзэхэд дараах нөхцөл байдал тогтоогдож байна. Үүнд: 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Цэцэгжаргалын хэрэгт хавсарган өгсөн оршуулгатай холбогдон гарсан 20.243.127 төгрөгийн баримтыг судалж үзэхэд 2-р хавтаст хэргийн 4, 5, 56 дугаар хуудсанд авагдсан нийт 2.340.000 төгрөгийн баримт нь шашны зан үйлтэй холбогдон гарсан, 17.903.127 төгрөгийн баримт нь оршуулгын зардалтай холбогдон гарсан, нотлох баримтын шаардлага хангасан,                    Хохирогч хэрэгт хавсарган өгсөн 8.387.621 төгрөгийн баримтыг судалж үзэхэд түүний өмчлөлийн 19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгсэлд 7515000 төгрөгийн хохирол учирсан нь “Хөрөнгө эстимэйт ХХК”-ийн үнэлгээний тайлангаар тогтоогдсон, 872.620 төгрөгийн зардал нь гэмт хэргийн улмаас учирсан шууд хохиролд зарцуулагдсан,                                           Иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-иас ирүүлсэн 27.080.000 төгрөгийн нэхэмжлэлийг судалж үзэхэд шүүгдэгч *******гийн гаргасан зам тээврийн ослын улмаас Апу трейдинг ХХК-ийн өмчлөлийн 17-84 УНЯ улсын дугаартай Hyundai HD170 маркийн тээврийн хэрэгсэлд 26.880.000 төгрөгийн хохирол учирсан болох нь итгэлт эстимэйт ХХК-ийн 2022 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн хохирлын үнэлгээний тайлангаар тогтоогдсон, Хаан даатгал ХХК нь Апу трейдинг ХХК-д даатгалын гэрээний дагуу 26.880.000 төгрөгийг нөхөн төлсөн, Хаан даатгал ХХК нь Апу трейдинг ХХК-иас 2023 оны 04 дүгээр сарын 26-ны өдөр байгуулсан шаардах эрх шилжүүлэн авах хэлцлээр шүүгдэгч *******гаас 27.080.000 төгрөгийг нэхэмжлэх эрхийг өөртөө шилжүүлж авсан,  үнэлгээгээр тогтоогдсон хохирлоос илүү нэхэмжилж байгаа 200.000 төгрөгийн зардлын талаарх баримтыг ирүүлээгүй,   Иргэний нэхэмжлэгч ас ирүүлсэн 549.560 төгрөгийн баримтыг судалж үзэхэд тус баримтууд нь эх хувиараа ирээгүй, хэрэгт хуулбар хувиар хавсаргагдсан, нотлох баримтын шаардлага хангаагүй баримтууд байна.

Иймд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын нэхэмжлэлээс 17.903.127 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 2.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох, хохирогч нэхэмжилсэн 8.387.621 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-ийн нэхэмжлэлээс 26.880.000 төгрөгт холбогдох хэсгийг хангаж, 200.000 төгрөгт холбогдох хэсгийг хэлэлцэхгүй орхих, иргэний нэхэмжлэгч М.Гантулгын нэхэмжилсэн 549.560 төгрөгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэлэлцэхгүй орхихоор шийдвэрлэлээ.

19-41 УАА улсын дугаартай соната маркийн тээврийн хэрэгслийг хохирогч ******* нь 2022 оны 09 дүгээр сарын 08-ны өдөр худалдан авсан, өмчлөгч болох нь 1-р хавтаст хэргийн 244-245-рт авагдсан худалдах, худалдан авах гэрээгээр нотлогдсон, шүүгдэгч ******* нь уг тээврийн хэрэгслийг зөвшөөрлөөр жолоодон явахдаа зам тээврийн осол гаргасан болох нь шүүгдэгч, хохирогч , ******* нарын мэдүүлгээр тус тус нотлогдсон бөгөөд эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хохирогч Г.Түмэн-Эрдэнийг иргэний хариуцагчаар татсан нь үндэслэлтэй байна.  

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэгт “бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй” гэж мөн хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх хэсэгт “тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгах үүрэгтэй” гэж тус тус заасан байх тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэцэгжаргалын нэхэмжилсэн 17.903.127 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-ийн нэхэмжилсэн 26.880.000 төгрөгийн нэхэмжлэлийг шүүгдэгч ******* болон иргэний хариуцагч ******* нараас тус тус хувь тэнцүүлэн гаргуулах үндэслэлтэй байна.

Мөн шүүгдэгч ******* нь тээврийн хэрэгсэл жолоодон явахдаа осол гаргаж эрүүл мэнд болон эд хөрөнгөд хохирол учруулсан тул хохирогч нэхэмжилсэн 8.387.621 төгрөгийн хохирлыг шүүгдэгч *******гаас гаргуулах үндэслэлтэй гэж үзсэн болно.

Шүүх хуралдаан завсарласан хугацаанд шүүгдэгч *******  нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8.951.563 төгрөгийг, хохирогч *******д 8.387.621 төгрөгийг тус тус төлсөн байх тул дурдаж, шүүгдэгч *******гаас 13.440.000  төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-нд 13.440.000 төгрөгийг, иргэний хариуцагч *******эс 22.391.563  төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8.951.563 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-нд 13.440.000 төгрөгийг тус тус олгохоор шийдвэрлэлээ.

Хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан болон шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа бүрдүүлэн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заах нь зүйтэй.

Бусад асуудлын талаар:

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлын талаарх баримт ирүүлээгүй болохыг тус тус дурдав.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Шүүгдэгч ******* овогт г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам зөрчсөний улмаас осол гаргаж хүний амь нас хохироосон гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан шүүгдэгч ******* овогт д Эрүүгийн хуулийн тусгай ангийн  27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулж, мөн зүйл хэрэгт заасан хорих ялыг оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнссүгэй.

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэг, 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5-д зааснаар шүүгдэгч *******д шүүхээс тэнссэн хугацаанд оршин суух газар, ажил сургуулиа өөрчилсөн тохиолдолд хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан  мэдэгдэх үүргийг хүлээлгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхээс тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шүүх тэнссэн шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулдаг болохыг шүүгдэгч *******д мэдэгдсүгэй.

5. Эрүүгийн хуулийн Ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ялын хугацааг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсон үеэс эхлэн тоолсугай.

6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгчийн биеийн байцаалттай холбоотой баримт шүүхэд ирээгүй, хохирогч нь хохирлын талаарх баримт ирүүлээгүй, шүүгдэгч нь хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8.951.563 төгрөгийг, хохирогч *******д 8.387.621 төгрөгийг тус тус төлсөн болохыг дурдсугай.

7. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 508 дугаар зүйлийн 508.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч *******гаас 13.440.000  төгрөгийг гаргуулан иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-нд 13.440.000 төгрөгийг, иргэний хариуцагч *******эс 22.391.563 төгрөгийг гаргуулан хохирогчийн хууль ёсны төлөөлөгч 8.951.563 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-нд 13.440.000 төгрөгийг тус тус олгосугай.

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.3 дугаар зүйлийн 1, 3 дахь хэсэгт заасныг баримтлан  хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн нэхэмжлэлээс  шашны зан үйлтэй холбоотой 2.340.000  төгрөгийн нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож, иргэний нэхэмжлэгч Хаан даатгал ХХК-ийн нэхэмжлэлээс 200.000 төгрөгт холбогдох хэсгийг, иргэний нэхэмжлэгч гаргасан 549.560 төгрөгийн нэхэмжлэлийг тус тус хэлэлцэхгүй орхисугай.

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.4 дүгээр зүйлийн 2, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хохирогч, иргэний нэхэмжлэгч нар нь өөрт учирсан, шүүхээс хэлэлцээгүй орхисон нэхэмжлэлийн талаарх баримтаа иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэйг заасугай.

10. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч *******д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

11. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гаргуулсан буюу Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд зааснаар хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч шийтгэх тогтоолд бүхэлд нь, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар иргэний нэхэмжлэлтэй холбоотой хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                            Г.МӨНХБАТ