Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2018 оны 05 сарын 28 өдөр

Дугаар 1245

 

Д.Б-ийн нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

 

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ж.Оюунтунгалаг даргалж, А.Отгонцэцэг, Н.Батзориг нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн давж заалдах шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 101/ШШ2018/01076 дугаар шийдвэртэй нэхэмжлэгч Д.Б-ийн нэхэмжлэлтэй, хариуцагч Э.Д-д холбогдох

Түрээсийн гэрээний үүрэгт 21 647 700 төгрөг гаргуулах тухай  нэхэмжлэлтэй, иргэний хэргийг хариуцагчийн гаргасан гомдлыг үндэслэн, шүүгч Н.Батзоригийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Д.Б, түүний өмгөөлөгч Ш.Сарангэрэл, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Эрдэнэбилэг, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Золзаяа нар оролцов.

Нэхэмжлэгч Д.Б шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Баянзүрх дүүрэг, 18 дугаар хороо, 13 дугаар хороолол, Шинэ зуун хотхон 24а байр, 29 тоотод оршин суугч Д.Б миний бие Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Яармаг гудамжинд байрлах 1/9 байр, 1-3 тоотын 60 м.кв үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Д-д сар бүр 1.200.000 төгрөгөөр түрээслүүлэхээр харилцан тохиролцсоны үндсэн дээр 2014 оны 08 дугаар сарын 11-ний өдөр үл хөдлөх эд хөрөнгө түрээслүүлэх гэрээ байгуулсан. Түрээслэгч Э.Д түрээсийн төлбөрийг багасгах санал гаргаж, 2015 оны 05 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг багасгаж 1.000.000 төгрөг байхаар харилцан тохиролцож, 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр ирж гэрээг шинэчлэн 3 жилийн хугацаатайгаар байгуулсан. Гэтэл 2015 оны 12 дугаар сараас эхлэн түрээсийн төлбөрийг 12 дугаар сард 500.000 төгрөг, 2016 оны 1 дүгээр сард 250.000 төгрөг, 3 дугаар сард 210.000 төгрөг, 4 дүгээр сард 100.000 төгрөг шилжүүлэх байдлаар түрээсийн гэрээгээ зөрчиж эхэлсэн. Эрэн сурвалжилсаны үр дүнд Э.Д надтай холбогдож түрээслэн ашиглаж байсан байрыг 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдөр хүлээлгэн өгсөн. Иймд хариуцагч Э.Д-аас  нэхэмжлэгч Д.Б надад түрээсийн гэрээний төлбөр 14.385.000 төгрөг, алданги 7.192.500 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг, нийт 21.647.700 төгрөгийн түрээсийн төлбөрийг гаргуулж өгнө үү гэжээ.

Хариуцагч, түүний төлөөлөгч А.Эрдэнэбилэг шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: 2016 оны 1 дүгээр сараас авахуулаад түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр тооцохоор болсон. 2016 оны 11 дүгээр сард тооцоо нийлсэн. Тооцоо нийлээд авсан, өгсөн үнийн дүнг тооцоод 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 4.800.000 төгрөгийн түрээсийн төлбөрийн үлдэгдэлтэй. 11 болон 12 дугаар сарын түрээсийн төлбөрийг 600.000 төгрөгөөр тооцож авъя гэсэн. Түрээслүүлэгч нь 1 дүгээр сарын 29-ний өдөр түрээсийн эд хөрөнгөө өөрөө авч дэлгүүрт байгаа эд хогшлыг түрээсийн төлбөртөө суутгалаа гэсэн байдаг. 2016 оны тооцоо 6.000.000 төгрөг, 2017 оны 1 сарын тооцоо 600.000 төгрөг, нийт 6.600.000 төгрөгийн үлдэгдэлтэй байхад 2016 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр буюу тооцоо нийлсэн өдрөөс хойш 2017 оны 6 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 10 удаагийн төлөлтөөр 3.600.000 төгрөгийг төлсөн байгаа. Үлдэгдэл төлбөрөөс төлөлт хийснийг хасахаар 3.000.000 төгрөг үлдэж байгаа. Цоожийг сольж явснаас хойш энэ дэлгүүрийг ашиглаагүй нь нэхэмжлэгчийн буруу, өөр бусад хүнд түрээслэх боломжтой байсан. 1 дүгээр сарын 29-ний өдрөөс 02 дугаар сарын 25-ны өдрийн хооронд олсон бүх мөнгөө төлбөртөө хийсэн байсан. Хамгийн сүүлд 6 дугаар сарын 30-ны өдөр төлбөр хийсэн байдаг. Харилцан ашигтай байдлаар гэрээ нь үйлчилдэг байсан. Орлого, ашиггүй байгааг нь мэдсээр байж, нэг сар харъя гэж хэлчихээд яагаад энэ хүн төлбөр тооцооны асуудлыг үргэлжлүүлээд шүүхэд нэхэмжлэл гаргаад явж байгааг ойлгохгүй байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй гэжээ.

Шүүх: Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасныг баримтлан хариуцагч Э.Д-аас  7.584.700 /долоон сая таван зуун наян дөрвөн мянга долоон зуун/ төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Д.Б-т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 14.063.000 /арван дөрвөн сая жаран гурван мянган/ төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 60 дугаар зүйлийн 60.1,Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д заасныг баримтлан нэхэмжлэгчийнулсын тэмдэгтийн хураамжид төлсөн 266.188 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагч Э.Д-аас  нэхэмжлэлийн шаардлагын хангасан үнийн дүнд тохирох улсын тэмдэгтийн хураамжид 136.305 төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Д.Б-т олгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсанаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн119.2, 119.4, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдаж шийдвэрлэжээ.

Хариуцагч Э.Д давж заалдах шатны шүүхэд гаргасан гомдолдоо: 2017  оноос өмнөх түрээсийн тооцоог нийлсэн гэдэг нь тогтоогдсон. Шүүхийн шийдвэрийн энэ хэсгийг хүлээн зөвшөөрнө. Түрээслүүлэгч тал гэрээгээ цуцаллаа гээд түлхүүрийн голыг солиод 2018 оны 1 дүгээр сарын 29-ний өдрөөс хойш ашиглаагүй гэдэг нь гэрчийн мэдүүлэг, нэхэмжлэгч талын тайлбараар тогтоогддог. Ингээд нэхэмжлэгч тал хариуцагч талын байрыг засч өгөхгүй бол гэрээ албан ёсоор цуцлагдахгүй төлбөр үргэлжилнэ гэж хэлснийг эрх зүйн мэдлэг байхгүй хариуцагч тал тэр үгэнд итгэж 9 дүгээр сард байранд засвар хийж өгсөн үйлдлийг түрээсийн гэрээ үргэлжилсэнд тооцсоныг зөвшөөрөхгүй байна. Иймд цоожтой байранд, түлхүүр нь байрны эзэнд байгаа байрыг түрээсээр ашигласан болгож шийдвэрлэснийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа учир огт ашиглаагүй, ашиглах боломжгүй байсан 7 сарын төлбөр болох 4.200.000 төгрөгийг хасч, шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

Анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.

Нэхэмжлэгч Д.Б  нь хариуцагч Э.Д-д холбогдуулан түрээсийн төлбөр 14 385 000 төгрөг, алданги 7 192 500 төгрөг, эрэн сурвалжлуулахад төлсөн улсын тэмдэгтийн хураамж 70 200 төгрөг, нийт 21 647 700 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл  гаргасныг хариуцагч эс зөвшөөрч  маргажээ.

Зохигчдын хооронд 2015 оны 11 дүгээр сарын 20-ны өдөр Түрээсийн гэрээ байгуулагдаж уг гэрээгээр  нэхэмжлэгч Д.Б өөрийн  өмчлөлийн эрхийн улсын бүртгэлийн Ү-2206028177 дугаарт бүртгэлтэй Хан-Уул дүүргийн 4 дүгээр хороо, Вива Сити Яармаг гудамж, 1/9 байр, 1-3 тоотод байршилтай 60 м.кв талбайтай үйлчилгээний зориулалттай үл хөдлөх хөрөнгийг хариуцагч Э.Д-ын эзэмшил ашиглалтанд шилжүүлэх,   түрээсийн төлбөрт  сарын 1 000 000 төгрөгийг төлөх, 2015 оны 11  дүгээр сарын 01-ний өдрөөс эхлэн 3 жилийн хугацаагаар түрээслэхээр харилцан тохиролцсон байх бөгөөд Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.3-т заасан шаардлагыг хангасан гэрээг бичгээр байгуулсан, эд хөрөнгийн бүртгэлийн байгууллагад бүртгүүлсэн гэрээний хүчин төгөлдөр байдлын талаар талууд  маргаагүй байна.

            Нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 318 дугаар зүйлийн 318.1 дэх хэсэгт зааснаар 2015 оны 12 дугаар сараас 2017 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэлх хугацааны түрээсийн төлбөрт 14 385 000 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн боловч  анхан шатны түрээсийн төлбөр тооцоотой холбоотой нэхэмжлэгч Д.Б-ийн гарын үсэг бүхий 2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн  “... 11 дүгээр сарын 04-ний байдлаар 4 800 000 төгрөг дутуу...” гэсэн бичмэл баримтыг  /хх-ийн 61/ үндэслэн талууд түрээсийн төлбөрийг 2016 оны 4 дүгээр сараас 600 000 төгрөгөөр тохиролцсон,  2016 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн байдлаар 8 дугаар сарын төлбөр нийт 4 800 000 төгрөг дутуу, 11, 12 сард тус тус 600 000 төгрөгийг төлөхөөр тохиролцож гэрээнд өөрчлөлт оруулсан  гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт нотлох баримтад үндэслэсэн байх бөгөөд энэ талаар нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй байна.

Түүнчлэн түрээсийн гэрээний хугацаа 2018 оны 11 дүгээр сарын 01-ний өдөр дуусахаар тохиролцсон, хариуцагч нь нэхэмжлэгч Д.Б 2017 оны 1 дүгээр сард түрээсийн байрны цоожны голыг сольсон тул түрээсийн байранд үйл ажиллагаа явуулах боломжгүй болж, 1 дүгээр сарын 29-ний өдрөөс дэлгүүр ажиллаагүй, түрээсийн байрыг ашиглаагүй гэх тайлбарыг гаргаж байх боловч Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1 дэх хэсэгт зааснаар тайлбараа баримтаар нотолж чадаагүй байна.

Харин хариуцагч нь  нэхэмжлэгчийн Хаан банкин дахь 5589051492 дугаартай харилцах дансаар 2017 оны 1 дүгээр сарын 09-ний өдрөөс 6 дугаар сарын 30-ны өдрийн хооронд нийт 3 500 000 төгрөгийг цувуулан төлж байсан үйл баримт /хх-ийн 80-88/ болон хариуцагч Э.Д-ын дэлгүүрт ажиллаж байсан худалдагч З.Амаржаргалын гэрчээр өгсөн “...2017 оны 1 дүгээр сарын дундуур цоожныхоо голыг солиод дэлгүүр доторх зүйлийг түрээсийн мөнгөндөө тооцож авна гэж хэлж байсан. Тэгээд Э.Д ирээд ярилцсан, ажиллуулахаа больё гэж байсан... сүүлд Д.Б эгч 1 сарын хугацаа өгье гэж хэлсэн...” гэх мэдүүлэг /хх-ийн 141/ ,”Вива сити ААН-үүдийн холбоо” ТББ-ын ня-бо Ж.Хонгорнямын гэрчээр өгсөн  “...СӨХ-ийн төлбөрийн хуримтлалтай байж байгаад 2017 оны 9 дүгээр сард дансаар төлбөрөө хийгээд үлдэгдэлгүй болсон...Э.Д төлсөн байсан...” гэх мэдүүлэг /хх-ийн 143-145/, ”Вива сити ААН-үүдийн холбоо” ТББ-ын 2018 оны 600 тоот “Э.Д нь манай байгууллагад 2017 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр хүртэл төлбөр төлсөн...” гэх албан бичиг /хх-ийн 163/ “хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн “Э.Д нь гэрээтэй холбоотой эрх зүйн ойлголт байхгүй, эцэстээ энэ хүний шахаанд орж байрыг нь 9 сард засч өгсөн...”  гэх тайлбар /2 дахь хх-ийн 11/ зэрэг нотлох баримтуудаас үзэхэд түрээсийн байрыг 2017 оны 09 сард хүлээлцсэн гэж үзсэн шүүхийн дүгнэлт  үндэслэлтэй.

 Хариуцагч тал дээр дурдсан нотлох баримтыг үндэслэл бүхий баримтаар няцааж чадаагүй тул хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдол үндэслэлгүй байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 5 дугаар сарын 29-ний өдөр шүүхэд хариуцагчийг эрэн сурвалжлуулах хүсэлт гаргаж, Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 07 дугаар сарын 16-ны өдрийн 101/ШШ2017/02377 дугаар шийдвэрээр хариуцагч Э.Д-ыг эрэн сурвалжлахаар шийдвэрлэсэн нь хариуцагчийг Иргэний хуулийн 295 дугаар зүйлийн 295.1. дэх хэсэгт заасан гэрээний зүйлийг “ердийн буюу гэрээгээр тохиролцсон элэгдлийг тооцон тухайн эд хөрөнгийг хөлслүүлэгчид буцааж өгөх” үүргээс чөлөөлөхгүйгээс гадна мөн хуулийн 295.4 дэх хэсэгт заасан “гэрээ дуусгавар болоход хөлслөгч эд хөрөнгийг буцааж өгөх хугацааг хойшлуулсан бол хөлслүүлэгч өөрт учирсан хохирлоо хожимдуулсан хугацааны турш төлбөл зохих хөлсний хэмжээгээр шаардах” эрхийг хязгаарлах  үндэслэл болохгүй юм. Гэхдээ энэ талаар талууд анхан шатны шүүхэд мэтгэлцээгүй байв.

 Нэхэмжлэгч нь түрээсийн гэрээнд заасан үндэслэлээр алданги 7 192 500 төгрөгийг хариуцагчаас гаргуулахаар нэхэмжилсэн ба шүүх хариуцагчийн түрээсийн төлбөрт төлбөл зохих үүргийг 7 300 000 төгрөгөөр тодорхойлж,  39 хоногийн алдангийг тооцож, 284 700 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгохоор шийдвэрлэсэнд болон хариуцагчийг эрэн сурвалжлуулахад улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70 200 төгрөгийг хариуцагчаас гаргуулах үндэслэлгүй гэж үзэн хэрэгсэхгүй болгохоор шийдвэрлэсэнд тус тус нэхэмжлэгч давж заалдах гомдол гаргаагүй тул талуудын зарчимд нийцүүлэх үүднээс давж заалдах шатны шүүхээс дүгнэлт хийх шаардлагагүй гэж үзэв.

Нэхэмжлэгч тал хуульд заасан журмын дагуу давж заалдах гомдол гаргаагүй тохиолдолд шүүхийн шийдвэрийг зөвшөөрсөн гэж үзэх бөгөөд давж заалдах шатны шүүх хуралдаанд гаргасан түүний тайлбар, хүсэлтийг үндэслэн шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах эрхийг хуулиар олгоогүй. Давж заалдах гомдолд заагаагүй асуудлаар гомдол гаргагчийн талд ашиггүй байдлаар шийдвэр гаргах нь  иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны мэтгэлцэх зарчимд нийцэхгүйгээс гадна Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 166 дугаар зүйлийн 166.4 дэх хэсэгт заасан “хэргийг бүхэлд нь хянан үзэх” зохицуулалтад хамааралгүй болно.

Дээр дурдсан үндэслэлээр хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангах үндэслэл тогтоогдохгүй байх тул хангахгүй орхиж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээх нь зүйтэй.