Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0198

 

2026 оны 03 сарын 19 өдөр

Дугаар 221/МА2026/0198

Улаанбаатар хот

 

 

 

“М” ГҮТББ-ын

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Б.Адъяасүрэн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

Нэхэмжлэлийн шаардлага: “А НЭЗХЭ” гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч “М” ГҮТББ,

Хариуцагч Улсын бүртгэлийн ерөнхий газар,

Гуравдагч этгээд “А” НЭЗХЭ,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0078 дугаар шийдвэр,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.У,

нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч У.М,

гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Б,

гуравдагч этгээдийн өмгөөлөгч Р.Л,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Ч,

Хэргийн индекс: 128/2025/0584/З.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас шүүхэд хандан “А НЭЗХЭ” гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0078 дугаар шийдвэрээр Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.3, Аялал жуулчлалын тухай хууль /шинэчилсэн найруулга/-ийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан гаргасан “А НЭЗХЭ гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болгохыг тогтоож, тус нэрийн баталгаажуулалтыг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1 Анхан шатны шүүхийн шийдвэр хууль зүйн үндэслэлгүй, хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн. Улсын бүртгэлийн байгууллага Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2, Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмыг зөрчсөн.  

3.2 Шийдвэрийн 38, 39 дэх хэсгийг дүгнэлт нь шүүхийн шийдвэр хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлага хангаагүй. Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд хуулийн этгээдийн нэрийг оноож өгөхөөр зохицуулаагүй бөгөөд хуулийн этгээдийн оноосон нэр түүний бүртгэлийг Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль, холбогдох журмаар зохицуулдаг. 

3.3 Анхан шатны шүүх “нэхэмжлэгч байгууллага нь Төрийн бус байгууллагын тухай хуулиар, гуравдагч этгээд нь Аялал жуулчлалын тухай хууль, Засгийн газрын баталсан журмын дагуу байгуулагдсан, зөвхөн төрийн зарим чиг үүргийг гүйцэтгэх нийтийн эрх зүйн этгээд” гэж тайлбарласан нь үндэслэлгүй. Нэхэмжлэгчээс хуулийн этгээдийг хэн үүсгэн байгуулсан талаар маргаагүй бөгөөд нэр олгосон, хуулийн этгээдийн оноосон нэртэй холбоотой маргаж байгаа. Түүнчлэн гуравдагч этгээдийн хэлбэрийн хувьд нийтийн эрх зүйн хуулийн этгээдээр бүртгүүлсэн ч уг шаардлагыг хангахгүй байна. Учир нь “А” НЭЗХЭ бусдыг захирамжилсан шийдвэр гаргах эрхийг хуулиар болон гэрээгээр олгоогүй.

3.4 Мөн аялал жуулчлалын асуудал хариуцсан төрийн захиргааны төв болон захиргааны байгууллагууд нь хүртэл манай 2 байгууллагын нэрийг андуурч олон нийтэд зарлал тараасан болох нь тогтоогдож байхад гуравдагч этгээдийн нэрэнд “Монголын” гэх үгийг нэмсэн нь нэхэмжлэгчийн эрх, ашиг хөндөгдөх үндэслэл болохгүй гэж дүгнэсэн нь буруу. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

4. Нэхэмжлэгчийн өмгөөлөгчөөс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

4.1 Шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий гаргах, шүүхээс маргааныг шийдвэрлэхдээ хууль, түүнд нийцүүлэн гарсан дүрэм журмыг тайлбарлан хэрэглэхдээ буюу хуулийн этгээдийн нэр өөр хоорондоо адил төстэй, бусдыг төөрөгдөлд оруулахуйц уг маргааныг хуулийн үндсэн үзэл санаа, суурь зарчимд тулгуурлан хэн бүхэнд ойлгомжтой байдлаар тайлбарлан хэрэглэж шийдвэр гаргах нь ач холбогдолтой бөгөөд үндэслэл бүхий шийдвэр болно гэж үзэж байна.

4.2 Хуулийн этгээдийн эрхтэй, биеэ даасан үйл ажиллагаа явуулах эрх бүхий хуулиар хүлээн зөвшөөрсөн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах, хэн үүсэн байгуулах эрхийн талаар маргаан биш харин тухайн үүсгэн байгуулсан хуулийн этгээдийн эрхтэй этгээдийн оноосон нэртэй холбоотой маргаан юм. Оноосон нэр гэдэгт ХХК, ХК, ТӨХК, ОНӨХК ТББ, НЭЗЭ гэх мэт нь хамаарахгүй.

4.3 Хуулийн этгээдийн оноосон нэр нь хүний нэртэй адил биш буюу тогтоосон хууль, журмын хүрээгээр зохицуулан хязгаарласан гэж ойлгож байгаа уг хоёр хуулийн этгээдийн нэр нь Монголын, Мэргэжлийн гэсэн үг орсон байх бөгөөд энэ хоёр үгээр хуулийн этгээдийн оноосон нэрийг ялган хэрэглэх боломжгүй гэж үзэж байна. Мөн тухайн салбарын харилцааг зохицуулсан хуулиар А-той байна гэж заасан болохоос тухайн холбооны нэрийг тусгайлан зааж өгөөгүй, буюу нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээнд хуулийн этгээдийн оноосон нэрийг тусгайлан заах боломжгүй. 

4.4 Мөн хуулийн этгээдийн оноосон нэртэй холбоотой асуудлыг шийдвэрлэхэд тухайн хуулийн этгээдийн явуулж байгаа үйл ажиллагааны чиглэлийг тодруулан авч үзэх боломжгүй буюу үйл ажиллагааны чиглэлээр ялгах боломжгүй. Учир нь хуулийн тэгээд хуулиар хориглоогүй үйл ажиллагааг явуулж болох үүнийгээ дүрэмдээ нэмэх байдлаар шийдвэрлэх боломжтой. Хуулийн этгээдийн оноосон нэрийг анх олгохдоо хууль болон түүнд нийцүүлэн гаргасан журмыг буруу тайлбарлан хэрэглэж төөрөгдөлд оруулах оноосон нэр олгож байгаа үйлдлийг таслан зогсоох нь шүүхийн үндсэн үүрэг гэж үзэж байгаа бөгөөд хууль, журам зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх, зөрчсөн шийдвэрийг хүчингүй болгох нь Үндсэн хууль, түүнд нийцүүлэн баталсан бусад хууль, салбар хуулийн үзэл санаа, суурь зарчимд нийцнэ гэж үзэж байна. Иймд шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэлийн шаардлагыг хангаж өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, гуравдагч этгээдийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

 

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас Улсын бүртгэлийн ерөнхий газарт холбогдуулан “А НЭЗХЭ” гэх оноосон нэр баталгаажуулсныг хууль бус болохыг тогтоож, хүчингүй болгуулах” нэхэмжлэлийг гаргаж, шаардлагын үндэслэлээ “... “А” гэх нэр Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журамд заасны дагуу холбоо, сангийн нэрийг Монголын, мэргэжлийн гэсэн үгээр ялгахгүй, Монголын, мэргэжлийн гэх зэрэг нийтийг төлөөлсөн утга бүхий үг оруулан төөрөгдүүлээгүй байхаар заасан бөгөөд хэрэв мэргэжлийн гэх үг орсон байвал бүртгэхгүй байх, мөн Аялал жуулчлалын гэсэн үг манай нэртэй давхардсан байхад А гэх нэрийг олгосон явдал нь дээрх хууль тогтоомжийг зөрчсөн, ...  “А” НЭЗХЭ гэх байгууллага нь манай байгууллагын дүрэмд заасан үйл ажиллагаа, бидний тогтмол явуулдаг ажлуудтай давхацсан, яг адилхан аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг байгууллага байна. Ингэснээр манай байгууллагын ажил хэргийн нэр хүндэд бодитой эрсдэл үүсэж байна, ... Иргэний хууль, Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хууль болон журмаар тогтоосон шаардлага, хязгаарлалтыг зөрчиж, манай байгууллагын эрх ашгийг ноцтойгоор зөрчсөн ...” гэж,

Хариуцагчаас татгалзлын үндэслэлээ “... “М” ТББ-аас төлөөлөх хүмүүсээ “А НЭЗХЭ”-г үүсгэн байгуулах хурлаар тогтоол, шийдвэр гаргах, дүрэм батлах зэрэг үйл ажиллагаанд оролцуулж, гарын үсгээ зуруулсан. Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлд заасны дагуу А нийтийн эрх зүйн хуулийн этгээд хэлбэрээр байгуулагдсан бөгөөд М нь тухайн үеийн нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах хуралд оролцож, төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүдээс нэр бүхий 3 гишүүдийг үүсгэн байгуулагчаар, 4 гишүүн мэргэжлийн холбооны төлөөлөн удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон байх бөгөөд эдгээр гишүүд нь хуулийн этгээдийг үүсгэн байгуулах тогтоолд гарын үсэг зурж баталсан нь Мэргэжлийн холбоог хуулийн дагуу байгуулагдаж байгааг хүлээн зөвшөөрсөн гэж үзэж байна. Улсын бүртгэгч би Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.3-т заасны дагуу бүртгэсэн нь Хуулийн этгээдийн нэр баталгаажуулах журмын 3 дугаар зүйлийн 3.10.5, 3.10.6-д заасан үндэслэлийг барьж байгаа нь хуульд нийцсэн бөгөөд нэр давхардал үүссэн гэж үзэхгүй...” гэж,

Гуравдагч этгээдээс “...Улсын Их Хурлаас 2023 оны 05 дугаар сарын 04-ний өдөр баталсан Аялал жуулчлалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн толгойг 26 дугаар зүйл, А гэж, мөн зүйлийн 26.1 дэх хэсэгт “А нь түр оператор аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэж заасан. Байгаль орчин, аялал жуулчлалын яамнаас Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгын хэрэгжилтийн хангах зорилгоор тус хуулийн 32 дугаар зүйлийн 32.1-д “энэ хуулийн 26.1-д заасан нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсэн байгуулах хурлыг Аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор зохион байгуулна” гэж заасны дагуу Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/226 дугаар тушаалаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлыг 2023 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлож, тус тушаалын 1 дүгээр хавсралтаар “А НЭЗХЭ”-ын бүх гишүүдийн хурлыг зохион байгуулах журмыг баталж, А, нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр Улаанбаатар хотноо үүсгэн байгуулсан...” хэмээн тус тус тайлбарлан маргасан.

 

          4. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2-т "хуулийн этгээдийн нэр" гэж Иргэний хуулийн 27 дугаар зүйлд заасан, хуулийн этгээдийг бусад хуулийн этгээдээс ялгах зорилгоор хэрэглэх нэрийг”, 13 дугаар зүйлийн 13.3-т “Улсын бүртгэлийн байгууллага Иргэний хуулийн 27 дугаар зүйл, энэ хуулийн 13.7-д заасан журмаар тогтоосноос гадна дараах ерөнхий шаардлагыг хангасан хуулийн этгээдийн нэрийг баталгаажуулна”, 16 дугаар зүйлийн 16.1-т “Өргөдөл гаргагч шинээр байгуулах хуулийн этгээдийг улсын бүртгэлд бүртгүүлэхдээ дараах баримт бичгийг бүрдүүлнэ:” 16.1.1-д “хуулийн этгээдийн нэрийн баталгаажуулалт;” 16.1.2-д “баталсан маягтын дагуу гаргасан өргөдөл;” 16.1.3-д “үүсгэн байгуулах баримт бичиг буюу хуулийн этгээд байгуулах шийдвэр /тогтоол/, дүрэм, хуульд заасан тохиолдолд үүсгэн байгуулах гэрээ;”,  16.1.4-т “шаардлагатай тохиолдолд итгэмжлэл;” 16.1.5-д “улсын тэмдэгтийн хураамж төлсөн баримт;” 16.1.6-д “хувь нийлүүлсэн хөрөнгөтэй тохиолдолд нотлох баримт;”, 16.1.7-д “хуулийн этгээдийн хаягийн нотлох баримт” хэмээн,

          Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.1-т “Хуулийн этгээд өөрийн нэртэй байна. Хуулийн этгээдийн нэр нь түүний зохион байгуулалт, эрх зүйн хэлбэрийг тусгасан байна”, 27.2-д “Хуульд заасан бол хуулийн этгээдийн төрлийг заасан нэртэй байна”, 27.3-д “Хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан буюу бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байж болохгүй”, 27.4-т “Хуулийн этгээдийн нэрийг бусад этгээд хууль бусаар ашиглахыг хориглоно. Энэ заалтыг зөрчсөн этгээд бусдад учруулсан гэм хорыг энэ хуулийн 497 дугаар зүйлд заасан журмын дагуу арилгана”, 27.5-д “Хуулийн этгээд нэрээ хуульд заасан журмын дагуу бүртгүүлнэ”, 27.6-д “Хуулийн этгээдийн ажил хэргийн нэр хүндийг хамгаалахад энэ хуулийн 21 дүгээр зүйлийн заалт нэгэн адил хамаарна” хэмээн,

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д зааснаар захиргааны хэргийн шүүх нь “хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар ... гаргасан нэхэмжлэлийн” дагуу хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг явуулах, 3 дугаар зүйлийн 3.1.3-т нэхэмжлэл гэж “...захиргааны хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар захиргааны хэргийн шүүхэд гаргасан өргөдлийг” ойлгоно хэмээн  тус тус заасан.

          Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу хуулийн этгээд байгуулах, түүнийг улсын бүртгэлд бүртгэх, улсын бүртгэл хөтлөхтэй холбоотой харилцаанд Иргэний хууль эрх зүйн эх сурвалж болох бөгөөд Иргэний хуулийн 27 дугаар зүйлийн 27.3-т зааснаар хуулийн этгээдийн нэр өөр хуулийн этгээдийн нэртэй давхардсан байж болохгүйгээс гадна бусдыг төөрөгдүүлэхээр ижил, төсөөтэй байхыг хориглоно.

 

          5. Тухайн тохиолдолд, Улсын бүртгэлийн ерөнхий газар гуравдагч этгээдийн  “А НЭЗХЭ” гэх оноосон нэрийг баталгаажуулсан нь нэхэмжлэгч “М” ГҮТББ-ийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй.

          Энэ талаарх анхан шатны шүүхийн “...хууль тогтоогчоос А-ны хэрэгжүүлэх чиг үүрэг, эрх зүйн хэлбэр, үүсгэн байгуулах журмыг Аялал жуулчлалын тухай хууль /Шинэчилсэн найруулга/-ийн 26, 32 дугаар зүйлд тусгайлан заасан нь нэхэмжлэгч “М” ГҮТББ-ыг үүсгэн байгуулах журам болон хуулийн этгээдийн хэлбэрээс ялгаатай, ... “М” ГҮТББ нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан журмын дагуу үүсгэн байгуулагдсан, ашгийн төлөө бус гишүүддээ үйлчилдэг төрийн бус байгууллага бол “А” НЭЗХЭ нь аялал жуулчлалын асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүний баталсан журмын дагуу аялал жуулчлалын асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага Аялал жуулчлалын тухай хууль батлагдсан өдрөөс хойш 90 хоногийн дотор уг хууль батлагдахаас өмнө байгуулагдан аялал жуулчлалын салбарт үйл ажиллагаа явуулж байгаа ... нийтийн эрх зүйн хуулийн этгээд, ... улсын бүртгэлийн байгууллагаас гуравдагч этгээдийн нэрийн баталгаажуулалтыг хийсэн нь нийтэд төөрөгдүүлсэн буюу нэхэмжлэгчийн “М” ГҮТББ-ын оноосон нэртэй ижил, төсөөтэй байдлаар хэрэглэгдсэн гэж үзэх үндэслэлгүй” гэх дүгнэлт хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв. 

            6. Тодруулбал, нэхэмжлэгч “М” ГҮТББ-аас “А” НЭЗХЭ-ийн нэрийг баталгаажуулсан нь андуурал, төөрөгдөл үүсгэж, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг нь зөрчсөн хэмээн тайлбарлан маргах боловч нэхэмжлэгч болон гуравдагч этгээдүүд нь:

6.1. хуулийн этгээдийн үндсэн хэлбэрийн хувьд ялгаатай буюу нэхэмжлэгч нь Төрийн бус байгууллагын тухай хуульд заасан “гишүүдэд үйлчилдэг төрийн бус байгууллага”, харин гуравдагч этгээд нь Аялал жуулчлалын тухай хуульд зааснаар аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий, ашгийн төлөө бус тусгайлсан чиг үүрэг бүхий нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна.

6.2. Үгийн шууд утгын хувьд “М” болон “А” гэх хоёр оноосон нэрийг “давхардсан”, “бусдыг төөрөгдүүлэхээр ижил”, “төсөөтэй” хэмээн үзэх боломжгүй бөгөөд хуульд заасан журмын дагуу хэрэгт нотлох баримтаар авагдсан Улсын бүртгэлийн ерөнхий газрын 2025 оны 6 дугаар сарын 24-ний өдрийн 6/8302 дугаар албан бичиг, шүүхээс хийсэн үзлэгийн тэмдэглэл болон холбогдох бусад баримтаар тус улсын хуулийн этгээдийн мэдээллийн санд “соёлын”, “бизнес”, “Монголын Адын зөвлөл” зэрэг нэхэмжлэгчтэй төстэй нэршил, үйл ажиллагааны чиглэл бүхий гишүүддээ болон нийгэмд үйлчилдэг төрийн бус байгууллагууд бүртгэгдсэн.

 6.3.  Улсын Их Хурлаас 2023 онд Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгыг баталж, хуулийн 26 дугаар зүйлийн 26.1 дэх хэсэгт “А нь түр оператор аяллын агент, аялал жуулчлалын үйлчилгээний байгууллага, жуулчны хөтөч, тайлбарлагч, нутгийн иргэдэд түшиглэсэн аялал жуулчлал эрхлэгчийн нэгдэл бүхий ашгийн төлөө бус нийтийн эрх зүйн хуулийн этгээд байна” гэж заасан.

Үүнтэй холбогдуулан Байгаль орчин, аялал жуулчлалын сайдын 2023 оны 6 дугаар сарын 27-ны өдрийн А/226 дугаар тушаалаар нийтийн эрх зүйн хуулийн этгээдийг үүсгэн байгуулах бүх гишүүдийн хурлыг 2023 оны 07 дугаар сард Улаанбаатар хотноо зохион байгуулахаар товлон зарлаж, 2023 оны 07 дугаар сарын 21-ний өдөр зохион байгуулагдсан хуралд нэхэмжлэгч “М” ТББ-ийн Төлөөлөн Удирдах зөвлөлийн гишүүн тэргүүтэй хүмүүс оролцож “А” НЭЗХЭ-г үүсгэн байгуулалцсан зэрэг үйл баримтаар нэхэмжлэгчээс өөрийн дүрэмд заасан үйл ажиллагаагаа хэрэгжүүлэхэд хариуцагчийн баталгаажуулсан “А” гэх хуулийн этгээдийн нэр “давхардсан”, “бусдыг төөрөгдүүлэхээр ижил”, “төсөөтэй” болон “төөрөгдөл” үүсгэсэн гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

 

7. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 01 дүгээр сарын 15-ны өдрийн 128/ШШ2026/0078 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгч талаас давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

                             ШҮҮГЧ                                                Б.АДЪЯАСҮРЭН

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА