Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 02 сарын 17 өдөр

Дугаар 60

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч С.Оюунчимэг даргалж,

Нарийн бичгийн дарга Г.Гантогтох,                                       

Улсын яллагч М.Гансувд,

Шүүгдэгч Я.Цогтгэрэл, түүний өмгөөлөгч Д.Дашдорж нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Нийслэлийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Боржигон овогт Ядамсүрэнгийн Цогтгэрэлд холбогдох эрүүгийн 201601000237 дугаартай хэргийг шүүн хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол улсын иргэн, 1998 оны 05 дугаар сарын 15-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 19 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Шинжлэх ухаан технологийн их сургуулийн КТМС-ын Бизнесийн удирдлагын 2 дугаар дамжааны оюутан, “ Гэр бүл, хүүхэд, залуучуудын хөгжлийн газар “ -ын харъяа  “ Өнөр бүл “ - 1 төвийн байрны 246 тоотод түр оршин суух хаягтай, ял шийтгэлгүй, бие эрүүл, ухаан бүрэн, / РД: У3 98051513 / Боржигон овогт Ядамсүрэнгийн Цогтгэрэл нь:

2016 оны 09 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Тэмүүжингийн гудамжинд байрлах цэцэрлэгийн сааднаас 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай " өвс " гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн, олж авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртлэх хугацаанд дээрх бодисыг болон тетрогидроканнабинолын агууламжтай " Сосо Соlа " гэх хуванцар сав, мөнгөлөг өнгийн тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо, 12 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах " Өнөр бүл-1 " төвийн байрны 246 тоот орон сууцны тагтан дээр хадгалсан гэмт хэрэгт холбогджээ.   

                                                                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүхийн хэлэлцүүлэгт дараахь нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

Я.Цогтгэрэлийн биед үзлэг хийж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай:

...Үзлэгийн явцад Я.Цогтгэрэлийн шээснээс мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн эсэхийг гогтоох зорилгоор шээсэнд 5 төрлийн мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис /МОР, МЕТ, СОС, АМР, ТНС/ илрүүлдэг БНХАУ-д үйлдвэрлэгдсэн "Drugs of abuse test" нэртэй тестийг ашиглах талаар санал болгоход татгалзах зүйлгүй гэх тул МБГ-ын төв байрны 2 давхрын 00-ийн өрөөнд оруулан зориулалтын хуванцар савтай тестэнд шалгаж битүүмжлэлийг Я.Цогтгэрэл болон хөндлөнгийн гэрч нарт харуулан задалж Я.Цогтгэрэлийн шээсэнд тестийг зааврын дагуу дүрж үр дүнг хүлээв.

1 минутын дараа тестний МОР хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, МЕТ хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, СОС хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, АМР хэсгийн Т, С түвшинд 2 улаан зураас сөрөг /илрээгүй/, ТНС хэсгийн С түвшинд 1 улаан зураас эерэг /илэрсэн/ гэсэн утгыг заасан ба тетрагидроканнабинолын агууламж бүхий мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодис хэрэглэсэн гэсэн утгыг илэрхийлж байлаа.Тест ашигласны дараа гарсан үр дүнг гэрэл зургийн аргаар бэхжүүлж 3 кадр зураг авсан бөгөөд үзлэгийн явцад өөр зүйл илрээгүй..." гэх тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-11 /

- Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Уг газар нь Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “ Өнөр бүл “ цэцэрлэгийн хойд талд байх Их тойруу гудамжны 30 дугаар байрны 246 тоотод болсон байх ба уг байрны 13 давхарт гарахад зүүн гар талд өөдөөс харсан төмөр бор хаалга байх ба хаалгаар дотогш ороход том өрөө байв. Том өрөөний зүүн урд талд жижиг өрөө байрлах ба уг өрөөний урд талд тагт буюу тавцан байв.  Я.Цогтгэрэл нь уг тавцан дээр “ Коко Кола “ гэх хуванцар ундааны сав болон хуйлсан мөнгө, тугалган цаас зэргийг хадгалсан байсан гэх тул өөрөөр нь заалгаж гэрэл зургаар бэхжүүлэн үзлэгийг дуусгав гэжээ. / хх 16-18 /

- Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэлд: ...Я.Цогтгэрэл нь 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр Баянзүрх дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах " Өнөр бүл " хүүхдийн төвийн 246 тоотын  тагтан дээр хадгалж байсан гэх " Сосо Соlа " гэх улаан өнгийн лого бүхий шошготой 0,5 литрийн хуванцар сав, тогоо хэлбэрт оруулсан дотроо хар хүрэн өнгийн зүйлээр бохирлогдсон мөнгөлөг өнгийн тугалган цаас, " Сосо Соlа " гэх улаан өнгийн лого бүхий шошготой 0,5 литрийн хуванцар савны доод хэсэгт цоолж зоосон харалж бохирлогдсон хуйлсан 1 төгрөгний мөнгөн дэвсгэрт эд зүйлс байв. Уг эд зүйлсийн онцлог шинж тэмдэгийг үзэхэд " Сосо Соlа " гэх улаан өнгийн лого бүхий шошготой 0,5 литрийн хуванцар савны ёроол хэсэгтээ хар хүрэн өнгийн шингэн зүйлээр бохирлогдсон, тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг өнгийн тугалган цаас, хуйлж ороосон " Сосо Соlа " гэх хуванцар савны доод хэсэгт цоолж хийсэн 1 төгрөгний мөнгөн дэвсгэрт нь харалж бохирлогдсон байлаа. Дээрх " Сосо Соlа " гэх улаан өнгийн лого бүхий шошготой 0,5 литрийн хуванцар саванд мөнгө хуйлж цоолж хийсэн болон мөнгөлөг өнгийн тугалган цаасыг тогоо хэлбэрт оруулсан нь бонго гэж нэрлэдэг хар тамхи, мансууруулах бодис хэрэглэхэд гар аргаар хийж ашигладаг зүйл байсныг тэмдэглэлд тусган уг эд зүйлсийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн Тусгай шинжилгээний хэлтэст хүргүүлэхээр тогтож тэмдэглэлийг дуусгав гэжээ. / хх 19-20 /

Гэрч Д.Буянжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...Би 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр сэтгэл зүйч Наранжаргалаас " Өнөр бүл " төвийн Залуучуудын төвийн залуучуудыг хүлээн авахаар уг төвийн байрны 246 тоотод орсон. Уг өрөө нь том болон жижиг 2 өрөөтэй байсан. Гал тогооны өрөөтэй залгаа жижиг өрөө байсан. Жижиг өрөөний гадна байрлах тагтыг цонхоор нь харсан. Тэгтэл ягаан өнгийн бүтээлгийн хажууд газар Сосо Соla гэх англи үсэгтэй бичигтэй ундааны хуванцар савны хажуу бөөрөнд нь 1 төгрөг хуйлаад зоосон мөнгөлөг өнгийн тугалган цаастай зүйл байсан. Тэгээд би тагтан дээр гарч хартал сэжиг бүхий зүйл байхаар нь зургийг нь гар утсаараа авчихаад гараад явсан. Тэгээд 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр 246 тоот өрөөнд дахиж орж үзтэл нөгөө зүйл тагтан дээрээ дотроо шингэн шарласан устай хэрэглэсэн шинжтэй байхаар нь авсан. Тэр үед Я.Цогтгэрэл уг өрөөнд байгаагүй учраас хамт байдаг Анхтөр гэх хүүхдээс асуутал Я.Цогтгэрэлийн олж ирсэн зүйл. Би мэдэхгүй гэсэн. Тэгээд хуванцар саваа төв рүү буюу Өнөр бүл төвдөө мэдэгдэж хэлсэн. Түүний дагуу Гэр бүл, хүүхэд залуучууд хөгжлийн газраас танай байгууллагад албан тоотоор хандсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай сэтгэл зүйч Наранжаргал бид нар Я.Цогтгэрэлээс хэнээс хаанаас олж авсан талаар асуусан. Тэгээд мансууруулах төрлийн зүйл мөн үү гэхэд “ Миний юм. Өвс гэдэг гэж “ хэлсэн. Хэзээнээс хэрэглэж эхэлсэн гэхэд “ Сар болж байна “ гэж байсан. Хэнтэй нийлж хэрэглэдэг вэ гэхээр “ Би өөрөө л хэрэглэдэг “ гэж байсан.

Я.Цогтгэрэл нь 2002 оны 01 дүгээр сарын 07-ны өдөр манай төв дээр анх асруулахаар ирсэн байсан. Асруулах шалтгаан нь тухай үед хагас өнчин гэх шалтгаанаар Хан-Уул дүүргийн Засаг даргын захирамжаар манайд албан ёсоор ирсэн байсан. Тэгээд төрсөн эх Цогоо нь 2014 онд нас бараад бүтэн өнчин болсон Я.Цогтгэрэлийн дүү Я.Идэржавхлан нь Өнөр бүл төвийн байранд амьдардаг гэжээ. / хх 22 /

Гэрч У.Наранжаргал мөрдөн байцаалтын явцад мэдүүлэхдээ: ...2016 оны 10 дугаар сарын 12-ны өдрөөс 2 хоногийн өмнө 2 дахь өдөр байсан. Өнөр бүл төвийн нийгмийн ажилтан Буянжаргалын ажлыг хүлээлцэж уг төвийн 246 тоотод ороход тагтан дээр нь Coco Cola гэх жижиг хуванцар савны хажуу бөөрөнд нь нүх гаргаж цоолоод мөнгө хуйлж хийгээд мөнгөний үзүүр дээр нь мөнгөлөг өнгийн тугалган цаас хийчихсэн байсан. Тагтан дээр байхад нь харахад бол удсан юм шиг дотроо шингэнтэй их эвгүй үнэртэй болчихсон байсан. Анхтөрөөс асуухад Я.Цогтгэрэлийнх гэж хэлсэн хэнээс, хаанаас олж авчирсан талаар мэдэхгүй гэж байсан.

Я.Цогтгэрэл өмнө нь өвс гэх зүйл хэрэглэж байсан талаар мэдэхгүй, тийм асуудал гаргаж байгаагүй.  Я.Цогтгэрэл бүтэн өнчин учраас хар багаасаа уг төвд ирж цэцэрлэг сургуульд суралцаж дотуур байранд очиж хүмүүжсэн. Я.Цогтгэрэл нь хүнтэй харилцахдаа их гайгүй харьцдаг байсан. Я.Цогтгэрэлийн хувьд 18 нас хүрчихсэн биеэ бүрэн авч явах боломжтой болсон учраас манай төвд байх шаардлагагүй боловч Я.Цогтгэрэлийн сургуульд сурч байгаа байдал ах дүү хамаатан садан байхгүй учраас түр байрандаа байлгаж байгаа юм гэжээ. / хх 24-25/

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 9622 тоот дүгнэлтэнд:

1. Шинжилгээнд ирүүлсэн хураагдсан гэх дотроо хар, хүрэн өнгөр, шингэн
зүйлээр бохирлогдсон, хажуу бөөрөнд нь нүх гаргаж 1 төгрөгний мөнгөн дэвсгэрт
зоосон 0,5 литрийн " Сосо Соlа " гэх хаягтай хуванцар сав / бонго / болон тогоо
хэлбэрт оруулсан мөнгөлөг саарал тугалган цаас зэрэг нь шинжилгээнд тэнцэнэ
гэж үзлээ.

2. Шинжилгээнд ирүүлсэн " Сосо Соlа " гэсэн хаягтай хажуу талдаа соруул
бүхий хуванцар саванд сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9
тетрагидроканнабинол / delta 9-tetrahydrocannabino / агууламж илрэв. Шинжилгээнд ирүүлсэн тогоо хэлбэрт оруулсан мөнгөлөг саарал тугалган цаасанд сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол / delta 9-tetrahydrocannabinol/-н агууламж илрэв.

3. Дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтдаг гэжээ. / хх 28-29 /

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10327 тоот дүгнэлтэнд:

1.2.3.4. Шинжилгээнд ирүүлсэн дээж нь шинжилгээ хийхэд тэнцэж байна. " У3 98051613 Я.Цогтгэрэл " гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулга илэрч байна.

Илэрсэн бодис нь НҮБ-ын " Сэтгэцэд нөлөөх бодисын тухай конвенц "-ийн жагсаалтанд багтдаг болно гэжээ. / хх 31 /

Шүүгдэгч  Я.Цогтгэрэлийг 2016 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр сэжигтнээр байцаасан тэмдэглэл / хх 38-40 /, 2017 оны 01 дүгээр сарын 04-ний өдөр яллагдагчаар байцаасан тэмдэглэл / хх 41-43 /

Шүүгдэгч урьд шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас / хх 45 / зэрэг болно.

Шүүгдэгч Я.Цогтгэрэл шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ: Би интернетээр өвсийг харсан. Циркээс урагш байрны сааданд сууж байгаад адилхан ургамал байхаар нь түүж авсан. Тэгээд хэрхэн хэрэглэх талаар мэдэж аваад өөрийн амьдардаг байрныхаа тагтан дээр 2 удаа хэрэглэсэн. Тэндээ орхисон байсныг манай нийгмийн ажилтан Д.Буянжаргал мэдсэн. Анх сонирхоод л хэрэглэж үзсэн.

Энэ хугацаанд би хэрэггүй зүйл юм байна гэдгийг сайн ойлгосон. Үүнээс хойш дахин хэрэглээгүй. Цаашид сурч мэргэжил эзэмшин өөрийнхөө мөрөөдлийг биелүүлэхийн төлөө явна. Би 4 настайгаасаа асрамжийн газарт ирсэн бөгөөд хичээл номондоо шамдан суралцаж, их сургуульд орсон. Одоо би амьдралд юу үнэ цэнэтэй болохыг ойлгосон. Би хичээлийн бус цагаар машин засварын газарт ажиллаж байгаа. Миний ирээдүйг бодож, хөнгөн ял оногдуулж өгнө үү гэв.

Шүүгдэгч Я.Цогтгэрэл нь 2016 оны 09 дүгээр сарын дундуур Сүхбаатар дүүргийн 2 дугаар хороо, Тэмүүжингийн гудамжинд байрлах цэцэрлэгийн сааднаас 1971 оны НҮБ-ын "Сэтгэцэд нөлөөт бодисын тухай" конвенцийн 2 дугаар жагсаалтанд багтсан тетрогидроканнабинолын агууламжтай " өвс " гэх нэршилтэй мансууруулах болон сэтгэцэд нөлөөт бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж, бэлтгэн, олж авч, 2016 оны 10 дугаар сарын 12-ны өдөр хүртлэх хугацаанд дээрх бодисыг болон тетрогидроканнабинолын агууламжтай " Сосо Соlа " гэх хуванцар сав, мөнгөлөг өнгийн тогоо хэлбэрт оруулсан тугалган цаас зэргийг Баянзүрх дүүргийн 1 дүгээр хороо 12 дугаар хорооллын нутаг дэвсгэрт байрлах " Өнөр бүл-1 " төвийн байрны 246 тоот орон сууцны тагтан дээр хадгалсан гэмт хэргийг үйлдсэн болох нь шүүх хуралдаанд хэлэлцэгдсэн дараах нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.Үүнд: ... Я.Цогтгэрэлийн биед үзлэг хийж, мансууруулах бодис хэрэглэсэн эсэхийг шалгах тест ашигласан тухай тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд / хх 10-11 /, Хэрэг учралын газарт нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл / хх 16-18 /, Эд зүйлд үзлэг хийсэн тэмдэглэл / хх 19-20 /, … Гал тогооны өрөөтэй залгаа жижиг өрөө байсан. Жижиг өрөөний гадна байрлах тагтыг цонхоор нь харсан. Тэгтэл ягаан өнгийн бүтээлгийн хажууд газар Сосо Соla гэх англи үсэгтэй бичигтэй ундааны хуванцар савны хажуу бөөрөнд нь 1 төгрөг хуйлаад зоосон мөнгөлөг өнгийн тугалган цаастай зүйл байсан. Тэгээд би тагтан дээр гарч хартал сэжиг бүхий зүйл байхаар нь зургийг нь гар утсаараа авчихаад гараад явсан. 2016 оны 10 дугаар сарын 14-ний өдөр манай сэтгэл зүйч У.Наранжаргал бид нар Я.Цогтгэрэлээс хэнээс хаанаас олж авсан талаар асуусан. Тэгээд мансууруулах төрлийн зүйл мөн үү гэхэд “ Миний юм. Өвс гэдэг гэж “ хэлсэн гэж мөрдөн байцаалтын шатанд мэдүүлсэн гэрч Д.Буянжаргалын мэдүүлэг  / хх 22 /, …Я.Цогтгэрэлээс уг зүйлийг юу болох талаар Буянжаргал бид хоёр асуухад “ Циркийн тэнд байдаг байрны гадаанаас олж авч хэрэглээд, тагтан дээр тавьчихсан байсан. Өвс гэдэг “ гэж хэлсэн гэж мөрдөн байцаалтын явцад гэрч У.Наранжаргалын мэдүүлсэн мэдүүлэг / хх 24-25 /, ... Шинжилгээнд ирүүлсэн " Сосо Соlа"гэсэн хаягтай хажуу талдаа соруул бүхий хуванцар саванд, мөнгөлөг саарал тугалган цаасанд сэтгэцэд нөлөөт бодис болох дельта-9 тетрагидроканнабинол /delta-9 tetrahydrocannabinol/-н агууламж илэрсэн бөгөөд энэ нь НҮБ-ын 1971 оны Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай конвенцын 2-р жагсаалтанд багтдаг гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт  / хх 28 /,  …” Я.Цогтгэрэл " гэсэн хаягтай шээснээс тетрагидроканнабинол /tetrahydrocannabinol/-ийн агуулгатай бодис илэрсэн нь НҮБ-ын " Сэтгэцэд нөлөөх бодисын тухай конвенц "-ийн жагсаалтанд багтдаг болно гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 10327 тоот дүгнэлт / хх  31 / зэрэг болно.

Шүүхээс шүүгдэгч Я.Цогтгэрэлийг  НҮБ-ын баталсан “Сэтгэцэд нөлөөлөх бодисын тухай” конвенцийн 2 дугаар жагсаалтад орсон мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх бодис бүхий ургамлыг хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, хуульд заасан хорих ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүгдэгч Я.Цогтгэрэлд ял шийтгэл оногдуулахдаа анх удаа хүндэвтэр гэмт хэрэг үйлдсэн, үйлдсэн хэргээ шударгаар хүлээн мэдүүлж, чин санаанаас гэмшсэн зэргийг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, Я.Цогтгэрэл нь бүтэн өнчин бөгөөд анх удаа гэмт хэрэг үйлдсэн, шинжээчийн дүгнэлтээр мансууруулах бодисын хамааралтай гэх шинж тэмлэг илрээгүй зэргийг харгалзан түүнд оногдуулсан хорих ялыг биечлэн эдлүүлэх шаардлагагүй гэж үзлээ.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн “ Сосо Соlа “ хүслийн ундаа гэх хаягтай 0.5 л хуванцар сав 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, бохирлогдсон Монгол улсын мөнгөн тэмдэгт 1 төгрөг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгахаар шийдвэрлэв.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 286, 294, 297, 298 дугаар  зүйлүүдийг удирдлага болгон 

                                                                                                                  ТОГТООХ нь:

1. Боржигон овогт Ядамсүрэнгийн Цогтгэрэлийг мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх бодисыг борлуулах зорилгогүйгээр хууль бусаар түүж бэлтгэн, олж авч, хадгалсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 192 дугаар зүйлийн 192.1-д зааснаар 1 жил 2 сарын хугацаагаар хорих ялаар шийтгэсүгэй.

2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.5-д зааснаар Я.Цогтгэрэлийн эдлэх ялыг жирийн дэглэмтэй хорих ангид эдлүүлсүгэй.

3. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 88 дугаар зүйлийн 88.1.1-д зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн “ Сосо Соlа “ хүслийн ундаа гэх хаягтай 0.5 л хуванцар сав 1 ширхэг, мөнгөлөг өнгийн тугалган цаас 1 ширхэг, бохирлогдсон 1 төгрөг зэргийг тогтоол хүчин төгөлдөр болмогц устгаж,  Я.Цогтгэрэл нь төлөх төлбөргүй, цагдан хоригдоогүй болохыг тус тус дурьдсугай.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 61 дүгээр зүйлийн 61.1, 61.4-д зааснаар Я.Цогтгэрэлд оногдуулсан 1 жил 2 сарын хорих ялыг тэнсэж,  1 жилийн хугацаагаар хянан харгалзаж, түүний засрал хүмүүжилд хяналт тавихыг Баянзүрх дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст даалгасугай.

5. Я.Цогтгэрэлд авсан оршин суугаа газраасаа гадагш явж болохгүй таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

6. Тогтоолд давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргавал тогтоолын биелэлтийг түдгэлзүүлсүгэй.

Шийтгэх тогтоолыг ялтан, өмгөөлөгч, яллагч нар эс зөвшөөрвөл тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногт  Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, яллагч эсэргүүцэл бичих эрхтэй.

 

                       ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                                    С.ОЮУНЧИМЭГ