| Шүүх | Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Гармаадоржийн Мөнхбат |
| Хэргийн индекс | 169/2023/0049/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/121 |
| Огноо | 2023-09-19 |
| Зүйл хэсэг | 17.5.1., |
| Улсын яллагч | О.Эрхэмбаяр |
Дундговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 19 өдөр
Дугаар 2023/ШЦТ/121
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дундговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Г.Мөнхбат даргалж тус шүүхийн “А” танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд
Нарийн бичгийн дарга Ж.Батдэлэг
Улсын яллагч О.Эрхэмбаяр
Шүүгдэгчийн өмгөөлөгч Г.Лхам Шүүгдэгч П.Батбаяр нарыг оролцуулан Дундговь аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн П.Батбаярт холбогдох эрүүгийн 2222001360196 дугаартай хэргийг 2023 оны 08 дугаар сарын 28-ны өдөр хүлээн авч, шүүх хуралдаанаар хэлэлцэв.
Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1983 оны 11 дүгээр сарын 07-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал суманд төрсөн, 39 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр, хүүхдийн хамт Говьсүмбэр аймгийн Баянтал сумын 1 дүгээр баг Сүлдийн 16-17 тоотод оршин суух, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, Шаргууд овогт Пунцагдоржийн Батбаяр /РД:ЗВ83110711/
Шүүгдэгч П.Батбаяр нь /яллах дүгнэлтэд дурдсанаар/ Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг "Хэрсэн хонд" гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр Б.Нармандахын хонин сүргээс тасарсан алдуул мал болох 54 тооны хонийг бусдын өмчлөл, эзэмшилд байгааг мэдсээр байж завшсан гэмт хэргийг үйлдсэнд холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүхийн хэлэлцүүлгээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:
Шүүгдэгч П.Батбаяр шүүхийн хэлэлцүүлэгт мэдүүлэхдээ “ Манай дүү Дундговь аймгийн Говь-Угтаал сум явсан хугацаанд би гэрийг нь харсан. Бороо ороод хонь нь тасраад, цуглуулаад явж байтал 54 хонь явж байхаар дүүгийн хонинд нийлүүлээд 2-3 хоног харсан. Тэгээд 23 хонийг нь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд авч яваад 11 хонийг нь хийсэн байсан. Үлдсэнийг нь Нармандах гэдэг хүн өөрөө ирж аваад явсан. 54 тооны хонь 2022 оны 06 сарын 08-ны өдөр нийлсэн. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна” гэв.
Хохирогч Б.Нармандахын “Би Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р баг, Хараатын сүүж гэдэг газар мал малладаг бөгөөд тус сумын 3 дугаар багийн “Долооны хэрсэн хонд” гэх газраас 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 54 тооны хонь алдсан. Тэгээд араас нь сураг тавиад явж байгаад Цагаандэлгэр сумын Өнөр гэх айлаас асуутал “2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр цөөн тооны хонь туучихсан хүн явж байхаар нь очоод уулзтал Пунцагдорж гуайн хүү Батбаяр таны хайгаад байгаа им тэмдэгтэй хонь туугаад явж байсан” гэж хэлсэн. Тэгээд би 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын Хүн овоот гэх газар байх Батбаярын дүү Мөнхбаярын гэрт яваад очтол хүн байгаагүй. Тэдний хонин дотор шүүж үзэхэд манай им, тэмдэгтэй, миний хайж байсан хонинуудаас байхаар нь тоолж үзэхэд 30 гаран хонь байсан. Тэгээд би овоон дээр сууж байтал хонины эзэн болох Мөнхбаяр хүрээд ирсэн. Би Мөнхбаярт “манай алдсан хонь танай хонинд нийлсэн байна” гэхэд Мөнхбаяр “би хоёр хоног Говь-Угтаал сумын төв дээр байж байгаад ирлээ, танай хонь ирж нийлсэнийг мэдэхгүй” гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхбаяраас ах Батбаярынхаа дугаарыг өг гээд Батбаяр руу залгах гэтэл миний утасны цэнэг дууссан. Мөнхбаяр ах руугаа залгаж яриад “юу хийж байна” гэхэд Батбаяр ах нь “би мал хийж байна” гэж хэлсэн. Тэгэхээр нь би яриад “чи миний хонийг тууж явсан байна, манай хонины хагас нь хаана байна” гэж асуусан. Тэгэхэд Батбаяр “танай хонь Говьсүмбэр аймгийн Баянтал суманд хашаанд байгаа” гэж хэлэхээр нь “би очоод хонио авчихъя, чи хаана байна” гэж асуухад “Говьсүмбэр аймаг дээр байна, ирээд уулзчих” гэсэн. Тэгээд манай эхнэр Говьсүмбэр аймагт байдаг ах Оюунбаатар руугаа залгаад “та Баянтал суман дээр Батбаярын хашаанд очоод манай хонийг үзчих” гэж хэлсэн. Тэгээд эхнэрийн ах Оюунбаатар очиж үзээд “танай им тэмдэгтэй хонь мөн байна, хагасыг нь хийж байна, хагас нь машин дээр байна” гэсэн. Тэгэхээр нь эхнэр бид хоёр Баянтал суман дээр очиход манай 12 хонийг хийсэн, 11 хонь машин дээр ачаатай байсан. Тэгэхээр нь Говьсүмбэр аймгийн цагдаад мэдэгдсэн. Манай алдсан хонинууд зөв талын чих нь сам, буруу талын чих нь ухам имтэй, буруу талын чихийг нь хальт харвал хулгар гэж харж болох байх. Дүү Мөнхбаярынх нь хонинд байсан 31 хонь, Говьсүмбэр аймгийн Баянтал суманд Батбаярын хашаанд нядлаагүй байсан 11 тооны хонио авсан. Мөн нядалсан байсан 12 хонины махыг нь авч зах зээлийн үнээр борлуулсан. Явсан бензин тосны үнэ болох 1 сая төгрөг авч хохирлоо барагдуулсан. Би хулгайд алдсан гэх хонио нэгийг нь 320.000 төгрөгөөр буюу нийт 17.280.000 төгрөгөөр үнэлж байна ” гэх мэдүүлгүүд /хх-ийн 31-32, 58-59/
Хохирогч Б.Нармандахын дахин өгсөн “Манай хонь 2022 оны 05 дугаар сарын дундуур эм хонь төллөж дуусахад бүрэн байсан. 2022 оны 06 дугаар сарын 08-нд Говь-Угтаал сумын төв дээр Их-Угтаал уулын тахилга наадам болж би эхнэртэйгээ цуг наадам үзсэн. Манай хүү хонио хараад үлдсэн. 2022 оны 06 дугаар сарын 10-ны өдөр манай хүү “хонь дутуу юм шиг харагдаад байна” гэхээр нь хонио тоолж үзсэн. Тэгэхэд манай хониноос 54 тооны хонь дутуу байсан. Тэрнээс өмнө хонио нэг бүрчлэн тоолж үзээгүй. Манай хонь хамгийн сүүлд харахад манай хаваржаа болох “хэрсэн хонд” гэх газар байсан. Манай гэрээс Батбаярын байх гэр хүртэл 24 км зайтай, манай хонь хааш хаашаагаа 5 км зайд бэлчдэг. Манай байсан газарт 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдөр бороо орсон. Тэгэхэд хонио хаваржаан дээр хурааж орхисон” гэх мэдүүлэг /хх-ийн 199-200/
Гэрч О.Оюунбаатарын “манай дүүгийн нөхөр Б.Нармандах 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдөр Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг "Хэрсэн хонд" гэх газраас 50 гаруй хонио алдчихлаа гэж над руу ярьж байсан. Тэгээд 2022 оны 06 дугаар сарын 12-ны өдөр 19 цаг өнгөрч байхад над руу залгаад “алдсан хониныхоо талыг нь Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын нутагт Мөнхбаяр гэх айлын хонин дундаас оллоо, талыг нь Мөнхбаярын ах Батбаяр Говьсүмбэр аймгийн Баянтал сум руу ачаад аваад явчихсан гэж байна. Та нядлахаас нь өмнө очоод үзчих” гэж хэлсэн. Тэгэхээр нь 20 цагийн үед Говьсүмбэр аймгийн Сүмбэр сумаас өөрийнхөө тээврийн хэрэгсэлтэй Баянтал сум ороод Батбаярын хашаанд очиход 12 тооны хонийг нь нядалчихсан, 11 тооны хонь портер машин дээр нь байсан. Би дүү Б.Нармандахын хонины им, тэмдгийг нь мэддэг ба Батбаярын ачиж авчраад нядалж байсан хонинууд нь зөв тал нь сам, буруу чих нь үзүүрээсээ ухам имтэй, Б.Нармандахын алдсан хоньтой, им зүсээр тохирч байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 34-рт/
Гэрч Т.Өнөрбаянгийн “2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө эрт 07 цагийн орчим эхнэр Ууганбаярын хамт хонио хараад Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хөх хошуу” гэх газар явж байхад мотоциклтой хүн хонь туугаад явж байсан. Тэгэхээр нь хүрч очиход Батбаяр гэх хүн 50 гаран тооны хонь туугаад явж байсан. Тэгэхээр нь “хаа хүрч яваа юм” гэхэд бид хоёрын өөдөөс нэг их юм яриагүй, “хаанаас явж байна” гэхэд Батбаяр нь “зүүн хойноос явж байна” гэж хэлсэн, өөр юм яриагүй. Нэг хоногийн дараа хонь сурсан хүн ирээд сурахаар нь “танайд улбар шар өнгийн будагтай хонь байгаа юу” гэж асуусан. Тэгтэл хонины эзэн “байгаа” гэхээр нь “Батбаяр гэж хүн 50 гаран хонь туугаад явж байсан” гэж хэлсэн. Би Батбаярын тууж явсан хонины им тэмдгийг сайн анзаараагүй, үргээд байсан. Тэр хонин дотор улбар шар өнгийн будагтай хонь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 66-рт/
Гэрч Ц.Ууганбаярын “2022 оны 06 дугаар сарын 09-ний өглөө эрт 07 цагийн орчим нөхөр Өнөрбаянгийн хамт хонио хараад Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хөх хошуу” гэх газар явж байхад мотоциклтой хүн хонь туугаад явж байсан. Тэгэхээр нь очсон чинь Батбаяр гэх хүн 50 гаран тооны хонь туугаад явж байсан. Бид хоёр очоод “хаа хүрч яваа юм” гэхэд нэг их юм яриагүй. Тэгэхээр нь “хаанаас явж байна” гэхэд Батбаяр нь “зүүн хойноос явж байна” гэж хэлсэн, өөр юм яриагүй. Тэгээд л бид хоёр яваад өгсөн. Нэг хоногийн дараа хүн ирээд хонь сурахаар нь “танайд улбар шар өнгийн будагтай хонь байгаа юу” гэж асуусан. Хонь сурсан хүн “байгаа” гэхээр нь “50 гаран тооны хонь Батбаяр гэдэг хүн туугаад явж байсан” гэж хэлсэн. Би Батбаярын тууж явсан хонины им тэмдгийг сайн анзаараагүй. Тэр хонин дотор улбар шар өнгийн будагтай хонь байсан” гэх мэдүүлэг /хх-ийн 70-рт/
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад дээрх баримтуудыг хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байх тул шүүх нотлох баримтаар үнэлж шийдвэрлэлээ.
Үйл баримт хэргийн зүйлчлэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудаар хохирогч Б.Нармандах нь Дундговь аймгийн Говь-Угтаал сумын 3-р багийн нутаг “Хэрсэн хонд” гэх газраас 2022 оны 05 дугаар сарын дундаас 2022 оны 06 дугаар сарын 08-ны өдрийн хооронд 54 тооны эр, сувай хонь алдсан үйл баримт тогтоогдож байна.
Хохирогч Б.Нармандахын алдсан гэх 54 тооны хонийг 2022 оны 06 дугаар сарын 09-ний өдрийн 07 цагийн орчим Дундговь аймгийн Цагаандэлгэр сумын 4 дүгээр багийн нутаг “Хөх хошуу” гэх газарт шүүгдэгч П.Батбаяр тууж явсан болох нь гэрч Т.Өнөрбаян, Ц.Ууганбаяр нарын мэдүүлгээр, уг хониноос 31 тооны хонь нь шүүгдэгч П.Батбаярын дүү Мөнхбаярын хонин сүрэгт байсан, бусад 23 тооны хонийг шүүгдэгч П.Батбаяр нь Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвд аваачиж 12 тооны хонийг нь нядалсан байдалтай, 11 тооны хонь нь машин дээр ачаатай байсан болох нь гэрч О.Оюунбаатар, хохирогч Б.Нармандах нарын мэдүүлэг болон хэргийн газарт үзлэг хийсэн тухай тэмдэглэл, фото зургууд зэрэг баримтуудаар тогтоогдож байна.
Прокуророос шүүгдэгч П.Батбаярын бусдын өмчлөлийн ижил сүргээсээ тасарсан, 54 тооны хонийг өөрийн дүүгийн хонин сүрэгт нийлүүлж, улмаар 23 тооны хонийг нь зарж борлуулах зорилгоор Говьсүмбэр аймгийн Баянтал сумын төвд аваачиж, 12 тооны хонийг нядалж байгаа үйлдлийг алдуул мал завших гэмт хэрэг гэж үзэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн Тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “алдуул мал завших” гэмт хэргээс гадна мөн хуулийн тусгай ангийн 17.12 дугаар зүйлд заасан “мал хулгайлах” гэмт хэргийн шинжийг агуулж байна.
Шүүхээс алдуул мал завших гэмт хэргийг ойролцоо төрлийн гэмт хэрэг буюу мал хулгайлах гэмт хэргээс ялган зүйлчлэх, Эрүүгийн хуулийг зөв тайлбарлан хэрэглэх зорилгоор хэрэгт нэмэлт ажиллагаа хийлгэхээр хэргийг прокурорт удаа дараа буцаасан боловч энэ талаарх ажиллагааг хангалттай хийхгүйгээр шүүгдэгчийг алдуул мал завших гэмт хэрэгт холбогдуулан дахин яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлжээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 34.7 дугаар зүйлд “прокурор шүүх хуралдаанд төрийн нэрийн өмнөөс улсын яллагчаар оролцоно” гэж, мөн хуулийн 4.2 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “прокурор нь шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай эсэхийг шүүхийн өмнө нотлох үүрэг хүлээнэ” гэж тус тус хуульчлан заасан байна.
Шүүхээс хэргийн зүйлчлэлийг хүндрүүлж, шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж болзошгүй үндэслэлээр хэргийг удаа дараа прокурорт буцааж байгаа нь “шүүх прокуророос илүү яллах чиг үүрэгтэйгээр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцож байгаа, шүүгч хэрэгт хувийн сонирхлоор хандаж байгаа” мэт ойлголтыг хэргийн оролцогч нарт төрүүлж, шүүх аливаа хэрэг маргааныг хянан шийдвэрлэхдээ хараат бусаар, хөндлөнгийн байх зарчмыг алдагдуулж байна.
Иймд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана” гэж заасныг баримтлан хэргийг яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлээр П.Батбаярт холбогдох эрүүгийн 2222001360196 дугаартай хэргийг эцэслэн шийдвэрлэлээ.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.15 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар прокурор, мөрдөгч нь нотлох баримтыг өөрийн дотоод итгэлээр үнэлэх боловч хэрэгт цугларсан нотлох баримт нь эргэлзээгүй, бүрэн гүйцэт, хэргийн үйл баримтыг бүрэн гүйцэт тогтоосон байх шаардлагатайг прокурор анхаарах нь зүйтэй.
Гэм буруу, оногдуулах ял шийтгэлийн талаар:
Шүүхийн хэлэлцүүлэгт судлагдсан дээрх баримтуудыг үндэслэн шүүгдэгч П.Батбаярыг бусдын алдуул 54 тооны хонийг завших буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутай байна гэж шүүх дүгнэлээ.
Шүүгдэгч нь гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлсөн нь Эрүүгийн хуулийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2-т заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд хамаарах бөгөөд шүүгдэгчийн үйлдэлд эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.
Эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдал, шүүх хуралдаанд гаргасан улсын яллагчийн дүгнэлт, шүүгдэгч нь өрхийн хувьд нүүдлийн мал аж ахуй эрхлэн амьдардаг зэргийг харгалзан шүүгдэгч П.Батбаярт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлд заасан ялаас торгох ялыг сонгон, 1000 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулахаар шийдвэрлэлээ.
Шүүгдэгч П.Батбаярын орлого олох нөхцөл, боломжийг харгалзан түүнд оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоолоо.
Бусад асуудлын талаар:
Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь хохирогч Б.Нармандахад 42 тооны хонь болон 12 тооны хонины махыг хүлээлгэн өгсөн, хохирогчийн алдсан малаа эрж хайхад зарцуулсан гэх 1.000.000 төгрөгийг нөхөн төлсөн байх тул энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдав.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад шүүгдэгчийн мал ачиж явах зорилгоор ашигласан гэх бусдын өмчлөлийн КИА БОНГО-3 маркийн 57-88 ДУА улсын дугаартай тээврийн хэрэгслийн шилжилт хөдөлгөөнийг прокурорын зөвшөөрлөөр хязгаарласан байх тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгох нь зүйтэй гэж үзлээ.
Энэхүү шийтгэх тогтоолоор шүүгдэгч П.Батбаярт торгох ял оногдуулсан тул шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 3, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 38.1, 38.2 дахь хэсэгт тус тус заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:
1. Шүүгдэгч Шаргууд овогт Пунцагдоржийн Батбаярыг бусдын алдуул 54 тооны хонийг завших гэмт хэргийг буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Шаргууд овогт Пунцагдоржийн Батбаярт 1000 /мянган/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 1.000.000 /нэг сая/ төгрөгөөр торгох ял оногдуулж шийтгэсүгэй. 3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч нь оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 4 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай. 4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар оногдуулсан торгох ялыг тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжийг 1 хоногоор тооцож, хорих ялаар сольдог болохыг мэдэгдсүгэй.
5. Шүүгдэгч нь энэ хэргийн улмаас цагдан хоригдоогүй, хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь энэхүү шийтгэх тогтоолоор бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай. 6. “КИА БОНГО-3” маркийн 57-88 ДУА улсын дугаартай хөх өнгийн тээврийн хэрэгслийн хөрөнгийн шилжилт хөдөлгөөнийг хязгаарлах тухай прокурорын 2022 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 04 дугаартай зөвшөөрлийг шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц хүчингүй болгосугай. 7. Шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч П.Батбаярт урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй. 8. Энэхүү шийтгэх тогтоол нь уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд эс зөвшөөрвөл гардуулснаас хойш 14 хоногийн дотор Дундговь аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, хохирогч тэдгээрийн өмгөөлөгч нар гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Г.МӨНХБАТ