| Шүүх | Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүх |
|---|---|
| Шүүгч | Мягмарын Энхмандах |
| Хэргийн индекс | 157/2019/00170/И |
| Дугаар | 14 |
| Огноо | 2020-01-23 |
| Маргааны төрөл | Хүүхдийн тэтгэлэг гаргуулах, |
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр
2020 оны 01 сарын 23 өдөр
Дугаар 14
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа
Нэхэмжлэгч Л.Д нарыг оролцуулан нэхэмжлэгч Улаанбаатар хот Налайх дүүрэг 3-р хороо Л.Д-гийн нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр баг Ө.Ж-т холбогдох хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийг 2019 оны 12 сарын 05-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.
Т О Д О Р Х О Й Л О Х нь:
Нэхэмжлэгч Л.Д шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Ө.Ж-тай 2014 оноос 2017 оны 12 сарыг хүртэл хамтран амьдарч байсан. Бид хамтран амьдарч байхдаа гэрлэлтээ батлуулаагүй байсан бөгөөд 2015 оны 08 сарын 05-нд охин Ж.А төрсөн. Ө.Ж нь хамтран амьдарч байх хугацаандаа байнга биш ч хааяа архи ууж, удаа дараа надад гарч хүрч зодож, танхайрч байсан. Мөн хардаж, сэрдэж, амьдарч байх сүүлийн хугацаанд хэрүүл тасардаггүй байсан. Бид 2017 оны 12 сараас хойш тус тусдаа амьдарч байна. Одоо охин Ж.А 4 настай, цэцэрлэгт суралцаж байгаа, эрүүл бойжиж байна, би сардаа 1.500.000 төгрөгний цалинтай. Ө.Ж нь охиндоо ямар ч тус дэм болдоггүй. Ө.Ж бид хоёрт эд хөрөнгийн маргаан байхгүй. Би өөр хүнтэй гэр бүл болсон. Хүүхэд төрүүлсэн. Одоо нөхөр, 2 хүүхдийн хамт Улаанбаатар хотын Налайх дүүрэгт амьдарч байна. Иймээс охин Ж.А-г өөрийн асрамжид авч, охин Ж.А-д хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.
Хариуцагч Ө.Ж шүүхэд гаргасан хариу тайлбартаа: “Ө.Ж миний бие Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 4 дүгээр багт оршин суудаг. Миний бие 2014 онд эхнэр болох Л.Д танилцан үерхэж 2015 онд анхны хүүхэд болох Ж.А гарсан. 2016 онд Л.Д нь дүү болох О нь бие нь муу байсан учир асран халамжлах хүн гэж ээж Ш нь авч явсан. Бидний амьдралыг холдуулсан. Энэ үед миний бие Бор-Өндөрт ажлаа хийн амьдардаг байсан. Миний бие Бор-Өндөрөөс хагас бүтэн сайн бүхэнд эхнэр хүүхдэдээ очдог байсан. Тэр үед эхнэр болох Д нь гадуур ажилтай нэрээр 2016 онд хүнтэй явалдаж гадуур хонож охиноо ээждээ орхин байдаггүй байсан. Би охинтойгоо уулзан буцдаг байсан. Миний охин Ж.А одоо ээж дээрээ байдаггүй. Эх болох Ш дээрээ байдаг. Миний бие охиноо бодон эхнэрээ жил гаран хүлээсэн. Сүүлд сонсоход 2016 онд хүнтэй явалдан үр хүүхдээ юман чинээ бодоогүй. Удалгүй 2016 ондоо жирэмсэн болж тэр хүнтэйгээ амьдрал зохиож үр хүүхдийг минь өнчрүүлсэн. Тэр хүнийх нь хүүхэд одоо 1 нас гарантай. Эндээс яваад удалгүй хэдэн сар ч бололгүй намайг болон үр хүүхдээ доромжилсон. Д тай байх хугацаандаа архи дарс уудаггүй байсан. Баяр ёслолын үеэр л ганц нэг татдаг байсан. Д нь архи ууж агсам тавьж дарамталдаг байсан. Охин болох Анунгоог зуны амралтаараа өгч явуулдаг. Миний буруугаас болж салаагүй. Хүүхдийн тэтгэмж өгөхгүй. Өөр дээрээ авах хүсэлтэй байна. Миний охин аавдаа маш их хайртай. Над дээр ирэхээр буцах дургүй байдаг” гэжээ.
Хариуцагч Ө.Ж шүүхэд гаргасан хүсэлтдээ: “Миний бие 2019 оны 12 сарын 22-ны хөлөө гэмтээж мэс засалд орсон. Одоо гэртээ хэвтэрт эмчлүүлж байна. Иймд миний бие шүүх хуралдаанд өөрийн биеэр оролцох боломжгүй. Миний бие нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрч байна. Намайг шүүх хуралдаанд оролцохгүйгээр шийдвэрлэж өгнө үү” гэжээ.
Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
Ү Н Д Э С Л Э Х нь:
Нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ө.Ж-т холбогдуулж хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.
Хариуцагч Ө.Ж нь нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч тайлбарыг шүүхэд ирүүлсэн байна.
Хариуцагч Ө.Ж нь шүүхэд “хөлөндөө гэмтэл авч, хагалгаанд орсон, хүндэтгэн үзэх шалтгааны улмаас шүүх хуралдаанд оролцох боломжгүй, өөрийгөө байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэж өгнө үү” гэх хүсэлтийг бичгээр гаргасан байна.
Нэхэмжлэгч С.Д нь шүүх хуралдаанд “хариуцагч Ө.Ж нь эрүүл мэндийн шалтгааны улмаас шүүх хуралдаанд ирээгүй байна. Миний бие Ө.Ж байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлүүлэх саналтай байна” гэх хүсэлтийг гаргасан.
Иймд хариуцагч Ө.Ж байлцуулахгүйгээр хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлтэй байна гэж үзэж, талуудын хүсэлтийн дагуу хэргийг хянан шийдвэрлэсэн.
Нэхэмжлэгч Л.Д гийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:
Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Л.Д нь хариуцагч Ө.Ж хамтран амьдарч байх хугацаандаа Ж.А-г төрүүлсэн болох нь хүүхдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, одоо хүүхэд эрүүл энх өсөж байгаа нь “Ачлал-Налайх” өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна.
Нэхэмжлэгч Л.Д , хариуцагч Ө.Ж нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцаа, үзэл бодол таардаггүй байсны улмаас 2017 оны 12 сараас хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байна.
Зохигч нь 2015 оны 08 сарын 05-ны өдөр охин Тайж овогт Жанчивын Анунгоог төрсөн эх Л.Д гийн асрамжид үлдээх талаар тохиролцсон нөхцөл байдал, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, зохигчдын хүсэлт зэргийг харгалзан үзээд охин Ж.А-г эх Л.Д гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эх хамтарч, эсхүл хүүхдийн эцэг, эх болох нь тогтоогдоогүй эцэг буюу эх өөрөө өргөдөл гаргасан бол улсын бүртгэлийн байгууллага .... эцэг, эхийг тогтооно” гэж заасны дагуу хүүхдийн эцгийг захиргааны журмаар тогтоосон бөгөөд Улсын бүртгэлийн ажилтан Жанчивын Анунгоод төрсний гэрчилгээг олгосон байна.
Гэр бүлийн тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2 дахь хэсэгт “Гэрлэлтээ бүртгүүлээгүй эцэг, эхээс төрсөн болон гэрлэгчдийн хэн нэгний нь дагавар хүүхдийг ялгаварлан гадуурхаж, эрх, ашиг сонирхлыг нь хохироохыг хориглоно” гэж заасны дагуу зохигчид нь гэрлэлтээ бүртгүүлээгүй байх хугацаандаа төрүүлсэн охин Ж.А эрх ашгийг хамгаалах нь хуульд нийцнэ.
Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж заасны дагуу охин Ж.А асран хамгаалах, тэжээн тэтгэх нь эцэг Ө.Жанчив, эх Л.Д нарын үүрэг нь мөн байна.
Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар охин Ж.А-г 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ө.Ж-аас гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.
Нэхэмжлэгч Л.Д нь охин Ж.А-гийн хамт нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Бага насны хүүхдийн амьдарч буй орчныг өөрчлөх тодорхой шалтгаан байхгүй байхад өсөж дассан орчныг өөрчлөх нь хүүхдэд муугаар нөлөөлөх боломж, нөхцөл үүсгэж болзошгүйг дурдах нь зүйтэй байна.
Хүүхэд аюулгүй орчинд эрүүл саруул, сурч хүмүүжих эрхээ эдлэх, инээж хөөрөн, айх айдасгүй өсөж хүмүүжих боломжийг хангах нь зүйтэй байна.
Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Л.Д , хариуцагч Ө.Ж нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.
Иймд нэхэмжлэгч Л.Д гийн “хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай” нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар
зүйлд тус тус заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х нь:
1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.5 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн охин Ж.А-г эх Л.Д гийн асрамжид үлдээсүгэй.
2.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2015 оны 08 сарын 05-ны өдөр төрсөн охин Ж.А 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Ө.Ж гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй.
3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.
4.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү охин Ж.А хэрэгцээнд зарцуулахыг эх Боржигон овогт Л.Д-д даалгасугай.
5.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.
6.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар нэхэмжлэгч Л.Д гийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилж төлсөн 35868 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээж, улсын орлого болгож, хариуцагч Ө.Ж улсын тэмдэгтийн хураамж 35868 төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч Л.Д д олгосугай.
7.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.
8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.
9.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ М.ЭНХМАНДАХ