Улсын дээд шүүхийн Шүүхийн тогтоол

2022 оны 06 сарын 30 өдөр

Дугаар 001/ШТ2022/000148

 

 

                            ****ийн нэхэмжлэлтэй иргэнийхэргийг

                                 шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас

                                     хянуулах хүсэлтийг хэлэлцсэн тухай

 

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Г.Банзрагч даргалж, Танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Б.Мөнхтуяа, П.Золзаяа, С.Соёмбо-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар 

Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн

2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэр, 

Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн

2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлал, 

Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны

2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00911 дүгээр тогтоолтой 

****ийн нэхэмжлэлтэй,

****д холбогдох хэргийг

Шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг хянуулах тухай хариуцагчийн гаргасан хүсэлтийгшүүгч С.Соёмбо-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгч ****, хариуцагч ****, түүний өмгөөлөгч Г.Баасан, нарийн бичгийн дарга Г.Ууганзаяа нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ НЬ: 

1. Хариуцагч **** шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас шүүхийн шийдвэрийг хянуулах тухай хүсэлт гаргажээ. 

2. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 282.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч ****ийн хариуцагч ****оос 148,590,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-д зааснаар нэхэмжлэгч ****ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 965,835 төгрөгийг орон нутгийн төсвийн орлогод хэвээр үлдээж шийдвэрлэжээ. 

3. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлалаар Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтад “нэхэмжлэгч ****ийн хариуцагч ****оос 148,590,000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь” гэснийг “хариуцагч ****оос 69,390,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлийн 79,200,000 төгрөгийн шаардлагыг”, 2 дахь заалтад “хэвээр үлдээсүгэй” гэснийг “хэвээр үлдээж” гэж , “хариуцагч ****оос улсын тэмдэгтийн хураамжинд 504,900 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч ****т олгосугай” гэсэн нэмэлт өөрчлөлт оруулж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээжшийдвэрлэсэн байна. 

4. Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00911 дүгээр тогтоолоор Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281,1, 282 дугаар зүйлийн 282.1.1, 282.2, 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч ****оос 101,345,000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч ****т олгож, нэхэмжлэлээс 47,245,000 төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай” гэж, 2 дахь заалтын “...үлдээсүгэй” гэснийг “ ...үлдээж, хариуцагч ****оос улсын тэмдэгтийн хураамжид 664,675 төгрөг гаргуулж нэхэмжлэгч ****т олгосугай.” гэж тус тус өөрчлөн шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагч ****ы хяналтын журмаар гаргасан гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 59 дүгээр зүйлийн 59.3-т зааснаар нэхэмжлэгч ****ийн хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 553,950 төгрөгийг шүүгчийн захирамжаар буцаан олгохыг дурдаж,хариуцагч ****ы хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 173,174 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээжээ. 

5. Хариуцагч **** шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Үндсэн хуулийн Тавьдугаар зүйлийн 2-т “...Хэрэв Улсын Дээд шүүхийн шийдвэр хуульд харшилбал түүнийг Улсын Дээд шүүх өөрөө хүчингүй болгоно. Улсын Дээд шүүхийн тайлбар хуульд харшилбал хуулийг дагаж биелүүлнэ.”, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.1-д “Зохиогч ...хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй,” мөн зүйлийн 172.2.2-т “хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн”, 172.2.3-т “шүүх хуулийг Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн” эсэхийг хянах эрхийг гагцхүү Улсын Дээд шүүхийн иргэний хэргийн танхим хянахаар хуульчилсан. Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017.10.27-ны өдрийн 61 тоот магадлалаар шүүгч П.Долгормаа нь Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.1-д “хэргийн нэг талыг байлцуулахгүйгээр нэг талтай уулзах”-ыг хориглосон заалт, мөн Шүүгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1.18-д “шүүгч нь хэргийн оролцогч болон бусад этгээдтэй харилцахдаа шүүхийн нэр хүнд, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд сөргөөр нөлөөлж болох хувийн харилцаа тогтоохыг хориглоно”, мөн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.3 дугаар зүйлийн 2-т “Хэргийн оролцогчдын зүгээс шүүгчийг татгалзахад хүргэх нөхцөл байдлыг өөрийн үг яриа, үйлдлээр бий болгохоос урьдчилан сэргийлж, зайлсхийнэ”, мөн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 91 дүгээр зүйлийн 91.1.3-т шүүгч “хэргийн оролцогчтой хувийн харилцаатай, түүнчлэн уг хэргийг шударгаар шийдвэрлэж чадах эсэх талаар үндэслэл бүхий эргэлзээ байвал шүүгч хэрэг хянан шийдвэрлэхэд оролцож болохгүй” гэсэн хуулийн заалтыг зөрчсөн, мөн Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүгч хэргийн оролцогч болон тэдгээрийн хамаарал бүхий этгээдтэй хувийн харилцаа тогтоох, шууд болон шууд бусаар тусламж авах, ...зэргээр албан тушаалын нэр хүндээ ашиглан ямар нэгэн давуу байдал бий болгохыг хориглоно”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 3.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүхэд хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь шүүгчийн өөр бусад ажлаас ямагт илүү чухал гэдгийг ухамсарлаж, түүний эрхлэх бусад үйл ажиллагаа, хувийн амьдрал нь мэргэжлийн үүрэгтэй нь зөрчилдөх нөхцөл байдал бий болгохоос зайлсхийнэ”, Шүүгчийн ёс зүйн дүрмийн 2.3 дугаар зүйлд “шүүгч нь зохисгүй байдал гаргаж болохгүй бөгөөд бусдад ийнхүү ойлгогдохоос зайлсхийнэ”, “зохисгүй байдал” гэж хууль, хянан шийдвэрлэх ажиллагааны хэм хэмжээ, хуульчийн мэргэжлийн үйл ажиллагаанд баримтлах дүрмийг зөрчсөн, эсхүл шүүгчийн хараат бус, зарчимч төвийг сахих байдлыг алдагдуулсан аливаа үйлдэл, эс үйлдэхүйг ойлгоно” гэснийг зөрчсөн бөгөөд хэргийн оролцогч ****той удаа дараа утсаар ярьж, уулзаж, үнэ төлбөргүй тусламж гуйсан болохыг тогтоогоод, харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар луу шилжүүлсэн ба П.Долгормааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.22-ны өдрийн 49 дүгээр зарлигаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулсан болох нь Монгол Улсын Шүүхийн Ерөнхий Зөвлөлийн 2022.04.11-ний өдрийн 03/431 тоот албан бичгээр тогтоогдоод байна.

5.1. Улсын Дээд шүүхийн албан ёсны тайлбар болох Улсын Дээд шүүхийн 2002.07.24-ний өдрийн 263 дугаар тогтоолын 29 дэх заалтад хуулийн 168.1.4-т “хууль бус бүрэлдэхүүнээр хэргийг хянан шийдвэрлэсэн” гэдэгт шүүгч оролцож болохгүй, дахин оролцож болохгүй тухай хуулийн заалтыг зөрчсөн, хуульд заасан хамтын зарчмаар шийдвэрлэх хэргийг шүүгч дангаараа хянан хэлэлцсэн буюу бүрэн бус бүрэлдэхүүнээр, эсхүл шүүн таслах эрх олгогдоогүй буюу эрх нь дуусгавар болсон, шүүн таслах эрхийг түдгэлзүүлсэн хүнийг шүүгчээр оролцуулан хэлэлцсэнийг ойпгоно”, хуулийн 179.1.2-т заасан “...шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг хянан шийдвэрлэх үед гаргасан үйлдэл /эс үйлдэхүй/ эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хуулийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон” гэдэг нь шүүгч, зохигч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэргийн бусад оролцогчдын тухайн хэргийг хянан шийдвэрлэхтэй холбоотой ажиллагаа /үйлдэл, эс үйлдэхүй/ хууль бус байсны улмаас хууль бус буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан нь тогтоогдож, тэдэнд эрүүгийн хариуцлага хүлээлгэсэн шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсныг тус тус хамааруулан ойлгоно” гэж тайлбарласантай нийцэж байна. Би ****ээс мөнгө огт зээлж байгаагүй, харин ****т мөнгө хэрэг болсон үед нь бусдаас зээлж авч, өгөөд, буцааж төлдөг харилцаа л байсан. 2011 оноос 2013.04.11-ний өдрийн байдлаар **** надаас 142,672,000 төгрөгийг дансаар, мөн 73,000,000 төгрөгийг бэлнээр, нийт 215,672,000 төгрөг авч, 162,940,000 төгрөгийг эргэн төлж, надад 52,732,000 төгрөгийн зээлийн үлдэгдэлтэй үлддэг. Надаар дахин 200,000,000 төгрөгийн зээл авахуулахын тулд надад 52,900,000 төгрөгөө буцаан өгснөөр бид хоёрын хоорондох өр авлага дуусдаг. Ийм учраас анхан шатны шүүхээс гурван удаа ****ийн нэхэмжлэлтэй хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. 2014.02.20-2014.02.21-ний өдөр ****ийн дансанд орсон 60,000,000 төгрөгийн зээлийн асуудлыг **** миний нэхэмжлэлтэй ****т холбогдох иргэний хэргийг Улсын Дээд шүүхиин шүүгч Х.Сонинбаяр, П.Золзаяа, Б.Ундрах, Д.Цолмон нар хяналтын журмаар хэлэлцээд, 2016.01.12-ны өдрийн 001/ ХТ 2016/00022 тоот Улсын Дээд шүүхийн хяналтын шатны шүүх хуралдааны тогтоолоор ****ээс 95,400,000 төгрөгийг гаргуулан надад олгож, хүүгээс анз тооцож илүү төлүүлсэн 4,680,000 төгрөг болон нэхэмжлэгчийн нэмэгдүүлсэн шаардлагын зарим хэсэг болох 18,000,000 төгрөгийг нэхэмжлэгч татгалзсан үндэслэлээр тус тус хэрэгсэхгүй болгосугай гэсэн Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заапдах шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 09-ний өдрийн 49 дүгээр магадлалыг хэвээр үлдээж, маргаан эцэслэн шийдвэрлэгдсэн.

5.2. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Долгормаа эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болох Өмнөговь аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2015 оны 11 дүгээр сарын 13-ны өдрийн 143/ШШ2015/00401, 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 тоот шийдвэрийг хүчингүй болгож, энэ хугацаанд надаас шан харамж, эд хөрөнгө нэхэж эхэлсэн нь Шүүхийн ёс зүйн хороо, Захиргааны хэргийн хүчин төгөлдөр шийдвэр, Эрүүгийн хэргийн шүүхээр эцэслэн шийдвэрлэгдэж, тогтоогддог. Нэхэмжлэгч **** нь шүүхээр эцэслэн шийдвэрлэгдээгүй хэрэг, маргааны талаар хувийн таамаглал, урьдчилсан дүгнэлтээ бусдад илэрхийлэхгүй байх шударга ёсны зарчмыг гажуудуулж, 2016.04.08, 2016.04.20-ны өдрүүдэд П.Долгормаад өөрийн ашиг сонирхлоо бүр ил задгай бичгээр илэрхийлж “...Түүнчлэн миний нэхэмжилсэн шаардлага бүхий 148,590,000 төгрөгийн асуудал шаардлагыг хангаж шийдвэрлэгдвэл өмнөх өр төлбөртэй тэнцүүлэх гарч харагдаж байгаа тул миний нэхэмжлэлтэй шийдвэр гарах хүртэл хугацаагаар ****ы нэхэмжлэлтэй 2015.03.13-нд шийвэрлэгдсэн хэргийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг түр хугацаагаар түдгэлзүүлэн үйл ажиллагаагаа явуулж орлого олон зээл төлбөрүүдээ төлөх боломжоор хангаж өгөхийг хичээнгүйлэн хүсч байна”. Мөн миний нэхэмжлэлийн шийдвэр гарсан тухайн цагт нь түдгэлзлийг зогсооход татгалзах зүйлгүй болно гэж шүүхэд нөлөөлсөн, шүүхээс гарах шийдвэрийг урьдчилан санал болгосон, ашиг сонирхлоо бүрэн илэрхийлсэн шууд бичгээр хүсэлт хэлбэрээр өгсөн. Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн ерөнхий шүүгч П.Долгормаа, Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг нар 2016.05.11-ний өдөр 203/МА2016/000041 тоот магадлал гаргаж, надаас ямар ч үндэслэлгүйгээр 69,390,000 төгрөгийг гаргуулан ****т олгодог. Дээрх нөлөөлсөн саналыг нь биелүүлж, илүү төлсөн мөнгө, ****д түр зээлдүүлсэн мөнгө гэсэн үгээр нь нотлох баримтгүй, ойлгомжгүй, зориуд зохиомол нэхэмжлэлийн шаардлагыг хангаж, ****т удаа дараа эрх олгож, миний цаг хугацаа нэр төр, бизнес эд хөрөнгөд ноцтой хохирол учруулсан, миний гэр бүлийн амьдралд хар толбо үлдээж , ****т 101,345,000 төгрөг гаргасан  Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч П.Долгормаа, Н.Насанжаргал, Ц.Отгонцэцэг, Монгол Улсын Дээд шүүхийн шүүгч Г.Цагаанцоож, Г.Алтанчимэг, П.Золзаяа, Д.Цолмон, Х.Эрдэнэсувд “илт хууль бус” шүүхийн тогтоол гаргаж, эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “Монгол Улсын тусгаар тогтнол, бүрэн эрхт байдал, Үндсэн хуульт байгууллыг бататган бэхжүүлж, хамгаалах”, 4.1.2-т “хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх”, 4.1.3-т “ хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх”, 4.1.4-т “шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах”, шүүхийн эрхэм зорилго, Шүүхийн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1-д “Шүүх нь шүүх эрх мэдлийг аливаа этгээдээс хараат бусаар хэрэгжүүлнэ” гэсэн шүүхийн бие даасан байх шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэх зарчмыг гажуудуулсан. 2016.12.13-ны өдрийн 001/ШТ2016/00309 тоот тоггоолоор миний гаргаж өгсөн баримтуудыг хэрэгт мэдэх боломжтой авагдаагүй баримтууд байна, хэрэгт байгаа баримт байна гэсэн нь өөрсдийнхөө хууль бус шийдвэрийг үндэслэлгүйгээр хамгаалсан Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Г.Алтанчимэг, Ц.Амарсайхан, Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нарын өөртөө болон бусдад давуу эрх олгосон хууль бус үйлдэл юм. Улсын Дээд шүүхийн 2020 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 001/ШТ2020/000164 дугаартай тогтоол гаргасан Улсын Дээд шүүхийн шүүгч Х.Сонинбаяр, Г.Алтанчимэг, П.Золзаяа , Б.Ундрах, Х.Эрдэнэсувд нар “Хэдийгээр хариуцагч ****оос түүний эрх ашгийн төлөө 1,000,000 төгрөг авсан шүүгчийн үйлдэл хууль бус гэмт хэрэг болохыг шүүх тогтоосон боловч уг хууль бус үйлдлийн улмаас хууль бус буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх нөхцөл хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдоогүй байна” гэж хуулийг мушгин гуйвуулж тайлбарласанд гомдолтой байна. П.Долгормаагийн үйлдэл нь миний эд хөрөнгөд шунасан шунал байсан. Би өөрөө хохирохоос ч үйл эмээж, АТГ-т өөрөө буруутгагдаж, ялтан яллагдагч гэсэн нэр зүүж, П.Долгормаагийн шүүгч хүнд байж боломгүй, ёс зүй үнэн төрхийг илчилсэн байхад эдгээр шүүгч нар ****т давуу эрх олгож, өөгшүүлж, түүний зорилгыг биелүүлж, хичээнгүйлэн хүссэн хүсэлт, бодож олсон гарц гаргалгааг нь ёсчлон биелүүлсэнд гомдолтой байна.

5.3. Хэрэгт авагдсан баримт, гэрчийн мэдүүлэг, зохигчдын тайлбарыг харьцуулан дүгнэвэл, ****ээс ****д бэлнээр өгсөн 52,900,000 төгрөг дансаар шилжүүсэн. 1,200,000 төгрөгийг зохигчийн хооронд өмнө нь үүссэн зээл, зээлийн хүүгийн тооцоонд хамааралгүй, харин хариуцагч **** банкнаас 200,000,000 төгрөгийн зээл авахын тулд банкны зээлээ хаахаар ****ээс зээлж авсан мөнгө гэж дүгнэн Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д зааснаар хариуцагч **** нь нэхэмжлэгчид төлөх үүрэгтэй гэсэн нь **** мөнгөгүй гээд зээлээ төлөхгүй байсан мөртлөө дахиад **** миний нэрээр ХААН банкнаас 200,000,000 төгрөгийн зээл гаргуулахын тулд өмнөх зээл болох 52,900,000 төгрөг олоод гүйгээд ирдэгийг нотлох гэсэн миний үйлдлийг мушгин гуйвуулж, миний ****ээс авсан түр зээл болгон зохиосон үндэслэлгүй дүгнэлт болгосон. Энэ шийдвэрээр миний ****ээс авах 95,400,000 төгрөгөөс давсан 101,345,000 төгрөгийг үндэслэлгүйгээр гаргуулж, миний авлагыг үгүй хийж, ****ийг өрөөс чөлөөлсөн албаны эрх мэдэл албан тушаалын байдлаа урвуулан, хэтрүүлсэн үйлдэл юм. Өчнөөн олон жил намайг шүүхээр явуулж, нэр төр, эд хөрөнгө, цаг хугацаа, бизнес, амьдралд минь хар толбо үлдээсэн байхад Улсын Дээд шүүхийн шүүгч нар “хэдийгээр хариуцагч ****оос түүний эрх ашгийн төлөө 1,000,000 төгрөг авсан шүүгчийн үйлдэл хууль бус гэмт хэрэг болохыг шүүх тогтоосон боловч уг хууль бус үйлдлйн улмаас хууль бус буюу үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх нөхцөл хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдоогүй байна” гэж хуулийг мушгин гуйвуулж тайлбарласан. Хууль бус бүрэлдэхүүнээр шүүх хуралдаан явуулж, нэхэмжлэгч ****ийн шийдвэрийн талаар урьдчилан өгсөн зааварчилгаа, нөхцөл байдлыг тайлбарласан нөлөөлөлд автаж, төлбөр авагч намайг төлбөр төлөгч болсон хууль бус магадлал, тогтоолоо хүчингүй болгож, хэргийг дахин хэлэлцүүлэхээр анхан шатны шүүхэд буцаасан хууль ёсны бөгөөд, үндэслэл бүхий шийдвэр гаргаж өгнө үү.” гэжээ. 

ХЯНАВАЛ: 

6. Хариуцагч ****ы хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангах хуулийн үндэслэл тогтоогдохгүй байна. 

7. Хүсэлт гаргагч нь “...Монгол Улсын Шүүхийн ёс зүйн хорооны 2017.10.27-ны өдрийн 61 тоот магадлалаар шүүгч П.Долгормаа нь ...хэргийн оролцогч ****той удаа дараа утсаар ярьж, уулзаж, үнэ төлбөргүй тусламж гуйсан болохыг тогтоогоод, харъяаллын дагуу Авлигатай тэмцэх газар луу шилжүүлсэн ба П.Долгормааг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2020.05.22-ны өдрийн 49 дүгээр зарлигаар Өмнөговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгчийн албан тушаалаас огцруулсан болох нь Монгол Улсын Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022.04.11-ний өдрийн 03/431 тоот албан бичгээр тогтоогдоод байна...” гэжээ. 

Дээрх хүсэлтэд хариуцагч ****оос Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022.04.11-ний өдрийн 03/431 тоот албан бичиг, Шүүхийн сахилгын хорооны 2022.03.30-ны өдрийн  92 тоот “Захирамжийг хэвээр үлдээх тухай” тогтоол, Шийдвэр гүйцэтгэх ажиллагааны гомдол хянан шийдвэрлэсэн тухай 2021.11.04-ний өдрийн 11 тоот тогтоол, Шүүхийн ёс зүйн хорооны 2017.10.27-ны өдрийн 01 тоот магадлал, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд ****ийн 2016.04.08-ны өдөр гаргасан гомдол, 2016.04.20-ны өдөр гаргасан хүсэлтийг тус тус хавсарган ирүүлжээ. 

8. Хуулийн хүчин төгөлдөр болсон шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болох үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд дараах байдлаар тодорхойлсон байна. Үүнд: 

Шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчид мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл, шийдвэрийн үндэслэл болсон нотлох баримт хуурамч эсхүл шүүгч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, гэрч, шинжээч, орчуулагч, хэлмэрч, хэргийн оролцогчийн уг хэргийг шийдвэрлэх үед гаргасан үйлдэл эрүүгийн гэмт хэрэг болох нь шүүхийн хүчин төгөлдөр шийтгэх тогтоолоор тогтоогдсон бол, шүүхийн шийдвэр гарах үндэслэл болсон шүүхийн шийтгэх тогтоол буюу шийдвэр, эсхүл төр, захиргааны болон бусад байгууллагын шийдвэр нь хууль бус байсны улмаас хүчингүй болсон үндэслэлүүдийг хамааруулжээ. 

Тухайлбал, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлийн 179.1.1-д “шүүхийн шийдвэр гарах үед хэргийн оролцогчдод мэдэгдээгүй буюу мэдэгдэх боломжгүй байсан нотлох баримт илэрвэл хүчин төгөлдөр шүүхийн шийдвэрийг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянан үзэж болно” гэж заасан байна. 

9. Хариуцагчийн хүсэлтэд хавсарган ирүүлсэн Шүүхийн ерөнхий зөвлөлийн 2022.04.11-ний өдрийн 03/431 тоот албан бичиг, Шүүхийн сахилгын хорооны 2022.03.30-ны өдрийн  92 тоот “Захирамжийг хэвээр үлдээх тухай” тогтоол, Шүүхийн ёс зүйн хорооны 2017.10.27-ны өдрийн 01 тоот магадлал зэрэг нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 179 дүгээр зүйлд заасан баримтад хамаарах боломжгүй.  

10. Хариуцагч ****оос хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг өмнө нь 2 удаа гаргасныг Улсын Дээд шүүхийн иргэний танхимын шүүх хуралдаанаар хянан хэлэлцэж, 2016.12.13-ны өдрийн 001/ШТ2016/00309, 2020.10.27-ны өдрийн  001/ШТ2020/00164 дугаартай тогтоолуудаар хүсэлтийг хангахаас татгалзаж шийдвэрлэсэн байна. 

Дээрх 2020.10.27-ны өдрийн  001/ШТ2020/00164 дүгээртэй тогтоолоор хянан хэлэлцсэн хүсэлтийн үндэслэлд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 09 дүгээр сарын 07-ны өдрийн 979 дүгээр шийтгэх тогтоол, Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны 2019 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 2019/ДШМ/1113 дугаар магадлал,  Улсын Дээд шүүхийн эрүүгийн хэргийн шүүх хуралдааны 2020 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн 76 дугаар тогтоол зэрэг баримтыг ирүүлж байжээ. 

Улмаар тус тогтоолд П.Долгормаа хариуцагч ****оос түүний эрх ашгийн төлөө 1,000,000 төгрөгийн хээл хахууль авах гэмт хэргийг үйлдсэн болохыг тогтоосон, шүүгчийн үйлдэл хууль бус боловч үндэслэлгүй шийдвэр гаргасан гэх нөхцөл хүсэлтэд хавсаргасан баримтаар тогтоогдоогүй гэж дүгнэсэн байна.     

Иймд  хариуцагч ****ы хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр, магадлал, тогтоолыг шинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулах тухай хүсэлтийг хангахаас татгалзах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 181 дүгээр зүйлийн 181.5-д заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ: 

1. Өмнөговь аймаг дахь сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 03 дугаар сарын 10-ны өдрийн 143/ШШ2016/00136 дугаар шийдвэр, Өмнөговь, Дундговь, Төв аймгийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2016 оны 05 дугаар сарын 11-ний өдрийн 203/МА2016/00041 дүгээр магадлал, Улсын Дээд шүүхийн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдааны 2016 оны 09 дүгээр сарын 15-ны өдрийн 001/ХТ2016/00911 дүгээр тогтоолыгшинээр илэрсэн нөхцөл байдлын улмаас хянуулахыг хүссэн хариуцагч ****ы хүсэлтийг хангахаас татгалзсугай.

 

                           ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Г.БАНЗРАГЧ 

                      ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                       Г.АЛТАНЧИМЭГ    

                                            ШҮҮГЧИД                                      Б.МӨНХТУЯА 

                                                                                                   П.ЗОЛЗАЯА

                                                                                                   С.СОЁМБО-ЭРДЭНЭ