Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь сум дундын шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 09 өдөр

Дугаар 65

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Хэнтий аймгийн Бор-Өндөр сум дахь Сум дундын шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг шүүгч Р.Батбаяр даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Хэнтий аймгийн Бор-Өндөр суманд байрлах Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвийн нэхэмжлэлтэй

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 2 дугаар баг оршин суух, Улаанбаатар хот Баянгол дүүрэг 15 дугаар хороо   түр оршин суух, Д.Ш

Хариуцагч: Хэнтий аймгийн Бор-Өндөр сумын 1 дүгээр баг Нийтийн байр         Т.Г нарт холбогдох “зээлийн гэрээний үүрэгт 22.168.633.93 төгрөг гаргуулах” тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга М.Солонго, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.А хариуцагч Д.Ш Т.Г нар оролцов.

                                                                                Т О Д О Р Х О Й Л О Х нь:

Нэхэмжлэгч: Хас банк ХХК Бор-Өндөр тооцооны төв шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: “Иргэн Д.Ш нь Хас банкны Бор-Өндөр тооцооны төвөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1430013432 дугаартай Зээлийн гэрээ байгуулан 17.960.000 төгрөгийн зээлийг 48 сарын хугацаатай, жилийн 20.4 хувийн хүүтэй, өрхийн хэрэглээний зориулалтаар авсан. Банк нь 2018 оны 12 сарын 31-ний өдөр зээлдэгч Д.Ш Хас банк дахь ................ тоот дансанд 17.690.000 төгрөгийг шилжүүлэн, гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлж зээлийг олгосон. Гэрээний хугацаанд зээлдэгч нь үндсэн төлбөрт 0 төгрөг, зээлийн хүү 190.097.68 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 1.080.2 төгрөг төлсөн ба өнөөдрийн байдлаар үндсэн төлөлт хийгээгүй байна. Зээлдэгч нь банктай байгуулсан 1430013432 дугаартай зээлийн гэрээгээр хүлээсэн үүргээ зөрчиж зээлийн төлбөрийг 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс эхлэн төлөлгүй, нэхэмжлэл гаргах өдрийн байдлаар 387 хоног хэтрүүлээд байна. Иймд 1430013432 дугаартай зээлийн гэрээний дагуу төлөгдөөгүй нийт үндсэн төлбөр 17.960.000 төгрөг, 2020 оны 03 сарын 06-ны өдрийн байдлаар хүү 4.136.244.93 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 72.389 төгрөг нийт 22.168.633.93 төгрөгийг Д.Ш Т.Г нараас гаргуулах, зээлдэгч нь нар нь сайн дураар төлбөрөө төлөөгүй тохиолдолд үүргийн гүйцэтгэлийг хуулиар төлбөр гаргуулж болохгүй гэж зааснаас бусад хөрөнгө, орлогоос шийдвэр гүйцэтгэх бүхий л ажиллагааг явуулж Шүүхийн шийдвэрийг бүрэн биелүүлэх талаар Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.5-д заасны дагуу шүүхийн шийдвэрт тухайлан зааж, зөвшөөрөл олгож өгнө үү” гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Манай банк зээлдэгч Д.Ш хамтран зээлдэгч Т.Г нарт 2018 оны 12 сарын 31-ний өдөр нийт 17.960.000 төгрөгийн зээл олгосон. Зээлдэгч нар нь 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш 190.000 төгрөгийн зээлийн эргэн төлөлт хийсэн. 2019 оны 04 сарын 15-ны өдрөөс хойш 385 хоног зээлийн хугацаа хэтэрсэн явж байна. Өнөөдрийн байдлаар зээлдэгчийн хэвийн болгох зээлийн хэмжээ нь нийт 8.299.000 төгрөгийн зээл байна. Уг зээлийг хагас жилийн байдлаар 2020 оны 06 сарын 30-ны өдөр хүртэл зээлийг хэвийн төлүүлээд цаашид 7 сарын 1-ний өдрөөс эхлэн зээлийг графикийн дагуу төлүүлж явах саналтай байна” гэв.

Хариуцагч Д.Ш шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:  “Би Хас банкнаас зээл авсан. Зээлийн эргэн төлөлт хийгээгүй. Бор-Өндөр Уулын баяжуулах үйлдвэрийн харуул татан буугдаад ажилгүй болсон. Би 2020 оны 01 сарын 24-ний өдрөөс БОСА холдинг ХХК-нд захирлын жолоочоор ажилд орсон. Т.Г найзыгаа зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж гуйсан. Хас банкнаас нэхэмжилж буй 22.168.634.93 төгрөгийг зөвхөн би төлмөөр байна. Т.Г Хас банкны нэхэмжилж буй 22.168.634.93 төгрөгөөс чөлөөлж өгнө үү” гэв.

Хариуцагч Т.Г шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: “Д.Ш надаас зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад өгөөч гэж санал тавьсан. Би эхлээд гарын үсэг зураагүй, тэгсэн Д.Ш ах нь нас барсан гэж хэлэхээр нь хэнд ч зовлон тохиолдож болно гээд тус болоод гарын үсэг зурсан. Би зээлийн гэрээн дээр гарын үсэг зураад Д.Ш нэг ч төгрөг аваагүй. Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй” гэв.

 

                                                                               Ү Н Д Э С Л Э Х нь:

Нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь хариуцагч Д.Ш Т.Г нарт холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.168.634.98 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэл гаргасан бөгөөд хариуцагч Д.Ш нь дээрх нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрч, хариуцагч Т.Г нь тухайн зээлээс мөнгө аваагүй тул төлөхгүй гэж нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргаж байна.

Хариуцагч Д.Ш Т.Г нар нь Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвтэй 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1430013432 дугаартай зээлийн гэрээ бичгээр байгуулан 17.960.000 төгрөгийг жилийн 20.4 хувийн хүүтэй, 48 сарын хугацаатай зээлж авсан байх бөгөөд талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1-д заасан банк, зээлийн үйл ажиллагаа эрхлэх эрх бүхий этгээдээс зээл олгох гэрээ байгуулагдсан, тус гэрээ нь Иргэний хуульд нийцсэн, хүчин төгөлдөр гэрээ байна.

Талуудын хооронд байгуулсан зээлийн гэрээний 5.1.4-т “зээлдэгч зээлийн төлбөрийг төлөх чадваргүй болсон” тохиолдолд банкны санаачлагаар гэрээг цуцлахаар заажээ. Зээлдэгч нар нь гэрээнд заасан хугацаанд зээлээ төлөлгүй, банк шүүхэд нэхэмжлэл гаргах үеийн байдлаар 387 хоногийн хугацаа хэтрүүлж гэрээний үүргийн зөрчил гаргасан болох нь талуудын тайлбар, дансны хуулгаар тогтоогдож байх тул нэхэмжлэгч нь зээлийн гэрээг хугацаанаас өмнө цуцлах тухай шаардлага гаргах эрхтэй байна. Хариуцагч Д.Ш нь дээрх нэхэмжлэлийн шаардлагын талаар маргаагүй тул 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1430013432 дугаартай зээлийн гэрээг хугацааны өмнө цуцлах үндэслэлтэй гэж үзлээ. 

Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр байгуулсан 1430013432 дугаартай зээлийн гэрээнээс үзэхэд зээлдүүлэгчээр Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв, зээлдэгчээр Д.Ш хамтран зээлдэгчээр Т.Г нар гэрээний нөхцөлийг харилцан тохиролцож бичгээр гэрээ байгуулсан байна.

Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “Үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь буюу хэсэгчлэн хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж заажээ. Иймд Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.3-д заасны дагуу үүрэг гүйцэтгүүлэгч буюу Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төв нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь буюу хэсэгчлэн шаардах эрхтэй байна.

Хариуцагч Т.Г нь “уг зээлээс өөрөө захиран зарцуулаагүй тул төлөх боломжгүй” гэж маргадаг. Талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн 1430013432 дугаартай зээлийн гэрээгээр хамтран зээлдэгч нь зээлдэгчтэй нэгэн адил эрхийг эдэлж, үүргийг хүлээх ба зээлийн гэрээний 3.2.1-д зааснаар зээл, хүүгийн төлбөрийг гэрээний хавсралтад заасан эргэн төлөлтийг хуваарийн дагуу төлөх үүргийг хамтран зээлдэгч нь зээлдэгчийн нэгэн адил бүрэн хүлээхээр заажээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нь шүүхэд болон шүүх хуралдаанд хариуцагч нараас зээлийн хэтрэлт 8.131.794.53 төгрөгийг төлүүлж, цаашид хуваарийн дагуу төлүүлье гэсэн тайлбарыг гаргасан боловч түүнд олгосон итгэмжлэлд нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, хариуцагчтай эвлэрэх эрхүүдийг олгоогүй тул хэргийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд шийдвэрлэсэн болно.

Иймд дээрх үндэслэлээр талуудын хооронд байгуулсан 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 1430013432 дугаартай зээлийн гэрээг цуцалж, хариуцагч нараас зээлийн гэрээний үүрэгт 22.168.633.93 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгох үндэслэлтэй байна гэж үзлээ.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118 зүйлүүдэд заасныг удирдлага болгон

                                                                                   Т О Г Т О О Х нь:

  1. Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 453 дугаар зүйлийн 453.1 дэх хэсэгт тус тус зааснаар хариуцагч Д.Ш, Т.Г нараас 22.168.633.98 /хорин хоёр сая нэг зуун жаран найман мянга зургаан зуун гучин гурав, ерэн найман мөнгө/ төгрөгийг гаргуулж нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
  2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1 дэх хэсгүүдэд зааснаар  нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 268.793 төгрөгийг төрийн сангийн дансанд хэвээр үлдээн улсын орлого болгож, хариуцагч Д.Ш Т.Г нараас улсын тэмдэгтийн хураамж 268.793 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Хас банк ХХК-ийн Бор-Өндөр тооцооны төвд олгосугай.
  3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4 дэх хэсэгт зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгомогц хүчинтэй болох бөгөөд зохигч 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүрэгтэйг мэдэгдсүгэй.

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.7 дахь хэсэгт зааснаар дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардан аваагүй нь гомдол гаргах хугацааг хуульд заасан журмын дагуу тоолоход саад болохгүйг дурдсугай.

5. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2 дахь хэсэгт зааснаар зохигч шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах  гомдол гаргах эрхтэйг тайлбарласугай.

 

ДАРГАЛАГЧ                                         Р.БАТБАЯР