Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 08 өдөр

Дугаар 07

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                         

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа

Нэхэмжлэгч Г.С

Хариуцагч Ц.Б нарыг оролцуулан нэхэмжлэгч Г.С ийн нэхэмжлэлтэй хариуцагч Ц.Б холбогдох  3846110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 сарын 07-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч Г.С  шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Ц.Б нь 2019 оны 04 сард болон 8 сард нийт 3 удаагийн үйлдлээр 17500000 төгрөг авч мал нийлүүлнэ гэж худал хэлж авсан бөгөөд одоогоор нэг ч мал нийлүүлээгүй, утасдахаар малыг чинь үрчихсэн, чаддаг юм бол ирээд аваарай. Надад Бор-Өндөрт таньдаг цагдаа зөндөө байна. Намайг хэн гэдгийг мэдэх үү, би бүгдийг танина гээд ерөөсөө ийм л юм ярьдаг. Эхнэр нь М  нь салчихсан, мэдэхгүй, үлдэгдлээ авна гэвэл горьд гээд өчигдөр уулзахад нэг ч төгрөг өгөхгүй, цагдаа прокуророо яв, харъя гэсэн. Би нийт 17500000 төгрөгнөөс Ц.Б  Hyundai mighty маркийн машиныг 12000000 төгрөгөөр үнэлэн авч 2019 оны 08 сарын 30-нд 1 сая, 2019 оны 10 сарын 10-нд 1 сая төгрөг тус тус авсан боловч одоо үлдэгдэл мөнгөө өгөхгүй гэх юм. Би 17500000 төгрөгний 14000000 төгрөгийг Орхонцэцэгээс, 4500000 төгрөгийг ахаас зээлсэн юм. 14000000 төгрөгийг авахдаа сарын 5 хувийн хүүтэй зээлсэн бөгөөд хүү болох нийт 5 сарын хүү 3500000 төгрөгийг одоо болтол төлөөгүй байна. Батзангиагаас авлагаа авахын тулд Улаанбаатар хотоос Бор-Өндөр чиглэлд нийт 3 удаа ирж буудал, хоол хүнс, бензин гээд л цаг хугацаагаар хүртэл хохирлоо. Тийм учраас Ц.Б гэх хүнээс 3500000 төгрөг, замын зардал, бусад зарлага болох буудал хоол хүнсний зардал нийт 3846110 төгрөгийг гаргуулж өгнө үү” гэжээ. 

Хариуцагч Ц.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Б миний Маяти-2 маркийн авто машиныг 2019 оны 04 сарын 26-нд Жинхуа компанийн уурхай руу авч явсан. Надад машины үнэ гэж 5 сарын 3-нд 2000000 төгрөг дансанд хийгээд таг чиг алга болсон. Үүний өмнө 4 сард мал махны мөнгө гэж 10000000 төгрөг өгсөн байсан. 5 сарын 3-наас хойш С  утас руу нь олон удаа залгаж, мессэж бичсэн. Тэр мессэж бичихдээ Хятад эзэн захирал мөнгөндөө явсан одоо хийнэ. 5, 7 хоног удахгүй хийнэ. Та наагуураа зохицуулж бай, санаа зоволтгүй удахгүй мөнгө төгрөгийг чинь өгнө гэсэн. Би С итгээд хувь хүн, ББСБ, өөрийнхөө боломж бололцоогоороо Бонго-3 авто машин авсан. С энэ цагаас эхлэн утсаа авахаа больж ярихгүй таг болсон. Би бодохдоо миний Маяти машиныг Хятад захирал гэх хүндээ өгөхдөө та үнэ мөнгө асуувал мэдэхгүй битгий өд төд гэж хэлээрэй гэсэн ч бодоод хар авсан. Учир нь анх 13000000 төгрөг гэж тохирсон байсан. Сүүлд 8 сарын 29-нд ирэхдээ /Би С  цагдаад өгсөн байсан үе/ 12000000 төгрөгөөр тохирсон гэж худлаа ярьсан. С би Бонго-3 авсан, машины мөнгөө авъя гэж олон удаа эгч рүү нь хэлүүлж мессэж бичсэн хариу өгөхгүй утсаа ч авахгүй таг чиг болсон. Би С итгээд хүнээс хүүтэй мөнгө зээлж авсан байсан учир мал авахуулна гэж өгсөн мөнгөнөөс нь авч хүмүүсийн өрийг дарж хүүг нь зогсоосон. Харин Гялс ББСБ-ын мөнгийг одоо болтол хүүтэй нь төлж байна. Би С  6-р сард цагдаад гомдол гаргаж өгсөн байсан. Энэ хугацаанд манай эхнэр М  С  олж уулзах гэж Улаанбаатар хот руу 2 удаа явсан. Уулзаж чадаагүй ирсэн. С нь Жинхуа уурхайн орчуулагч, нягтлан гэж анх өөрийгөө хэлж байсан болохоор тэр уурхайд нь очиход манайд тийм хүн байхгүй мэдэхгүй гэж харуул нь хэлсэн. Тэнд байгаа хятад хүмүүстэй нь хэл ам нэвтрэхгүй монгол хэл мэдэх хүн байхгүй юм билээ. 11 сая төгрөгөө өгөхдөө манай хятад эзэн, захирал одоо хийнэ орсон уу гэж асууж байсан. Сүүлд 8 сард ирэхдээ миний эгчийн мөнгө гэсэн би ойлгоогүй. 8 сарын 8-нд миний дансанд 4500000 төгрөг хийсэн байсан. Бид хүүгийнхээ үсний найранд зарцуулж машинаа /Prius-20/ барьцаанд тавьсан байсан учир тэр мөнгөнөөс авч төлсөн машинаа зээлгүй болгож авсан. Би бодохдоо цагдаагаас С рүү ярьж тэгээд над руу мөнгө хийсэн байна гэж ойлгосон. 8 сард ирээд явахад нь бид /Prius-20/ машинаа ББСБ-д барьцаанд тавьж 1000000 төгрөг зээлж өгч явуулсан бид одоохондоо боломж муу байна багаар ч болов удаахгүй өгнө гэж тохиролцсон. Тэр үед бидэнд амьдралын хэцүү үе тулгарч манай эхнэрийн аав нь бурхан болсон. Бид Өмнөговь аймаг Ханбогд сум руу явах болж мөнгө төгрөг их хэрэгтэй болсон. Энэ учир байдлаа С түүний эгч Орхонд бид хэлж учраа ойлгуулсан. С биднийг луйварчин гэж доромжилсон байсан. Миний том охин Зулзаяаг сургууль дээр нь очин найзаар нь дуудуулж гэрээ зааж өг, цуг явъя гэж сургууль дээр нь айлгаж, охин орой нь энэ бүгдийг айсан гэж ээждээ хэлсэн байна. Сүүлийн мөнгөө 10 сарын 15-нд 1000000 төгрөг өгсөн. Бидэнд өгөхгүй гэсэн бодол байгаагүй. Бор-Өндөрт ирсэн байна гэхэд нь бүдүүн эм хонь 20 толгойг ав гэсэн гэтэл Хажуу-Улааны тэндээс үхэр аваад Хэнтий явлаа гэсэн. Тэр үед хөдөө явж байсан учир манай эхнэр уулзсан байсан. Та нар мөнгөө өгч чадахгүй юм бол ялаа эдэлж шорондоо яв гэж занаж доромжилсон байсан. Бид энэ хүнд С боломж бололцоогоороо мөнгө өгч байсан боловч одоо биднээс илүү хүү, мөнгө нэхэж байна. Би С  хэлсэн үгэнд найдаж итгэн хувь хүн, ББСБ-иас хүүтэй мөнгө зээлэн хүүг нь төлж хохирч байгаа учир хохирлоо барагдуулж зардал мөнгөнд төлсөн хүүгээ төлүүлж авахыг хүсэж байна” гэжээ.

Нэхэмжлэгч Г.С  шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Г.С  нь Ц.Батзангиатай тохиролцож 100 төлөг, 100 борлон болох бог мал худалдаж авахаар 2019 оны 04 сарын 23-ны өдөр 11 сая төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 2 сая төгрөг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр 4.500.000 төгрөг нийт 17.500.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн. Ц.Б нь нэг ч бог мал өгөөгүй. 2019 оны 04 сарын 26-ны өдөр Ц.Ц.Б  Маяти-2 маркийн авто машиныг 12 сая төгрөгөөр тохиролцож авсан. 2019 оны 08 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг Ц.Б авсан. Одоо мал худалдаж авахаар өгсөн мөнгөний үлдэгдэл 3.500.000 үлдсэн. Энэ 3.500.000 төгрөгийг гаргуулна. Мөн Ц.Б мөнгөө авахаар 2019 оны 08 сард, шүүхэд нэхэмжлэл өгөхөөр 2019 оны 11 сард ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны мөнгө 346110 төгрөг нийт 3.846.110 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэл гаргасан. Энэ дээр 2019 оны 12 сар, өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны зардал 193000 төгрөгийг нэмэгдүүлээд нийт 4.039.110 төгрөгийг Ц.Б гаргуулж өгнө үү” гэв.

Хариуцагч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “Ц.Б миний бие Г.С тэй тохиролцож 100 төлөг, 100 борлон болох бог мал нийлүүлэхээр болсон. 2019 оны 04 сарын 23-ны өдөр мал цуглуулж өгөөч гэж 11 сая төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр миний машины үнэ 2 сая төгрөг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр машины үнэ 4.500.000 төгрөг нийт 17.500.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж авсан нь үнэн. Цуглуулсан малаа 2019 оны 06 сарын 20-ны өдрийн дотор авна гэсэн. Би нэг ч бог мал өгөөгүй.  Г.С  нь 2019 оны 05 сараас хойш огт сураггүй алга болсон. 2019 оны 04 сарын 26-ны өдөр Ц.Б миний Маяти-2 маркийн авто машиныг худалдаж авахаар тохиролцож, 12 сая төгрөгөөр авсан. 2019 оны 08 сарын 30-ны өдөр 1 сая төгрөг, 2019 оны 10 сарын 10-ны өдөр 1 сая төгрөгийг Г.С т өгсөн. Мал худалдаж авахаар өгсөн мөнгөний үлдэгдэл 3.500.000 төгрөгийг би төлөх үндэслэлгүй. Би хувь хүнээс болон Гялс төгрөг ББСБ-с зээл хийж нийт 2.432.191 төгрөгийг Г.С ээс болж төлсөн. Энэ мөнгийг Г.С ийн нэхэмжилж байгаа мөнгөнөөс хасуулж 1.067.809 төгрөгийг төлөхөд татгалзахгүй. Мөн 2019 оны 08 сард, шүүхэд нэхэмжлэл өгөхөөр 2019 оны 11 сард ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны мөнгө 346110 төгрөг нийт 3.846.110 төгрөгийг мөн дээр нь 2019 оны 12 сар, өнөөдрийн шүүх хуралдаанд ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны зардал 193000 төгрөгийг нэмэгдүүлээд нийт 4.039.110 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрөхгүй. Нийт бог малын үнийн үлдэгдэл 1.500.000 төгрөгийг төлөхийг зөвшөөрч байна” гэв.

Шүүхийн хэлэлцүүлгээр зохигчдын тайлбар болон хэрэгт цугларсан  бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад

Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Г.С  нь хариуцагч Ц.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 3846110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Шүүх хуралдаан дээр нэхэмжлэгч Г.С  нь худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж 3846110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага дээр шүүх хуралдаанд ирсэн замын зардал 193000 төгрөгийг нэмэгдүүлээд нийт 4.039.110 төгрөгийг гаргуулж өгнө үү гэж нэхэмжлэлийн шаардлагыг нэмэгдүүлсэн байна.

Хариуцагч Ц.Б нь нэхэмжлэлийн шаардлагаас 1.500.000 төгрөгийг төлөхийг хүлээн зөвшөөрч үлдэх хэсгийг нь төлөх үндэслэлгүй гэж мэтгэлцэж байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1 243.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч  Г.С  нь хариуцагч Ц.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, бог малын үнэ 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

1-рт: Нэхэмжлэгч  Г.С ийн хариуцагч  Ц.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, бог малын үнэ 3.500.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч нь 17.500.000 төгрөгийг хариуцагчид өгсөн, хариуцагч нь 17.500.000 төгрөгөөс автомашин 12 сая төгрөгөөр тооцож, дээр нь 2 сая төгрөгийг нийт 14 сая төгрөгийг нэхэмжлэгчид өгсөн талаар маргаагүй бөгөөд үлдэгдэл 3.500.000 төгрөгийг төлөх үндэслэлгүй гэж хариуцагч нь тайлбараа гаргасан байна.

            Зохигчид мал худалдах, худалдан авах гэрээг амаар тохиролцож байгуулсан нь Иргэний хуулийн 196 дугаар зүйлийн 196.1.1 дэх хэсэгт зааснаар талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэх үндэслэлтэй байна.

Иргэний хуулийн 243 дугаар зүйлд заасан гэрээг заавал бичгээр байгуулахаар заагаагүй тул талуудын хооронд худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь гэрээгээр хүлээсэн үүргийг гүйцэтгүүлэхээр нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 13 дугаар зүйлийн 13.1 дэх хэсэгт “иргэний эрх зүйн харилцаанд оролцогч хууль буюу гэрээнд заасан эрх, үүргээ үнэнч шударгаар хэрэгжүүлнэ” гэж заасан байна.

Үүргийг үүрэг гүйцэтгэгч гэрээнд заасан хугацаанд үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид хүлээлгэн өгөх үүрэгтэй.

Тухайлбал хариуцагч нь 100 төлөг, 100 борлон нэхэмжлэгчид нийлүүлэхээр тохиролцсон, нэхэмжлэгчид ямар нэг бог мал нийлүүлээгүй, хариуцагч нь нэхэмжлэгчид 12 сая төгрөгт тооцож өөрийн автомашиныг мөн 2 сая төгрөгийг нийт 14 сая төгрөгийг өгсөн талаар маргахгүй байна.

Үүнээс үлдэгдэл 3.500.000 төгрөгийг нэхэмжлэгч хариуцагчаас нэхэмжилсэн боловч хариуцагч Ц.Б нь нэхэмжлэгч Г.С  миний автомашиныг худалдаж авсан мөнгийг төлөөгүй тул би 2.432.191 төгрөгийн зээлийн хүүгийн төлбөрийг өөр хувь хүн болон Гялс төгрөг ББСБ-д төлсөн учир уг мөнгийг хасаад 1.067.809 төгрөгийг төлөх үндэслэлтэй гэж тайлбарыг гаргасан байна.

Хариуцагчийн шүүхэд нотлох баримтаар гаргаж өгсөн 2019 оны 05 сарын 16-ны өдөр Гялс төгрөг ББСБ-тай байгуулсан ЗГ/2533 дугаартай зээлийн гэрээ, барьцааны гэрээ /хх-ийн 28-32/, А.Сайнхүүгээс 5 сая төгрөгийг зээлсэн гэх баримт /хх-33/ зэргээр нэхэмжлэгч нь худалдах худалдан авах гэрээний үүргийг биелүүлээгүй буюу мал бэлтгэн нийлүүлэх гэрээний төлбөрийг бүрэн төлөөгүй, автомашины үнийг төлөөгүй байсны улмаас зээлийн хүү 2.432.191 төгрөгийг төлсөн гэдэг нь нотлогдохгүй байна.

Тухайлбал Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1, 107 дугаар зүйлийн 107.3 дахь хэсэгт зааснаар хариуцагч Ц.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж байгаатай холбоотой нотлох баримтыг өөрөө нотлох, нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна.

Нэхэмжлэгч нь хариуцагчид 2019 оны 04 сарын 23-ны өдөр 11 сая төгрөг, 2019 оны 05 сарын 03-ны өдөр 2 сая төгрөг, 2019 оны 08 сарын 08-ны өдөр 4.500.000 төгрөг нийт 17.500.000 төгрөгийг дансаар нь шилжүүлж өгсөн нь тогтоогдсон, талууд маргаагүй боловч уг 17.500.000 төгрөг нь мал худалдах худалдан авах гэрээний төлбөр эсхүл автомашин худалдах худалдан авах гэрээний төлбөр гэдгийг талуудын аль аль нь нотлож чадаагүй тул уг 17.500.000 төгрөгийг мал худалдах худалдан авах гэрээний үүргийн төлбөрт тооцож, 12 сая төгрөгний автомашиныг мөн уг гэрээний төлбөрт тооцсон байна гэж шүүх дүгнэсэн болно.

Иймд шүүх нэхэмжлэгчийн худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, үлдэгдэл бог малын үнэ 3.500.000 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгох нь зүйтэй байна гэж үзлээ.

2-рт: Нэхэмжлэгч  Г.С ийн хариуцагч  Ц.Б холбогдуулан худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, түүний улмаас гарсан замын зардал, буудал, хоолны зардал 539.110 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

Нэхэмжлэгч Г.С  нь хариуцагч Ц.Б худалдах худалдан авах гэрээний үүргийн биелэлтийг шаардаж, худалдаж авах байсан бог малын үнийн үлдэгдэл мөнгийг авахаар Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2019 оны 08 сард ирсэн, шүүхэд нэхэмжлэл өгөхөөр 2019 оны 11 сард ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны мөнгө 346110 төгрөг мөн 2019 оны 12 сард, 2020 оны 01 сарын 08-нд шүүх хуралдаанд ирсэн замын зардал, буудлын зардал, хоолны зардал 193000 төгрөгийг нэмэгдүүлээд нийт 539.110 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Иргэний хуулийн 9 дүгээр зүйлийн 9.4.4, 227 дугаар зүйлийн 227.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь өөрт учирсан хохирлыг арилгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргах эрхтэй байна.

Мөн Иргэний хуулийн 227 дугаар зүйлийн 227.3 дахь хэсэгт зааснаар үүрэг гүйцэтгэгч үүргээ зөрчсөн бол үүрэг гүйцэтгүүлэгч өөрөөс гарсан зардал болох шатахууны зардал буудлын зардал нь үүрэг гүйцэтгүүлэгчид учирсан хохиролд тооцно гэж заасан байна.

Хэрэгт авагдсан, нэхэмжлэгчийн шүүхэд гаргаж өгсөн нотлох баримтуудаас 2019 оны 11 сарын 07-ны өдөр шүүхэд нэхэмжлэл өгөхөөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирсэн замын зардал буюу автомашины шатахууны зардал 78760 төгрөгийг, 2019 оны 11 сарын 07-ны өдөр буудалд хоносон зардал 40.000 төгрөгийг, 2019 оны 12 сарын 19-ний өдөр буудалд хоносон зардал 40.000 төгрөгийг, 2020 оны 01 сарын 07-ны өдөр Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд ирсэн замын зардал буюу автомашины шатахууны зардал 75000 төгрөгийг,  2020 оны 01 сарын 08-ны өдөр буудалд хоносон зардал 40.000 төгрөгийг нийт 273760 төгрөгийг хариуцагчаас гаргуулж нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 265350 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна.

Шүүхээс нэхэмжлэгчийн Улаанбаатар хотоос Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд 2019 оны 08 сар, 10 сард ирж хоносон буудлын зардал, 2019 оны 08 сар, 11 сар, 12 сар, 2020 оны 01 сард идсэн хоолны зардлууд нь уг хэрэгт шууд хамааралтай биш байх тул хариуцагч уг төлбөрийг төлөх үндэслэлгүй байна гэж дүгнэсэн болно.

Иймд хариуцагч Ц.Б бог малны үнэ 3.500.000 төгрөг, шатахууны зардал, буудлын зардал 273760 төгрөг нийт 3.773.760 /гурван сая долоон зуун далан гурван мянга долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсэг болох 265350 төгрөгийг нь хэрэгсэхгүй болгох нь зүйтэй байна гэж үзлээ.

Нэхэмжлэгч Г.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76488 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ц.Б гаргуулж буй үнийн дүнд ногдох улсын тэмдэгтийн хураамж 75330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.С т олгож, нэхэмжлэгч Г.С ийн нэхэмжлэлийн шаардлагын үнийг ихэсгэсэн хэмжээгээр тооцож нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамж 6440 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар

зүйлийн 82.1.1, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-120

дугаар зүйлд тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

            1.Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 243.2 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч Ц.Б 3.773.760 /гурван сая долоон зуун далан гурван мянга долоон зуун жаран/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Г.С т олгож, нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх хэсгийг нь хэрэгсэхгүй болгосугай.

          2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1,  Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2, 58 дугаар зүйлийн 58.2 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч Г.С ийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 76488 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ц.Б улсын тэмдэгтийн хураамж 75330 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Г.С т олгож, нэхэмжлэгч Г.С ээс улсын тэмдэгтийн хураамж 6440 төгрөгийг гаргуулж төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

          3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

  

ДАРГАЛАГЧ                        М.ЭНХМАНДАХ