| Шүүх | Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Цэдэвийн Отгонжаргал |
| Хэргийн индекс | 176/2022/0158/Э |
| Дугаар | 2023/ШЦТ/382 |
| Огноо | 2023-09-27 |
| Зүйл хэсэг | 24.2.1., |
| Улсын яллагч | Э.Уянга |
Төв аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 09 сарын 27 өдөр
Дугаар 2023/ШЦТ/382
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн гэм буруугийн шүүх хуралдааныг тус шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж,
шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Оюунчимэг,
улсын яллагчаар Төв аймгийн Прокурорын газрын хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хяналтын прокурор Э.Уянга,
шүүгдэгч Б.С нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар, Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн Р овогт Б-н С т холбогдох эрүүгийн 2034006370084 дугаартай, 2 хавтаст хэргийг 2023 оны 02 дугаар сарын 09-ний өдөр хүлээн авснаар шүүн хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 45 настай,эрэгтэй, яс үндэс халх, дээд боловсролтой, хөнгөн үйлдвэрийн инженер мэргэжилтэй, ам бүл 6, эхнэр 6 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн ................. оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагналгүй, урьд ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Р овогт Б-н С , .................. регистрийн дугаартай гэв.
Холбогдсон хэргийн талаар: /яллах дүгнэлтэд тусгагдсанаар/
Шүүгдэгч Б.С нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2 дахь хэсэг, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэг.Шүүхийн хэлэлцүүлэгт:
Шүүгдэгч Б.С : “Би цалин мөнгө авч ажилласан шүү дээ. Тухайн үед авч явсан тээврийн хэрэгслийг Д.О авч явсан. Намайг өдрийн 150.000 төгрөгөөр ажилд яваад өгөөч, унаж явах нэг машин олчих гэсэн. Тэгээд дүүгийнхээ harrier маркийн машиныг би авч явсан. Д.О бензин хийж дүүргэж өгсөн. Намайг ажилд туслалцаадхаач, өдрийн 150.000 төгрөг өгье, туслахаар ажил гэсэн. Гайгүй байвал цаашдаа тогтмол ажиллуулна гэж байсан. Би зөвшөөрөлтэй юм байх л гэж бодсон. Д.О Заамар суманд юм хийгээд байна гэж яриад байдаг байсан. би уул уурхайн чиглэлээр явдаг, мөнгөтэй залуу л гэж бодож байсан. Байнга л Заамар суманд юм хийж байна гэж яриад байдаг байсан.” гэв.
Хоёр.Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шинжлэн судалсан баримт болон хэрэгт цугларсан бусад нотлох баримтууд:
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н гийн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ч.С ын мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, гэрч Д.Г ын мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, гэрч У.Б ын мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, гэрч Г.Г ын мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч Ц.Ө ийн мэдүүлэг /хх-ийн 219-220 дугаар хуудас/, гэрч Д.О ын мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/,
Төв аймгийн Прокурорын газрын 2023 оны 09 дүгээр сарын 25-ны өдрийн №1/1539 дугаартай “шүүгчийн захирамжид заасан ажиллагааг хийж хүргүүлэв” гэх 32 хуудас хавсралтаар ирүүлсэн албан бичиг, иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушийн мэдүүлэг,
Байгаль орчны судалгаа үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1/96 дугаартай шинжээчийн дүгнэлт
зэрэг болно
Гурав: Шүүхээс хэргийн талаар тогтоосон байдал.
Прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд, шүүгдэгч Б.С ын холбогдсон хэрэгт гэм буруу, Эрүүгийн хуулийн хууль ёсны, шударга ёсны зарчмыг баримтлан шүүхийн хэлэлцүүлэгт тогтоогдсон үйл баримт, шинжлэн судлагдсан болон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэхэд:
Шүүгдэгч Б.С нь улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй маргаагүй, гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай гэдгээ хүлээн зөвшөөрсөн болно.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “ шүүх хэргийн бодит байдлыг талуудын мэтгэлцээний үндсэн дэр тогтооно.” гэсэн зарчмыг удирдлага болгон хэрэгт цугларсан дээрх нотлох баримтуудыг үндэслэн дүгнэвэл:
Улсын яллагчаас шүүгдэгч Б.С нь Д.О тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ-Ус” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан ашигт малтмалын эрэл хайгуул явуулж, олборлолт явуулан газрын хэвлийд хууль бусаар халдаж 56.17 м2 буюу 0.006 га талбай бүхий байгаль орчинд 36 622 төгрөгийн хохирол учруулсан гэж үзэж яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлсэн боловч,
Шүүх хуралдаанаар тогтоогдсон нөхцөл байдлаас үзвэл шүүгдэгч Б.С нь Д.О тай бүлэглэн 2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэр “Шинэ-Ус” гэх газарт тусгай зөвшөөрөлгүйгээр техник хэрэгсэл ашиглан газрын хэвлийд хууль бусаар халдаж 56.17 м2 буюу 0.006 га талбай бүхий байгаль орчинд 36 622 төгрөгийн хохирол учруулсан нөхцөл байдал тогтоогдож байна.
Энэ нь эрүүгийн 2034006370084 дугаартай хэрэгт авагдсан:
Иргэний нэхэмжлэгч Т.Н гийн өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутагт газар ухаж байна гэсэн дуудлага ирээд сумын Засаг даргын Тамгын газраас Цээл 2 дугаар багийн засаг дарга У.Б а, жолооч Б нар явсан тухайн үед нь миний бие дуудлаганд цуг яваагүй дараа нь тэдгээр хүмүүсээс асуухад тэр газар нь экскаватороор газрыг нь ухчихсан байдалтай байхад нь цагдаагийн байгууллагад хандсан гэсэн дараа нь цагдаагийн байгууллагаас ирж үзлэг шалгалтаа хийсэн. Би тухайн газарт өмнө нь 2018 оноос эхлэн шалгалт хийж байсан. Очиж байр байдалтай нь танилцдаг байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 65 дугаар хуудас/
Гэрч Ч.С ын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 12-ны үед манай найз С над руу өөрийнхөө утсаар залгаад уулзах ажил байна Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу экскаваторыг чинь авч явах ажил байна 1 өдрийн 800.000 төгрөг өгье гэж хэлсэн. Тэгээд экскаватороо Улаанбаатар хотын Сонгинохайрхан дүүргийн 22-ын товчооны орчмоос С ын хөлсөлж авсан гэх хар өнгийн толгойтой трайлерт ачаад Улаанбаатар хотоос Баян-Өнжүүл сум руу гараад шөнө буюу 2020 оны 10 дугаар сарын 16-ны үүрийн 05-06 цагийн орчим тус сумын нутаг дэвсгэр Шинэ-Ус гэх газарт ирсэн. Тухайн газарт очоод өдрийн 12 цаг хүртэл фальц очсон хүмүүс амарцгааж байгаа босоход С экскаваторын фальц сугараад, масло тос дундуур байгаад байна. Улаанбаатар хотоос Баажий гээд найзыгаа сэлбэг авчруулахаар дуудчихлаа гэсэн тэр залуу өдөр 15 цагийн орчимд сэлбэг аваад хар өнгийн хариер маркийн машинтай ирээд экскаватороо янзалж, засвар хийж дуусаад Шинэ-Ус гэх газарт байрлах шороон зам дагуух жалгыг экскаватороор ухаж эхэлсэн. Тухайн жалгыг ухаж эхлээд удаагүй байхад би архи уугаад унтаад өгсөн. Тэгтэл орой 20 цагийн орчим сумын цагдаа, багийн дарга жолооч гэсэн хүмүүс ирээд бид нарын үйл ажиллагааг зогсоогоод сумын төв рүү авч ирсэн юм. Тухайн газрыг алттай гэдгийг О , С нар алттай гэдгийг мэдэж ирсэн. Миний хувьд бол зөвхөн техникээ ашиглуулж, түрээслүүлсэн, өрөм тавьсан зүйл байхгүй. Харин О хайгч ажиллуулж газар ухсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 9-10 хуудас/,
Гэрч Д.Г ын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 16-ны өдөр 14 цагийн орчимд манай сумын нутаг дэвсгэр Шинэ-Ус гэдэг газар малаа хариулаад хараад явж байхад 4 жижиг машин, 1 том урт ачааны машин, 1 экскаватор, 5-6 орчим хүн байсан бөгөөд экскаватор нь ажлаад Шинэ-Усны жалга дагуу шороо ухаж байсан юм. Энэ газар нь өмнө нь ямар нэгэн уул уурхайн үйл ажиллагаа явагдаж байгаагүй, хүмүүсийн ам дамжсан яриагаар алт гардаг л гэж сонсож байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 13-14 хуудас/
Гэрч У.Б ын өгсөн: "Манай багийн иргэн над руу өчигдөр буюу 10 дугаар сарын 16-ны орой 20 цагийн орчим Цээл 2 дугаар баг Шинэ-Ус гэдэг газар техниктэй хүмүүс ирчихсэн газар, шороо ухаж байна гэсэн мэдээлэл өгсөн юм. Тэгээр нь би сумынхаа хэсгийн төлөөлөгчид хэлээд сумын цагдаа, жолооч нарын хамт 21 цаг өнгөрч байхад Шинэ-Ус гэдэг газар очиход 1 трайлер, 1 экскаватор, 2 харьер. приус, 1 королла маркийн машинтай 6-7 хүн байсан юм. Бид нарыг яг очиход экскаватороор нилээн гүнзгий нүх ухчихсан яг ухаад байж байсан юм. Шинэ-ус гэх газарт урьд нь уул уурхайн олборлолт явагдаж байгаагүй, эрүүл газар байгаа юм аа" гэх мэдүүлэг /1-р хх-ийн 15-16 хуудас/
Гэрч Б.Б ийн өгсөн: "Манай сумын хэсгийн төлөөлөгч Мөнх-Эрдэнэ над руу залгаад Цээл 2 дугаар багийн нутаг Шинэ-Ус гэх газарт техниктэй хүмүүс газар ухаад байна. Манай цагдаатай хамт яваад ирээч гэхээр нь машинаа бэлдээд орой 21 цаг өнгөрч байхад сумын цагдаа, багийн дарга Тулгаа нарын хамт Шинэ- Ус гэх газарт очиход 1 трайлер, 1 ексковатор. 3 жижиг тэрэгтэй хүмүүс экскаватороор газар ухаж байсан юм. Тэгэхээр нь тэр хүмүүсийн үйлдлийг зогсоогоод машины бичиг баримт түлхүүрийг нь сумын цагдаа хурааж аваад холбогдох хүмүүсийг нь сум руу дагуулж цагдаагийн байранд авчирсан. Энэ газар уул уурхайн зориулалтаар бол ухаж байгаагүй. Харин хааяа нинжа нар буюу гар аргаар алт ухдаг хүмүүс ирсэн гэж сураг сонсогддог. Хүмүүсийн ам дамжсан яриагаар бол хүмүүс дээр үед тухайн газарт алт байдаг тухай ам дамжин ярьдаг байсан." гэх мэдүүлэг /1-р хх-ийн 17-18 хуудас/,
Гэрч Д.О ын өгсөн: "Манай найз С гэдэг залуу 2020 оны 10 дугаар сарын 15-ны өдөр над руу утсаар яриад би экскаватор аваад Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу хөдөө явж байна. Миний араас ирээд экскаватор үзээд өгөөч хэдэн төгрөг өгье гэсэн тэгэхээр нь 10 сарын 16-ны өглөө 04 цагийн орчим Улаанбаатар хотоос эхнэр Ө ийн хамт өөрийнхөө 93-73 УАЕ улсын дугаартай приус маркийн машинтай Баян-Өнжүүл сум руу гараад өглөө 08 цагийн үед сумын төв дээр нь очтол С сумын баруун урд талаас тосож аваад цаашаа хамтдаа яваад тэд нарын байгаа газар очиход техник хэрэгсэл авааччихсан байж байсан. Би тэнд очоод унтаж байгаад өдөр сэрээд экскаваторын ойр зуурын юмыг үзэж харж байхад орой болсон байсан. Тэгээд байж байтал машинтай цагдаа ирээд С , Сүхээ нарыг миний машины бичиг баримттай аваад явсан...." гэсэн мэдүүлэг /1-р хх-ийн 19 дүгээр хуудас/,
Гэрч Г.Г ын өгсөн: "2020 оны 10 дугаар сарын 14-ний орой Сайхнаа гэдэг залуу миний утас руу яриад танд трайлер байдаг юм уу хотоос ойрхон Баян-Өнжүүл сум руу яваад нүх булчхаад ирье гэж асуусан явах уу гэсэн тэгэхээр нь хэзээ явах юм гэтэл удахгүй ээ маргааш яваад өдөртөө хүрээд ирье гэж хэлэхээр нь маргааш өглөө шийдээд ярья гэж хэлсэн юм. Тэгээд маргааш өглөө буюу 10 дугаар сарын 15-ны өдөр дарга руу ярих гээд утас р уу нь залгахад болохгүй болохоор нь за за амралтын өдөр юм чинь гэж бодоод яваад өөрөө явчхаад ирье гэж бодож байтал Сайхнаа над руу юу болсон гээд ярихаар нь явчхаад ирье гээд Улаанбаатар хотоос Дархан салдаг замын постны хойд талаас шар өнгийн экскаватор ачаад Баян-Өнжүүл сум руу гарсан. Тэгээд замдаа явсаар байгаад 10 дугаар сарын 16-ны өглөө гэгээ орохын алдад нөгөө хүмүүсийн очих ёстой газар нь очоод 11 цагийн орчим экскаваторыг нь эзэнгүй хээр, уулын аманд буулгасан. Тэгээд намайг авч явсан хүмүүс үдээс хойш экскаватороор жалганы ойр орчмын газрыг ухаж эхэлсэн. Би тэр хүмүүсээс 2.500.000 төгрөгийн хөлс авахаар тохиролцож явсан. Гэхдээ ирж очих шатахуун л хийсэн. Одоогийн байдлаар нэмж мөнгө аваагүй. Надаас гадна С , Сүхээ гээд залуу явсан. Сүүлд нэг хар өнгийн харъертай залуу ирсэн байсан .Тэр залууг бол танихгүй. Тэр хүмүүс ярихдаа нөхөн сэргээлт хийнэ нүх булна гэж ярьцгааж байсан. Тодорхой мэдэхгүй байна.” гэх мэдүүлэг /1-р хх-ийн 20 хуудас/,
Гэрч Ц.Ө ийн өгсөн: “Манай нөхөр О 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барсан. Тухайн үед манай нөхөр найз С ын хамтаар Төв аймгийн Баян-Өнжүүл сум руу алт ухна гээд явсан байгаа. Хэн зохион байгуулсныг нь мэдэхгүй байна хоорондоо ярилцаад явсан байсан. Манай нөхөр уурхайд ажиллаж байсан мөн хувиараа хүмүүстэй алтанд явдаг л байсан юм." гэх мэдүүлэг /хх-ийн 219-220 дугаар хуудас/
Шүүгдэгч Б.С ын өгсөн: “Төв аймгийн Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэр Мухар жалга гэх газар алт гарч байна гэж энэ оны 09 сарын сүүлээр Дундговь аймгийн Эрдэнэдалай сум орчхоод буцаж явах замдаа явж байгаад үл таних мотоциклтой хүнтэй таарч зам асуугаадхъя тамхилж байх явцдаа яриа өрнүүлэхэд манай энэ хавиар хүмүүс ирж газар ухаад байдаг болсон алт гардаг юм шиг байна лээ гэж ярилцаад бид хоёр салсан. Түүнээс хойш Баян-Өнжүүл сумын нутаг буюу алт гараад байгаа гэх газар руу явж үзье гэж бодоод энэ 10 сарын 14-ны үеэр С ын утас руу нь залгаад Баян-Өнжүүл сум орж юм үзчихээд ирье экскаватор чинь завтай байгаа бол түрээсэлье гэсэн. Тэгтэл С сул байгаа гэхээр трайлер хайж байгаад 1 өдрийн 2,500.000 төгрөгөөр трайлер түрээслээд 2020 оны 10 сарын 15-ны өдөр экскаваторыг нь ачаад Улаанбаатар хотоос С ын хамт трайлертайгаа хамт түрүүлж гарсан, харин араас О эхнэр Өнөрөөгийн хамт ирсэн тэгээд бид нар 10 сарын 16-ны өглөө 06 цагийн орчим Баян-Өнжүүл сумын нутаг дэвсгэрт байрлах алт гараад байна гэсэн газарт ирцгээсэн бөгөөд ирээд тэндээ унтацгааж байгаад 11 цагийн орчим босоод экскаватороо үзтэл тосол, моторын тос байхгүй, клеймнийх нь толгой байхгүй байхаар нь Баажий буюу Батдэлгэр лүү яриад завтай байвал Баян-Өнжүүл суманд машины сэлбэг авчраад өгөөч гэхэд завтай байна тэгье гэсэн. Тэгээд түүнээс хойш 16 цагийн орчим Баажий сэлбэг аваад ирэхээр нь экскаватортоо засвар үйлчилгээ хийж дуусаад байж байтал мотоциклтой хүн ирээд юун хүмүүс яаж яваа юм гэхээр нь тодорхой юм яриагүй. Тэгтэл тэр залуу энд ухсан ганц, нэг нүхийг дараад өгөөч хурга, ишиг орж үхэх гээд байх юм гэхээр нь тэр нүхийг нь дарж өгсөн. Тэгээд тэр дарж өгснөөс ертөнцийн зүгээр хойд зүгт сунаж тогтсон жалгыг экскаватороор ухсан, ухах явцдаа О , бид хоёр хайгч ашиглаж алт байгаа эсэхийг шалгаж үзсэн. Тэгээд байж байтал удалгүй сумын цагдаа, багийн дарга, нар ирээд С , бид хоёрыг аваад сумын төв рүү авчирсан юм. Тэр хайгчийг О хүнээс гуйж авчирсан гэж байсан. Одоо О т л байгаа байх, трайлерын жолоочид 1.500.000 төгрөгийг бэлнээр өгсөн. Харин экскаваторын мөнгийг бол өгөөгүй байгаа юм. Хоол хүнсэнд 160.000-170.000 төгрөг, экскаваторт 100л түлш хийсэн. Ер нь бусад зардлыг бол би өөрөө хариуцаж гаргасан юм аа.” гэх мэдүүлэг /хх 11-12/,
“Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1/96 дугаартай “Тус талбайд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч Б.С , Баян- Өнжүүл сумын байгаль орчны улсын байцаагч Т.Н , Баян-Өнжүүл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2020 онд Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн засаг дарга байсан, тус хэргийг анх илрүүлсэн У.Б а нарыг байлцуулан, тэдгээр хүмүүсээр газрыг нь заалган хэмжилт хийж үзэхэд 23.12м², 11.96м², 21.09м² гэсэн 3 хэсэг нүх байх бөгөөд нийт 56.17м2 буюу 0.006га талбайтай байна. Борооны усанд угаагдаж булагдсан тул 1-р нүхний эзэлхүүн хэмжих боломжгүй, 2 ба 3-р нүх нь нийт 43.3м³ эзэлхүүнтэй ухаш нүхнүүд байна. Яллагдагч Б.С нь техникийн ул мөр бүхий 2 ба 3-р нүхийг хүлээн зөвшөөрөөгүй.
2.Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 36 622 төгрөг болж байна.
3.Өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
4.Яллагдагч Б.С ын заасан 1-р нүхний хэмжилтээр тооцоолж үзэхэд тус нух нь борооны усаар угаагдаж булагдсан байгаа учир байгаль орчинд учирсан хохирол тооцох боломжгүй болж байна. Гэрчүүдийн заасан, экскаваторын шанаганы ул мөр бүхий 2 ба 3-р нүхнүүдийн хэмжилтээр тооцвол байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 36 622 төгрөг болж байна.” шинжээчийн дүгнэлт,
Хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /1-р хх-ийн 3-6 дугаар хуудас/,
Дээрх гэмт хэргийг үйлдсэн шүүгдэгч Б.С нь урьдчилан үгсэн тохиролцож, бүлэглэн үйлдсэн гэм буруутай болох нь хэрэгт цугларч шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан дээр дурдсан хэргийн газарт үзлэг хийсэн 2020 оны 10 дугаар сарын 17-ны өдрийн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-ийн 3-6 дугаар хуудас/, хохирогч, иргэний нэхэмжлэгч Т.Н гийн мэдүүлэг /хх-ийн 65 дугаар хуудас/, гэрч Ч.С ын мэдүүлэг /хх-ийн 9-10 хуудас/, гэрч Д.Г ын мэдүүлэг /хх-ийн 13-14 хуудас/, гэрч У.Б ын мэдүүлэг /хх-ийн 15-16 хуудас/, гэрч Б.Б ийн мэдүүлэг /хх-ийн 17-18 хуудас/, гэрч Г.Г ын мэдүүлэг /хх-ийн 20 хуудас/, гэрч Ц.Ө ийн мэдүүлэг /хх-ийн 219-220 дугаар хуудас/, гэрч Д.О ын мэдүүлэг /хх-ийн 19 дүгээр хуудас/, Байгаль орчны судалгаа үнэлгээ, зөвлөх үйлчилгээний “Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1/96 дугаартай шинжээчийн дүгнэлт болон бусад бичгийн нотлох баримтуудаар хөдөлбөргүй нотлогдон тогтоогдож байна гэж үзлээ.
Монгол Улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа хадгалагдаж байгаа ашигт малтмал нь төрийн өмч тул түүнийг эрж хайх, ашиглах үйл ажиллагаа нь зөвхөн эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрлийн үндсэн дээр эрхлэн явуулдаг тусгайлсан зохицуулалттай харилцаа юм.
Энэхүү гэмт хэрэг нь “Хүрээлэн байгаа орчны эсрэг” гэмт хэргийн бүлэгт хамаарч байгаа ба энэ гэмт хэргийн объект нь ашигт малтмалын хайгуул, эрэл хайгуул хийх, олборлох журам бөгөөд халдлагын зүйл нь халдагдсан газар, газрын хэвлий, хууль бусаар олборлогдсон ашигт малтмал юм.
Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох гэмт хэргийн объектив тал нь эрх бүхий байгууллагаас олгосон эрх буюу тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын эрэл хайгуул, олборлолт, боловсруулалт, ашиглалт явуулсан, эсхүл ашигт малтмал олборлохоос өөр зориулалтаар хууль бусаар газрын хэвлийд халдсан идэвхтэй үйлдэл бөгөөд ашиг олсон байхыг шаардахгүй.
Ашигт малтмалын тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.1-д “…ашигт малтмал... гэж геологийн хувьсал, өөрчлөлтийн дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон, аливаа хэрэгцээнд ашиглаж болох байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлалыг...”, 4.1.6-д ”...ашигт малтмал хайх...” гэж эрдсийн хуримтлалын байршил, тоо хэмжээг нарийвчлан тогтоох зорилгоор газрын гадаргуу, түүний хэвлийд геологи, хайгуулын судалгаа хийж, түүний нөөц, баялгийг ашиглах боломжийг судлан техник, эдийн засгийн үнэлгээ хийхийг...” гэж, 4.1.15-д “...хайгуулын тусгай зөвшөөрөл....” гэж энэ хуулийн дагуу ашигт малтмал эрэх, хайх эрх олгосон баримт бичгийг...” гэж тус тус заасан байна.
Монгол улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “...Монгол Улсад газар, түүний хэвлий, ой, ус, амьтан, ургамал болон байгалийн бусад баялаг гагцхүү ард түмний мэдэл, төрийн хамгаалалтад байна...”, 6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “...Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар, түүнчлэн газрын хэвлий, түүний баялаг, ой, усны нөөц, ан амьтан төрийн өмч мөн...”, Ашигт малтмалын тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1 дэх хэсэгт “...Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмал төрийн өмч мөн...” гэж хуульчилсан бөгөөд 1992 оны Үндсэн хуулиараа Монгол улсын газрын гадаргуу болон түүний хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалыг төр өмчдөө авчээ. Монгол улсын газрын гадаргуу болон хэвлийд байгалийн байдлаараа оршиж байгаа ашигт малтмалд хэн ч хууль бусаар халдах ёсгүй.
Ашигт малтмал олборлох тусгай зөвшөөрлийг зөвхөн хуульд заасан болзол, шаардлагыг хангасан этгээдэд тодорхой хугацаа зааж олгодог бөгөөд шүүгдэгч Б.С нь хувиараа ашигт малтмал хайх, олборлох үйл ажиллагаа явуулах эрхгүй, тэдэнд эрх бүхий байгууллагаас ямар нэгэн зөвшөөрлийг олгоогүй байна.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “...Энэ хуулийн тусгай ангид заасан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцно” гэж, 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан тохиолдолд гэм буруутай үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хохирол, хор уршиг учирсныг гэмт хэрэгт тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар ашигт малтмал хайх, ашиглах, олборлох...” гэдгийг эрх бүхий байгууллагаас олгосон тусгай зөвшөөрөлгүйгээр геологийн хувьсал, өөрчлөлтийн үр дүнд газрын гадаргуу, түүний хэвлийд үүсэж бий болсон байгалийн байдлаараа байгаа эрдсийн хуримтлал буюу ашигт малтмалын төрөл, зүйлийг өөрийн эзэмшилд авахад чиглэсэн хувь хүн, хуулийн этгээдийн хийсэн аливаа идэвхтэй үйлдлийг ойлгоно.
Шүүгдэгч Б.С ын үйлдсэн дээрх үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлан түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шүүгдэгч нарын гэмт үйлдэл болон уг гэмт хэргийн улмаас байгаль экологид учирсан хохирол, хор уршиг хоорондоо шалтгаант холбоотой байна.
Иймд хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдсан нотлох баримтуудыг хууль болон эрх зүйн ухамсрыг удирдлага болгон тал бүрээс нь нягт нямбай, бүрэн бодитой, нягтлан үзсэний үндсэн дээр шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Тусгай зөвшөөрөлгүйгээр ашигт малтмалын олборлолт явуулж, хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлд “...Хоёр, түүнээс олон хүн гэмт хэрэг үйлдэхэд санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцох гэнэ... Гүйцэтгэгч, зохион байгуулагч, хатгагч, хамжигчийг гэмт хэрэгт хамтран оролцогчид тооцно...Гэмт хэргийг үйлдэх талаар урьдчилан үгсэн тохиролцсоныг, эсхүл урьдчилан үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ санаатай нэгдсэнийг гэмт хэрэгт хамтран оролцсонд тооцно...” гэж тус тус хуульчилсан бөгөөд 3.2 дугаар зүйлийн 1-д “...Энэ хуульд заасан гэмт хэргийг өөрөө, бусадтай бүлэглэн…үйлдсэн хүнийг гэмт хэргийн гүйцэтгэгч гэнэ...” гэж ,
гэмт хэрэг үйлдэхэд гүйцэтгэсэн үүрэг, үйлдлийн шинж чанарыг харгалзан шүүх энэ хуульд тухайн гэмт хэрэгт оногдуулахаар заасан ялын төрөл, хэмжээний дотор гүйцэтгэгчид оногдуулах ялаас ихгүй ял оногдуулна...” гэж тус тус гэмт хэрэгт хамтран оролцогчдыг оролцооны хэлбэрээр нь ангилдаг бөгөөд тэдэнд харилцан адилгүй, ялгамжтай байдлаар эрүүгийн хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан байна.
Хэргийн нөхцөл байдлаас үзэхэд шүүгдэгч нарын оролцооны хэлбэрээр ангилахад шүүгдэгч Б.С нь нь ажил гүйцэтгүүлэх хүмүүсийг олж илрүүлэн, хамтран ажилласан тул гэмт хэргийн гүйцэтгэгчээр оролцсон байх бөгөөд шүүгдэгчтэй гэмт хэрэг үйлдэхдээ хамтран оролцсон Д.О нь 2021 оны 05 дугаар сарын 02-ны өдөр нас барсан болох нь нас барсны бүртгэлийн лавлагаа/1-р хх 242/-р тогтоогдож Д.О т эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулж болохгүй нөхцөл байдал тогтоогдож байгаа болохыг дурдах нь зүйтэй байна.
Дөрөв. Хохирол, хор уршгийн талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.5 дугаар зүйлд “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэргийн улмаас хүний амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, бусад эрх, эрх чөлөө, нийтийн болон үндэсний ашиг сонирхол, аюулгүй байдалд шууд учирсан үр дагаврыг гэмт хэргийн хохирол гэж,
мөн зүйлийн 2 дахь хэсэгт “Энэ хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж хохирол учруулсны улмаас үүссэн үр дагаврыг гэмт хэргийн хор уршигт тооцно”,
мөн зүйлийн 5 дахь хэсэгт” Шүүх гэмт хэргийн хохирол, хор уршгийг тодорхойлж, бодит хохирлыг нөхөн төлүүлэх, хор уршгийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийг мөнгөн дүнгээр тооцож, тогтооно”,
Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1 дэх хэсэг, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт тус тус зааснаар “бусдын эрх, ...эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг хорыг хариуцан арилгах, ...гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлөх” хуулийн зохицуулалттай.
Мөрдөн байцаалтын явцад гэмт хэргийн улмаас учирсан хохирол хор, уршгийг тогтоох зорилгоор “Эко зохицол” ХХК-г шинжилгээ хийлгэхээр томилсон бөгөөд уг “Эко зохицол” ХХК-н №21/Ш/04 дугаартай шинжээчийн дүгнэлт/1-р хх 106-117/-д зөвхөн шүүгдэгч Б.С ын хөндсөн гэх талбайд дүгнэлт гаргалгүйгээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Шинэ-Ус” гэх газарт хөндөгдсөн нийт “539 м2 талбай бүхий газрын 1347 м3 хөрс эвдэрсэн” гэж дүгнэлт гаргасан бөгөөд,
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлийн 1.5-д заасан “гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, хэр хэмжээг” шүүхээс тогтооход эргэлзээтэй нөхцөл байдал үүсэж шүүгдэгч Б.С ын хүсэлтээр тус шүүхийн 2023 оны 08 дугаар сарын 16-ны өдрийн 871 дугаартай шүүгчийн захирамжаар дахин шинжээч томилж,
Уг шинжээчийн дүгнэлтээр Төв аймгийн Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн нутаг дэвсгэрийн “Шинэ-Ус” гэх газарт газарт зөвхөн шүүгдэгч Б.С ын газрын хэвлийд халдсан талбайд учирсан хохирлыг
“Нуман-Алтай” ХХК-ийн 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1/96 дугаартай шинжээчийн: “Тус талбайд 2023 оны 09 дүгээр сарын 22-ны өдөр яллагдагч Б.С , Баян- Өнжүүл сумын байгаль орчны улсын байцаагч Т.Н , Баян-Өнжүүл сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга, 2020 онд Баян-Өнжүүл сумын Цээл 2 дугаар багийн засаг дарга байсан, тус хэргийг анх илрүүлсэн У.Б а нарыг байлцуулан, тэдгээр хүмүүсээр газрыг нь заалган хэмжилт хийж үзэхэд 23.12м², 11.96м², 21.09м² гэсэн 3 хэсэг нүх байх бөгөөд нийт 56.17м2 буюу 0.006га талбайтай байна. Борооны усанд угаагдаж булагдсан тул 1-р нүхний эзэлхүүн хэмжих боломжгүй, 2 ба 3-р нүх нь нийт 43.3м³ эзэлхүүнтэй ухаш нүхнүүд байна. Яллагдагч Б.С нь техникийн ул мөр бүхий 2 ба 3-р нүхийг хүлээн зөвшөөрөөгүй.
2.Тухайн эвдэгдсэн талбайгаас байгаль орчинд учруулсан нийт хохирлын үнэлгээ нь 36 622 төгрөг болж байна.
3.Өмнө нь гаргасан шинжээчийн дүгнэлт үндэслэлгүй байна.
4.Яллагдагч Б.С ын заасан 1-р нүхний хэмжилтээр тооцоолж үзэхэд тус нух нь борооны усаар угаагдаж булагдсан байгаа учир байгаль орчинд учирсан хохирол тооцох боломжгүй болж байна. Гэрчүүдийн заасан, экскаваторын шанаганы ул мөр бүхий 2 ба 3-р нүхнүүдийн хэмжилтээр тооцвол байгаль орчинд учирсан хохирлын үнэлгээ 36 622 төгрөг болж байна.” гэх дүгнэлтээр хохирол хор уршгийг бодитой тогтоосон нь үндэслэлтэй байна.
Иймд шүүгдэгч Б.С аас 36.622 төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор шийдвэрлэсэн бөгөөд шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.С нь шүүхээс тогтоосон хохирлыг төлсөн болохыг дурдах нь зүйтэй байна.
Тав.Эрүүгийн хариуцлагын талаар:
Шүүгдэгч Б.С ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “...Хууль бусаар газрын хэвлийд халдах...” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсон тул тэдгээрт эрүүгийн хариуцлага хүлээлгэх үндэслэлтэй байна.
Улсын яллагчаас: “Шүүгдэгч Б.С ыг хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 6.000.000 төгрөгөөр торгож, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал 3.300.000 төгрөгийг мөн шүүгдэгчээс гаргуулан “Нуман-алтай” ХХК-д олгуулах саналтай байна.” гэх дүгнэлт гаргасныг
Шүүгдэгч Б.С ын зүгээс: “Үнэлгээний 3.300.000 төгрөгийг тогтоосон хугацаанд хэсэгчлэн төлнө. Ялаас чөлөөлж өгнө үү.” гэх тайлбарыг тус тус гаргаж мэтгэлцэв.
Шүүх шүүгдэгч Б.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ гэм буруутайд тооцсон нотлох баримтад үндэслэн түүний гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учирсан хохирол, хор уршгийн шинж чанар, гэмт хэрэг үйлдсэн хүний хувийн байдал, эрүүгийн хариуцлагын хөнгөрүүлэх, хүндрүүлэх нөхцөл байдал зэргийг харгалзан эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж үзэв.
Шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой:
Шүүгдэгч Б.С нь ам бүл 6, эхнэр 6 хүүхдийн хамт Улаанбаатар хот Сүхбаатар дүүргийн 10 дугаар хороо 29-35 тоотод оршин суудаг, урьд ял шийтгэгдэж байгаагүй талаарх ял шийтгэгдсэн эсэхийг шалгах хуудас зэрэг авагдсан бөгөөд өөрөөр түүний хувийн байдалтай холбоотой баримт хэрэгт авагдаагүй болно.
Шүүгдэгч Б.С т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 болон 6.6 дугаар зүйлд заасан эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болохыг тус тус дурдаж,
Шүүгдэгч Б.С ын холбогдсон Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг нь “таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих” ялтай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар хөнгөн ангиллын гэмт хэрэг байна.
Шүүгдэгч Б.С анх удаагаа хөнгөн гэмт хэрэг үйлдсэн, гэм буруугаа сайн дураараа мөрдөн байцаалтын шатнаас эхлэн хүлээн зөвшөөрч, гэмт хэрэг үйлдсэндээ гэмшиж, гэмт хэргийн улмаас байгаль орчинд учруулсан хохирлыг төлсөн, түүний хувийн байдал зэргийн харгалзан үзэж Эрүүгийн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 5400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаар шийтгэж, мөн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан түүнд оногдуулсан 5.400 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 төгрөгийн торгох ялаас чөлөөлөх нь зүйтэй байна гэж шүүх дүгнэв.
Зургаа. Шийдвэрлэвэл зохих бусад асуудлын талаар:
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө, орлого" гэж эрүүгийн хуулийн тусгай ангид заасан гэмт хэрэг үйлдэж шууд, шууд бусаар олсон эд хөрөнгө түүний үнэ, ...гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан техник, хэрэгслийг ойлгоно, мөн зүйлийн 4 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдэж олсон эд зүйл, түүний үнэ, гэмт хэрэг үйлдэхэд ашигласан тээврийн хэрэгсэл, ..зэвсэг, зэвсгийн чанартай зүйл нь тухайн гэм буруутай этгээдийн өмчлөлд байгаа бол албадан гаргуулахаар зохицуулсан.
Мөрдөгчийн 2022 оны 8 дугаар сарын 06-ны өдрийн тогтоолоор шүүгдэгч Б.С ыг гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх улсын дугааргүй шар өнгийн экскаватор, 1870 УБУ улсын дугаартай трайллер маркийн тээврийн хэрэгсэл, 5789 ГЧ улсын дугаартай чиргүүл, 2832 УНҮ улсын дугаартай харьер маркийн тээврийн хэрэгслүүдийн зах зээлийн үнэлгээг гаргуулахаар “Дамно” ХХК-д даалгасан байна.
“Дамно” ХХК нь мөрдөгчийн шинжээч томилох тогтоолын дагуу 2022 9.8-ны өдөр №Т22-110, №Т22-111, №Т22-112 дугаартай дүгнэлт /хх180-189/-г тус тус гаргасан байна.
Гэтэл тухайн тээврийн хэрэгслүүдийн хууль ёсны эзэмшигчийг болон хэргийн оролцогчоор тогтоогдвол зохих этгээдийг тогтоогоогүй, эдгээр тээврийн хэрэгсэл эзэмшигчдийн хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн эсэх талаар ямар нэгэн ажиллагаа хийгээгүй, “Дамно” ХХК-д даалгасан мөн “ЭЙ ЖЭЙ ЖЭЙ ЭМ” ХХК-н 2023 оны 01 дүгээр сарын 17-ны өдрийн №А/01 албан бичгээр шинжээчийн дүгнэлт гаргахаас татгалзсан нь Шүүх шинжилгээний тухай хууль болон Хөрөнгийн үнэлгээний тухай хуулийг тус тус зөрчсөн тул шүүхийн хэлэлцүүлгээр нөхөн гүйцэтгэх боломжгүй нөхцөл байдал үүсэж байна.
Иймд шүүгдэгч Б.С ын гэмт хэрэг үйлдэхдээ ашигласан гэх тээврийн хэрэгслүүдийн хураах, эсвэл үнийг гаргуулж улсын орлого болгох үндэслэлгүй байна.
“Нуман-Алтай” ХХК нь 2023 оны 9 дүгээр сарын 25-ны өдрийн №1/96 дугаар шинжээчийн дүгнэлт гаргасан ажлын хөлс 3.300.000 төгрөгийг тус компанийн захирал А.Цэнд-Аюуш иргэний нэхэмжлэгчээр томилогдож нэхэмжилсэн байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т “....шинжээч төлөх зардал;”-г эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалд тооцох ба мөн хуулийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Шүүгдэгч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болохыг шүүх тогтоовол түүнээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардлыг холбогдох баримтыг үндэслэн гаргуулна.” гэж заасан тул шүүгдэгч Б.С аас шинжээчийн дүгнэлт гаргасан зардал 3.300.000 төгрөгийг гаргуулж иргэний нэхэмжлэгч А.Цэнд-Аюушид олгуулж, шүүгдэгч нь шүүхээс тогтоосон хохирлыг 6 сарын хугацаанд төлөх үүрэг хүлээлгэх албадлын арга хэмжээ авах нь зүйтэй байна.
Эрүүгийн 2034006370084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4 дүгээр зүйлийн 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.1, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.11 дүгээр зүйлийн 1, 37.1 дүгээр зүйлийн 1, 2, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Р овогт Б-н С ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 3.1 дүгээр зүйлийн 1, 2, 3.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан мөн хуулийн тусгай ангийн 24.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хууль бусаар газрын хэвлийд халдсан” гэмт хэргийг бүлэглэн үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-т заасныг баримтлан шүүгдэгч Б.С т оногдуулсан 5.400 /таван мянга дөрвөн зуу/ нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 5.400.000 /таван сая дөрвөн зуу/ төгрөгийн торгох ялаас чөлөөлсүгэй.
4.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.6 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар үнэлгээний тайлан гаргасан хөлс 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг шүүгдэгч Б.С аас гаргуулж “Нуман-Алтай” ХХК-д олгосугай.
5.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь 3.300.000 /гурван сая гурван зуун мянга/ төгрөгийг “Нуман-Алтай” ХХК-д 6 /зургаа/ сарын дотор төлөх үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсугай.
6.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С нь шүүхээс хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй бол шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг анхааруулсугай.
7.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 9, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 185 дугаар зүйлийн 185.2, 186 дугаар зүйлийн 186.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.С ын үүрэг хүлээлгэсэн хугацаанд хяналт тавихыг Нийслэлийн Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
8.Эрүүгийн 2034006370084 дугаартай хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.С нь цагдан хоригдсон хоноггүй, шүүгдэгчийн иргэний баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдсугай.
9.Шүүхийн шийдвэр нь уншиж сонсгосноор хүчинтэй болохыг, уг шийдвэрийг уншиж сонсгосноос хойш 15 хоногийн дотор шийтгэх тогтоолыг бүрэн эхээр, бичгээр үйлдэж улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгчид гардуулж, дээрх хугацаанд шүүхийн шийдвэрийг гардаж аваагүй бол энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлсүгэй.
10.Давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий оролцогч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш, эсхүл энэ хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн Давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол, эсэргүүцлээ шийдвэр гаргасан анхан шатны шүүхэд бичгээр гаргахыг тайлбарласугай.
11.Анхан шатны шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, шүүхийн шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.С т урьд авсан хувийн баталгаа гаргах тухай таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ, ЕРӨНХИЙ ШҮҮГЧ Ц.ОТГОНЖАРГАЛ