Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 01 сарын 24 өдөр

Дугаар 15

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

                                      

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч М.Энхмандах даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “Б” танхимд хаалттай хийсэн шүүх хуралдаанаар

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго

Нэхэмжлэгч Т.З

Хариуцагч Б.Н нарыг оролцуулан нэхэмжлэгч Хэнтий аймгийн Галшар сумын 6-р баг Т.З нэхэмжлэлтэй хариуцагч Хэнтий аймгийн Галшар сумын 4-р багт Б.Н-т холбогдох “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийг 2019 оны 11 сарын 25-ны өдөр хүлээн авч, иргэний хэрэг үүсгэж, хянан хэлэлцэв.

     Т О Д О Р Х О Й Л О Х  нь:

Нэхэмжлэгч Т.З  шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.З  нь Б.Н 2003 оны 06 сард танилцаж, 2004 оны 09 сарын 30-ны өдөр гэр бүл болсон. Гэрлэлтээ албан ёсоор 2006 оны 12 сарын 19-ний өдөр батлуулсан. Бидний дундаас 2004 оны 04 сарын 04-ний өдөр хүү Н.Д төрсөн, одоо Дорноговь аймагт Мэргэжил сургалт үйлдвэрлэлийн төвд суралцдаг, 2006 оны 01 сарын 06-ны өдөр охин Н.И төрсөн, 9-р ангид суралцдаг, 2008 оны 02 сарын 08-ны өдөр охин Н.Х төрсөн, 6-р ангид суралцдаг. Хамтран амьдрах хугацаанд Б.Н нь хэрүүл маргаан хийж, агсам согтуу тавьдаг байсан. Б.Н аав, ээж, ах, дүү нар нийлж намайг дарамталж, зоддог байсан. Намайг аав нь ирж хэрэлдээд хүүдээ 300000 төгрөг гаргаад хүүхэн авч өгнө гээд намайг хөөж байсан. Ер нь хэрүүл маргаан тасардаггүй байсан. Бид хоёр 2011 оноос тусдаа амьдраад одоо 08 жил болж байна. Одоо би гэр бүлтэй болж, хоёр хүүхэд төрүүлсэн. Иймд нялх хүүхдүүдтэй, дахин Б.Н нийлэх боломжгүй учраас эвлэрүүлэн зуучлагчаар шийдвэрлүүлэхгүйгээр шүүхээр шууд шийдвэрлүүлэх хүсэлтэй байна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Иймд гэрлэлт цуцлуулж, 3 хүүхдүүдийг өөрийн асрамжид тогтоолгож, 3 хүүхдийн тэтгэлэг тогтоож өгнө үү” гэжээ.

Хариуцагч Б.Н шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Миний бие Т.З тай 2004 оны 09 сарын 30-ны өдөр гэр бүл бололцож тэр цагаас хойш эвтэй найртай сайхан аз жаргалтай эрүүл саруул хэрүүл маргаангүй сайхан хосууд байлаа. Тэгтэл намайг үл ойшоож миний хажууд хүнтэй явалдаж намайг үр хүүхдэдээ хайхрахгүй хачин болоод байсан. Тэгж болдоггүй гэж би их хэлсэн. Миний үгэнд ороогүй. Тэгээд би явлаа гэсэн. Тэгэхэд нь би үр хүүхдээ аваад үлдье гэсэн. З ээж урдах өнчин хүүхдээ тэжээж чадахгүй байж би өгөхгүй гээд аваад явсан. Тэгэхэд нь хонь 30, ямаа 20, адуу 10 өгөөд явуулсан. Эмээлээ газар тавьж үлдсэн. 2004-2008 оны хооронд гурван хүүхдийн аав болсон нь үнэн. Би архи тэр үед уудаггүй байсан. Миний бие 2012 онд сэтгэл санаа хачин байсан. Тэгээд би дээлэндээ бензин дусааж байсны улмаас гал алдаад түлэгдэж тахир дутуу болж группэд орсон. Миний бие үнэхээр хэцүү болсон. Хүүхдийн тэтгэмж төлөх чадваргүй болсон. Гурван хүүхдээ өөрийн асрамжинд авах хүсэлтэй байна Намайг хайхрахгүй явсан мөртлөө одоо болсон хойно тэтгэмж нэхэх хэрэггүй байх гэж бодож байна. Эцэст нь хэлэхэд гурван хүүхдээ өөрийн гар дээрээ авна. Би гурван үрээ өсгөж хөлөө хучуулж хэвтэж асрамж үзмээр санагдаж байна. Эцэг хүний үүргээ өндөрт өргөж явна. Бидний хооронд эд хөрөнгийн маргаан байхгүй. Би гэрлэлт цуцлуулахыг зөвшөөрч байна. Харин 3 хүүхдээ өөрөө авна. Хүүхдийн тэтгэлэг төлөх чадваргүй” гэжээ.  

         Шүүх зохигчдын тайлбар, хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох  баримтуудыг шинжлэн судлаад               

                                                                                                Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Т.З  нь хариуцагч Б.Н холбогдуулан гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

 Хариуцагч Б.Н нь нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрч тайлбараа гаргасан байна.

Нэхэмжлэгч Т.З гийн “гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 1-рт. Хэрэгт авагдсан бөгөөд шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нэхэмжлэгч Т.З  нь хариуцагч Б.Н 2003 онд танилцаж, 2005 онд гэр бүл болсныг 2006 оны 12 сарын 19-ний өдөр гэрлэлтээ батлуулж, 2011 он хүртэл хамтран амьдарч байсан нь гэрлэлтийн гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбар, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 22/

Зохигчид нь хамтран амьдрах хугацаандаа 2004 оны 04 сарын 04-ний өдөр хүү Н.Д 2006 оны 01 сарын 06-ны өдөр охин Н.И, 2008 оны 02 сарын 08-ны өдөр охин Н.Х нарыг төрүүлсэн болох нь хүүхдүүдийн төрсний гэрчилгээний нотариатчаар гэрчлүүлсэн хуулбараар, одоо хүүхэд эрүүл энх өсөж, суралцаж байгаа нь Хэнтий аймгийн Галшар сумын Ерөнхий боловсролын сургуулийн тодорхойлолт, мөн сумын өрхийн эмчийн тодорхойлолт, зохигчдын тайлбараар нотлогдож байна. /хх-ийн 02-07, 10-12, 23, 31-32/

Нэхэмжлэгч Т.З , хариуцагч Б.Н нар нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, гэрлэгчид нь 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа, хариуцагч Б.Н нь нэхэмжлэгч Т.З гийн эрх чөлөөнд халдаж, зоддог байсан нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачилгыг хэн аль нь гаргаагүй зэрэг нь гэрлэлт цуцлуулах шалтгаан үүссэн байна.

 Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.4 дэх хэсэгт “Гэрлэгчдийн хэн нэгний байнгын хүчирхийлэл, дарамтаас болж гэр бүлийн гишүүдийн амь нас, эрүүл мэнд болон хүүхдийн хүмүүжилд ноцтой хохирол учирч болзошгүй, эсхүл учирсан нь тогтоогдсон бол шүүх энэ хуулийн 14.2-т заасан эвлэрүүлэх арга хэмжээ авахгүйгээр гэрлэлтийг цуцална” гэж заасан байна.

Гэрлэгчид нь цаашид эвлэрэх боломжгүй байна гэж шүүх үзлээ. Учир нь гэрлэгчид нь цаашид хамтран амьдрах бодит нөхцөл тогтоогдохгүй байна.

 Зохигчид нь хоорондын хувийн таарамжгүй харьцааны улмаас үзэл бодол таардаггүй, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл тусдаа амьдарч байгаа нөхцөл байдал, зохигчид нь гэрлэлтийг үргэлжлүүлэх санаачлагыг хэн аль нь гаргаагүй зэргийг харгалзан шүүхээс эвлэрүүлэх арга хэмжээ авах шаардлагагүй, гэрлэлтийг цуцлах нь зүйтэй байна гэж үзлээ.

 2-рт. Нэхэмжлэгч Т.З гийн 3 хүүхдүүдийг өөрийн асрамжид авах тухай хүсэлт, хүүхдийн нас, эцэг, эхийн халамж, ахуй нөхцөл, бололцоо, ёс суртахууны байдал, хүүхдийн хүмүүжил, эрүүл мэндэд тавих анхаарал халамж, хүүхдийн өсөх, хүмүүжих орчин, хүүхдүүдийн асрамжийн талаар өгсөн санал, 2011 оноос хойш өнөөдрийг хүртэл эхийн асрамжид 3 хүүхэд өсөж бойжиж буй нөхцөл байдал зэргийг харгалзан үзээд 2004 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Д 2006 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Н.И 2008 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Х нарыг эх Т.З гийн асрамжид үлдээх нь зүйтэй байна. Учир нь:

Нэхэмжлэгч нь хүүхдүүд төрснөөс хойш болон 2011 оноос өнөөдрийг хүртэл 3 хүүхдийг өсгөж, хүмүүжүүлж байгаа нь зохигчдын шүүх хуралдаанд гаргасан тайлбараар нотлогдож байна.

Мөн хүүхдүүдээс асрамжийн талаар санал асуухад эх Т.З тай цаашид хамтран амьдарна гэх саналыг гаргасан, мөн  хүүхдүүдийн асрамжийг өөрчлөх өөр нөхцөл байдал, нотлох баримт хэрэгт авагдаагүй байна.

3-рт. Гэр бүлийн тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1 дэх хэсэгт “хүүхэд төрснөөр эцэг, эх, хүүхдийн хооронд эрх, үүрэг үүснэ” гэж, мөн хуулийн 26 дугаар зүйлийн 26.2.2 дахь хэсэгт “хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх” нь эцэг, эхийг үүрэг гэж заасны дагуу эх Т.З , эцэг Б.Н нар нь хүүхдүүдийн хуульд заасан эрхийг хангах үүрэгтэй байна.

 Иймд Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Д 2006 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Н.И 2008 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Х нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Ням-Очироос гаргуулж тэжээн тэтгүүлэх нь зүйтэй байна.

Хариуцагч Б.Н нотлох баримтаар гаргаж өгсөн хавтаст хэргийн 30-р талд авагдсан Хэнтий аймгийн Галшар сумын Эрүүл мэндийн төвийн 2019 оны 12 сарын 27-ны өдрийн 59 дугаартай албан бичгээр “Б.Н нь хоёр хөлийн тахимын дотор тал, нэг гарын булчин түлэгдэлтийн таталдан сорвижсоны улмаас тахир дутуугийн группэд 70 хувьтай орсон” гэх тодорхойлолтыг ирүүлсэн нь хариуцагч Б.Ням-Очирыг хүүхдийн тэтгэлэг төлөх хуулиар хүлээсэн үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй болно.

Нэхэмжлэгч Т.З  нь хүү Н.Д охин Н.И охин Н.Х нартай нэг гэрт хамт амьдарч байгаа бөгөөд одоогоор хүүхдийн өсөж хүмүүжиж байгаа орчныг өөрчлөх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлд зааснаар хүүхдээ эрүүл чийрэг өсгөн бойжуулах, сэтгэхүйн хувьд төлөвшүүлэх, хүүхдээ асран хамгаалах, тэжээн тэтгэх, хүүхдээ үндэсний ёс заншил, уламжлалаа дээдлэх үзлээр хүмүүжүүлэх, түүнд суурь боловсрол эзэмшүүлэх, хөдөлмөрийн анхны дадлага олгох, хүүхдийн эрхийг хамгаалж, үүргээ биелүүлэхэд нь туслах үүрэг нэхэмжлэгч Т.З , хариуцагч Б.Н нарт хэвээр үргэлжлэхийг дурдах нь зүйтэй байна.

Иймд нэхэмжлэгч Т.З гийн хариуцагч Б.Ням-Очироос гэрлэлт цуцлуулж, хүүхдийн асрамж тогтоолгож, хүүхдийн тэтгэлэг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэх нь зүйтэй байна гэж үзлээ.

Гэр бүлийн тухай хуулийн 26 дугаар зүйлийн 26.1, 26.2, 26.6-д зааснаар Т.З , Б.Н нар нь хойшид хүүхдээ хүмүүжүүлэхэд тэгш эрх эдэлж, адил үүрэг хүлээх ба хүүхдийн эрх, ашиг сонирхолд харшлахааргүй бол гэрлэлтээ цуцлуулсан эцэг, эхийн хэн нэг нь нөгөөдөө хүлээсэн үүргээ хэрэгжүүлэхэд нь саад учруулахыг хориглох нь хуульд нийцнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Т.З г төлбөрийн чадваргүй, амьжиргааны баталгаажих түвшингээс доогуур орлоготой, нэн ядуу гэсэн үндэслэлээр улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлсөн бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Ням-Очироос гэрлэлт цуцлуулах нэхэмжлэлийн шаардлагад 70200 төгрөгийн, 3 хүүхдийн тэтгэлэгт ногдох 152907 төгрөгийн нийт улсын тэмдэгтийн хураамж 223107 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгох нь зүйтэй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 82 дугаар зүйлийн

 82.1.3, 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-120 дугаар зүйлд

   тус тус  заасныг удирдлага болгон Т О Г Т О О Х  нь:

 

1.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1, 14.4 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч Т.З, хариуцагч Б.Н нарын гэрлэлтийг цуцалсугай.

2.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.7 дахь хэсэгт зааснаар 2004 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Д 2006 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Н.И 2008 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Х  нарыг эх С.Т-ийн З асрамжид үлдээсүгэй.

3.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт зааснаар 2004 оны 04 сарын 04-ний өдөр төрсөн хүү Н.Д 2006 оны 01 сарын 06-ны өдөр төрсөн охин Н.И 2008 оны 02 сарын 08-ны өдөр төрсөн охин Н.Х  нарыг 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоогдсон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр тэтгэлгийг сар тутам эцэг Б.Н-оос гаргуулж тэжээн тэтгүүлсүгэй. 

4.Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2 дахь хэсэгт зааснаар зөвхөн цалин хөлснөөс өөр орлогогүй хариуцагчаас гаргуулах хүүхдийн тэтгэлгийн хэмжээ нь түүний сарын цалин хөлс, түүнтэй адилтгах орлогын 50 хувиас хэтэрч болохгүйг дурдсугай.

5.Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.5 дахь хэсэгт зааснаар тэтгэлгийг гагцхүү хүү Н.Д охин Н.И охин Н.Х нарын хэрэгцээнд зарцуулахыг эх Сэдэд овогт Түмэн-Өлзийгийн Загдаад даалгасугай.

6.Зохигчид нь эд хөрөнгийн маргаангүй гэснийг дурдсугай.

7.Гэр бүлийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.9 дэх хэсэгт зааснаар энэхүү шийдвэрийн хувийг хүчин төгөлдөр болсноос хойш ажлын гурван өдрийн дотор гэрлэлтийг бүртгэсэн  улсын бүртгэлийн байгууллагад явуулахыг шүүгчийн туслах А.Оюун-Эрдэнэд даалгасугай.

 8.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-д зааснаар нэхэмжлэгч Т.З  нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 63 дугаар зүйлийн 63.1.5, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2-т зааснаар хариуцагч Б.Ням-Очироос улсын тэмдэгтийн хураамж 223107 төгрөгийг гаргуулж, төрийн сангийн дансанд оруулж улсын орлого болгосугай.

9.Шийдвэр нь танилцуулан сонсгомогц хүчинтэй болохыг дурдсугай.

           10.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.3, 119.4 дэх хэсэгт зааснаар шүүх хуралдаанд оролцсон тал 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэй болохыг танилцуулсугай.

           11.Энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй  болохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ                                    М.ЭНХМАНДАХ