Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 02 сарын 13 өдөр

Дугаар 29

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Дархан сумын 1 дүгээр багт оршин суух Д.М-гийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч Хэнтий аймгийн Баянмөнх сумын 1 дүгээр багт оршин суух А.Б-д холбогдох “төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг 15.239.989 төгрөг гаргуулах, хөдөлмөрийн чадваргүй охин М.Х тэтгэлэг тогтоолгох” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Г хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.С шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Х.Нямдаваа нар оролцов.

                                                               ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.М шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр А.Б  нэг /2001.05.31-нд төрсөн охин М.Х хүүхдийн тэтгэлэг гаргуулж Д.М надад олгохоор шийдвэрлэсэн. Шүүхийн шийдвэр гарснаас хойш 86.000 төгрөг, мөн 500.000 төгрөг авсан. Өөр тэтгэлгийн мөнгө аваагүй. Миний охин М.Х  нь 2019 оны 05 дугаар 31-ний өдөр 18 насанд хүрсэн бөгөөд Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандахад иргэний журмаар шүүхээр нэхэмжилж төлөөгүй хугацааны тэтгэлгээ гаргуул гэсэн бөгөөд охин минь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй байтал төрөөд 1 настай байхаас нь хойш эцэг А.Б нэг ч удаа харж хандаж байгаагүй, охин бид хоёрыг хохироож байна. Иймд 2005 оноос хойш амьжиргааны түвшингийн хэмжээгээр хүүхдийн тэтгэлгээ бодуулж, гаргуулан мөн охин М.Х  нь төрөлхийн хөгжлийн бэрхшээлтэй тул цаашид бүх насаар нь тэжээн тэтгүүлэх шийдвэр гаргаж өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: М.Х  нь хөгжлийн бэрхшээлтэй, сургуульд сураагүй, 70 хувийн группэд орсон ийм хүүхэд байдаг. 2004 онд Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын шүүхээс А.Б  тэтгэлэг гаргуулж М.Х олгохоор шийдвэрлэсэн шүүхийн шийдвэр байгаа. Энэ шийдвэрээр А.Б нь 586.000 төгрөг өгөөд хэргийг хаасан О гэдэг хүний тогтоол байдаг. Шүүхийн 68 дугаартай шийдвэрт А.Б нь М.Х г миний хүүхэд мөн гэж хүлээн зөвшөөрсөн байдаг, гэтэл одоо би мэдэхгүй байна өмгөөлөгч авна гэсэн үндэслэлээр шүүх хуралдааныг хойшлуулсан, нэгэнт шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч 586.000 төгрөг төлсөн байдаг. М.Х эмчилгээ хийлгэх шаардлагатай байгаа тул шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагаас бодож өгсөн мөнгийг нэхэмжилж байгаа. Хаасан асуудлыг эс зөвшөөрч өдий хүртэл явж шүүхэд хандсан. Бүх насаар нь тэжээн тэтгүүлэхэд ихдээд байгаа бол 15-20 сая төгрөг байсан ч яахав гэж үзэж байна” гэв.

Хариуцагч А.Б шүүхэд ирүүлсэн тайлбартаа: “Миний бие Д.М шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн 15.239.989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй. Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн 2004 оны шүүхийн шийдвэрээр уг асуудлыг шийдвэрлэсэн бөгөөд тухайн цаг үед нь хүүхдийн тэтгэлгийг төлж, Д.М тохиролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон. Одоо дахин уг асуудлыг шүүхээр шийдвэрлэх боломжгүй гэж үзэж байна. Өмнө нь энэ асуудлыг шүүх хурлаар шийдвэрлэсэн. Одоо дахин шүүхэд өгч байгааг ойлгохгүй байна. Энэ асуудлыг шийдвэрлэсэн хуулийн хүчин төгөлдөр шүүхийн шийдвэр байгаа. Иймд Д.М шүүхэд гаргасан хүүхдийн тэтгэлэг гаргуулах, мөн 15.239.989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү” гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шүүхийн шийдвэрийг 2005 онд зохигч мөнгөний дүн дээрээ эвлэрээд хаасан байхад одоо иргэний хэрэг үүсгээд явах боломжтой юу үгүй юу гэдгийг өөрсдөө бодох л хэрэгтэй. Мөн энэ охины асран хамгаалагч нь Мягмарсүрэн мөн үү гэдэг дээр эргэлзээтэй байна. Учир нь охины иргэний үнэмлэх дээрх хаяг, Мягмарсүрэнгийн иргэний үнэмлэх дээрх хаяг зөрүүтэй байдаг. Иймд 15.239.989 төгрөг гаргуулах болон тэжээн тэтгүүлэх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй, урьд нь гаргаж байсан эцэг тогтоолгох тухай хүсэлтийг маань хангаж өгөөч, эсхүл хэргийг хэрэгсэхгүй болгож өгөөч гэж хүсэж байна” гэв.

Ү Н Д Э С Л Э Х нь:

Хэрэгт авагдсан нотлох баримтыг шинжлэн судлаад нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзлээ.

 

  1. Төлөгдөөгүй тэтгэлэг 15.239.989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.Б холбогдуулан Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр охин Х тогтоосон тэтгэлгээс төлөгдөөгүй тэтгэлэг болох 15.239.989 төгрөгийг гаргуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Хариуцагч А.Б нь Д.М харилцан тохиролцож шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон тул дээрх мөнгийг төлөх боломжгүй гэж маргаж байна.

Хэнтий аймаг дахь сум дундын 2-р шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр хариуцагч А.Б  сар бүр тэтгэлэг гаргуулан охин Хишигзаяаг тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ. /хх-н 3-4 хуу/ Тус шийдвэрийн дагуу шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдаж байгаад 2005 оны 04 дүгээр сарын 22-ны өдөр “Зохигчид эвлэрсэн” гэсэн үндэслэлээр шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгожээ. /хх-н 49 хуу/

Дээрх үйл баримтын талаар талууд маргаагүй ба нэхэмжлэгч талаас шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон нь хууль бус байсан гэж үзэж төлөгдөөгүй тэтгэлгийг гаргуулахаар шүүхэд хандсан байна. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3-т төлбөр төлөгч, төлбөр авагч хоорондоо эвлэрвэл тэдгээрийн гаргасан тодорхойлолтоор шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгож болохоор хуульчилжээ. Шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болох гэдэг нь төлбөр авагч, төлбөр төлөгчийн хооронд үүссэн эрх, үүргийг /төлбөр авах, өгөх/ хуульд заасан үндэслэл журмын дагуу зогсоож байгаа үйл ажиллагааг ойлгох юм.

Тухайн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг дуусгавар болгосон шийдвэр гүйцэтгэгчийн тогтоол хүчин төгөлдөр байгаа тул нэхэмжлэгчийн төлөгдөөгүй хүүхдийн тэтгэлэг болох 15.239.989 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

  1. Охин М.Х тэтгэлэг тогтоолгох тухай нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч Д.М нь хариуцагч А.Б холбогдуулан хөгжлийн бэрхшээлтэй охин М.Х тэтгэлэг тогтоолгох нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч А.Б шүүхийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дуусгавар болсон тул дахин шийдвэрлэх боломжгүй гэж маргажээ.

Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.1, 40.1.2-т заасныг баримтлан охин Хишигзаяаг 11 нас хүртэл тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн 50 хувиар, 11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-нд хүртэл амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр эцэг А.Б тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэжээ.

Гэр бүлийн тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасан “11-16 нас /суралцаж байгаа бол 18 нас/-тай болон насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй хүүхдэд амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр” гэх заалт нь хоёр утга санааг илэрхийлнэ. Үүнд

Нэгдүгээрт: Тэжээн тэтгүүлэх хүүхэд 11-16 настай, хэрэв суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр шүүхийн шийдвэрт заасан этгээдээс сар бүр тэтгэлэг гаргуулан тэжээн тэтгүүлж дээрх насны хязгаарт хүрмэгц тэжээн  тэтгэх үүрэг дуусгавар болно.

Хоёрдугаарт: Тэжээн тэтгүүлэх хүүхэд насанд хүрсэн боловч /18 насанд/ хөдөлмөрийн чадваргүй бол тухайн бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр шүүхийн шийдвэрт заасан этгээд тэжээн тэтгэнэ.

Үүнийг дүгнэвэл Хэнтий аймаг дахь сум дундын 2 дугаар шүүхийн 2004 оны 04 дүгээр сарын 26-ны өдрийн 68 дугаартай шийдвэрээр М.Х г 11-16 нас, суралцаж байгаа бол 18 нас хүртэл нь эцэг А.Б тэжээн тэтгүүлэхээр шийдвэрлэж дээрх насын хязгаараар шүүхийн шийдвэрийн хэрэгжих хугацааг тогтоожээ. Өөрөөр хэлбэл М.Х  нь 16 нас, суралцаж байсан бол 18 нас хүрснээр дээрх шүүхийн шийдвэрийн үйлчлэл дуусгавар болно. Гэтэл М.Х  нь оюуны хүндэвтэр хомсдол гэх оношоор 70 хувийн хөдөлмөрийн чадвар алдалттай, эх Д.М байнгын асаргаанд байдаг болох нь Хөдөлмөрийн чадвар алдалтын хувь, хугацаа тогтоосон акт /хх-н 40 хуу/, Хөдөлмөр, нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж олгосон тухай тодорхойлолт /хх-н 21 хуу/ зэрэг хэрэгт авагдсан нотлох баримтуудаар тогтоогдож байна. Энэ нь М.Х г насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй гэж үзэх үндэслэл болж, тэжээн тэтгэх, тэтгүүлэх эрх, үүргийг бий болгож байна гэж үзлээ.  

Иймд хариуцагч А.Б болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгчийн өмнө нь шийдвэрлэж дуусгавар болсон асуудлыг дахин шийдвэрлэх боломжгүй гэх үндэслэлээр нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгох үндэслэлгүй төдийгүй Гэр бүлийн тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу хөдөлмөрийн чадваргүй М.Х г эцэг А.Б тэжээн тэтгүүлэх нь зүйтэй гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг хангаж шийдвэрлэсэн болно.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон

Т О Г Т О О Х нь:

 

  1. Гэр бүлийн тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 40 дүгээр зүйлийн 40.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан насанд хүрсэн боловч хөдөлмөрийн чадваргүй М.Х-г түүний оршин суугаа бүс нутагт тогтоосон амьжиргааны доод түвшингийн хэмжээгээр сар бүр тэтгэлэг гаргуулан эцэг А.Б тэжээн тэтгүүлсүгэй.
  2. 2002 оны Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1.3 дахь хэсэгт заасныг баримтлан хариуцагч А.Б  15.239.989 төгрөгийг гаргуулахыг хүссэн нэхэмжлэгч Д.М нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3 дахь хэсэгт зааснаар нэхэмжлэгч нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 63 дугаар зүйлийн 63.1.5 дахь хэсэг, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсэгт зааснаар  хариуцагч А.Б  улсын тэмдэгтийн хураамж 53.677 төгрөгийг гаргуулж улсын орлого болгосугай.
  4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

6. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Р.БАТБАЯР