Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
---|---|
Шүүгч | Мягмарын Энхмандах |
Хэргийн индекс | 157/2019/00063/И |
Дугаар | 02 |
Огноо | 2019-12-23 |
Маргааны төрөл | Ажлаас үндэслэлгүй халагдсан, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2019 оны 12 сарын 23 өдөр
Дугаар 02
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Нэхэмжлэгч Б.П
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Л.Номин-Эрдэнэ
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э гэрч Д.Ч О.М Б.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 3 дугаар багт оршин суух, Б.П нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт холбогдох ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19.995.217 төгрөг гаргуулах, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлэх тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Б.П шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Миний бие Б.П нь тус үйлдвэрт 1994 оноос Илчит тэрэгний машинчаар ажиллаж байгаад 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот захирлын тушаалаар ажлаас үндэслэлгүй халагдсан бөгөөд дээрх тушаалыг эс зөвшөөрч дараах нэхэмжлэлийг гаргаж байна. Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасны дагуу ажилтан хөдөлмөрийн сахилгын зөрчлийг давтан гаргасан, эсхүл хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан тохиолдолд ажил олгогчийн зүгээс хөдөлмөрийн гэрээг цуцалдаг байх бөгөөд миний бие нь урьд нь хөдөлмөрийн сахилгын зөрчил гаргаж ямар нэгэн тушаалаар сахилгын арга хэмжээ авагдаж байгаагүй болно. Мөн ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан байх ёстой бөгөөд дээрх гаргасан гэх зөрчил нь надтай байгуулсан 2013 оны 01 дүгээр сарын 08-ны өдөр байгуулсан BU-13-ХГ-21 тоот хөдөлмөрийн гэрээнд тухайлан тусгагдаагүй болно. 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрийн Б/549 тоот захирлын тушаалын үндэслэх хэсэгт дурдсан 2 дахь заалтад Хөдөлмөрийн гэрээний 10.1.в.1 дэх заалтыг үндэслэсэн байх бөгөөд мөн дээрх заалт хөдөлмөрийн гэрээнд огт байхгүй байна. Харин Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10-р бүлгийн 10.4 дэх заалтад дурдсан хэсэг нь миний ажил үүргийн хуваарьт байхгүй ба тус заалт Бор-Өндөр УБҮ-н Төмөр замын цехийн зүтгүүрийн машинч, туслах машинчийн аюулгүй ажиллагааны зааврын 4-р зүйлийн 1-т заасны дагуу туслах машинчийн дохиогоор хөдөлсөн болно. Иймд миний гаргасан нэхэмжлэлийг хангаж ажилд минь эгүүлэн тогтоож өгнө үү. Анх нэхэмжлэл гаргахдаа ажилгүй байсан хугацааны цалин болон нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргаагүй. Иймд 2019 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс өнөөдрийг хүртэл ажилгүй байсан хугацааны цалин 19.995.217 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын дэвтэрт нөхөн бичилт хийлгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлж байна” гэжээ.
Нэхэмжлэгч Б.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалаар намайг ажлаас чөлөөлсөн. 2013 оны 01 сарын 08-ны өдөр би хөдөлмөрийн гэрээ байгуулсан. Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалаар Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Б/549 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байна. Намайг үндэслэлгүй ажлаас чөлөөлсөн. Иймд Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Төмөр замын цехийн илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19.995.217 төгрөг гаргуулж, нийгмийн болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж дэвтэрт бичилт хийлгүүлж өгнө үү” гэжээ.
Хариуцагч байгууллагын итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Э шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Нэхэмжлэгч Б.П нэхэмжлэлдээ хөдөлгөөний аюулгүй байдлыг зөрчсөн, техникийн ноцтой зөрчилд өөрийгөө буруугүй гэж үзээд байна. Түүний буруутай үйлдэл нь хэрэгт авагдсан гэрчүүдийн мэдүүлэг, хөдөлмөр хамгааллын инженерийн мэдүүлэг, цехийн даргын мэдүүлэг, мөн хөдөлгөөний бүрэлдэхүүнд ажиллаж, хөдөлгөөний удирдах чиг үүргийг хууль дүрмээр хүлээлцсэн цехийн мастерын мэдүүлэг зэргээр нотлогддог. Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журамд түшиглэсэн, Бор-Өндөр үйлдвэрийн төмөр замын цехэд ажиллах сэлгээний ажилтны журам, өгөгдсөн заавар зэргийг авч үзвэл тухайн ажил үүргийг бүрэлдэхүүнээр гүйцэтгэнэ гэж зохицуулсан байдаг. Ажил олгогчийн зүгээс галт тэрэг замаас гарсан ноцтой зөрчилд нэхэмжлэгч Б.П г дараах үндэслэлээр буруутгадаг. Үүнд хөдөлгөөний удирдагч болсон найруулагч ажлын байрыг орхин явсан нөхцөлийг дүрэм, журам, аюулгүй ажиллагааны зааварчилгаагаар өгсөн үүрэг чиглэлийн дагуу цехийн мастерт албан ёсоор мэдэгдэж, хөдөлгөөнийг үргэлжлүүлэх ёстой. Энэ үүргийг хэрэгжүүлээгүй. Ажлын байраа орхиж явсан Одсайханы хөдөлмөрийн зөрчлийг нуун дарагдуулсан. Өгөгдсөн дүрэм журмаар аваад үзэхээр Монголын төмөр замын өртөөнөөс илчит тэргийг гаргаад Бор-Өндөрийн сэлгээний замд тэргийг оруулснаар дараагийн ажлыг эхлүүлэх аюултай нөхцөл байдал үүсчихсэн байсан. Энэ нөхцөл байдлын талаар холбогдох цехийн дарга буюу мастерт албан ёсоор мэдэгдээд туслах машинист, сэлгээний найруулагчийн үүргийг гүйцэтгэх зааварчилгааг шинэчлэн аваад, зааварчлагч уг үүргийг авсны дараа үүргийг гүйцэтгэх зохицуулалтыг хэрэгжүүлж ажиллах ёстой. Гэтэл уг ажиллагааг огт мэдэгдээгүй. Нэхэмжлэгч Б.П нь дур мэдэн шийдвэр гаргаж, хөдөлгөөнийг цааш үргэлжлүүлснээс болж тухайн осол гарсан. Мөн хяналт тавих үүрэг нь машинистад байдаг. Уг үүргийг галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмын 10.34 дүгээр зүйлд заасан байдаг. Энэ журмыг зөрчин ажилласан. Машинист найруулагчийн хөдөлгөөнөөр ажиллах боловч найруулагчаас өгч байгаа дохиог бүрэн байна уу эсэхийг давхар хянаж, зөв ойлгосон эсэхээ дуут дохиогоор хариу өгнө гэж зохицуулсан байдаг. Төмөр замын өөрийнх нь галт тэрэгний хөдөлгөөний онцлог гэдэг бол байнга давтсан, нарийвчилсан, урд өмнө өгөгдсөн тохируулгаар явагдаж байдаг өвөрмөц тээврийн хэрэгсэл гэдгийг шүүх анхаарч үзэх ёстой. Мөн суман шилжүүлэг хийсэн нөхцөлд цоожлогчийг хийсэн эсэхийг хянан гэсэн журмаар зохицуулсан үүрэг байдаг. Гэтэл Б.П миний үүрэгт хамаарахгүй. Галт тэргийг хөдөлгөөнд оруулах нь зөвхөн өөрийнх нь үүрэг мэтээр яриад байдаг. Энэ журам, дүрэмтэй зөрчилдөөд байна. Өглөө ажилд гарахдаа авсан зааварчилгаагаа зөрчсөн төдийгүй хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухайн хуулийн 18.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан ажилтны эрх, үүргийг зөрчсөн гэж үзэж байгаа. Нэхэмжлэгч Б.П хөдөлгөөний удирдагчгүйгээр найруулагч ажлаа орхин явсан тохиолдолд төв зам чөлөөлөөд уг газарт зогсож байх ёстой үүрэгтэй хүн. Уг үүргээ хэрэгжүүлээгүй. Өөрөө дур мэдэн хөдөлгөөнийг үргэлжлүүлсэн байдаг. Үүнийг эрхээ хэтрүүлэн ажилласан гэж үзэж байгаа. Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгч уг зөрчлийг ноцтой зөрчил гэж гэрээнд тусгаагүй байна гэж үзээд байна. Нэхэмжлэгч Б.П той гэрээг 2013 онд байгуулсан байдаг. Уг гэрээний 3.3-т дараах зөрчил гаргасан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцална гэж заасан байдаг. Уг ноцтой зөрчилд ажилд олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэх зэрэг зөрчлийг хамааруулан үздэг. Тухайн нөхцөлд аюултай нөхцөл байдал үүссэн буюу дохио өгч ажиллуулах ёстой хүн нь ажлын байраа орхин явсан тохиолдолд түүнийг мэдэгдэж, дараагийн хүнийг томилуулж, уг гацааг дүрэм журмаар арилгуулж байж, ажил хэвийн явагдах талаар өглөө зааварчилгаа авсан байтал уг үүргийг хэрэгжүүлээгүй. Зааварчилга аваагүй туслахаар найруулагчийн ажлыг гүйцэтгүүлсэн байдаг. Уг ажлыг хийж гүйцэтгэхийн тулд өглөө заавал зааварчилгаа авдаг. Уул уурхай, төмөр замын аюултай нөхцөлөөр ажилладаг салбарууд хөдөлмөрийн аюулгүй байдал, зааварчилгааг хамгийн түрүүнд дагаж мөрдөж ажиллах ёстой байдаг. Аюулгүй ажиллагааны инженер Б.Ч мэдүүлгээр воган замаас гарах асуудал хөдөлмөрийн ноцтой зөрчилд хамааран гэж мэдүүлдэг. Хөдөлмөрийн гэрээнд ноцтойгоор заасан ажил олгогчид хохирол учруулсан, ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн буюу эрх хэтрүүлсэн гэж үзэж байгаа. Мөн хөдөлмөрийн гэрээнд хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй тохиолдолд хохирол учруулсан, үйлдвэрийн хэвийн ажиллагааг алдагдуулсан гэж үзэж байгаа. Воган замаас гарсан нь үйлдвэрийн хэвийн ажиллагаа алдагдсан гэж үзнэ. Уг ажиллагааг зогсоох, сумыг шилжүүлгэнд оруулах гэж бүтэн 12 цаг замчид зам дээр ажилласан байдаг. Нэхэмжлэгч Б.П гийн гаргасан ноцтой зөрчлийг уулын баяжуулах үйлдвэрт тусгай зөвшөөрлийг олгосон газарт мэдэгдсэн тохиолдолд уг зөвшөөрөл цуцлагдах аюултай нөхцөл байдлыг бий болох болзошгүй. Нийт 4 сая гаруй төгрөгийн хохирол учирсан байдаг. Уг хохирлыг зөрчил гаргасан баг бүрэлдэхүүн нөхөн төлсөн. Ажлын хөлс, засварын хөлсийг төлөөгүй байдаг. Тиймээс нэхэмжлэгч Б.П гийн гаргасан зөрчил хангалттай нотлогдож байгаа тул нэхэмжлэлийн шаардлагаас татгалзаж байгаа. Ажил олгогчийн зүгээс уг ажил бүрэлдэхүүнээр ажилладаг учраас уг бүрэлдэхүүнд ажиллаж байсан ажилтнуудыг бүгдийг нь үүрэгт ажлаас чөлөөлсөн байгаа. Ганц нэхэмжлэгч Б.П уг ажлаас чөлөөлөгдөөгүй. Найруулагч, туслах машинист, машинист зэрэг үүргээр ажиллаж байсан хүмүүсийг ажлаас халсан байдаг. Иймд Б.П гийн Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Төмөр замын цехийн илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19.995.217 төгрөгийг Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэв.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Б.П нь Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт холбогдуулан урьд эрхэлж байсан илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоолгох, ажилгүй байсан хугацааны цалин 19.995.217 төгрөг гаргуулах, нийгмийн даатгалын болон эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлж, дэвтэрт бичилт хийлгүүлж өгөхийг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Монголросцветмет ТӨҮГ-ын харъяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэр нь Б.П г холбогдох дүрэм, журмыг зөрчиж техникийн ноцтой осол гаргасан тул нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргаж байна.
Нэхэмжлэгч Б.П нь анх Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Б/549 дугаартай тушаалаар ажлаас чөлөөлөгдсөн бөгөөд тус шүүхэд 2019 оны 04 сарын 24-ний өдөр нэхэмжлэл гаргасан, сүүлд Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалыг үндэслэлгүй гэж гомдол гаргасан нь Хөдөлмөрийн тухай хуулийн 129 дүгээр зүйлийн 129.2-д заасан хугацаанд гомдлоо гаргасан байна.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагаа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаал, /хх-ийн 15/ 2013 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ /хх-ийн 03/ зэрэгт үндэслэсэн байна.
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалаар “Төмөр замын цехийн зүтгүүрийн машинист Б.П той байгуулсан хөдөлмөрийн гэрээ”-г цуцалж ажлаас чөлөөлсөн байна. /хх-ийн 15/
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалаар Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 01-ний өдрийн Б/549 дугаартай тушаалыг хүчингүй болгосон байна. /хх-ийн 15/
Зохигчид 2019 оны 03 сарын 29-ний өдөр зүтгүүрийн дугуй замаас гарсан осол болсон талаар маргаагүй болно.
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалаар Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4 дэх хэсэгт заасан “...хөдөлмөрийн харилцааг шууд зогсоохоор хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан” гэх үндэслэлээр Б.П г ажлаас чөлөөлсөн байна.
Нэхэмжлэгч Б.П нь 2013 оны 01 сарын 08-ны өдөр Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захиралтай хөдөлмөрийн хугацаагүй гэрээг байгуулсан байх бөгөөд энэ талаар талууд маргаагүй болно. /хх-ийн 03/
Нэхэмжлэгч Б.П нь 2013 оны 01 сарын 08-ны өдөр Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захиралтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3 дугаар зүйлийн 3-д “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг алдагдуулсан”, 4-д “ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн”, 5-д “үүрэгт ажилдаа хайхрамжгүй эсвэл хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж байгуулллагын ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон” бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна. /хх-ийн 03/
Хариуцагч байгууллага нэхэмжлэгчтэй байгуулсан хөдөлмөрийн гэрээнд тухайлан нэрлэж заасан зөрчил гарсан тохиолдолд ноцтой зөрчилд тооцож хөдөлмөрийн гэрээг ажил олгогчийн санаачлагаар цуцлахаар талууд тохиролцсон бөгөөд хөдөлмөрийн гэрээний 3.3 дугаар зүйлийн 3-д “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг алдагдуулсан”, 4-д “ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн”, 5-д “үүрэгт ажилдаа хайхрамжгүй эсвэл хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж байгуулллагын ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон” бол ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байна.
Энэ нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т заасантай нийцсэн байна. Тухайлбал ноцтой зөрчилд тооцож ажлаас чөлөөлөх үндэслэлд хамааруулжээ.
Хөдөлмөрийн тухай хуулийн 40.1.4-т ажилтан хөдөлмөрийн гэрээнд тухайлан заасан ноцтой зөрчил гаргасан бол ажил олгогчийн санаачилгаар хөдөлмөрийн гэрээг цуцалж болохоор заахдаа талууд ноцтой зөрчлийг хөдөлмөрийн гэрээ болон хөдөлмөрийн дотоод журамдаа нэрлэн заасан байхаар зохицуулагдсан байна.
Хэргийн 50 дүгээр талд “Ажлын байрны тодорхойлолт” авагдсан байх бөгөөд уг журмын 9-д “зүтгүүрийн машинист нь ээлжийн мастер вагон найруулагчийн зааврын дагуу галт тэрэгний хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаж, төмөр замын тээврийн ажилд мөрдөж байгаа хууль, дүрэм, журам тушаал зааврыг судлан мэдэж, ажилдаа хэвшүүлэн илчит тэрэгний арчилгаа, цэвэрлэгээ, үйлчилгээ засварыг гүйцэтгэн, ажлын хариуцлагатай, сахилгатай ажиллах үндсэн чиг үүрэгтэй ажиллана” гэж заасан байна.
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрт дагаж мөрдөх хөдөлмөрийн дотоод журмын 10.1-д зааснаар “ажил олгогч нь хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлэхийг шаардах, Хөдөлмөрийн тухай хууль түүнд нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад акт, хөдөлмөрийн гэрээ болон энэ журамд заасны дагуу хариуцлага хүлээлгэх эрхтэй” 11.3-д ажилтан нь Хөдөлмөрийн тухай хууль болон энэхүү журмыг чанд сахиж, хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэг, хөдөлмөрлөх үүргээ нэр төртэй биелүүлэх, үйлдвэрийнхээ эд хөрөнгийг хайрлан хамгаалах, аривлан хэмнэх, ХАБЭА-н осол зөрчилгүй ажиллах, аливаа ослоос урьдчилан сэргийлэх, өөрийгөө хамгаалах үүрэг хүлээнэ” гэж заасан байна. /хх-ийн 45-46/
Бор-Өндөр уулын баяжуулах үйлдвэрийн төмөр замын цехийн зүтгүүрийн машинист туслах машинчийн ажилгүй ажиллагааны зааварчилгаа, /хх-ийн 48-49/, зүтгүүрийн машинчийн ажлын байрны тодорхойлолт, /хх-ийн 50-51/, Төмөр замын салбар замуудад хийх сэлгээний ажлын журам /хх-ийн 52-58/, гэрч Д.Ч, О.М Б.Б нарын мэдүүлэг /хх-ийн 90-97/, Төмөр замын цехэд гарсан техникийн ослыг судалсан акт /хх-ийн 20-30/, зохигчдын тайлбараар зэргээр нэхэмжлэгч Б.П нь 2019 оны 03 сарын 29-ний өдөр техникийн осол гаргаж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн гэрээнд заасан ноцтой зөрчлийг гаргасан болох нь нотлогдож байна.
Энэ нь давхар гэрч О.М-ын шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “Тэр өдөр машинист, туслах машинст, ээлжийн мастер, найруулагч бүгд зааварчилгаа авсан. Эдгээр хүмүүс бүрэн бүрэлдэхүүнээрээ ажилд гаргах ёстой. Ээлжийн мастер бүх зүйлээ хэлэх ёстой. Ээлжийн мастерт хэлээд, найруулагч хэлээд вагоныг хөдөлгөх ёстой. Туслах машинист найруулагч байхгүй бол дахин шинээр зааварчилгаа авч байж ажилд гарах ёстой. Зааварчилгаа аваагүй байж сэлгээний ажил хийх эрх хэнд ч байхгүй. Техникийн ноцтой осол гарах болсон шалтгаан нь бүрэлдэхүүнээрээ яваагүйгээс болсон” гэх мэдүүлэг
-гэрч Д.Ч-гийн шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн: “2019 оны 03 сарын 29-ний өдөр бүх хүн зааварчилгаагаа авсан. Туслах машинист нь найруулагчийн зааварчилгаа аваагүй. Ээлжийн мастерт заавал хэлнэ. Найруулагч байхгүй бол дахин шинээр зааварчилгаа авах үүрэгтэй” гэх мэдүүлэг
-гэрч Б.Б-гийн шүүх хуралдаанд өгсөн: “Бүгд зааварчилгаа авсан. Машинист найруулагчийн дохиогоор хөдлөх үүрэгтэй. Найруулагч байхгүй бол ээлжийн мастер тэр даруй утсаар мэдэгдэх үүрэгтэй. Одсайханыг байхгүй байна гэж надад хэлээгүй. Тэр өдөр ажилд гарч байгаа бүрэлдэхүүнд мэдэгдэх үүрэгтэй” гэх мэдүүлгүүдээр нотлогдож байна.
Нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалд ...Хөдөлмөрийн гэрээний 10.1.в.1 дэх заалтыг баримталсан буюу буруу заалт баримталсан гэх хүсэлт нь нэхэмжлэгч хариуцагчтай байгуулсан хөдөлмөрийн гэрээний 3.3 дугаар зүйлийн 3-д “хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүйгээс хохирол учруулсан, үйлдвэрийн үйл ажиллагааг алдагдуулсан”, 4-д “ажлын байрны тодорхойлолтод заагдсан гүйцэтгэх ёстой ажил үүргээс өөр ажил үүргийг дур мэдэн гүйцэтгэсэн”, 5-д “үүрэгт ажилдаа хайхрамжгүй эсвэл хувийн ашиг сонирхолын үүднээс хандаж байгуулллагын ашиг сонирхолд сөрөг үр дагаврыг бий болгосон” бол ноцтой зөрчилд тооцож, ажил олгогчийн санаачлагаар хөдөлмөрийн гэрээг цуцлахаар заасан байх бөгөөд /хх-ийн 03/ энэ хөдөлмөрийн гэрээг байгуулагдаагүй гэж үзэх үндэслэл болохгүй болно.
Мөн нэхэмжлэгчийн өмгөөлөгчийн шүүх хуралдаанд гаргасан Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалд “...Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалтыг буюу хүчин болсон журмыг баримталсан гэх хүсэлт нь Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4, 2013 оны 01 сарын 08-ны өдөр байгуулсан хөдөлмөрийн гэрээ мөн талуудын хооронд байгуулсан ажлын байрны тодорхойлолт, Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн дотоод журам зэргээр үгүйсгэгдэж байна.
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалд “...Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журам”-ын 10 дугаар бүлгийн 10.3 дахь заалтыг буюу хүчин болсон журмыг баримталсан байх тул Галт тэрэгний хөдөлгөөний удирдлагын журмыг шүүх нотлох баримтаар үнэлээгүй болно.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1.-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч нь өөрийн шаардлага ба татгалзлын үндэс болж байгаа байдлын талаарх нотлох баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүрэгтэй бөгөөд нэхэмжлэгч нэхэмжлэлийн үндэслэл, тайлбараа нотолж чадаагүй байна.
Тухайлбал нэхэмжлэгч Б.П нь “би ноцтой зөрчил гаргасан. Гэхдээ энэ осол миний буруутай үйл ажиллагаанаас болоогүй. Уулын баяжуулах үйлдвэр бүх зүйлээр хангах үүрэгтэй. Найруулагч байхгүй бол туслах машинист сэлгээ хийх эрхтэй” гэх тайлбарыг гаргасан хэдий ч үүнийг нотлох баримтыг шүүхэд гаргаж өгөөгүй байна.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болж байгаа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаалд заасан Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-д заасан “ноцтой зөрчил” гэдгийг ажил олгогчид эд хөрөнгийн хохирол учруулах, бизнесийн ба ажил хэргийн нэр хүндийг нь гутаах зэргээр түүний эрх, ашиг сонирхолд нь нөлөөлөхүйц сөрөг үр дагаврыг буй болгосон, уг ажилтны хөдөлмөрийн гэрээгээр хүлээсэн үүрэгт нь харш үйлдэл, эс үйлдэл байна гэж ойлгодог. Гэрээний талууд ажлын байр, албан тушаал, гүйцэтгэх ажил үүргийн онцлогтой холбогдуулан ямар зөрчлийг ноцтой гэж тооцохыг харилцан тохиролцон тогтоож, уг зөрчлийн тохиолдол бүрийг хөдөлмөрийн гэрээнд нэрлэн заасан байхыг шаардана.
Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн захирлын 2019 оны 04 сарын 22-ны өдрийн Б/739 дугаартай тушаал нь хууль зүйн үндэслэлтэй, Хөдөлмөрийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.4-т нийцэж гарсан байна.
Иймд нэхэмжлэгч Б.П-ийн Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Төмөр замын цехийн илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19.995.217 төгрөгийг Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.2, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118-120 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Хөдөлмөрийн тухай хуулийн 128 дугаар зүйлийн 128.1.2, 69 дүгээр зүйлийн 69.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.П-ийн Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрийн Төмөр замын цехийн илчит тэрэгний машинчийн ажилд эгүүлэн тогтоож, ажилгүй байсан хугацааны цалин олговорт 19.995.217 төгрөгийг Монголросцветмет ТӨҮГ-ын харьяа Уулын баяжуулах Бор-Өндөр үйлдвэрээс гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын хураамжийг нөхөн төлж, дэвтэрт бичилт хийхийг даалгах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.5 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Б.П нь улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэг зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.
4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7-д зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.
5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, тэдгээрийн өмгөөлөгч, төлөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ