Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/127

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “Б” танхимд нээлттэй хийсэн хуралдаанд

Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг

Улсын  яллагч О.Эрхэмбаяр

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Гүнсэнхорлоо

Шүүгдэгч Ц.Ганзориг нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Ц.Ганзоригт холбогдох эрүүгийн 2222002310157 дугаартай хэргийг  2023 оны 10 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдааныг хялбаршуулсан журмаар явуулав.  

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1973 оны 02 дугаар сарын 12-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 50 настай, эрэгтэй, дээд боловсролтой, барилгын инженер мэргэжилтэй, “Хөх хайрхан трейд” ХХК-ийн захирал ажилтай, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Улаанбаатар хот Хан-Уул дүүргийн 19 дүгээр хороо, Ривер гарден 2 хотхоны 407-1104 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Хөх хайрхан овогт Цагааны Ганзориг /РД:ЧК73021218/

 

Шүүгдэгч Ц.Ганзориг нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм, хэмжээний актыг биелүүлээгүй буюу Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж, 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж,  28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж, 28.1.4 дэх хэсэгт “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж, 28.1.6 дахь хэсэгт “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж, 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах...сургалтад хамрагдаагүй...шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрд хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэж, “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 19.1-д “...өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэсэн байна” гэж, мөн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”-ний 2.Компанийн хүлээх үүргийн 2-д “Хөлсөөр ажиллагч иргэнээр ажил үүргийг гүйцэтгүүлэхийн тулд ажлын онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааны хэрэгслээр хангана” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгын 1 давхарт ажиллаж байсан хохирогч Н.Бямбасүрэн нь 3 метр 40 сантиметрийн өндрөөс унаж, эрүүл мэндэд нь баруун талд умдаг ясны их бие, дээд салааны хугарал, зүүн чамархай, дух, зүүн зулай дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, зүүн тавхай, баруун тавхайн цус хуралт бүхий хүнд хохирол болгоомжгүй учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

                                                ТОДОРХОЙЛОХ нь:

 

          Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав.  Үүнд:

           - Шүүгдэгч Ц.Ганзориг шүүх хуралдаанд өгсөн мэдүүлэгтээ “Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчид 17.000.000 төгрөг төлсөн” гэв.

 

          - Шүүгдэгч Ц.Ганзоригийн мөрдөн шалгах ажиллагааны явцад яллагдагчаар өгсөн “Манай “Хөх хайрхан трейд”  ХХК нь 2003 онд байгуулагдаж түүнээс хойш тасралтгүй барилгын угсралтын үйл ажиллагаа эрхэлж байгаа. 2022 оны 11 сарын 05-ны өдөр Дундговь аймагт баригдаж байсан “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга” дээр дотор заслын ажил хийж байсан Бямбасүрэн шатан дээрээс унаж гэмтсэн гэж тухайн үед ХАБ-аар ажиллаж байсан Э.Гунгаадорж хэлсэн. Тэгээд эмнэлгээр явж байна гэж байсан. Тэр үед ажилтан Өнөржаргалд “Бямбасүрэнг тосож аваад эмнэлэгт хэвтүүлээд, гарах зардлыг нь хариуцаарай” гэж хэлсэн. Бямбасүрэн нь манай компанитай дотор заслын ажлыг хийж гүйцэтгэхээр 2022 оны 10 сарын 27-ны өдөр “Хөлсөөр ажиллах гэрээ” байгуулсан. Урьдчилгаанд нь 3 сая төгрөг өгсөн. Бямбасүрэнгийн төрсөн дүү, хадам эгч, хамаатан саднууд нь ирж уулзсан. Хамгийн анх Бямбасүрэнгийн төрсөн дүү Бямбадорж ирж “эмчилгээний зардалд 1,500,000 төгрөг гарсан байна, төлж барагдуулж өгөөч” гэсэн болохоор төлж барагдуулсан. Бямбасүрэнд эмчилгээний зардал манай байгууллагын зүгээс нийт 2,000,000 төгрөгийг төлсөн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 212-213/

 

- Хохирогч Н.Бямбасүрэнгийн “Би 2022 оны 10 дугаар сарын сүүлээр таньдаг хүнээрээ дамжуулан Дундговь аймагт баригдаж байсан “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн барилгын ажлыг олж Дундговь аймагт очиж ажлаа үзчихээд, Улаанбаатар хотод 2022 оны 10 дугаар сарын сүүлээр хөдөлмөрийн гэрээгээ байгуулаад, тэр өдрөө Дундговь аймагт очиж ажлаа хийж эхэлсэн. Миний хийх ёстой ажил бол тухайн “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн дотор заслын ажил байсан. 2022 оны 11 сарын 05-ны өдөр “хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв”-ийн 1 давхрын төв хэсэгт шатан дээр зогсоод замаск татаж байхад шатны дээд тавцан нь хөдлөөд би өндрөөс унасан. Тухайн шатны дээд тавцан нь ямар нэгэн тогтоогчгүй өмнө нь ажиллаж байхад гишгэхээр босч ирээд байдаг байсан. Ерөнхийдөө дээд тавцан нь сул байдаг юм. Тухайн үед би ойролцоогоор 3-4 метр өндөрт ажиллаж байсан. Би өндрөөс унасны улмаас  толгойдоо гэмтэл аваад амархан мартах, нэг зүйлийг давтан ярих зэрэг өвчтэй болсон. Өглөө ажилд ороход аюулгүй ажиллагааны заавар танилцуулдаггүй байсан. Харин нярав ажилтай хорь гаран насны залуу байдаг, тэр залуу нэг дэвтэр авч ирээд  гарын үсэг зуруулдаг байсан. Яг юун дээр гарын үсэг зурж байгаагаа бид нар мэдэхгүй байсан. Хөдөлмөр хамгаалалт хариуцсан инженер гэдэг хүн эсэхийг мэдэхгүй, зүгээр инженер гэдэг залуу байсан. Нэр нь толгойд орж ирэхгүй байна. Тэр инженер залуугийн хувьд аюулгүй байдлын талаар нэг, хоёр үг хэлж байгаагүй, дандаа үндсэн ажил ярьдаг байсан. Намайг байгууллагын зүгээс компанийн хувцас хэрэглэлээр хангаж байгаагүй, би өөрийнхөө авч очсон ажлын хувцастай ажил үүргээ гүйцэтгэдэг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14/

 

- Гэрч Л.Бямбадоржийн “2022 оны 11 сарын 06-ны өдөр 11 цагийн үед том эгч Оюунтөмөр утсаар /95106595/ залгаад “Бямбасүрэн ажил дээрээ шатан дээрээс унаад бэртсэн гэж байна, утас нь холбогдохгүй байна, сүлжээ ороод болиод байна” гэхээр нь би Бямбасүрэн эгчийн 99276010 дугаарын утас руу залгасан чинь  холбогдохгүй ,бас дуудсан боловч утсаа аваагүй. Тэгээд нэлээн байж байгаад 13 цагийн үед байх Оюунтөмөр эгч утсаар залгаад “Бямбасүрэн эгчийг гэмтлийн эмнэлэг дээр эмнэлгийн машинаар ирж яваа гэж байна” гэсэн. Тэгээд замдаа Оюунтөмөр эгчтэй уулзаад гэмтэл дээр очсон. Тэгэхэд Бямбасүрэн эгч гэмтлийн эмнэлэг дээр ирчихсэн, хүлээн авах дээр эмч нар үзлэг хийж байсан. Намайг ирэхэд хоёр зураг авчихсан “хавирга нь хугарсан, тархи нь гэмтсэн байна” гэж хэлсэн. Хүлээн авахын өрөөнд орж Бямбасүрэн эгчтэй уулзахад хүн танихгүй, нэг их юм ярихгүй байсан. 11 сарын 06-ны өдрөөс хойш өнөөдрийг хүртэл Бямбасүрэн эгч гэмтлийн эмнэлгийн “гавал тархины тасаг”-т хэвтэн эмчлүүлж байгаа. Одоогийн байдлаар эгчид ямар нэгэн мэс засал хийгээгүй. Бямбасүрэн эгч тархи нь гэмтсэн, хавирга нь хугарсан, түнх нь хугарсан одоо бол хүнтэй чөлөөтэй юм ярихгүй, хүн танихгүй, буруу зөв ярьж байгаа. Мөн 2022 оны 11 дүгээр сарын 06-ны өдөр гэмтлийн эмнэлэг дээр очиход Бямбасүрэн эгчтэй хамт Эрдэнэцогт гэдэг залуу ирчихсэн байсан. Тэр залуу эгчтэй найзалж үерхээд нэг жил болж байгаа гэж байсан. Эрдэнэцогт гэдэг залуугаас юу болсон талаар асуухад “Дундговь аймагт “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв” гээд барилга баригдаж байгаа. Тэр газар бид хоёр байрлаад ажиллаж байсан. Тэгтэл 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 17 цаг өнгөрч байхад эгч Бямбасүрэн барилгын дотоод заслын ажил хийж байгаад шатан дээрээс унасан гэж ярьсан. Тухайн шат нь 2 давхар 3 метр гаран өндөр гэсэн. Тэр үед эгч Бямбасүрэнд ямар нэгэн хамгаалалтын хувцас, хэрэгсэл өмсөөгүй ажиллаж байсан” гэж Эрдэнэцогт хэлсэн” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16/

 

- Гэрч Ц.Эрдэнэцогтын “Би Бямбасүрэнгийн хамт 2022 оны 10 сарын 27-ны өдөр хотод “Хөх хайрхан трейд” ХХК-ийн байр болох Замын цагдаагийн зүүн талд очиж гэрээ хийсэн. Тэр гэрээг менежер эмэгтэй байгуулсан. Дундговь аймгийн төвд хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төв байгаа, тэрний заслыг хийж дуусгана гэж Бямбасүрэнтэй ярьсан байсан. Тэр өдрөө Дундговь аймагт ирж байрласан. Бямбасүрэн бид хоёр 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр Дундговь аймгийн төвд байх хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн барилгын дотор байх том заалны голын дам нуруунд замаск татаж байсан. Бямбасүрэн бид хоёр давхарласан барилгын шатан дээр гарч замаск татсан. Би хойшоо хараад замаск татаж байхад ар талд пид гээд дуу гарахаар нь эргээд харсан чинь Бямбасүрэн шатны баруун талд нь цементэн шалан дээр унасан байхаар нь шатнаас буугаад “яагаад уначихав аа” гэсэн чинь ёолоод байсан. Өөр юм яриагүй, тэгээд түргэн тусламж хүнээр дуудуулсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 18-19/

 

- Гэрч Н.Өлзийбаярын “Миний ажилладаг “Хөх хайрхан трейд” ХХК нь 2021 оны 06 сарын 01-ээс эхэлж Дундговь аймгийн Сайнцагаан сумын 7 дугаар багт байрлах “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төв”-ийн барилгын үйл ажиллагааг явуулж эхэлсэн. Тэгээд 2022 оны 10 сарын 27-ны өдөр Бямбасүрэн, Эрдэнэцогт нар ирсэн...Би 2022 оны 11 сарын 05-ны өдөр 16 цагийн үед барилгын гадна талд байдаг контейнерт байхад “хүн уначихлаа” гэхээр нь барилга дотор орсон. Тэгэхэд барилга дотор байрлаж байсан баруун урд талын булангийн том өрөөнд оруулаад хэвтүүлчихсэн хажууд нь Эрдэнэцогт, ХАБ-ын ажилтан Гунгаадорж нар байхаар нь “түргэн тусламж дуудсан уу” гэж асуухад Гунгаадорж “дуудсан” гэж хэлсэн. Эрдэнэцогт болохоор “Бямбасүрэнгийн өөдөөс нар гялбаад, хий гишгээд унасан” гэж хэлсэн. Тэгтэл араас түргэн тусламжийн эмч орж ирж үзээд эмнэлэг рүү авч явсан. Бямбасүрэн ямар нэгэн хамгаалалтын хувцас хэрэглэл өмсөөгүй байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 21-22/

 

- Гэрч Э.Гунгаадоржийн “2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр 16 цаг 18 минутын үед би гадаа барилгын баруун урд буланд металл пассатны ажилчдыг хянаад байж байтал манай ажилтан Бархүү “дотор шатнаас нэг хүн уначихлаа” гэсэн. Тэгэхээр нь би доошоо гүйж ороод юу болсон талаар нь асуухад хажууд нь байж байсан нөхөр Эрдэнэцогт нь “нар гялбаад харалгүй хий гишгээд уначихлаа” гэсэн. Тухайн хүнээс биеийн байдлыг асуухад цээж ходоод хэсэгтээ заагаад “хөдөлж болохгүй байна” гэсэн. Хөдлөхөөр л бөөлжлөө гээд байсан. Тэгтэл түргэний эмч ирж үзээд “юу ч гэсэн эмнэлэг рүү аваад явъя” гэсэн. Эмнэлэг дээр очоод эмч нь эход хараад “нэг хавирга нь хугаралтай, тархи нь цус хуралттай” гэсэн. Биеийн байдлыг нь асуухад эмч “гайгүй, цусны шинжилгээний хариу гартал хүлээж бай” гэсэн. Маргааш нь энэ хүнийг түргэний машинаар гэмтлийн эмнэлэг рүү авч явах гэж байна гэсэн. Тэгэхээр нь нөхөрт нь “хот руу орохоороо яриарай” гээд Өнөржаргал менежерийн дугаарыг хэлж өгсөн. Тухайн өдрөө 14 цагийн үед нөхөр нь над руу залгаад “хот руу ороод ирчихлээ, эмнэлэг дээр ирчихлээ” гэсэн. Тэрнээс хойш өдөр бүр биеийн байдлыг нь залгаж асуудаг. Өдөр тутамд нь ХАБ-ын мэргэжилтэн Гунгаадорж би аман болон бичгэн хэлбэрээр зааварчилгаа өгдөг байсан” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 24-25/

 

- Хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэнгийн гаргасан 2022 оны 12 дугаар сарын 06-ны өдрийн шинжээчийн дүгнэлтэд “Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилгад Намжилмаагийн Бямбасүрэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр гүйцэтгэж байсан дотор заслын замаска татах ажил нь шалны түвшингээс дээш 3 метр 40 см-ийн өндөрт ажил үүрэг гүйцэтгэж байсныг байцаагч би өөрийн биеэр Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн төвийн барилга дээр 2020 оны 11 дүгээр сарын 23-ны өдөр очиж шатанд хэмжилт хийж тогтоосон. Газар, шал, тавцан, давхар хоорондын хучилт, хаалтаас дээш 1,3 метрээс илүү өндөрт, түүнчлэн хамгаалалтын хашлагагүй 1,3 метрийн өндөртэй уналтын захаас 2 метрээс бага зайд байрлах аюултай бүсүүдэд гүйцэтгэх ажлууд “өндөрт гүйцэтгэх ажил”-д ордог. Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар батлагдсан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар, БД 12-101- 05 дугаартай норм дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.3-т “хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно” гэсэн заалтыг зөрчиж, Намжилмаагийн Бямбасүрэнд хамгаалах бүс хэрэглүүлээгүй дотор заслын замаска татах ажил гүйцэтгүүлсэн. Мөн норм, дүрмийн 19 дүгээр бүлгийн 19.1-д “Барилга, объектын өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, бүс, дуулга малгайг бүрэн хэрэглэсэн байна” гэсэн заалтыг зөрчиж, Намжилмаагийн Бямбасүрэнд ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, бүс, дуулга малгайг бүрэн хэрэглүүлээгүй өндрийн ажил үүрэг гүйцэтгүүлсэн байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх /...Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг ААН байгууллагын захирал /эзэн/ ажил олгогч шууд хариуцна.../ хэсэгт зааснаар ажил олгогч буюу эзэн шууд хариуцахаар хуульчлагдсан” гэжээ. /хх-ийн 32-34/

 

- Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15805 дугаартай “Н.Бямбасүрэнгийн биед баруун талд умдаг ясны их бие, дээд салааны хугарал, зүүн чамархай, дух, зүүн зулай дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, зүүн тавхай, баруун тавхайн цус хуралт гэмтлүүд тогтоогдсон. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна. Дээрх тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар амь насанд аюултай гэмтэл тул гэмтлийн хүнд зэрэг тогтоогдлоо. Умдаг ясны хугарал гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэг тогтоогдлоо. Бусад хэсгийн цус хурал нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д  зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх тухайн цаг хугацаанд үүссэн байх боломжтой” гэх дүгнэлт /1-р хх-ийн 37-40/

 

- Гурван шинжээчийн бүрэлдэхүүнтэй гарсан 2023 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн ХАБ-23-06 дугаартай дүгнэлтэд “2022 оны 12 дугаар сарын 06-ны өдөр Дундговь аймгийн Мэргэжлийн хяналтын газрын хөдөлмөрийн хяналтын улсын байцаагч П.Нямсүрэн өөрийн тусгай мэдлэгийн хүрээнд мөрдөгчийн тогтоолд тавьсан асуултуудад хариулж шинжээчийн дүгнэлт гаргасан байх ба тус шинжээчийн дүгнэлтийг үндэслэлтэй гэж үзэж байна.

Хөх хайрхан трейд ХХК-ийн ажил олгогч хөдөлмөрийн аюулгүй байдлын удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх ажлыг хангалттай зохион байгуулж ажиллаагүй, барилгын талбайд өндөрт ажиллаж буй иргэдийг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн, тухайн ажлын байрны эрсдэлийн үнэлгээг хийж, аюулаас урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлээгүй, дотоод хяналт тавьж ажиллаагүй гэх мэт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль, холбогдох стандартын шаардлагуудыг мөрдөж ажиллаагүй нь Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 28 дугаар зүйлийн 28.1.3. /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 15 дугаар зүйлийн 15.1./Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй/, 28 дугаар зүйлийн 28.1.3 /хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх;/, 28.1.4./ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх/, 28.1.6 ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх/, 28.1.8./аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах...сургалтад хамрагдаагүй...шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх/, 35 дугаар зүйлийн 35.1./Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина. БД12-101-05 “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн  заавар”-ын 19.1-д /өндөрт ажиллагчид нь ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгсэл, бүс, дуулга, малгайг бүрэн хэрэглэсэн байна./ мөн 2022 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн “Хөлсөөр ажиллуулах гэрээ”- ний 2.Компанийн хүлээх үүргийн 2-д /Хөлсөөр ажиллагч иргэнээр ажил (үүрэг)-ыг гүйцэтгүүлэхийн тулд ажлын онцлогт тохирсон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны хэрэгслээр хангана/ гэсэн заалтуудыг тус тус зөрчсөн байна.

Хавтаст хэргийн 019 дүгээр хуудас гэрч Ц.Эрдэнэцогт, 021 дүгээр хуудас гэрч Н.Өлзийбаяр, 024 дүгээр хуудас гэрч Э.Гунгаадорж нарын мэдүүлэгт осолдогч ажлын хувцас, хамгаалах хэрэгсэлгүй байсан, түүнд тавьж олгоогүй гэх мэдүүлэг авагдсан байна.

Иймд Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх заалт /Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна/-д заасны дагуу хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны хууль, дүрэм, журмыг сахин хангуулж, мөрдүүлж ажиллах үүрэг бүхий этгээд нь тухайн байгууллага, аж ахуйн нэгжийн ажил олгогч болно” гэжээ. /1-р хх-ийн 117-119/

 

  • 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр хэрэг учрал болсон гэх газар нөхөн үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд /1-р хх-ийн 7-10/
  • Хохирогч Н.Бямбасүрэнгийн угсардаг шатнаас унасан гэх газар үзлэг хийсэн тэмдэглэл /1-р хх-ийн 9-10/
  • Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-ийн 47/
  • Н.Бямбасүрэнгийн яаралтай тусламжийн хуудасны хуулбар /1-р хх-ийн 63-65/
  • Хөлсөөр ажиллах гэрээний хуулбар /хх-ийн 4, 93/
  • Хохирлын баримтууд /1-р хх-ийн 1124-167, 217-250, 2-р хх-ийн 1-2/
  • Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой болон хэрэгт авагдсан бусад бичгийн  баримтуудыг шинжлэн судлав.

 

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлж авсан байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.

         

          Үйл баримт, хэргийн зүйлчлэлийн талаар:

          Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан баримтуудаар хохирогч Н.Бямбасүрэн нь “Хөх хайрхан трейд” ХХК-тай 2023 оны 10 дугаар сарын 27-ны өдөр “хөлсөөр ажиллах гэрээ” байгуулан Дундговь аймгийн  Сайнцагаан сумын 7 дугаар багийн нутаг дэвсгэрт баригдаж байгаа “Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн төвийн барилга” дотор ажиллаж байхдаа 2022 оны 11 дүгээр сарын 05-ны өдөр шатнаас унасны улмаас эрүүл мэндэд нь “баруун талд умдаг ясны их бие, дээд салааны хугарал, зүүн чамархай, дух, зүүн зулай дэлбэнгийн тархины эдийн цусархаг няцрал, аалзавчин бүрхүүл доорх цус харвалт, тархи дарагдал, голын бүрдлийн хазайлт, баруун бугалга, баруун шуу, зүүн шуу, сарвуу, зүүн гуя, шилбэ, зүүн тавхай, баруун тавхайн цус хуралт”  бүхий гэмтлүүд учирсан үйл баримт тогтоогдож байна.

          Хохирогч Н.Бямбасүрэнгийн эрүүл мэндэд учирсан тархины гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.3-д зааснаар “амь насанд аюултай” шинжээрээ хүнд зэргийн гэмтэлд хамаарч байгаа болох нь шинжээч эмчийн 2022 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн 15805 дугаартай дүгнэлтээр нотлогдож байна.                                 Хохирогч Н.Бямбасүрэн нь үйл явдал болох үед шалнаас 3 метр 40 см-ийн өндөрт, хашлагагүй шатан дээр хамгаалах бүсгүйгээр ажил үүрэг гүйцэтгэж байсан болох нь гэрч нарын мэдүүлгээр нотлогдож байх бөгөөд энэ нь Барилга, нийтийн аж ахуйн хөгжлийг дэмжих төвийн даргын 2005 оны 03 дугаар сарын 18-ны өдрийн 23 дугаар тушаалаар батлагдсан “Барилга угсралтын ажилд мөрдөх хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны үлгэрчилсэн заавар”-ын 19 дүгээр бүлгийн 19.3-т “хашлагагүй захын хийц дээрээс хамгаалах бүсгүйгээр ажил гүйцэтгэхийг хориглоно” гэж заасныг зөрчсөн байна.

          Хохирогч Н.Бямбасүрэн хамгаалах бүс хэрэглээгүй ажил үүрэг гүйцэтгэж байсан шалтгаан нөхцөл нь Хөх хайрхан трейд ХХК-ийн зүгээс буюу ажил олгогчоос талбайд өндөрт ажиллаж буй ажилтныг ажлын хувцас, хамгаалах хэрэгслээр хангаагүй, аюулгүй ажиллагааны арга барилд сургаагүй ажил үүрэг гүйцэтгүүлсэн эс үйлдэхүй  байна.

          Ажил олгогч буюу “Хөх хайрхан трейд” ХХК-ийн зүгээс Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 15 дугаар зүйлийн 15.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь ажилтныг түүний ажлын нөхцөл, ажил үүргийн онцлогт тохирсон ажлын тусгай хувцас, хамгаалах хэрэгслээр үнэ төлбөргүй хангах үүрэгтэй” гэж, 28 дугаар зүйлийн 28.1.3 дахь хэсэгт “хөдөлмөр эрхлэлтийн явцад гарч болзошгүй осол, бэртэл, өвчлөлөөс ажилтныг хамгаалах хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн удирдлагын тогтолцоо нэвтрүүлэх” гэж, 28.1.4 дэх хэсэгт “ажлын байранд учирч болзошгүй аюулыг илрүүлэх, тогтоох, үнэлэх, бууруулах, арилгах зорилгоор эрсдэлийн үнэлгээ хийх” гэж, 28.1.6 дахь хэсэгт “ажлын байрны онцлогт нийцсэн дүрэм, заавар, журам баталж, мөрдүүлэх” гэж, 28.1.8 дахь хэсэгт “аюулгүй ажиллагааны мэдлэг олгох сургалт явуулах, хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн талаарх мэдлэгийг жил бүр шалгах...сургалтад хамрагдаагүй...шалгалт өгөөгүй ажилтнаар ажил үүрэг гүйцэтгүүлэхгүй байх” гэж, 35 дугаар зүйлийн 35.1 дэх хэсэгт “Ажил олгогч нь үйлдвэрлэлийн цех, тасаг, хэсэг, ажлын байр бүрт хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хууль тогтоомж, нийтлэг шаардлага, стандартын хэрэгжилт, ажлын байран дахь эрсдэлийн үнэлгээний дагуу авагдсан арга хэмжээний биелэлтэд дотоодын хяналт тавина” гэсэн заалтуудыг зөрчсөн болох нь шинжээчийн дүгнэлтүүдээр нотлогдож байна.

Хөдөлмөрийн аюулгүй байдал, эрүүл ахуйн тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1 дэх хэсэгт “Хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах, хөдөлмөрийн нөхцөлийг сайжруулах, хууль тогтоомжийг хэрэгжүүлэх, хяналт тавих үүргийг аж ахуйн нэгж, байгууллагын захирал /эзэн/, ажил олгогч шууд хариуцна” гэж хуульчлан заажээ.

Шүүгдэгч Ц.Ганзориг нь Хөх хайрхан трейд ХХК-ийн захирлаар ажилладаг бөгөөд түүний хууль түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актаар хүлээсэн /дээр дурдсан/ үүргээ биелүүлээгүйн улмаас хохирогч Н.Бямбасүрэн шатнаас унаж, эрүүл мэндэд нь хүнд зэргийн гэмтэл учирсан байна. Өөрөөр хэлбэл хохирогч Н.Бямбасүрэн шатнаас унасан үйлдэлд шүүгдэгч Ц.Ганзориг шууд хамааралгүй боловч, шүүгдэгч Ц.Ганзоригийн хуулиар хүлээсэн үүргээ биелүүлээгүй эс үйлдэхүйн улмаас хохирогч Н.Бямбасүрэн шатнаас унах,улмаар  биедээ хүнд зэргийн гэмтэл авах нөхцөл байдал бүрдсэн байна гэж шүүх дүгнэв.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч Ц.Ганзоригийг хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэргийг үйлдсэнд холбогдуулан эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоол, яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэл тохирсон байна.

 

Иймд шүүгдэгч Ц.Ганзоригийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.

 

Оногдуулах ял шийтгэлийн талаар:

Шүүгдэгч Х.Ганзориг нь хохирогч Н.Бямбасүрэнд 17.000.000 төгрөг төлсөн, эс үйлдэхүйн улмаас гэмт хэрэгт холбогдсон зэрэг нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1, 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүгдэгчийн хувийн байдал зэргийг харгалзан шүүгдэгч Ц.Ганзоригт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялаас торгох ялыг сонгон, тухайн зүйл хэсэгт заасан торгох ялын доод хэмжээгээр буюу 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.

Мөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ял заавал оногдуулахаар, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “нийтийн албанд ажиллах, мэргэжлийн үйл ажиллагаа явуулах, эсхүл бусад тодорхой эрхийг нэг жилээс найман жил хүртэл хугацаагаар хасах” тухай тус тус хуульчилсан байна.

Шүүгдэгч Ц.Ганзориг нь нийтийн албанд ажилладаггүй, дээд боловсролтой барилгын инженер мэргэжилтэй, барилга угсралтын чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг хуулийн этгээдийн захирлаар ажилладаг болох нь хэрэгт авагдсан баримтуудаар нотлогдож байх тул шүүгдэгч Ц.Ганзоригт “барилгын инженер мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах”  нэмэгдэл ял оногдуулахаар шийдвэрлэлээ. Шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчаас 6 сарын хугацаагаар эрх хасах нэмэгдэл ял оногдуулах, нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлөх тухай дүгнэлт гаргасан боловч Эрүүгийн хуулийн 5.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт эрх хасах нэмэгдэл ялын доод хугацааг 1 жилээр тогтоосон байгааг анхаарах нь зүйтэй.  

Шүүгдэгч нь энэ гэмт хэргийг эс үйлдэхүйгээр үйлдсэн, гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа, гэмт хэргийн улмаас хохирогчид учирсан хохирол болон эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гарсан шинжээч нарын зардлыг бүрэн төлж барагдуулсан, шүүх хуралдаанд оролцсон улсын яллагчийн санал зэргийг харгалзан энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан “барилгын инженер мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах” нэмэгдэл ял эдлэхээс шүүгдэгч Ц.Ганзоригийг чөлөөлөх нь зүйтэй гэж үзлээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “Ц.Ганзоригт оногдуулсан ялыг бүхэлд нь чөлөөлүүлэх тухай” дүгнэлт гаргасан боловч энэ гэмт хэргийн улмаас хүний эрүүл мэндэд хүнд хохирол учирсан байдлыг харгалзан шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг чөлөөлөх үндэслэлгүй байна гэж дүгнэлээ.

Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч Ц.Ганзоригт торгох ял оногдуулж, эрх хасах нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлсөн тул шүүгдэгчид оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.

 

Бусад асуудлын талаар:

Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй болохыг тус тус дурдах нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгч нь хохирогч Н.Бямбасүрэнд 17.000.000 төгрөгийг, нэр  бүхий 4 шинжээчийн зардалд 2.070.000 төгрөгийг төлсөн болох нь хохирогчийн шүүхэд ирүүлсэн хүсэлт, хохирлын мөнгө хүлээлгэн өгсөн тухай тэмдэглэл, мөнгөн шилжүүлгийн баримтууд зэргээр тогтоогдож байх тул энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдав.

           

          Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн  36.1, 36.2 дугаар зүйлийн  1, 2, 3, 4, 36.6, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

 

          1.Шүүгдэгч Хөх хайрхан овогт Цагааны Ганзоригийг Эрүүгийн хуулийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан хүний эрүүл мэндэд хүнд хохирол болгоомжгүйгээр учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

          2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Хөх хайрхан овогт Цагааны Ганзоригт барилгын инженер мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах, 2700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 2.700.000 төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй.

 

          3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д зааснаар шүүгдэгч Ц.Ганзоригийг энэхүү шийтгэх тогтоолоор оногдуулсан барилгын инженер мэргэжлээр үйл ажиллагаа явуулах эрхийг 1 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ял эдлэхээс чөлөөлсүгэй.

 

          4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн  5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч Ц.Ганзориг нь шүүхээс оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 8 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

          5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Ц.Ганзориг нь оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.

 

          6.Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Н.Бямбасүрэнд 17.000.000 төгрөгийг, шинжээчийн зардалд 2.070.000 төгрөгийг тус тус төлсөн энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг дурдсугай.

 

          7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Ц.Ганзоригт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.

 

          8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн өмгөөлөгч гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                                 Г.МӨНХБАТ