| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Баярмаагийн Төрболд |
| Хэргийн индекс | 169/2023/0094/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/94 |
| Огноо | 2023-07-06 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 07 сарын 06 өдөр
Дугаар 2023/ШЦТ/94
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Төрболд даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгч *******,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн *******д холбогдох эрүүгийн******* дугаартай хэргийг 2023 оны 06 дугаар сарын 27-ны өдөр хүлээн авч хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *******-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан суманд төрсөн, *******, эрэгтэй, боловсролгүй, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 7, эгч нарын хамтаар Дундговь аймгийн ******* тоотод оршин суух, урьд Дундговь аймаг дахь Сум дундын шүүхийн 2004 оны 07 дугаар сарын 28-ны өдрийн 61 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 91 дүгээр зүйлийн 91.1 дэх хэсэгт зааснаар 13 жилийн хорих ялаар шийтгүүлж байсан, улсаас авсан гавьяа шагналгүй, , Регистрийн дугаар: *******.
Шүүгдэгч ******* нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт ******* зүс таних ******* үл ялих зүйлээс маргалдаж түүнийг тэвэрч аван газарт нуруугаар нь шидсэний улмаас эрүүл мэндэд нь “сээрний 11 дүгээр нугалмын хугарал” гэмтэл бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Шүүгдэгчийн холбогдсон хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт хамаарч байна.
Шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн, хэрэгт цугларсан яллах болон цагаатгах нотлох баримтуудыг шинжлэн хэлэлцээд
ТОДОРХОЙЛОХ нь:
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 8 дахь хэсэгт “Тухайн байгууллагын албан ёсны харилцаа холбооны хэрэгсэл ашиглан оролцогчийг дуудаж болно” гэж заасан журмын дагуу хохирогч шүүх хуралдааны товыг мэдэгдэхэд шүүх хуралд оролцохгүй талаар хүсэлт гаргаж ирүүлсэн тул түүнийг оролцуулалгүйгээр хэргийг хянан шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь 2022 оны 11 дүгээр сарын 19-ний өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт байрлах “Сүрьеэгийн” гэх байранд хохирогч ******* үл ялих зүйлээс шалтаглан маргалдаж улмаар түүнийг гараараа нуруун тус газраас тэвэрч аван газарт унагах үйлдэл хийсний улмаас эрүүл мэндэд нь “Сээрний 11 дүгээр нугалмын хугарал” бүхий гэмтэл учирсан үйл баримт нь хэрэгт авагдсан шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар тогтоогдож байна. Тухайлбал:
Мөрдөн шалгах ажиллагааны явцад *******д зодуулсан талаар шууд тусган мэдүүлсэн хохирогч “Манай гэр Сайнцагаан сумын 7 дугаар баг Сүрьеэгийн байр гэх газар байдаг. 2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой 22 цагийн үед гэртээ эхнэр , ын нагац эгч Янжмаа нөхөр нь Сүрэнхорол бид хэд манай гэрт байж байгаад эхнэр дэлгүүрээс “Бонд” гэх нэртэй тамхи аваад ирсэн байхаар нь би “Ийм тамхи татахгүй өөр тамхи авчрахгүй яасан юм” гэсэн чинь Янжмаа намайг “Ямар ч тамхи татсан яадаг юм” гээд өөдөөс хажуудаа байсан панер аваад шидэхээр нь нөгөөдхийг нь зөрүүлээд шидсэн чинь оноогүй юм. Тэгсэн чинь Сүрэнхорол эхнэр болох Янжмаагаа өмөөрөөд намайг гэрийн зуухны зүүн талаар зогсож байтал намайг барьж аваад тэвэрч өргөөд газар шидсэн. Тэгээд миний нуруу бүсэлхий өвдөөд гэрээс мөлхөж гарсан. Эхнэр түргэн дуудаад удалгүй түргэн ирээд үзээд намайг орон дээр өргөж тавиад эмнэлэг рүү аваад явсан. Би тэр өдрөө аймгийн Нэгдсэн эмнэлгийн гэмтэлд хэвтсэн. Нөгөөдөр нь буюу 2022 оны 11 дүгээр сарын 21-нд аймгийн Нэгдсэн эмнэлгээс Улаанбаатар хот руу ГССҮТ-д хүргэгдэж тэндээ 3 хоног эмчилгээ хийлгээд гарсан. Нурууны үе гэмтсэн гэж эмч хэлсэн. Авгайгаа өмөөрөөд далимдуулаад намайг санаатай шидэж гэмтээсэн. Ямар нэгэн өс санах юм байхгүй л баймаар юм. Би тухайн үед бага зэрэг архи уусан байсан. Сүрэнхорол уугаагүй байсан. Эм тарианы мөнгөө гаргуулж авмаар байна...” гэх мэдүүлэг, /хх-ийн 9-р хуудас/
Гэрч “...Би аймгийн зүүн урд талын бойн дээр ажилладаг. 2022 оны 11 сарын 19-ний оройн ажлаа тараад 23 цагийн үед манай нөхөр Сүрэнхорлоо, дүү бид 3 колонк ороод дэлгүүрээс нь тамхи аваад х руу очсон юм. Манай дүү эхнэр нь байгаа юм. дэлгүүрээс тамхи авч очоод өгсөн чинь Баяраа согтуу байсан болохоор “Би ийм тамхи татахгүй өөр тамхи авчрахгүй яасан юм пизда минь” гэх зэргээр манай дүүг хэл амаар доромжлоод байхаар нь би уурлаад “Чи ямар ч тамхи татсан яадаг юм” гээд жижигхэн дөрвөлжин панер аваад шидсэн чинь Баярааг оноогүй хажууд нь ойчсон чинь буцаагаад аваад над руу шидсэн. Тэгсэн чинь манай нөхөр Сүрэнхорлоо намайг өмөөрөөд Баяраа дээр очоод орон дээрээс тахимаар нь өргөж аваад газар тавьсан. Тэгээд Баяраа гэрээс мөлхөж гараад гадаа хэвтээд өгсөн. Тэгээд түргэн дуудаад эмнэлэг ирсэн. Эмнэлэг үзээд явсны дараа Баяраа бид 2 гэр рүүгээ явсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 13-р хуудас/
Гэрч Д.ын “2022 оны 11 дүгээр сарын 19-ний орой бойн дээр Сүрэнхорлоо, Янжмаа нарын хамт ажиллаж байгаад гэр рүүгээ харих гээд явж байхад манай нөхөр Баяраа утсаар залгаад хоёр ширхэг тамхи дэлгүүрээс аваад ирээрэй гэхээр нь замаараа дэлгүүр ороод тамхи аваад гэртээ очтол Бяраа согтуу байсан. Тэгээд би авсан тамхиа өгтөл өөдөөс “Ийм тамхи татахгүй” гээд өөдөөс шидсэн чинь манай эгч Янжмаа Баярааг “Чи ямар ч тамхи татсан яадаг юм” гээд Баяраа руу хажуудаа байсан панер шидсэн чинь оноогүй. Тэгсэн чинь Баяраа нөгөө панерыг нь Янжмаа руу зөрүүлээд шидсэн. Тэгсэн Сүрэнхорлоо эхнэр Янжмаагаа өмөөрөөд босож очоод “Эмэгтэй хүн дээрэлхлээ” гээд Баярааг орон дээр сууж байхад нь заамдаж байгаад орных нь наад тал руу татаад унагах шиг болсон. Тэгсэн чинь гадагшаа мөлхөөд гарсан. Нуруу өвдөөд байна гээд байхаар нь би эмнэлэг дуудсан. Энгэрээс нь заамдаад татаад унагах шиг болсон сайн хараагүй. Сүрэнхорлоо эрүүл байсан Баяраа согтуу байсан. ... Баяраа нурууны суулт өвчтэй байсан...” гэх мэдүүлэг, /хх-ийн 16-17-р хуудас/
*******гийн дээрх үйлдлийн улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Дундговь аймгийн Шүүхийн Шинжилгээний хэлтсийн шинжээч эмч М.Баттүвшингийн 2023 оны 03 дугаар сарын 27-ны өдрийн 06 дугаартай “Ирүүлсэн материалаар биед сээрний 11 дүгээр нугалмын хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байна. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь тухайн цаг хугацаанд шинэ гэмтэл байна.” гэсэн дүгнэлтээр /хх-ийн 64-65-р хуудас/ нотлогдсон байна.
Энэ хэрэгт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн байцаалтын явцад оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрхийг хассан, хязгаарласан, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэх ноцтой зөрчил тогтоогдоогүй болно.
Мөрдөн шалгах ажиллагааны явцад гэрч, хохирогч нараас мэдүүлгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу бэхжүүлж авсан, мэдүүлгийн агуулга зөрүүгүй, гэрч, хохирогч нарын мэдүүлэг нь хэрэгт хамааралтай хэргийн үйл баримтыг нотолсон байна.
Шинжээчийн дүгнэлтийг хэрэгт хувийн сонирхолгүй, нарийн мэргэшсэн, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд гаргасан байна. Уг дүгнэлт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль, Шүүхийн шинжилгээний тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу гарсан дүгнэлтэд эргэлзээ төрүүлэхээр нөхцөл байдал тогтоогдоогүй болно.
Шүүх хэрэгт авагдсан нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.1 дүгээр зүйлийн 13 дахь хэсэгт заасныг баримтлан үнэлсэн бөгөөд хэргийн үйл баримтыг нотолж байгаа баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой төдийгүй шүүгдэгчийн үйлдлийг хангалттай нотолж чадсан, хууль ёсны баримтууд байна.
Шүүгдэгч нь хохирогчийг тэвэрч аван нуруугаар нь газарт шидэхэд түүний биед гэмтэл учирч хүн эрүүл мэндээрээ хохирч болно гэдгийг энгийн ухамсрын түвшинд бүрэн ухамсарлан ойлгох боломжтой. Ийнхүү ухамсарлаж байгаа аюулаа хүсэж хийсэн үйлдлээрээ шууд бий болгож, уг хор уршигт зориуд хүргэсэн байна. Иймд түүний үйлдлийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар санаатай гэмт хэрэг гэж үзнэ.
Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах гэмт хэрэг нь бусдын эрүүл мэндийг хохирооход чиглэсэн санаатай үйлдэл хийсний улмаас хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан байдаг бөгөөд гэмт үйлдэл, хор уршиг хоёрын хооронд шалтгаант холбоо байх шинжийг заавал агуулсан байхыг шаарддаг.
Шүүгдэгч ******* нь хохирогч гараараа тэвэрч аван нуруугаар нь газарт шидсэн үйлдэл болон хохирогчийн биед учирсан гэмтлийн хооронд шалтгаант холбоо тогтоогджээ.
Шүүгдэгч ******* нь хохирогчийг тэвэрч аван нуруугаар нь газарт шидсэн үйлдэлдээ шууд санаатай хандаж, хохирогчийн биед хүндэвтэр зэргийн гэмтэл зориуд учруулжээ.
Шүүгдэгч ******* нь хохирогч Эрүүгийн хуулиар хамгаалагдсан, Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 13 дахь хэсэг, Хүний эрхийн түгээмэл тунхаглалын 3 дугаар зүйлд тус тус заасан “Хүний халдашгүй дархан байх эрх” буюу “Хүний эрүүл мэндийн халдашгүй эрх”-ийг зөрчиж түүнийг шууд санаатай цохисон үйлдлийн улмаас 1 хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн обьектив шинжийг, шүүгдэгч өөрийн үйлдлийн нийгмийн аюулыг ухамсарлаж өөрийн үйлдлийн улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирч болохыг мэдсээр байж хүсэж зориуд хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн субьектив шинжийг тус тус хангаж байна.
Иймд *******г Эрүүгийн хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон болно.
Шүүгдэгч хохирогчид төлөх төлбөргүй болох нь хохирогч ”... Гомдол, санал нэхэмжлэх зүйлгүй” гэсэн хүсэлтээр нотлогдож байх тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж үзлээ.
Шүүгдэгч *******г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсон тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Энэ хуульд заасан гэмт хэрэг үйлдсэн нь шүүхээр тогтоогдсон гэм буруутай хүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж заасныг баримтлан түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүх гэмт хэрэг үйлдсэн хүнд энэ хуулийн ерөнхий ангид заасан үндэслэл, журмын дагуу тусгай ангид заасан төрөл, хэмжээний дотор эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ” гэж, мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдлыг тал бүрээс нь харгалзан үзнэ“ гэж тус тус заасныг үндэслэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч “Хохирлоо нөхөн төлснийг” хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзлээ.
Шүүгдэгч *******гийн үйлдсэн гэмт хэргийн шинж, хувийн байдал зэргийг харгалзан түүнд торгох ял оногдуулалгүй түүнчлэн зорчин явах эрхийг хөндөлгүйгээр нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах нь Эрүүгийн хуулийн 1.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Эрүүгийн хариуцлага нь тухайн хүн хуулийн этгээдийн үйлдсэн гэмт хэрэг гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохирсон байна” гэсэн шударга ёсны зарчимд нийцнэ гэж үзсэн болно.
Хувийн байдлын хувьд тэрээр эрхэлсэн тодорхой ажилгүй, түүнчлэн тогтсон орлогогүй, хөдөлмөрийн насны, нийтэд тустай ажил хийх чадвар бүхий этгээд болох нь хэрэгт цугларсан баримтуудаар тогтоогдсон тул торгох ял оногдуулаагүй ба үйлдсэн гэмт хэргээ сайн дураар хүлээн зөвшөөрч байгаа, хохирлоо нөхөн төлсөн зэрэг байдлыг харгалзан 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч нь тогтоол гарахын өмнө цагдан хоригдоогүй, түүнээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, битүүмжилсэн хөрөнгө орлого байхгүй, шүүгдэгчийн хувийн бичиг баримт шүүхэд ирээгүй болохыг болохыг тус тус дурдах нь зүйтэй гэж үзээд
Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4 дэх хэсэг, 36.6, 36.7, 36.8, 36.13, 38.1, 38.2 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Шүүгдэгч Тайж овогтой Даваагийн Сүрэнхорлоог Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Тайж овогтой Даваагийн Сүрэнхорлоод 300 /Гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
3. Эрүүгийн хуулийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч *******д оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 8-аас дээшгүй цагаар тогтоож, шийтгэх тогтоол биелүүлэхийг Дундговь аймаг дахь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
4. Шүүгдэгч *******д урьд авсан “Хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлсүгэй.
5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ******* нь нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийн ажлыг 1 хоногоор тооцож хорих ялаар солих журамтайг анхааруулсугай.
6. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн хураагдсан болон битүүмжилсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, түүний иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
7. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт тус тус зааснаар шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч нар шийтгэх тогтоолыг гардан авсан эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч түүний дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй болохыг тус тус дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ТӨРБОЛД